Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин мисс Х.Баярмаа Дэлхийн мисс тэмцээнд оролцоод ирснийхээ дараахан өгсөн ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.
-Х.Баярмаа саяхан эх орноо төлөөлж “Дэлхийн мисс”-д амжилттай оролцоод ирсэн. Тэмцээний талаарх сэтгэгдлээсээ хуваацахгүй юу?
-Баярлалаа. Би долоон хоногийн өмнө Ордос нутгаас ирлээ. Сэтгэл маш өндөр байна. Миний хувьд анх удаагаа ийм том тэмцээн уралдаанд оролцсон болохоор надад бүх юм шинэлэг, сайхан санагдаж байсан. Уг нь миний үндсэн мэргэжил жүжигчин шүү дээ. Би гурван сарын өмнө сургуулиа төгссөн. “Дэлхийн мисс”-д оролцоход хүндрэлтэй, хэцүү зүйлүүд зөндөө тохиолдож байлаа. Надад үнэндээ зааж зөвлөөд өгөх хүн ховор байсан болохоор би өөрийнхөө бор зүрхээр л зүтгэсэн. Эндээс явахаас өмнө надад долоон хоног л бэлдэх хугацаа гарсан. Үнэнийг хэлэхэд би энэ тэмцээнд оролцох болсоноо огт мэдээгүй байсан л даа. Гэнэтхэн та “ Дэлхийн мисс”-д тэнцлээ гэсэн хариу ирэхэд их айж, сандарсан. Энэ олон хүмүүсийн итгэл, бас Монголын энэ олон сайхан охидууд байхад яагаад заавал би гэж бодсон. Ээж маань намайг маш их зоригжуулсан.
-Анх очоод тэр олон миссүүдийг хараад айх, сүрдэх асуудал байв уу? Өрсөлдөгчид мэдээж хүчтэй байсан биз.
-Яг үнэнийг хэлэхэд анх очоод жаахан сүрдэж байсан. Тэнд дэлхийн 118 орны улс бүрийн ялагчид байгаа. Гэхдээ би нэгэн улсыг төлөөлөн оролцож байгаа учраас тэрийгээ бодож зориг орсон. Ордос хотод Twitter, facebook гэж ашиглах боломж байгаагүй. Монголчуудтайгаа хааяа “гоогле” сайтаар холбогдож байсан. Би олимпын аварга Түвшинбаяр ахын тэр хэцүү бэрхийг давж, Монголчуудынхаа итгэл найдварыг алдахгүй оролцсоныг нь хараад их урам орсон. Энэ хүн Монголчуудынхаа итгэлийг алдахгүй ингэж хичээж байхад би ч гэсэн итгэл алдах ёсгүй гэж бодоод зоригжиж байсан. Мөн нэг сайхан санагдаж байсан зүйл нь гэвэл Ордос нутгийн Өвөрмонголчууд маань намайг Монгол хүн гэдэг утгаар нь маш өөриймсөг хүлээж авсан. Тэрнээс өөртөө их итгэл төрсөн. Ер нь бусад охидуудаас юугаараа дутахав гэж бодсон. Бас жүжигчний мэргэжилтэй болоод ч тэрүү бусад орны охидуудыг бодвол тайзан дээр гараад харьцангуй нүүр хагарсан байсан. Ер нь миний давуу тал гэвэл хүмүүстэй амархан эв зүйгээ олж чаддаг л даа. Тэр маань их нөлөөлсөн байх. Ээжийнхээ заавар зөвлөгөөг дагаж явж байсан. Санасныг бодвол харьцангүй гайгүй байсан шүү.
-Жүжигчин Өлзийхүү охиноо дэмжээд урд нэлээн олон хоног байсан гэсэн. Ер нь охиныхоо амьдралд ч тэр, алхам тутамд нь хамгийн ойрын зөвлөгч байдаг байх.
-Ээж маань ер нь миний амьдралд ч тэр, мэргэжилд маань ч тэр алхам тутамд багш минь болдог. Ээждээ маш их хайртай. Ээж минь манай гэр бүлийг тэр чигт нь авч явдаг ноён нуруу гэж хэлж болно. Энэ дашрамд хэлэхэд ээждээ маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. Явахад хувцас хунар бэлдэх, бүжгийн хувцас оёулах гээд ер нь бүх ажлуудыг маань ээж л бэлдэж өгч амжуулсан. Тэнд байхад манай нагац эгч Энхжаргал маань бас их тус болж байсан. Манай гэр бүл урлагийн гэр бүл болохоор ээжээс маань гадна, аав, өвөө гээд бүгд намайг дэмжиж байсан. Өвөө маань хүмүүсийн сайн мэдэх МУГЖ Ёндонгийн Цог гэж хүн бий. Эмээ маань Даваа гэж дуучин хүн байсан. Манай аавын талын эмээ маань чуулгад оёдолчин хүн байсан. Аав маань найруулагч, ээж маань жүжигчин. Угаасаа гэр бүлийнхэнээс өөр дэмжиж зааж зөвлөөд өгөх хүн байгаагүй л дээ. Явахдаа найз нөхөддөө ч хэлж амжаагүй явсан. Манай найзууд их гайхаж байсан л даа. Яагаад хэлээгүй явчихав гээд. Цаг нь тулчихсан байсан болохоор хэлж амжаагүй. Өвөө маань надад их хайртай байдаг юм. Намайг тэнд байхад өдөр болгон миний төлөө залбирдаг байсан гэсэн. Өвөөдөө би их хайртай. Надад итгэл хүлээлгэж, намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ хүмүүсийн дэмжлэг байгаагүй бол би яаж энэ тэмцээнд амжилттай оролцох билээ.
-Баярмаа өвөө, ээж хоёрыгоо дагаад жүжигчин болохоор шийдсэн үү. Ер нь жүжигчин болоход гэр бүлийнхний нөлөө их байсан байх.
-Би багадаа ээжийгээ дагаад театр дотор өсөж торнисон гэж хэлж болно. Тийм учраас би урлагт маш их хайртай. Би өөрөө жүжигчний мэргэжлийг хайрлаж дурлаж сонгосон. Жүжигчний мэргэжил хамгийн хэцүү мэргэжил. Ер нь мэргэжил бүхэн хэцүү л дээ. Гэхдээ миний өссөн орчинд, миний хувьд жүжигчний мэргэжил асар их хөдөлмөр шаардагдсан мэргэжил гэж боддог. Тиймдээ ч ээжийгээ үнэхээр хөдөлмөрч, гайхамшигтай эмэгтэй гэж хүндэлж хайрладаг. Ээж шигээ мундаг жүжигчин болохгүй юмаа гэхэд ээжийнхээ дагаад зүтгэнэ дээ гэж боддог. Олон сайхан мундаг жүжигчид байна л даа. Тэр хүмүүсээс маш их суралцаж байгаа. Одоохондоо би жүжигчин болох болоогүй байна. Дөнгөж зах зухаас нь суралцаад явж байна. Одоохондоо би аав ээж хоёртоо туслаад явж байна. Ямар ч байсан тэр хоёр маань намайг дэмжиж байгаа. Анхандаа аав,ээж хоёр маань намайг жүжигчин болъё гэхэд маш дургуй байсан. Ямарч байсан аав ээжийнхээ итгэлийг алдахгүй, зорьсон зорилгоосоо буцахгүй гэж бодож байгаа. Аав ээж маань намайг ухаан орсон цагаас л байнга ажилтай байдаг байсан. Би дороо нэг дүүтэй. Намайг долоон настай байхад манай дүү төрсөн. Би ээжийг оюутан байхад нь олдсон. Намайг төрөхөд ээж маань драмын театрын жүжигчин, аав маань найруулагчаар төгссөн дөнгөж ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан. Аав ээж хоёрыгоо цоо шинэ амьдрал эхлүүлэхэд нь би шинэ хүн болж мэндэлсэн. Байнга ээжийгээ дагаад явдаг хүүхэд байлаа.
-Яг үзүүлэх ёстой үзүүлбэрээ сэтгэлдээ хүртэл үзүүлж чадсан уу? Дараа нь тэрийг жаахан дутуу хийчихлээ дээ гэж бодогдож байв уу?
-Сэтгэл дундуур буцаж ирсэн зүйл надад нэг ч байхгүй. Би өөрийгөө хэзээ ч энэ тэмцээнд оролцоно гэж бодоогүй. Одоо би дөнгөж 20 настай залуухан байна. 20-хон насандаа ийм том тэмцээнд оролцоод ирсэндээ маш их баярлаж байгаа. Оролцсон тэмцээн болгондоо чадлынхаа хэрээр хичээж оролцсон. Жишээ нь “Далай эргийн гоо үзэсгэлэн”-д шилдэг 40-д, “Топ модель”-д нь шилдэг 47-д, авьяас шилдэг 10-т багтсан нь миний хувьд тийм ч муу амжилт биш. Надад хамгийн сайхан санагдаж байсан зүйл нь үндэсний бүжиг. Шилдэг есөн бүжигчин бүжиглэсэн. Тэрний хамгийн төгсгөлийнх нь өргөж дуусгадаг хэсгийг нь би бүжиглэж дуусгасан. Ер нь энэ аялал миний амьдралд тохиосон хамгийн сайхан дурсамж тай цаг мөч болсон. Маш гэнэтийн явдал байсан. Энэнд сэтгэл дундуур буцаж ирсэн юм нэг ч байхгүй. Монголынхоо зөөдөн салхи, ээжий маань үнэр хамгийн сайхан байсан. Намайг онгоцноос бууж ирэхэд ээж намайг тэвэрч аваад үнссэн. Гэрээсээ хол байж үзээгүй хүн чинь тэрхэн хугацаанд ээжийгээ маш их санасан байсан.
-Чамайг дэмжиж байгаа нэг хэсэг байхад, сөргөөр ярьж байгаа хүмүүс бас их байсан л даа. Явах ёстой хүн нь явсангүй, хэн дуртай нь явдаг боллоо гэсэн санал шүүмжлэл маш их яригдаж байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-Тэр тал дээр хүмүүс буруу ойлголттой байсан. Монголыг төлөөлж “Дэлхийн мисс”-д явах бүсгүйчүүд байвал шалгуулаад үз гэсэн санал надад тавьсны дагуу би шалгуулсан. Тэгээд ёс журмых нь дагуу зурагнуудаа явуулаад, авьяас бүх юмаараа тэнцээд явсан. Цаанаасаа “Дэлхийн мисс-д энэ хүн тэнцлээ гэдэг хариу ирсэн. Тэр үед би өөрөө маш их гайхаж балмагдсан. Энэ тал дээр арын хаалга ч юмуу, хүмүүсийн ойлгосон шиг буруу зүйл огт байхгүй. Маш гэнэтийн санаандгүй явдал болсон. Анх хариугаа сонсчихоод би “явж чадахгүй ш дээ, яаж тийм юм байдаг юм” гэсэн чинь “тэр олон охидуудаас чи шалгарсан, чи тэнцсэн” гэж хэлсэн. Тэгээд ч маш олон хүмүүс чамтай л адилхан орон орны охидууд байгаа, айгаад байх хэрэггүй, чадлаараа зүтгэх хэрэгтэй гэж хэлж байсан. “Дэлхийн мисс”- д оролцох ёстой хүний хамгийн гол өндөр шалгуур бол тухайн хүний хүмүүжил байдаг юм билээ. Тэрийг би маш сайн ойлгож авсан. Тэр хүн гаднаасаа сайхан харагдахаас гадна, дотор гоо сайхныг нь маш их хардаг. Тухайн миссийн оюун ухаан боловсрол, хэлний мэдлэг, гэр бүлийн хүмүүжил, биеэ авч явж байгаа байдал зэрэг маш олон зүйлийг хардаг юм билээ. Би тэрүүгээрээ тэнцсэн байж магадгүй гэж бодож байгаа.
-Олны танил болоод ирэхээр сайн, муу ам дамжсан хов живэнд их орооцолддог. Элдэв янзийн сөрөг мэдээлэл сонсоод сэтгэл санаагаар унаж байв уу? -Н
адад хамгийн сайхан санагдсан зүйл нь олны танил хүний хүүхдүүдийг аав, ээжээр нь төсөөлж хардаг. Миний хувьд энэ тэмцээнд оролцоход яг хувь хүн Баярмаа гэж хэн бэ гэдгээрээ танигдсан болов уу гэж бодож байна. Тэр маань бас надад том боломж байлаа. Мэдээж олон санал шүүмжлэл ирсэн. Тэр бүгдийг нь уншсан. Хүмүүсийн хандлага ямар байгааг нь бүгдийг нь би анзаарсан. Ээж маань надад хэлсэн л дээ. Чи өөрөө л ийм замыг сонгосон. Энэ юу ч биш, дөнгөж эхлэл нь. Нэгэнт энэ замыг сонгосон бол тэвчээртэй, зоригтой байх хэрэгтэй. Цаашдаа ч зөндөө тохиолдоно, хамгийн гол нь чи мэргэжилдээ хайртай, өөрийнхөөрөө зүтгэх хэрэгтэй гэж хэлсэн. Эхэндээ надад эвгүй санагдаж байсан ч сүүлдээ янз бүрийн шүүмжлэлд дассан ш дээ. Ер нь харж байхад хүмүүс дийлэнх нь дэмжсэн байна лээ.
-Манай загварынхнаас нэлээн хэдэн миссүүд гомдолтой байгаагаа хэлсэн байна лээ. Бас урлагийнхнаас мөнгө төгрөгтэй холбож санал бодолоо илэрхийлсэн байсан.
-Тийм яриа дуулдсан. Та бүгдэд буруу бодож байнаа. Ерөөсөө арын хаалга, мөнгө төгрөг байхгүй. Ийм юманд угаасаа арын хаалгадаад явах боломж байхгүй шүү дээ. “Дэлхийн мисс” гэдэг энэ том тэмцээнд бүхэл бүтэн нэг улсыг төлөөлөн оролцож байж ар өврийн хаалга яригдана гэдэг бол хамгийн муухай зүйл. Ер нь би амьдралдаа ийм зүйлийг үгүйсгэж амьдардаг. Манай гэр бүлийн хүмүүжил ч тэр. Тэгж бодож байгаа хүмүүс байвал та бүхэн буруу ойлгож байна. Энэ миний амьдралд тохиолдсон маш том боломж байлаа. Магадгүй азтай байсан байх. Мэдээж надад алдаа дутагдал зөндөө байсан байх. Тэр бүгдийг та бүхэн маань уучилж, жаахан зөвөөр хүлээж аваарай гэж хэлмээр байна. Цаашдаа намайг дэмжиж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүй улам хичээх болноо.
-Мисс Бадамгэрлийн шавь гэсэн. Тэмцээн уралдаанд ороход багшийн дэмжлэг маш чухал байдаг. Бадамгэрэлийг шавиа олигтой дэмжээгүй гэсэн яриа гарсан. Мөн санал гомдол хэлсэн миссүүдийн дунд багш чинь бас явж байна лээ.
-Би “Азийн модель” агентлагт харьяалагддаг. Тэнд загвар өмсөгчөөр ажилладаг. Гурван сарын өмнө төгссөн шинэхэн төгсөгч л дээ. Анх би загвар өмсөгч болъё гэж огт бодоогүй. Урлагийн хүн болж байгаа учраас эмэгтэй хүн биеэ зөв зохистой авч явах, мөн бусад олон зүйлд суралцах ёстой гэж бодож “Азийн модель” агентлагт орж суралцсан. Би Бадамгэрэл багшаасаа утсаар маш их заавар зөвлөгөө авсан. Надад урам зориг өгч, намайг их зоригжуулсан. Гэрэлээ багшдаа их баярлаж явдаг. Би мэдэхгүй чадахгүй бүх зүйлээ багшаасаа асууж байсан. Содтуяа багш маань ч намайг их дэмжсэн. Тэр хоёртоо баярлалаа гэж хэлмээр байна. Санал гомдлын хувьд тухайн хүний өөрийнх нь л бодол шүү дээ. Надад хүний санал бодлыг хягаарлах эрх байхгүй шүү дээ. Ээжий маань хэлсэнчлэн хүнээс үг сонсож байх хэрэгтэй гэж боддог.
-Мисс Баярмаа жүжигчин гэдэг утгаараа тодорхой хэмжээгээр олонд танигдсан байх. Гадуур явж байхад хүмүүсийн хандлага хэр байна. Шинэ гарч ирж байгаа загвар өмсөгч, миссүүдийг сонирхох эрчүүд олон байдаг. Залуучуудаас танилцах санал их ирж байна уу?
-Би ирээд удаагүй байгаа болохоор надад яг хуучин байдгаараа л байгаа юм шиг санагдаж байна. Надад одоохондоо залуучуудаас танилцах санал ирээгүй ээ. Ирсэн цагаасаа хойш надад хийх ажил маш их байлаа. Одоо шинэ тоглолтын бэлтгэлд орчихсон, өдөр шөнөгүй дөрвөн ханатай байшингаас цухуйхгүй байж байна. Хааяа интернетээр орж өөрийнхөө талаарх янз бүрийн мэдээлэл авч байна даа.
-Тэнд очоод хэлний бэрхшээл хэр тулгарсан бэ?
-Хэлний бэрхшээл харьцангүй гайгүй байсан шүү. Голдуу Англи,Орос хэлээр ярьж хүмүүстэй амархан ойлголцож байсан. Би Ази хүн болохоор намайг Оросоор ярьсан чинь тэнд байсан хүмүүс маш их гайхаж байсан. Ази хүн байж Оросоор ямар мундаг ярьдаг юм гэж байсан. Ер нь хэлний мэдлэг маш чухал юм байна гэдгий маш сайн ойлгосон. Хэлтэй байна гэдэг үнэхээр хөлтэй л байдаг юм билээ. Мэдээж англи хэлээр унаган хэл шигээ төгс ярина гэж байхгүй. Яг үнэндээ тэнд англиар ярьж чаддаггүй маш олон миссүүд байсан л даа. Жишээ нь 2011 оны Венесуэлын дэлхийн мисс англиар ярьж чаддаггүй испаниар ярьж байсан. Орчуулагчаараа дамжуулж бидtymta харьцдаг байсан. Миний хувьд цаашдаа фрац, хятад хэл суръя гэж бодож байгаа.
–Хятадын мисс Дэлхийн миссээр шалгарсан. Энэ тал дээр бусад орны миссүүдийн хандлага ямар байсан бэ. Чи өөрөө оролцсон хүний хувьд Хятадын мисс үнэхээр тэргүүн байрт орохоор хэмжээний байж чадсан уу?
-Энэ асуултыг надаас маш олон хүмүүс асуудаг л даа. Яагаад Хятадын мисс түрүүлсэн юм бэ, Эх оронд нь зохиогдож байгаа болохоор тэр орны миссийг шалгарууллаа гэх зэргээр бас л янз бүрийн яриа гарч байсан. Миний хувьд би Хятадын миссийг түрүүлэх ёстой гэж бодож байгаа. Би түрүүн хэлсэн. Гадна талаасаа гоё харагдахдаа гол нь биш. Дотоод гоо сайхан, мэдлэг боловсрол гээд маш олон зүйлийг нь хардаг. Тэр охины хүмүүжил харьцуулашгүй мундаг байсан л даа. Биеэ авч явж байгаа байдал, бусдыг уриалан дуудаж, манлайлж байсан. Мөн маш сэргэлэн, хөгжилтэй хүмүүсийн арга эвийг амархан олдог. Ер нь Хятадын мисст давуу талууд маш их байсан. Мисс байна гэдэг бүтэн жил Энхтайваны элч байна гэсэн үг. Тэнд дөнгөж нэг сар байхад бидэнд хүндрэлтэй зүйлүүд маш их гарч байсан л даа. Гэрээ санах, уйлж унжих гээд зөндөө асуудлууд гарч байсан. Тэр болгонд орчиндоо зохицоод тэвчээртэй байна гэдэг бол маш хэцүү. Би ч гэсэн гэр бүлээ их санаж байсан. Миний хувьд эргэн тойронд маань дандаа Хятад, Англиар ярьж байсан болохоор Монголоороо ярих юмсан гэж маш их бодогдсон. Ер нь хүн эх нутаг, өөрийн гэсэн газар шороо, өөрийн гэсэн хэл устай байна гэдэг хамгийн сайхан юм билээ. Хятадын миссийн хувьд яах аргагүй түрүүлэх ёстой хүн нь түрүүлсэн гэж боддог. Мэдээж энэ хүмүүс чинь арван хэдэн жил миссийн тэмцээнийг явуулж байгаа болохоор хэн нь хэн бэ гэдгийг маш сайн мэдэж шалгаруулсан байх. Бүтэн сар миссүүдийг судласан. Уралдаан учраас бүтэн сарын турш бид нар нэг ч минут зүгээр суугаагүй. Бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа гэдэг утгаараа маш их хөдөлмөрлөх шаардлага гарсан. Хятадын мисс Дэлхийн миссийн тэргүүн байранд яах аргагүй орохоор охин байсан шүү.
-Авьяасын тал дээр интернетийн сэтгэгдэл, комментууд дээр янз бүрээр бичсэн байсан?
-Тэнд миний бүжгийн үзүүлбэрийг үзээд маш олон хүмүүс таатай хүлээж авсан. Шүүгч нар шилдэг 10-т багтахаар үзүүлбэр байлаа, намайг авьяастай юм байна гэж магтаж байсан. Энд ирээд яагаад авьяасгүйгээрээ дуудуулаад, эвсэлгүй гэж хэлүүлснээ сайн ойлгохгүй байна. Би чадах чинээгээрээ өөрийнхөөрөө хичээж хийсэн. Ер нь үндэсний бүжиг, авьяас хоёроороо би чамалхааргүй амжилт үзүүлсэн гэж бодож, өөрөөрөө бахархаж байгаа. Би мэргэжлийн бүжигчин биш шүү дээ.
-Ордост байхдаа олон орны мисстэй найз болсон байх. Хаанахын мисстэй хамт байсан бэ?
-Манай өрөөнд Италийн мисс, Балбын Вант улсын мисс хоёр байсан. Энэ хоёр орны мисс миний хамгийн сайн найзууд болсон. Мөн Африкийн мисс сайн найз маань болсон. Би ирэхээсээ өмнө танихгүй мисс үлдчих вий гэж дэвтэр дээрээсээ шүүж харсан. Ер нь бүгдтэй нь найз болсон. Одоо ч гэсэн бид фэйсбүүкээр үргэлж холбоо барьдаг. Найзууд маань намайг санаж байна гэж байна лээ. Би ч гэсэн найзуудаа маш их санаж байгаа. Намайг Дани, Израйл зэрэг орны миссүүд эх орондоо урьсан. Удахгүй ажлаа цэгцэлж байгаад очно гэж бодож байгаа.
-Хувиасаа хэр их зардал гаргасан бэ? Ойролцоогоор хэдэн төгрөгний зардал гарсан бэ? -Мэдээж зардал маш их гарсан. Манай гэр бүлийн дансыг ээж маань барьдаг. Яг хичнээн төгрөг гарсныг нь би сайн мэдэхгүй байна. Надад мөнгөний тал дээр анхаарлаа хандуулж байх цаг зав үнэндээ байсангүй. Миний хувцасыг дизайнер Цэлмэг гээд “Шилмэл загвар” агентлагийн ерөнхий дизайнер урлаж өгсөн. Нэг нь Монгол үндэсний дээл,нөгөө нь улаан өнгөтэй шигтгээтэй даашинз байсан.Тэр хоёрыгоо гол үзүүлбэр дээрээ өмссөн.
-Баярмаа найз залуутай юу? Найз залуутай бол танилцуулахгүй юу? -Одоохондоо найз залуу байхгүй ээ. Ер нь өмнө нь ч байгаагүй. Манай гэр бүлийн хүмүүжил байх гэж боддог. Ээж маань намайг 16 нас хүртэл харж хандаж анхаарал их тавьж байсан. Аав ээж хоёр намайг арай бага байна, одоохондоо арай болоогүй гэж хэлдэг. Харин одоо намайг ээж маань хорьж цагдаад байдаггүй. Цаашдаа нэг сайхан залуутай танилцах л байх даа.
-Баярмаа бэлэн мөнгөтэй хэр харьцдаг вэ. Өөрийн гэсэн машинтай юу?
-Машин тэрэг авч өгөх болоогүй ш дээ. Би чинь дөнгөж сургуулиа төгссөн болохоор оюутан хүн ямар байдаг билээ яг тийм л байгаа. Гэхдээ удахгүй унаатай болох байхаа. Би бэлэн мөнгөтэй бараг харьцдаггүй. Ээж маань надад нэг их бэлэн мөнгө төгрөг өгөөд байдаггүй ш дээ. Хэрэгтэй гэсэн үед маань өгдөг л дөө. Ер нь тэр тал дээр жаахан мэдлэг дутмаг ш дээ. Гэхдээ удахгүй суралцах байх. Аав, ээж маань гэр бүлийн хүмүүжлийн тал дээр их чанга гэхэд болно. Багаас минь бэлэн мөнгөтэй харьцах, жаахан хэмжээ хязгаартай байх гэхчлэн аав ээжийнхээ зааж сургасан зүйлийг мөрдөж явдаг.
-Залуу хүний хувьд бодож явдаг хамгийн ойрын зорилго юу байна?
-Одоохондоо яг бодож төлөвлөсөн юм байхгүй байна. Ямар ч байсан Дэлхийн миссийн тэмцээнд яваад ирлээ. Маш их зүйлийг сурлаа. Хамгийн гол нь хүмүүнлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийх зорилго өмнөө тавьсан байгаа. Дэлхийн Миссийн холбооны ерөнхийлөгч надтай уулзаад чиний хүмүүнлэгийн үйл ажиллагаа чинь надад маш их таалагдсан гэж байсан. Би явахаасаа өмнө долоон хоногийн дотор саажилттай хүүхдийн тухай судалгаа хийчихээд явсан л даа. Ер нь Монголд саажилттай хүүхэд маш их нэмэгдэж байгаа юм билээ. Энэ хүүхдүүдэд туслахын тулд ивээн тэтгэх байгууллагууд олсон. Тэд нартайгаа нийлээд хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа явуулна гэж төлөвлөж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. У.Батсайхан
Discussion about this post