• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МОНГОЛБАНКНЫ ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ БА ХЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ?

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/27/2026
in Нийтлэл
0
МОНГОЛБАНКНЫ ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ БА ХЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ?
  Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг Засгийн газрын бондоор нөхөх санал Монголбанкны мөнгөний бодлого дотор яваа яриа дэгдэв. Зарим нэг нь улс төржив. Асуудлын наад цаадхыг мэдэхгүй хирнээ шүүрч авч аюулын харанга дэлдэж харагдана. Энэ асуудлыг зөвхөн мөнгө хаанаас гаргах тухай маргаан болгож хувиргах, улс төржиж болохгүй асуудал юм. Юуны өмнө ийм их хэмжээний алдагдал яагаад үүссэн, ямар бодлогын шийдвэрүүд нөлөөлсөн, эцэст нь санхүүгийн ачааллыг хэн хариуцах вэ гэдгийг тодруулах ёстой. Монголбанкны 2025 оны эцсийн хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн талаар мэдээлэл гарсан. Монголбанк энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын тусгай үнэт цаас гаргах хувилбар дэвшүүлжээ. Төв банкны тухай хуулийн 38^ дүгээр зүйлд заасан заалтыг үндэслэсэн бололтой юм. Ингэснээр Төв банкны санхүүгийн тайлан сайжрах боловч Засгийн газрын өр төлбөр нэмэгдэх эрсдэл бий учраас Сангийн сайд бухимдсан бололтой юм. Тэгвэл бусад улс Төв банкныхаа алдагдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Төв банк алдагдалтай ажиллаж болдог юм уу?
Төв банкны алдагдлыг компанийн алдагдалтай адилтгаж болохгүй. Компани ашиг олохын төлөө ажилладаг бол Төв банк инфляцыг хянах, мөнгөний бодлого хэрэгжүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүрэгтэй. Жишээлбэл, инфляц өсөхөд Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлдэг. Ингэснээр арилжааны банкуудаас татан төвлөрүүлсэн мөнгө болон гаргасан үнэт цаасандаа төлөх хүүгийн зардал өснө. Ийм нөхцөл байдал АНУ болон Европын хэд хэдэн Төв банкинд тохиолдсон. Гэхдээ Төв банк алдагдалтай ажиллах дампуурах хоёр тусдаа ойлголт. Зарим улсын Төв банк өөрийн хөрөнгө нь сөрөг болсон ч мөнгөний бодлогоо хэвийн хэрэгжүүлж ирсэн. Харин алдагдал удаан хугацаанд хуримтлагдаж, санхүүгийн бие даасан байдалд нь нөлөөлөх хэмжээнд хүрвэл асуудал үүсэж таарна.
Бусад улс Төв банкны алдагдлыг хэрхэн шийддэг вэ?
АНУ: Ирээдүйд олох ашгаараа нөхдөг
АНУ-ын Төв банк 2022 оноос хойш их хэмжээний алдагдал хүлээсэн. 2024 оны эцэст нөхөх шаардлагатай хуримтлагдсан дүн нь 216 тэрбум ам.долларт хүрчээ. Гэхдээ Засгийн газар нь улсын төсвөөс мөнгө гаргаж нөхөөгүй. Харин Төв банк цаашид ашигтай ажиллах үедээ олсон орлогоороо өмнөх алдагдлаа нөхнө. Алдагдлаа бүрэн нөхсөний дараа л ашгаа улсын төсөвт шилжүүлнэ.
Чех: Алдагдалтай ч хэвийн ажиллаж болдог
Чехийн Төв банк олон жил өөрийн хөрөнгө нь хасах үзүүлэлттэй ажиллаж ирсэн. Гэсэн ч Засгийн газар нь алдагдлыг тухай бүр улсын төсвөөс нөхөөгүй. Төв банк мөнгөний бодлогоо хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Төв банк алдагдалтай байна гэдэг нь заавал дампуурсан, эсвэл төрөөс яаралтай мөнгө авах ёстой гэсэн үг биш.
Швед: Улсын төсвөөс хөрөнгө нөхсөн
Шведийн Төв банкны өөрийн хөрөнгө хуульд заасан хэмжээнээс буурахад парламент нь 2024 онд 25 тэрбум швед кроноор хөрөнгийг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Төв банкны санхүүгийн байдлыг сэргээхийн тулд улсын төсвөөс хөрөнгө гаргасан. Гэхдээ энэ шийдвэрийг хуульд заасан шаардлага, бодит тооцоонд үндэслэн гаргажээ.
Их Британи: Ашиг, алдагдлыг Засгийн газар нь хариуцдаг
Их Британид Төв банкнаас хэрэгжүүлсэн тодорхой хөтөлбөрийн ашиг, алдагдлыг Засгийн газартай байгуулсан гэрээгээр зохицуулдаг. Хөтөлбөр ашигтай үед олсон мөнгийг улсын төсөвт шилжүүлдэг байсан бол алдагдал үүсэхэд Засгийн газар нь нөхөж эхэлсэн. Гол нь тухайн хөтөлбөрийн эрсдэлийг хэн хариуцахыг анхнаас нь тохирсон байжээ.
Эндээс юу ойлгож болох вэ?
Төв банк алдагдалтай ажиллавал заавал улсын төсвөөс нөхөх ёстой гэсэн олон улсын нэг мөр дүрэм байхгүй. АНУ ирээдүйн ашгаар нөхдөг. Чех алдагдалтай байсан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг. Швед улсын төсвөөс хөрөнгө нөхсөн. Их Британи тодорхой хөтөлбөрийн ашиг, алдагдлыг Засгийн газартай байгуулсан гэрээгээр зохицуулдаг. Тэгэхээр Монголбанкны алдагдлыг Засгийн газрын бондоор нөхөх нь боломжит хувилбаруудын зөвхөн нэг нь юм. Хамгийн түрүүнд Монголбанк өөрийн орлогоороо алдагдлынхаа хэдийг нөхөх боломжтой, улсын төсвөөс хөрөнгө гаргах зайлшгүй шаардлага байгаа эсэх, бонд гаргавал ирээдүйд хэдий хэмжээний зардал үүсэхийг тооцох хэрэгтэй.
Монголбанкны алдагдлын онцлог
Монголбанкны алдагдлын шалтгаан бусад улсынхаас өөр. АНУ болон Европын зарим Төв банкны сүүлийн үеийн алдагдал голчлон мөнгөний бодлогын хүүгийн өсөлттэй холбоотой бол Монголбанкны хуримтлагдсан алдагдалд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах болон бусад хөнгөлөлттэй санхүүжилтийн хөтөлбөрүүд гээд үргэлжилнэ. Тухайлбал, 2013 оноос хойш 147 мянган зээлдэгчид нийт 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосноос 8.2 их наядыг Монголбанк санхүүжүүлжээ. Энэ нь 8.2 их наяд төгрөгийн алдагдал үүссэн гэсэн үг биш. Харин уг санхүүжилтэд зарцуулсан мөнгөний өртөг, олгосон зээлийн хүүгийн зөрүүгээс тодорхой хэмжээний зардал үүссэн гэсэн үг. Ипотекийн хөтөлбөр олон мянган өрхийг орон сууцтай болоход дэмжсэн. Гэхдээ уг хөтөлбөрийн санхүүгийн өртөг хэд байсан, түүнийг хэн хариуцах ёстой байсан бэ гэдэг асуулт гарч байна. Үнэ тогтворжуулах олон ихнаядын хөтөлбөрүүдэд ч ийм асуудал бий.
Эндээс нэг чухал ялгаа харагдана. Мөнгөний бодлого хэрэгжүүлснээс үүссэн алдагдал болон Засгийн газрын шинжтэй хөтөлбөр санхүүжүүлснээс үүссэн алдагдал нь эдийн засгийн агуулгаараа өөр. Төв банк инфляцыг бууруулахын тулд хүүгийн зардал хүлээх нь үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой. Харин тодорхой салбарыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь төсвийн бодлогын шинжтэй байж болно. Иймээс Монголбанкны алдагдлын хэд нь мөнгөний бодлогын зардал, хэд нь хөнгөлөлттэй санхүүжилтийн хөтөлбөрүүдтэй холбоотойг тусад нь тогтоох шаардлагатай. Юуны өмнө 2012 оноос хойших алдагдлыг он жил, хөтөлбөр, бодлогын шийдвэрээр нь задалж, ямар зардал хаанаас үүссэнийг олон нийтэд тайлагнах хэрэгтэй. Тухайн үед хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зарим нь эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргааг хамгаалах зорилготой байсан. Гэхдээ сайн зорилготой хөтөлбөр бүр санхүүгийн хувьд үр ашигтай байдаг юм биш. Тухайлбал, хөнгөлөлттэй зээл олгосноор иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой ашиг хүртсэн байж болно. Харин уг хөтөлбөрийн зардал Төв банкны балансад хуримтлагдсан бол түүний бодит өртгийг улсын төсөв болон эдийн засгийн нийт үр өгөөжтэй харьцуулан үнэлэх шаардлагатай.
Энэ нь бодлогын шийдвэр гаргасан хүмүүсийг шууд буруутгах тухай биш. Харин төрийн бодлогын үр дүн, санхүүгийн өртөг, хариуцлагыг тодорхой болгох тухай асуудал юм. Цаашид төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Төв банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхдээ тэдгээрийн зардал, эрсдэлийг хэн хариуцахыг урьдчилан тогтоох шаардлагатай. Эс бөгөөс тухайн үед төсвөөс шууд гараагүй зардал олон жилийн дараа Төв банкны алдагдал болж хуримтлагдах эрсдэл хэвээр үлдэнэ. Ер нь төсвийн бодлогоор хэрэгжүүлэх ёстой арга хэмжээг Төв банкны балансаар дамжуулан санхүүжүүлэх нь тухайн үедээ төсөвт дарамтгүй мэт харагдаж болох ч зардал нь хожим хуримтлагдан гарч ирэх эрсдэлтэй. Тиймээс Монголбанкны алдагдлыг хэрхэн нөхөхөөс гадна цаашид ийм хэмжээний алдагдал дахин үүсэхээс хэрхэн сэргийлэхийг шийдвэрлэх хэрэгтэй.
Учир нь алдагдлыг бондоор нөхөж болно. Харин бодлогын алдааг бондоор засаж болохгүй.
Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж
Previous Post

Тархины харвалтаас урьдчилан сэргийлж, шинж тэмдгийг таньж мэдэх долоо хоногийн аян эхэллээ

Next Post

Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ

Next Post
Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ

Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ж.Хатанбаатар өөрийнхөө эсрэг ажилагааны “захиалагч”-аар экс мээр Х.Нямбаатар, “гүйцэтгэгч”-ээр  ГБХНХЯ-ны газрын дарга Цогтбаатарыг нэр заажээ
  • МОНГОЛБАНКНЫ ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ БА ХЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ?
  • Тархины харвалтаас урьдчилан сэргийлж, шинж тэмдгийг таньж мэдэх долоо хоногийн аян эхэллээ
  • М.Оюунчимэг “стратегич” Ерөнхий сайдын айлчлалын багт багтаж томилолтын зардал л гэхэд 13 000 000 төгрөг гаргуулан Япон руу яваад иржээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.