Монгол орны өнцөг бүрээс ирсэн бяслаг үйлдвэрлэгчид цуглаж өөрсдийн бүтээлүүдээ олон нийтэд танилцууллаа. Монгол оронд хийгдэж буй бяслаг нь байгалийн олон бүс, цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалан тухайн газар нутгуудын мал, амьтдын сүүний онцлогоос хамаарч өвөрмөц амттай, цөөн төрлийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний бий болдог.
Түүний нэгэн жишээ нь Алтайн уулсын 3000 метрийн өндөрт байдаг сарлагийн сүүгээр хийсэн бяслаг юм. Дэлхийн цөөн тооны улсад байдаг сарлагийн сүүний гарц бага хэдий ч тослог ихтэй учир сайн чанарын бяслаг гаргах авахад тохиромжтой ажээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бяслаг үйлдвэрлэгчдээ дэмжиж тэдний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах тал дээр идэвх чармайлттай ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Дэлхийн цөөн тооны улсад байдаг сарлагийн сүүний гарц бага хэдий ч тослог ихтэй учир сайн чанарын бяслаг гаргах авахад тохиромжтой ажээ.
“Cheese republic” компанийн захирал, Бяслаг үйлдвэрлэгч, Я.Энхээ:
– Бид монголд хийж байгаа бяслагийг үйлдвэрлэхдээ артизан маягаар хийдэг. Энэ нь монгол уламжлал биш, дэлхий даяар хийдэг уламжлалт технологиор юм. Үйлдвэрийн бяслаг хийх чиглэл нь Монголчууд бидэнд ач холбогдол багатай гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхийн том тоглогчид энэ чиглэлд маш их байдаг. Монголчуудад ямар сонголт байна вэ гэхээр том газар нутагтай, олон байгалийн бүстэй үүнээс үүдээд тухайн нутагт байгаа ургамал, салхи, мал, амьтдын онцлогоос шалтгаалаад өвөрмөц, цөөхөн тооны өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Бид энэ жил 160 гаруй тонн бяслаг хийсэн.
Тува як бяслаг үйлдвэрлэгч, Ч.Галтайхүү:
– Манайх Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Урианхай, Тувачуудыг дэмжиж ажилладаг. Бид 30 айлаас сүүг нь авдаг. Бид малчдыг дэмжиж, тэднээс авсан сүүгээрээ маш гоё бяслаг хийж болдгийг үзүүлж, тэдний өсгөж байгаа сарлагийн сүүгээр маш үнэтэй, европид ховор байдаг их эрэлттэй бүтээгдэхүүн хийж болно гэдгийг харуулахыг зорьсон. Мөн сарлаг өсгөхийг дэмжээд ямааны тоо толгойг багасгаж, бэлчээр хамгаалъя гэсэн бодлого барьж байгаа. Тиймээс малчид сарлагаа илүү өсгөж, сүүгээр нь бяслаг үйлдвэрлэж, Тува яак гэсэн брэнд үүсгэнэ гэж гэж харж байгаа. Манай гол онцлог нь далайн түвшнээс дээш 3000м -ийн өндөрт бэлчдэг сарлагийн сүүгээр бяслагаа хийдэг. 3000 м өндөрт 500 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг. Тэнд ургадаг эмийн ургамлууд нь олон төрлийн өвчин анагаахад тустай. Тэр ч бүү хэл хорт хавдартай хүмүүст хүртэл тусалдаг гэдгийг Канадын эрдэмтэд баталсан. Тэгэхээр манай бяслаг бол тэдгээр эмийн ургамал иддэг малын сүүгээр хийсэн учраас маш ховор сайн чанарыг бүтээгдэхүүн гэдгийг хүн бүрт хэлэхийг хүсэж байна.
Өмнөх бизнесийн бүх зарчим цар тахлаас үүдээд өөрчлөгдөж байна. Тиймээс бид шинэ бизнесийн орчинд дасан зохицох шаардлагатай болж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын нарийн бичгийн дарга С.Баясгалан:
– Өнөөдөр болж байгаа Фестивалийн гол давуу тал нь Монголын өнцөг булан бүрээс бяслаг үйлдвэрлэгчид цуглаж өөр хоорондоо туршлага судлаад, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна. Энэ бол бяслаг үйлдвэрлэгчид маань зөвхөн өрхийн хэмжээнд бичил бизнес эрхлээд явах биш цаашдаа нэгдэж нэгдсэн ноу-хау, стратегийг бий болгоод олон улсын зах зээлд гарах боломжийг бүрдүүлж байгаа дам үр нөлөөтэй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Great reset” буюу цар тахлыг яаж хэрхэн хурдтай даван туулж, эдийн засгаа эрчимжүүлэх талаар санаачилга гаргаад ажиллаж байгаа. Энэ хүрээнд бяслаг үйлдвэрлэгчдийн арга хэмжээ бидний санаачилгатай нэгдэж байна. Өмнөх бизнесийн бүх зарчим цар тахлаас үүдээд өөрчлөгдөж байна. Тиймээс бид шинэ бизнесийн орчинд дасан зохицох шаардлагатай болж байна. Тэгэхээр Худалдаа аж үйлдвэрийн танхим самар, зөгийн бал, чацаргана зэрэг дотоодын бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд нийлүүлэх кластерийн бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнтэй адилаар бяслагны кластер байгуулж бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг хэлмээр байна.
Эх сурвалж: А24 агентлаг
Discussion about this post