ХАНДИВЫН АЯН ХҮҮХДИЙН БАЯР ХӨӨРӨӨР ҮРГЭЛЖИЛЛЭЭ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн батальоны бие бүрэлдэхүүн Бентью суурины төв эмнэлэгт хандив өгсөн тухай өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хандивын аян нь 1000 гаруй хүүхэд багачуудын дуу цангинасан Бентью суурины бага сургуулийн сурагчдад мөн хүрч, батальоны бие бүрэлдэхүүн 100 хүүхдийн хичээлийн хэрэгсэл, 300 ширхэг тоглоом, 9000 ширхэг амны хаалт, 100 литр гар ариутгагчийг цуглуулан гардуулж өгсөн юм.
Хандивын арга хэмжээнд батальоны удирдлага, эмэгтэй энхийг сахиулагчдын төлөөлөл болон Бентью суурины бага сургуулийн багш, сурагчид оролцов. Тус сургуулийн удирдлага, багш нар батальонд хандан “Цар тахлын үед манай сургуулийн сурагчдад туслан хандив өгсөн явдалд сургуулийн нийт сурагчид, багш нарынхаа өмнөөс баярлалаа. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн талархлаа илэрхийллээ.
Ташрамд БНӨСУ-ын нийт хүн амын 27 хувь нь бичиг үсэг мэддэг, нийт эмэгтэйчүүдийн 16 хувь нь бичиг үсэг мэддэг гэсэн судалгаа байдаг бөгөөд нийт хүн амын боловсролын түвшнээрээ дэлхийд доогуурт тооцогддог улс орны нэг юм.
Ахлах дэслэгч Г.ЦЭРЭННАДМИД
Discussion about this post