АНУ-ын Калифорни мужийн Гринвилл хот ойн түймэрт өртөж үнсэн товрог болсон тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ. 150 жилийн түүхтэй энэ хот хоёрхон цагийн дотор шатаж дууссан байна. “Өнөөдөр бид…. Гринвилл хотоо алдлаа” хэмээн тойргийн төлөөлөгч Дуг Ламальфа ярьжээ. Ойн түймэр дэгдсэн цагаас эхлэн заавал нүүлгэн шилжүүлэлтэд хамрагд хэмээн хотын иргэдэд тасралтгүй уриалж байсан тухай орон нутгийн албаны хүмүүс хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ. 2010 оны хүн амын тооллогоор Гринвилл хотод 1129 хүн амьдарч байсан юм.
Гринвилл хот анх 1850-иад онд байгуулагдсан ба Америкийг нөмрөн авсан “алтны халуурал”-ын үед алт олборлох гол төвүүдийн нэг байсан аж. “Дикси нэртэй энэ ойн түймэр хоёрхон цагт л хотыг маань үнс нурам болгочихлоо” хэмээн тус хотын оршин суугч бүсгүй ярьжээ. Пүрэв гарагийн шөнө, 8-р сарын 5-нд Гринвилл хотын түүхэн хэсэгт орших модон байшин барилгууд ойн түймэрт өртөн шатаж эхэлсэн юм байна. Түүхэн дурсгалт баар, зочид буудал, иргэдийн орон байр шатаж дууссан байна….
Дикси нэртэй түймэр нийт 112,5 мянган гектар нутагт дэгдсэн гэнэ. Калифорни мужийн эрх баригчид ойн түймрийн улмаас 16 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Их утаа униараас болоод Калифорний зарим нутагт тэнгэр харагдахаа больж, нарны гэрэл бараг тусахгүй байгаа талаар Америкийн хэвлэлүүд бичиж байна.
Discussion about this post