Оросын Казань хотын 175-р сургуульд 5 сарын 11-нд халдлага үйлдсэн Ильназ Галявиевыг Шүүх хурал боллоо. Алан хядагч этгээдийг шүүхийн танхимд шилэн аквариум дотор 3 цагдаатай хорьж, 2 нь түүнийг өөртэйгээ холбож гавласан байв. Шүүх танхимд Ильназ Галявиев маш тайван байж шүүгчдийн асуултад хариулсан ч танхимаас сэтгүүлчид ба хүмүүс хашгирч юм асуухад огт хариулт өгөөгүй байна. Хэрэгтэн этгээд Шүүх хурал дээр өөрийн бурууг бүрэн хүлээсэн, гэхдээ “Миний үйлдэл шударга, үндэслэлтэй” гэж мэдэгджээ. Шүүх түүнийг 2 сар хорихоор болсон, хэрэв сэтгэл зүй, сэтгэцийн шинжилгээгээр түүний мэдрэл эрүүл, хэвийн гэж тогтоогдвол насан турш хорих ял ногдуулах бололтой. Ильназ Галявиев архаг хүнд өвчингүй, хоригдохоос татгалзахгүй гэж хариулжээ. Хэрэгтэн Галявиев төгссөн сургуульдаа галт зэвсэгтэй ирж 9 хүний аминд хүрсэн билээ. Мөн 23 хүн буудуулж шархадсан, одоо 2 хүүхдийн бие маш хүнд, 6 нь хүндхэн байгаа. Тэднийг Москвад онгоцоор аваачин эмчилж байна.
Мөрдөн байцаах ажиллагааг Оросын яамны төв аппарат өөрөө хариуцаж байгаа аж. Шуурхай багт 100 гаруй мөрдөгч, шинжээч, криминалист ажиллаж байна. Татарстаны Прокурорын орлогч Алексей Заика “Гэмт хэрэгтэн ганцаараа байсан. Цаашид түүнийг терроризм гэсэн зүйл ангиар яллана. Ойрын 2 сард сэтгэцийн шинжилгээ хийнэ, гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэг хориотой бодис хэрэглэсэн эсэхийг тогтооно” гэжээ. Мөрдөн байцаах газрын албан төлөөлөгч Светлана Петренко “Эрүүгийн энэ хэргээр 30 гаруй шүүх шинжилгээг хийнэ, тухайлбал физик-химийн, баллистик, молекуляр-гений, дэлбэрэлт, шүүх эмнэлгийн…. “ гэж тайлбарлав.
Мөрдөн байцаагчид мэдэгдэл хийхдээ “Галявиев өөрийгөө бусдаас давуу гэж батлахын тулд 2 ба түүнээс олон хүнийг алахаар төлөвлөсөн байсан. Хэрэгтэн багаар бодоход 17 удаа буудсан, түүнчлэн сургуулийн 1-р давхарт англи хэлний танхимын гадаа дэлбэрэх төхөөрөмж байрлуулж дэлбэлсэн” гэлээ. Алуурчин этгээд зохих хууль журмын дагуу Туркийн “Hatsan Escort PS” зэвсгийг худалдаж авсныг мөрдөгчид онцолжээ. Хэрэгтэн Ильназ Галявиев сэтгэцийн эмнэлэгт бүртгэлгүй байсан, гэхдээ толгой нь хүчтэй өвддөг учраас олон удаа эмнэлгийн тусламж авч байжээ. 2020 онд нэг эмнэлгийн эмч нар түүнд тархины өвчтэй гэсэн онош тавьсан гэж мэдээлж байна. Ильназын ар гэрийнхний ярьснаар 2021 он гарснаас хойш тэр догшин түрэмгий, түргэн ууртай болсон гэжээ.
Хачирхалтай нь, хэрэгтэн Ильназ Галявиев өөрийн гэрээс сургууль хүртэл алхаж явахдаа буу үүрсэн байхад дэргэдүүр өнгөрсөн хэн ч анзаараагүй, эсвэл тоогоогүй өнгөрсөн аж. “Энэ олон шалтгаантай. Нэгт, хүмүүс айж байна. Хоёрт, олон хүн эргэн тойрондоо тоомсоргүй, анхааралгүй, хайхрамжгүй хандаж бүр өөрийн ойр дотны хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаггүй. Гуравт, хүмүүс цагдаа хуулийнханд итгэдэггүй. Ямар нэг гэмт хэрэг, эсвэл гэмт этгээдийн тухай мэдээлэл өгсөн хүмүүсийг асууж байцаадаг. Гэтэл маргааш нь тэднийг хөнөөсөн тохиолдол гарсан. Үүний зэрэгцээ зэр зэвсэг үүрсэн хүнийг хараад жинхэнэ буу гэж хүмүүс боддоггүй, гэмт хэрэг үйлдэх санаа агуулсан байх вий гэж сэжиглэдэггүй юм байна. Хүн бүр зөвхөн өөрийгөө бодож амиа хичээдэг болжээ. Бүгд л надаас холуур, гайгүй өнгөрчих байх гэсэн зарчмаар амьдардаг. Энгийн иргэд байтугай хууль сахиулах байгууллагын ажилтнууд, хувийн хамгаалах албаныхан ч ялгаагүй” хэмээн Оросын Холбооны мөрдөх товчооны бэлтгэл хошууч генерал Александр Михайлов энэ талаар тайлбар өгчээ.
Discussion about this post