Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Английн “Сонглайнс” сэтгүүлийн газраас шалгаруулдаг олон улсын хөгжмийн шалгаруулалтад Ази, Номхон далайн бүсээс тэргүүн байр эзэлжээ.
Энэ талаар их хуурч “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд “Манай хамтлагийн уран бүтээлчид Францын “Routes Nomades” холбоогоор дамжуулан “Бюда мюзик лэйбэл”-тэй хамтран гаргасан “Жангар” цомог маань Английн “Сонглайнс” сэтгүүлийн газраас шалгаруулдаг хөгжмийн фестивальд оролцож, тэргүүн байр эзэлсэн баярт мэдээг өчигдөр хүлээн авлаа. Ази, Номхон Далайн бүсээс тэргүүн байр эзэлнэ гэдэг “Хөсөгтөн” хамтлагийн хувьд нэр төрийн хэрэг. Оны эхэн үеэс эхэлсэн энэ шалгаруулалтад олон орны уран бүтээлчдийн бүтээл нэр дэвшсэн, томоохон хэмжээний шалгаруулалт болсон. Covid-19 халдварын улмаас гар дээрээ авч чадаагүй цомог маань ийнхүү олон улсад үнэлэгдэж байгаад сэтгэл өндөр байна. Манай хамтлагийн тоглолт хоёр жил дараалан хойшилсон. Гэхдээ удахгүй сайхан цаг ирж, хилийн чанад дахь аялан тоглолтууд маань үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Хамтлагийн “Жангар” цомгийн тухайд дэлхийн хөгжмийн салбарын мэргэжилтэн, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа аж. “Хөсөгтөн” хамлагийг мэдээллийн технологийн эрин үед нүүдэлчдийн соёл уламжлалыг гайхуулж, хөсөг тэргээр аргагүй л дэлхийд өрсөлдөж байна” гэж хөгжим судлаачид цахим хуудастаа нийтэлжээ.
Discussion about this post