Монгол бөхийн түүхэнд зургаан залуу үе гэж нэршсэн нэг зурвас сайхан алтан үе бий. Эдэн дундаасаа одоогоор хамгийн том албан тушаалтай нь Д.Сумъяабазар. Бас хамгийн их мөнгө тоолж үзсэн нь ч аварга Д.Сумъяабазар байх. Учир нь тэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирлаар ажиллаж байсан. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшиж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Ломбын Эрхэмбаяртай “хайнцчихаад” жил гаруй болж, дахин сонгууль болоход олонхийн саналаар ялж УИХ-ын гишүүн болсон. Өмнөх сумоч гишүүн нь гавьтай юм хийгээгүй, тэгээд ч тойргоо хаяад баруун аймаг руу нэр дэвшихээр “зугтчихсан” энэ тойрогт дахиад нэг бөх дэвшүүлсэн нь улстөр сонирхогчдын дунд эвгүй л харагдаж байсан. Харин хотын хамгийн том дүүргээс Улсын аварга Д.Сумъяабазар ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Ардчилсан нам хавтгайдаа ялалт байгуулсан хотын тойргоос МАН-аас ганцаараа УИХ-ын гишүүн болсон Д.Сумъяабазар үнэхээр бахтай ялалт байгуулж, “дэвэн дэвсээр” чуулганы танхимд орж суусан билээ. УИХ-ын гишүүн, Улсын аварга Д.Сумъяабазарын энэ амжилтын ард хоёр хүүгийнх нь ээж нэртэй сийлбэрч Чуваамид гуайн бага охин Ч.Мичидмаагийн байнга байсан нь гарцаагүй. Ч.Мичидмаа анх социализмын үед анх зохион байгуулж явуулсан, олон нийтээрээ хүлээн зөвшөөрсөн Монголын сайхан бүсгүй шалгаруулах наадмын алтан эрдэнийн өргөмжлөлт гурав дахь бүсгүй. Нөгөө гурав дахь ерөнхийлөгч гэдэг шиг, гурав дахь мисс. Өмнө нь эл наадамд Д.Биндэрьяа, Н.Мөнхцэцэг түрүүлж, гурав дахь ялагч нь Чуваамидийн Мичидмаа болсон. Одоо энэ жаахан Монголд миссийн тэмцээн бараг өдөр болгон зохиогддог болсон болохоор Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний эхний гурван уралдаанд түрүүлсэн бүсгүйгээ монголчууд бүр ч илүү хүндэтгэдэг, яах аргагүй олноороо хүлээн зөвшөөрдөг. Сайхан бүсгүйн титмийг Ч.Мичидмаа дааж яваа. Айлын нөхөртэй зууралдаж үзээгүй, элдэв дуулианд нэр холбогдоогүй өдий хүрсэн. Мисс Ч.Мичидмаа, нөхөр Д.Сумъяабазараасаа нэг эгч. Анх залуухан бөх Д.Сумъяабазар сийлбэрч Ч.Чуваамид гуайн гэрээр найз Г.Өсөхбаяраа (одоо мөн л аварга) дагуулчихсан байнга ирж “Танаар нэг сайхан сийлбэртэй ширээ хийлгэнэ ээ” гээд л байдаг байжээ. Олон удаа ингэж ирсэн ч нөгөө ширээгээ хийлгээгүй, харин бага охин Ч.Мичидмаад нь санаархаж, нүд унагаж явсан нь тэр байж. Ингэж явсны эцэст мисс Ч.Мичидмаатай анх уулзжээ. Ерээд оны эхэн, шилжилтийн эд бараа хомс үед ирээдүйн аварга Д.Сумъяабазар мисс Мичидмаа хоёр анх Зайсанд болзсон гэдэг. Гэхдээ хоёулхнаа биш, Д.Сумъяабазарын сайн найз Г.Өсөхбаяр мөн л дагалдаж, гурвуулаа “болзжээ”. Тэгэхэд Сумъяабазар бараг дуугараагүй, харин Өсөхбаяр л Сумъяагаа магтаж ярьсаар байгаад анхны болзоогоо ”өндөрлөсөн” гэдэг. Ингэж явсаар дотносож Д.Сумъяабазарын 13 дугаар хороолол дахь байраар нь Мичидмаа ирдэг болж. Тавилгагүй ханхай байранд амьдардаг Д.Сумъяабазар найз бүсгүй Мичидмаагаасаа ичихдээ Мичидмааг ирэхээс өмнөхөн хажуу айлын тавилгыг гуйгаад гэртээ зөөж оруулдаг, Мичидмааг явахаар нь буцаад л хажуугийн айлдаа диван энэ тэр гэсэн нүсэр тавилгыг нь зөөж оруулдаг байжээ. Энэ бүхэн Сумъяабазар аваргад бөхийн гайгүй бэлтгэл болж байсан биз ээ. Сүүлдээ тэр хоёрын уулзах нь олширч, Д.Сумъяабазар бараг л өдөр болгон тэр тавилгаа хоёр айлын хооронд зөөж гүйдэг болсон гэдэг. Мисс Мичидмаа ч энийг мэдэж, сүүлд тэр хоёр яг тэр айлын дивантай адилхан буйдан худалдаж авсан бяцхан түүхтэй. Мисс Мичидмаа тэр үед тавилга ч үгүй ханхай байранд Сумъяабазарын гэргий болон ирсэн нь эд хөрөнгө харж суугаагүй хамгийн том баталгаа биз. Одоо Д.Сумъяабазар аваргынх хоёр хүүтэй. Д.Сумъяабазар улсын заан болж, сүүлдээ аварга болж, тэр хэрээр амьдрал нь дээшилж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирлаар ажиллаж, Сумъяабазарынх гэдэг айл Зайсанд хаустай, сүүлийн үеийн үнэтэй машинуудыг сэлгэн унах болсон. Харин мисс Ч.Мичидмаа “Мөнгө юу ч байхгүй, Сумъяа бид хоёр гараасаа хөтлөлцөн заалны барилдаан хэсэж, давааны мөнгөөр амьдралаа залгуулж явсан тэр үе мань хамгийн гоё” гэж дурссан байдаг. WWW.TAIZ.MN
Discussion about this post