Өөрийгөө ямагт “Монголын дорд бичээч буюу болхи өвгөн” гэж даруухнаар нэрлэж явсан нэрт бичгийн хүн, соёл гэгээрлийн ахмад зүтгэлтэн Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд, одоогийн Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болох Судар бичгийн хүрээлэнгийн дарга, жанжин Д.Сүхбаатарын багш, Лувсанданзаны “Алтан товч” хэмээх ховор нандин сурвалж, Монгол Данжуурын 226 ботийг олж залан Улсын номын санг үндэслэн байгуулсан гавьяат, ардын багш С.Жамъян бээр 1864 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Баянбулаг гэдэг газарт төржээ. “Эрхэм баян эрдэм” гэдгийг сайтар ухаарсан аав нь түүнийг нутгийн монголч Билигтэйд шавь оруулсан бөгөөд Жамъян хүү ч монгол, манж, төвд бичиг хичээнгүйлэн сурч эхэлжээ. Жамъян бээр бичгийн эрдэмд тэгш сайн, төлөв түвшин зантай хүн болох тул тамгын газар Тал бичээчээс эхлэн жанжны газар эх зохиогч түшмэлийн зэрэг албанд удаа дараа тохоон томилогдож явжээ. Тэр үед бичиг ном сайтай хүнийг Богдын шавь яаманд дуудан авчирч ажиллуулдаг байсан бөгөөд 1900 онд Сэцэн хан аймгийн хошуудын дотроос бичгийн чадвар сайтай хүмүүсийг Богдын шавийн яаманд алба хаалгахаар томилон ирүүлэхэд Жамъян оролцсон аж. Ингээд их шавийн харьяат болж Зайсан тушаал хүлээх болжээ. Улмаар бичиг, номын үйлд чадамгай, зүтгэл хичээлтэйн учир бичгийн Гүн цолоор шагнуулж үүнээс хойш түүх бичиг, албан хэрэгт Гүн Жамъян хэмээн тэмдэглэх болсон билээ. 1911 онд Манжийн дарлалаас ангижирч, тусгаар тогтносон улс гэрээ төвхнүүлэн тогтоох үест гүн Жамъян Богд хаант Монгол улсын Сангийн яамны данс эрхэлсэн түшмэл, дэд сайдаар тохогдон ажиллаж байв. 1921 онд Ардын засгийн газар байгуулахад Жамъян Сангийн яамны тэргүүн сайд, хамаарсан дэд сайдын албанаа тохоон томилогдоод, удалгүй 1921 оны 11 дүгээр сард Судар бичгийн хүрээлэнгийн даргаар томилогдсон байна. Мөн олон зүйлийн алба хавсран гүйцэтгэж байсан бөгөөд тухайлбал 1924 онд Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайдаар Жамъян гуайг томилон ажиллуулжээ. Жамъян гуай Судар бичгийн хүрээлэнгийн даргын албыг хашихын хамт багш нарыг бэлтгэх сургуульд багшилж байгаад 1930 онд насан өөд болжээ. “БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Онхудын Жамъян гүн /1864-1930/ Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хошууны Юншээбүү овгийн тайж Дари гэдэг хүнд монголчуудын бичиг соёлын нэгэн дурсгал хадгалагдан байсныг 1926 онд олсон нь хожим Лувсанданзаны “Алтан товч” хэмээн алдаршсан юм. Энэ нь монгол үндэстний соёлын өв баялгийг хямгадан цуглуулах буянт үйлсэд манай ахмад үеийнхний оруулсан том хувь нэмэр байсан билээ. Хуучны бичгийн их хүн Жамъян гүн тэр дурсгалт бичгийн үлэмжийн их үнэ цэнийг мэдэж, түүнийг Судар бичгийн хүрээлэнгийн хөмрөгт үүрд нандигнан хадгалах нь зүйтэй хэмээн үзэж Дари тайжийн хувийн хадгаламжаас зохих ёс зүйн журмын дагуу шилжүүлэн авчээ. Үүний ачаар Лувсанданзаны “Алтан товч” зөвхөн монголчуудын төдийгүй, дэлхийн Монгол судлалын эрдэмтэн мэргэд, сонирхогч олон түмний хүртээл болж чаджээ” хэмээн Академич Ш. Бира: онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү “Алтан товч” хэмээх сурвалжийг Жамъян гуай хэнээс, хэрхэн олж авсан тухай академич Ц.Дамдинсүрэнгийн сонирхолтой өгүүлэл, “Намтрын хуудаснаас” хэмээх номд нь байдаг билээ. Жамъян гуай өөрийн улсад байхгүй ховор ном судрыг олж ирэхийг мөн чухал хэмээн үзэж Бээжин, Шанхай хотууд болон Өвөр монголын нутгаар явж хятад, манж, төвд бас англи хэлээр хэвлэгдсэн ховор ном судрыг худалдан авч цуглуулан ирэхээр Жонон ван Ширнэндамдин, хэлмэрч Хишигт нарыг дагуулан 1924 онд явж, бүгд 6973 төгрөг 15 мөнгийг зарцуулан, ном судрыг авчирсан байна. Ийнхүү явахдаа Монгол оронд урьд залаагүй байсан, хосгүй ховор сурвалж болох Монгол Данжуурын 226 ботийг Наянт вантай есөн зүйлт гэрээ хэлэлцээ байгуулж, үнэ өртөггүйгээр залж ирсэн бөгөөд одоо улсын төв номын санд хадгалагдан байгаа билээ.
WWW.TALBICHEECH.MN
Discussion about this post