Арго багш гэж алдаршсан энэ эрхмийн амьд ахуйдаа өгсөн ярилцлагыг www.taiz.mn хүргэж байна.
-Хүмүүс таныг Арго багш гэдгээр чинь сайн мэддэг. Харин та сүүлийн жилүүдэд улс төржөөд явж байснаа гэнэт хошин урлагт хөл тавьж зохиол бичиж эхэлсэн.
-Би багш хүн. Англи,Герман, Франц, дорны гурван хэл Япон, Солонгос, Хятад гээд зургаан хэлний ном бичлээ. Шашны хувьд хар, алаг, цагаан сүлднүүдээ тахиж байна. Сая Баянгол дүүргийн АН-д гишүүнээр элссэн. Ер нь Монгол улсын иргэн хүн аль ч намд элсэх эрхтэй. Үүнийг улс төржсөн гэж үгүйсгэж болохгүй. Хэрвээ төрөө сайхан төвхнүүлье гэвэл төрийг чинь улс төрийн нам барина шүү дээ. Бүх хүмүүсийг улс төр лүү битгий ор гээд байх юм бол энэ улс орон чинь хэзээ ч өөдлөхгүй. Намуудыг устга гээд байна. Намуудыг устгачих юм бол ямар ямар нам, ямар хүн улс төрөө барих юм. 2.7 саяуулаа дарга болж чадахгүйгээс хойш. Тийм учраас Монгол улсыг үнэхээр сайхан болгож төрөө засъя гэвэл улс төрийн нам дотроо шинэчлэл хийх хэрэгтэй. Тиймээс би АН-д гишүүнээр элссэн юм. Тэглээ гээд би УИХ-д нэр дэвших гэж гүйхгүй.
– Та аль намыг дэмждэг байсан юм бэ. АН-ыг яагаад сонгосон бэ?
– Яагаад АН-ыг сонгосон гэхээр сүүлийн 18 жилд нь МАН төр барьсан бол дөрөвхөн жилд нь АН төр барьсан. Монголд хариуцлага хүлээж чадвартай хоёрхон том хүчин байна. Бусад нь хариуцлага хүлээх чадвар байхгүй. Улс төрийн намд орж намыг засахгүй юм бол улс орон засагдах арга алга. Яагаад гэвэл тэнд л хамаг эрх мэдэл байна. Эдийн засаг, мөнгө төгрөг, бүх боловсон хүчний нөөц тэнд байна. Ер нь улс төрөөс ангид эдийн засаг гэж байдаггүй юм. Үүний баталгаа бол улс төрд орсон хүмүүс. Тэд улс төрийн эрх мэдэлтэй болох гэж орж байгаа юм. Жирийн ардуудыг болохоор битгий улс төрд ор гэдэг. Ноёдууд нь болохоор улс төр гээд. Тэгвэл улс төр хэрэггүй юм бол бүгдээрээ намаасаа гарчихгүй юу. Урьд нь би нам бус байсан. 20 жил надад зав гараагүй. Зургаан хэлний ном бичнэ гэдэг захын аавын хүү хийчихдэг юм биш. Бололцоогүй хэцүү зүйл. Би энэ номнуудыг хийх гэж өөрийнхөө амьдралын 27 жилийг зарцуулсан. Хэлний ном гэдэг яруу найрагчийн онгод орохоор зохиочихдог зүйл биш. Олон жил хичээл зааж байж энэ арга нь зүгээр юм байна гэсний үндсэн дээр боловсруулалт хийж байж маш нарийн ажилладаг зүйл. Тийм учраас урьд нь надад улс төр лүү орж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх ямар ч бололцоо байгаагүй.
-Хүмүүс олны танил болоод ирэхээрээ аль нэг намд элсдэг зуршилтай болсон гэхэд хилсдэхгүй.
-Мэдээж олны танил хүмүүс тухайн намд харьяалагдахаар тэр намын рейтенг нь дээшилдэг байх л даа. Майкл Жексон БНН-д элслээ гэвэл арай өөр л байх. Олны танил гэхээсээ илүү, олны итгэлийг хүлээсэн хүн гэж хандвал зүгээр байх. Тэгэхээр Монгол улсад амьдарч байгаа хүн юм чинь мэдээж улс эх орныхоо төлөө өөрийн гэсэн үзэл бодлоо намаар дамжуулж хэрэгжүүлвэл бидний үр хүүхдүүд сайн сайхан амьдрана шүү дээ. Ер нь намд ороход заавал нэртэй хүн гэхгүй, Яахав олны танил, олонд хүндлэгдсэн гэдэг утгаараа хүмүүст бүр их хариуцлага оногдож байгаа юм. Тэр хүмүүсийн үгийг маш олон хүн сонсдог учраас зүгээр нэг дэл сул юм ярьж болохгүй. Маш хариуцлагатай ажиллах ёстой.
-Сонгууль хаяанд ирлээ. МАН болоод АН-ыг дахин сонгохгүй, шинэ хүчнүүдийг гаргаж ирэх ёстой гэдэг хүмүүс ч байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Яахав. Шинэ хүчнүүдийг гаргаж ирж болно л доо. Хамгийн гол нь гарч ирсэн шинэ хүчнүүд энэ хоёр нам шигээ хариуцлага хүлээх чадвар байгаа юм уу. Яг ярьсан шигээ улс эх орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татаж чадах юм уу. ЭЗ-ийн хүч, гишүүдийн хүч, эрх мэдэл, мөнгө төгрөг байгаа юм уу. Урьд нь гуравдагч хүчин гарна гээд зөндөө л гарлаа ш дээ. Хамгийн гол нь ерөөсөө амжилт олохгүй байна. Урьд нь жижиг намууд, бие даагчид ч гарч ирсэн. Нам гэдэг чинь багийн тоглоом. Тийм учраас маш хүчтэй багийг бүрдүүлж байж улс орныг өөд нь татна уу гэхээс зүгээр дур зоргоороо аашилдаг юм биш. Тийм учраас хариуцлага хүлээж чадах чадвартай хоёр намаа л сонгох хэрэгтэй. Юманд чинь бас тэнцвэр хэрэгтэй ш дээ. АНУ-д АН, БНН хоёр нь ээлжилж төр барьсаар ирсэн. Тэр чинь зөвхөн тухайн үедээ төр барьж байгаа юм биш. БНН-ын бодлого нь жаахан явахгүй болоод ирэхээр АН-нь шинэ бодлого санаачлаад ард түмэн нь тэрийг нь дэмжээд явдаг. Тийм учраас энэ хоёр том намдаа бүх хүмүүс төвлөрч орох хэрэгтэй. Энэ улс орныг өнгөтэй өөдтэй явж байвал МАН-тай холбож ярих хэрэгтэй. Өнгөгүй өөдгүй явж байвал МАН-тай л холбож ярих хэрэгтэй. АН дунд нь 1996 онд төр барих гэж бөөн уйлаан майлаан болсон. 1997 онд байрыг үнэгүй хувьчилж хүмүүс тэр байраа барьцаанд тавьж, Монголчууд Солонгос руу гарч ажил төрөл хийж ар гэртээ мөнгө явуулж эдийн засгаа тодорхой хэмжээгээр сэргээсэн. Тийм учраас 1990 он гараад мал, байр хувьчилсанаас монголын эдийн засаг тодорхой хэмжээгээр сэргэсэн. Хүмүүс үүнийг мартаад байгаа байхгүй юу. Маш богинохон хугацаанд төр барьсан хэрнээ маш их юм хийж чадсан. Гэтэл 18 жил төр барьсан улсууд юу хийсэн бэ гэдгийг хүмүүс олоод харчихсан байгаа байх. Хамгийн гол нь сонгууль гэдэг чинь маш соёлтой байх хэрэгтэй. Миний хамгийн айж байгаа зүйл сонгууль болохгүй байж магадгүй гэж би айж байна. Яагаад гэхээр урьд жилүүдэд сонгууль шиг сонгууль болж байлаа ш дээ. Соёлтой байлаа. Ялсан тал нь ялаад, ялагдсан тал нь жаахан зарга хийж байгаа л эрхээ өгчихдөг байсан. Гэтэл одоо аль ч тал нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй аймшигтай байдалд хүрдэг болсон. Хоёр нам хоёулаа хүч тэнцлээ гэхэд гуравдагч хүчийг нь хүлээн зөвшөөрөх үү. Тэгэхээр хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй болохоор юуны эх үндэс болох вэ. Энэ мунхагууд чинь хэлээрээ үзээд дийлэхгүй болохоор хөлөөрөө үзэж таарна биз дээ. Хөлөөрөө үзэх юм бол Монголчууд хөөрхий минь аяыг нь даахгүй ш дээ. Тиймээс Сонгуульд хэн ялах нь хамаагүй. Эмх замбараагүй байдал үүсвэл энийг тогтоох цагдаа, цэргийн хүч Монголд бий юу. Тийм учраас намуудад хариуцлага ноогдож байгаа юм.
-Намууд амлалтаа хэр биелүүлж байна гэж та үздэг вэ? Монголд ажилгүйчүүд улам олширч 21 мянгаа харж амьдардаг залуус олширч байгааг хүмүүс их шүүмжилдэг.
-Монголчуудыг ажил хийлгэхгүй 21 мянгаар угжаад тэжээгээд байхаар ажил хийх хүн олдохгүй байна ш дээ. Толгой, гар, хөл нь бүрэн улсууд ажил хийхгүй гээд хэвтээд байхаар энэ улс орон чинь яаж хөгжих юм бэ. Хүн болгон компаний захирал болох ёсгүй. Компаний захирал гэдэг бол маш их хэмжээний хариуцлага хүлээнэ. Ядаж банкны зээлийн хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй. Таван ам бүлтэй айл 100 мянган төгрөг авч байна. Би 21 мянга харж амьдардаг хүн биш болохоор зовлонгий нь мэддэггүй. Гэхдээ 100 мянган төгрөгнийхөө 40 мянгаар нь нэг шуудай гурил авчихаад гамбир хайрч хэвтээд ажил хийхгүй байна ш дээ. Миний “21 мянга” гэсэн өгүүллэгийг уншаарай. Ээжээрээ тэжээлгээд хэвтэж байгаа гурван сайхан ханхар залуу, нэг сайхан охины тухай гардаг. Ээж нь тэтгэвэр тэтгэмж хамаг юмаа хамаад хүүхдүүддээ тэжээгээд байдаг тухай гардаг юм. Энэ 180 мянган оюутан төгсөөд ажилгүй болохоос хойш яагаад барилгын хар бор ажил хийгээд амьдарч болдоггүй юм бэ. Би залуудаа вагоны шал угаахаас эхлээд зөндөө л хар бор ажил хийж байлаа. Гэтэл одооны хүүхдүүд арай дэндүү залхуу болчихож ээ.
-Та ном хийгээд тодорхой мөнгөний үүсвэртэй болохоор мөнгө төгрөгөөр дутагддаггүй байх. Өөр бизнес хийдэг үү ?
-Би зургаан хэлний ном гаргаад зарж байна. Энэ чинь л бизнес шүү дээ. Саяхан “Арго гадаад хэл болон, шашныхаа бизнесийг хошин шогоор өргөжүүлэв” гээд бичсэн байсан. Намайг аягүй доромжилж байгаа байхгуй юу. Нэг ёсондоо бизнесийг хүмүүс доромжилж байна. Бизнес гэдэг чинь хамгийн ариун дээд зүйл. Бизнес хийж байгаа хүн бол ухаантай хүн. Бизнес хийгээгүй бол өөрийгөө тэнэг гэж бодох хэрэгтэй. АНУ-д хэлэгддэг нэг үг байдаг. “Та мөнгөтэй юу, та ухаантай юу” гэж асуудаг. “Би ухаантай” гэвэл, “та мөнгөтэй” юу гэж асуудаг. “Мөнгөгүй” гэвэл “та ухаангүй юм” байнаа гэж хариулдаг. Ухаантай хүн бол өөрийнхөө оюун ухаан болон биеийн хүчин чадлыг ашиглаад мөнгө олох хэрэгтэй. Тэгэхээр би өөрийнхөө эрдэм мэдлэгийг бизнес болгож ашигласан байхгуй юу. Америкт бизнес эрхэлдэггүй хүн бол хүн биш. Хэрвээ та гоё хуушуур хийдэг бол хуушуураа хийгээд мөнгө ол. Ном бичдэг бол номоо бичээд мөнгөө олох хэрэгтэй. Хэрвээ та томоохон бизнесмэн бол бага дунд орлоготой бизнес эрхлэгчиддээ хүүтэй мөнгө зээлүүлж бизнесээ өргөжүүл. Манай зарим улс төрч, бизнесмэнүүд хэтэрхий амиа боддог. Тэд баяжчихаад гадаад руу гараад явчихдаг. Би МСS-ын Оджаргалтай уулзах гэж бүтэн зургаан сар яваад барсангүй. Би дунд сургуулийн хүүхдүүдэд зургаан хэл заах гэж, хэлний сургуулиа өргөжүүлэх зорилгоор Оджаргалыг дэмжих болов уу гэж бодсон юм. Бүр “MCS”-ын охин компаний захирал Оджаргалын төрсөн дүү Уранцэцэгийн нөхрийнх нь найзаар дамжуулаад хүсэлт тавиад зургаан сар гүйгээд уулзаж чадсангүй. Би чинь уг нь Монголд зургаан хэлний ном бичсэн хүн шүү дээ. Би ардын хүүхдүүдэд хэл заах гээд явж байна.Энэ номыг чинь зүгээр хэвлэчихдэг эд биш ш дээ. Би өөрөө л болгоод яваад байгаа болохоос. Тэгэхлээр яагаад над шиг хүнийг хүлээж аваад уулзаж болдоггүй юм. “Ажнай” Бат-Эрдэнэ бас дээр очсон. Уг нь би Бат-Эрдэнэтэй нэг үеийн оюутнууд болохоор сайн танина. Бас л намайг дэмжээд өгөөч гэж гуйсан. Хий дэмий хурдан морь, миссийн тэмцээнд хөрөнгө оруулах дуртай байдаг юм байна энэ хүмүүс чинь. Би “оюуны юманд хөрөнгө оруулаач ээ” л гэж гуйсан. Би хэнд ч хэрэггүй зураг олон мянгаар нь зурчихаад зарах гээд байгаа биш. Олны хүүхдүүдийг сургамаар байна. Тэр компаний жижүүр, нарийн бичиг нар нь хүртэл “Арго багш минь дэмий цагаа үрж байхаар явсан нь дээр” гэж байгаа байхгүй юу. Энэ том компаний захиралууд чинь бүгдээрээ гадаад руу зугатаагаад тэндээсээ компьютерийн араас компаниа удирддаг юм уу яадаг юм. Арготой ингэж харьцаж байгаа юм чинь жирийн хүмүүс тэд нартай амьд яваа насандаа уулзаж чадахгүй юм билээ. “MCS” гэхэд төслийн хэлтэс байгуулж болно ш дээ. Цааш нь дамжууллаа, таныг чадахгүй ээ, чадахгүй бол чадахгүй гэдгээ хэл л дээ. Тийм биз дээ. АНУ-ын томоохон бизнесмэн нэг мундаг зохиолч ч юм уу, олны танил хүнийг хүлээж авахгүй бол Америкчууд тэр бизнесмэнд тийм дуртай байхгүй. Олны танил болсон хүнийг хүлээж авахгүй бол жирийн хүмүүс ойлгомжтой байхгуй юу. Манай Монголчууд жаахан юмтай болохоороо том том жийп унаад л. 800 мянган долларын жийп байна гэж сонссон. Ээ бурхан минь ээ. Ганц машин авдаг мөнгөнийхөө талыг надад хүүтэй нь 10 жилийн хугацаатай зээл өгчих л дөө. Тэгвэл би олон юм хийнэ дээ. Хүүгий нь төлнө ш дээ. Түүнээс биш би зүгээр хүнээс юм авдаггүй хүн байхгуй юу. Авах ч үгүй. Заавал юм хийж байж авсан мөнгө маань хоолойгоор их зөөлхөн орно. Тэгэхгүй бол хүний юм хулгайлаад ч юм уу, зүгээр хүнээс авсан мөнгө надад огт баяр баясгалан төрүүлдэггүй. Би 21 мянгаа авахгүй байж байгаад цагаан сарын өмнө авсан ш дээ. Гэр орныхон маань “тэр мөнгө чинь гурав, дөрвөн зуун мянган төгрөг болчихсон байна, чамд хэрэггүй юм бол надад аваад өгчих” гээд авахуулсан. Би орлоготой ажилтай хүн тэр 21 мянган төгрөг авч доошоо ороод яахав. Өөрийгөө би амьдрах чадваргүй, боолын боол, босгоны шороо гэж бодож байгаа учраас тэр мөнгийг авч байна гэсэн үг шүү дээ. Чадалтай ухаантай хүн бол хэзээ ч хүнээс зүгээр юм авдаггүй юм. Харин банкнаас зээл авах өөр хэрэг л дээ. Тэр хүн хариуцлага хүлээгээд зээл авч байна гэсэн үг шүү дээ. Би банкнаас нэлээн хэдэн удаа зээл авч байсан. Гэхдээ бага хэмжээний зээл авч байсан л даа. 20,30 удаа зээл авсан. Буцаагаад би хүүтэй нь төлчихдөг. Намайг одоо аль ч банкин дээр очсон зээл өгнө. Ямар ч банкны эдийн засагчид “Арго багш маш их хариуцлагатай хүн” гэж хэлдэг. Зурагтаар ярьдаг аргууд, санхүүгийн хариуцлага хүлээж авсан арга хоёр чинь газар тэнгэр шиг өөр байхгуй юу.
-Та “MCS”-ийн Оджаргал, “Ажнай” корпорацийн Бат-Эрдэнэ хоёроос өөр хүнд хандаж үзсэн үү?
-Өөр хүнд одоогоор хандаж үзээгүй ээ. Уулзаад хөөцөлдөөд явбал дэмжих ч юм бил үү. Даанч доод талых нь хүмүүс нь уулзуулахгүй юм байна ш дээ. Уг нь морь, бөхчүүд, миссүүдийг дэмжиж байхаар мань мэтийн номыг дэмжих нь нэмүү өртөг үүсгэж байдаг байхгүй юу. Тэгэхгүй соёлтой гуйлгачингуудыг дэмжээд байхаар улс орон чинь яаж өөдлөх юм бэ. Тэд нар чинь соёлтой гуйлгачингууд л биз дээ. Яг үнэндээ тэд нарт бүтээж байгаа зүйл юу байгаа юм. Ямар ч хэрэггүй юманд мөнгөө цацаж байна манай баячууд. Буцаагаад төлдөг бол хамаа алга л даа. Гол нь буцаагаад төлдөггүй л байхгүй юу. Ивээн тэтгэсэнд баярлалаа гээд архидуулчихаад яваад өгдөг гэхэд нэг хилсдэхгүй дээ. -Танд одоо яг хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ? Мөнгө өгөх хүн таарвал мэдээж оюуны бүтээлдээ зарцуулах биз. -Тэгэлгүй яахав. Надад одоо яг 100 мянган доллар хэрэгтэй байна. Монголын бизнесмэнүүд надад 100-хан мянган доллар өгч чадахгүй арчаагүй байна ш дээ. Би чинь зургаан ном бичсэн хүн шүү дээ. Геннисийн номонд бичүүлэх гэсэн чинь мөнгө нь олдохгүй хэцүү байна.
-Геннисийн номонд ороход хэр хэмжээний мөнгө шаарддаг вэ. Хөөцөлдөж үзсэн үү та.
-Хөөцөлдаж үзэлгүй яахав. Зургаан хэлний ном бичсэн хүн одоогоор байдаггүй юм байна лээ. Геннисд номд ороход 100-аад мянган доллар ордог гэсэн. Мөнгөгүйгээс болоод би хойшлуулчихсан байгаа.
– Таны эхнэр удган гэж сонссон. Танайх нэлээн хөл хөдөлгөөн ихтэй байдаг байх. Гэр чинь хаана билээ?
– Эхнэр маань Архангай аймгийн Жаргалант сумын уугуул. Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумынх. 2007 оноос уул овоогоо тахиж эхэлсэн. Алаг хар цагаан сүлдээ тахидаг. Манай аавын аав гээд дээшээ явахаар 17,18 дах удам дээрээ Тогоон Төмөр хааны үр сад байхгүй юу. Манай аавд Тогоон төмөр хааны тоглож байсан “ханхарцаг” гээд хар цагаан чулуутай чулуун тоглоом байдаг юм. Мөн хар сүлдний туг үс байдаг. Тогоон Төмөр хаан “үр хойчдоо сэргээж тахиарай” гэж тэр туг үсээ үр хойчдоо үлдээсэн юм. Манай гэр бүлийн хүн цагаан сүлдийг нь тахиж байгаа. Манай гэр бүлийн хүний онгод маш хүчтэй. Томчууд бол бүгдээрээ л ирж байна ш дээ. Улс орон чинь сүлдэн тахилагатай байх ёстой. Би улс орны хэмжээний сүлдэн тахилга тасралтгүй хийж байна. Хүмүүс намайг баян хүн гэж боддог байх. Би олсон мөнгөө бусдын төлөө зарцуулдаг хүн. Томчууд шиг мөнгөө тэвэрээд хэвтдэггүй. Монголын ард түмнээ эвтэй найртай, ёс жудагтай байгаасай гэж бодож явдаг. Манайх 13-р хороололд байранд амьдардаг. Заавал гэрт амьдрах албагүй ш дээ. Жавхлан жаахан туйлшраад байх шиг санагддаг. Уламжлал шинэчлэл хоёр оо бас зөв ойлгох хэрэгтэй л дээ. Тэгэхгүй машинаа зарчихад би морь унаад ташуур бариад Улаанбаатарын гудамжаар яваад байж болохгүй биз дээ. Суурин соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншил хоёр оо ялгах хэрэгтэй. Манай Монгол улс нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл руу шилжсэн.Тийм учраас соёлоо дагах хэрэгтэй. Жавхлан гэрт амьдармаар байвал Увсдаа очоод гэртээ амьдрана л биз дээ. Үнэхээр түргэн нь дуудаад ирэхгүй бол эхнэрээ араг түшүүлээд төрүүлж болно ш дээ. Би байранд амьдарч байж гаднаас араг авчраад эхнэрээ төр гэхээр 21-р зуунд арай байж болохгүй биз дээ. Ядахдаа эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Ер нь манай Монголд нэг зүйл ажиглагдаад байхад юмыг жаахан хэмжээ хязгаартай зөв сэтгэж сурах хэрэгтэй. Жавхлан тахилга хийгээд л явсан. Жавхлан тахилч хүн биш шүү дээ. Тэгээд сая юу болов. 3 сарын 8-нд тоглолт хийхэд хоолой нь гараагүй. Тэр сайхан дуулж байсан хүүгийн хоолой нь зүгээр байж байгаад гарахаа больчихдог.
-Жавхланг тахилга хийснээс болоод хоолой нь гараагүй гэж хэлэх гээд байна уу?
-Тахилганаас гадна гадны албин тийр, муу юм, элдэв янзын сүнс бие хаадаа оруулж гаргаснаас болоод муу үр дагавар болж байгаа байхгүй юу. Тийм л онгод тэнгэртэй юм бол бөө бол л доо. Тэгвэл хоолой нь сайжраад л байна ш дээ. Би зурагтаар Төгөлдөр, Жавхлан хоёрыг тийрэндчихээд байна гэж ярьсан ш дээ. Төгөлдөрийн маань бие сүүлийн үед муудаад байна. Сахарын өвчтэй болчихсон гэсэн. Би Төгөлдөртэй таараад тэгж, ингэж эмчилдэг юмаа гэсэн чинь Төгөлдөр “Арго чи яасан сайхан сэтгэлтэй юм бэ” гэж байна лээ. Жавхлан маань үгэнд орохгүй аягүй дураараа хүүхэд юм. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг шиг аягүй агуу том юм яриад байгаа байхгүй юу. Хамгийн гол нь хүнд боловсрол мэдлэг хэрэгтэй ш дээ. Би элий балай даа биш. Улс төр гэдэг чинь баргийн аавын хүүхэд орчихдог тоглоом биш.
-Та сая хошин шогийн ном гаргасан. Яагаад хошин урлаг руу орохоор шийдэв.
-Хошин урлагийнхан Арго бид нарыг шүүмжлээд болохоо болилоо гэсэн. Би чинь бараг улаан хивсний баярыг нь хийлгэлээ ш дээ. Би зохиолгүй болчихлоо гэж шүүмжлээд. Шүүмжлээд ирсэн чинь надаас болж хийж байгаа байхгуй юу. Хошин шогийнхон хоорондоо жаахан түр тар хийсэн гэж сонсогдсон. Яасан гэхээр зарим нь намайг муулсан гэж байгаа. “Тэр муу Арго юу юм, яршиг л байна” гээд. Зарим нь намайг өмөөрөөд хоорондоо “чи тийм мундаг юм бол хошин шогоо болиод гадаад хэлний салбартаа ороод Аргог сандаргачих л даа” гэж өмөөрөөд маргалдсан гэсэн. Тэгсэн чинь бүгдээрээ дуугүй болсон гэнэ лээ. Уг нь би тэд нартай хамтарч ажиллах саналтай байгаа байхгүй юу. Намайг өмөөрсөн хүмүүс нь “ер нь тэр зохиолуудыг нь уншиж үзвэл яасын” гэсэн чинь “зарим нь хэн тэгж Арготой хамтарч ажиллаж доошоо ордог юм” гэж томорсон сурагтай байна лээ. Энэ юу вэ, хүний нэг муухай араншин байхгуй юу. Монголчууд хэн ч ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй болчихсон гэдэг чинь энэ байхгүй юу. Би хар сүлдийг доромжлоод байгаа хүмүүс өөрсдөө хар, алаг, цагаан сүлдийг тахиатах харъя гэсэн. Яахав. Намайг шогийн баатар болгож болно. Харин сүлдэд их тэнгэрийг доромжилж болохгүй. Сүлд их тэнгэрийг доромжилсон хүний сүр хүч нь буурдаг юм.
-Таны нэрийг Ариунболд гэдэг гэсэн. Арго гэж багын чинь дууддаг нэр үү?
-Монголчууд чинь Ука, Сака, Бооёо, Амбий гэж нэгнийгээ дууддаг ш дээ. Тэрний л адил намайг Арго гэж дууддаг. Арго гэдэг нэрний үндсэн утга нь “Өвгөн од” гэсэн утгатай. Би Арго багш байсан бол одоо шог зохиолч Ариунболд гэдэг нэртэй болсон. Бооёог хошин шогийн жүжигчин Н.Ариунболд гэдэг бол намайг шог зохиолч Б.Ариунболд гэдэг болсон. Хоёр Ариунболд хэн нь илүү хошин шогч вэ гэдэг нь яваандаа харагдах байх. Яагаад гэхээр хошин шогийнхон чинь өөрсдөө эхэлсэн байхгүй юу. Хантааз өмсөөд, хар сүлд гаргаж ирээд намайг зөндөө шоглосон ш дээ. Миний нэрээр их ч мөнгө олсон байх шүү.
-Зарим хүмүүс таны талаар өөр өөрсдийнхөө санал бодлоо илэрхийлдэг. Таныг муулах ч хүн олон байдаг. Энэ бүгдэд та яаж ханддаг вэ?
-Намайг ардууд их хүндэлдэг. Ноёдууд нулимдаг. Ноёдууд нь надад дургүй. Ардууд надад хайртай. Би мэдлэгээрээ хүмүүст гайхуулаад байдаггүй. Гэхдээ номтой хүнээс номтой хүн л төрдөг юм. Энэ интернетийн цаанаас намайг муулаад байгаа нусан жорнууд гадаадад хэдэн гайгүй дээд сургууль төгсчихөөд ажил хийхгүй голоод, бизнес хийхээр чадвар нь дутаад, тэгээд гэртээ компьютерынхоо ард хүн муулаад сууж байдаг байхгүй юу. Тэд нарын хажууд би үнэхээр Монголын зах зээл дээр хорин хэдэн жил яс үзлээ. Би бол тэд нарын хажууд номтой хүн байхгүй юу.Тэр баян айлын сургууль төгссөн хүүхдүүд аав ээжийгээ зовоогоод байр авахуулна, машин авахуулна. Авгай хүүхэдтэй болохоороо авгай хүүхэдтэйгээ амьдарч чадахгүй. Тэгээд ажил голно. Төрийн албанд ажиллана, төрийн ажилд оруулж өг гэнэ. Хэд хэдэн дарга нарын хүүхдүүд намайг яаманд ажилд оруулж өгөөч гэж гуйж байсан. Би хэлдэг юм. “Боль л доо та нар, тийм өндөр боловсрол эзэмшсэн юм бол бизнес хийгээд мөнгө ол” гэж хэлдэг.
-Дарга нарын хүүхдүүд таниас ажилд оруулж өгөхийг гуйж байхыг бодоход танд дарга нараас том нэр нөлөө байна даа?
-Надад нэр төр, нөлөө байна ш дээ. Хаана ч явсан би нүүртэй. Аль ч намын хүн дээр очсон хэн нь ч миний юмыг бүтээх талаас нь ярьдаг болохоос “Арго зайл” гэж хэлж байгаагүй. Намайг муу юм хийгээгүй, ном зохиож, ардын хүүхдүүдийг сургаад, зөв юм ярьж явдаг болохоор хүмүүс эхэндээ дургүй байсан. Сүүлдээ хүмүүс намайг ойлгоод зөв яриад байгаа юм байна гээд таатай ханддаг болсон. Амьдрал үзээгүй хүүхдүүд худлаа ихэрхээд “чи тийм машин унадаг, би ийм машин унадаг” гээд бие биендээ томроно. Хүн ямар ч машин унасан гурван хөлтэй болохгүй ш дээ. Яахав. Мэдээж зиндаа байна л даа. Тэгэхдээ одоо манай Монголын нийгэмд зиндаархах цаг болоогүй байна. Үүнийг тэр бацаан нар ойлгох болоогүй байна. Ийм нөхдүүд чинь сайн сайхан эцгийн буяныг үрж байна ш дээ. Аав ээж нь мэдээж үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө авилгалч хулгайч нараараа дуудуулдаг. Одоо энэ том дарга нарыг хар. Өөртөө хураасан зүйл бараг байхгуй. Ард нь дандаа авгай, авгайгийн дүү, хамаатан садангууд, найз нөхөд нь байдаг. Орж ирсэн мөнгийг нь хувааж идчихээд дараа нь нэгийгээ шорон руу түлхээд сууж байдаг. Тэр хэрэгт ороод байгаа том дарга нарын авгай нарыг шалгах хэрэгтэй гэж боддог.
–Уучлаарай. Та тиймэрхүү зүйл дээр эхнэрээ түлхэхнээ дээ.
-Би бол шударга аргаар мөнгө олж байгаа юм чинь. Чихээ дүлийртэл хүүхдүүдэд хэл зааж байна. Чадах ч юм байна. Чадахгүй ч юм байна. Чадахгүйгээ би чадъя гэж боддог. Тэгж явсаар байгаад л хэл сурсан. Гэхдээ би бүрэн төгс сурсан гэж хэлэхгүй ээ. Хоёр нам маань хоёулаа л их зөв юм ярьж байна л даа. Төрөөс хамааралгүй, оюунлаг, чөлөөтэй, соёлтой, боловсролтой тийм сайхан иргэн хүнийг бүтээмээр байна. Би өөрийгөө тийм хүн болчихсон гэж боддог. Гэтэл намайг интернетээр сургууль төгсөөгүй, хэл мэддэггүй, солиотой галзуу гээд их доромжилдог. Намайг Галсан багшаас асуу. Арго аль сургууль хэдэн онд яаж төгссөнийг нь миний багшаас асуучихаад дараа нь тэгж хүн муулж баймаар юм.
-Том хүү чинь анхны эхнэр дээр чинь байдаг уу. Хүүтэйгээ холбоотой байдаг биз дээ?
-Холбоо байхгүй ээ. Ер нь би талаар яримааргүй байна. Амьдрах гээд явж байгаа хүнд гай болоод яахав. Энэ талаар сонирхож байвал миний шог өгүүллэгээс хөрөө гэж өгүүүллэгийг уншиж болно. Эхнэр бид хоёр гурван настай нэг хүүтэй. Одоо эхнэр маань жирэмсэн байгаа. Удахгүй охинтой болох байх.
-Эхнэр тань олон шавьтай биз дээ.
-Яалаа гэж дээ. Шавь гэдэг чинь онгод тасалж өгдөг байхгүй юу. Тийм учраас сайн бөө шавьгүй байдаг. Харин албин тийрэн бие рүүгээ оруулдаг хүн чинь олон шавьтай байдаг юм.
-Таныг нэг хэсэг бор дарсанд орсон гэлцэж байсан. Гэр бүлийн чинь хүн зөв залж архинаас гаргасан гэх юм билээ.
-Би архи хэрэглэдэг. Хэрэглэж ч байгаа, хэрэглэх ч болно. Гол нь тааруулж уух хэрэгтэй байхгүй юу. Би хэнтэй хаана ууж, юу ярихаа мэддэг. Хүн өөрөө өөртөө хяналт тавих ёстой. Архи ууна гэдэг бол хүний эрхийн асуудал. Би бусдын мөнгөөр архи уугаагүй. Өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө архи уудаг.
-Таныг 25 орны хэлтэй гэдэг ч яг албан ёсны хэдэн орны хэлтэйг чинь хүмүүс сайн мэддэггүй. Та яг хэдэн орны хэлтэй юм бэ?
-Би 30 орчим улсын хэлний дөрвөн анализ хийж 12 хэл зааж үзлээ. Зургаан хэлний сурах бичиг гаргасан. Хэрвээ дахиад сурах бичиг бичих бололцоо өгөх юм бол Итал, Испани, Орос гурвыг би зовлонгүй бичнэ гэж боддог.
– Таны гаргасан ном хэр их борлогддог вэ?
-Ер нь гарсан ном болгон маань гайгүй борлуулагдаж байсан. Борлуулалтын хувьд нийтлэлч Баабарын “Непко” компаний дараа аман хүзүүнд явж байсан. Одоо ч явж байгаа. Ямар сайндаа Баабар гуай надтай уулзчихаад “маркетинг их сайтай залуу” гэж магтсан ш дээ. Би их баярласан шүү. Тэр том хүний амнаас тийм үг сонсоно гэдэг над шиг хүнд тэнгэрийн умдаг атгасан л гэсэн үг.
-Та өөрийн гэсэн сургалтын төвтэй. Хэдэн багш хамт ажилладаг вэ?
-Тийм ээ. Би “Арго” хэл судлалын төв ажиллуулдаг. Манайх 30 багштай. Би багш нараа цалинжуулдаггүй. Багш нар маань өөрсдөө захиалгаа аваад хичээлээ заагаад явдаг. Гэрийн багш гэсэн үг л дээ. Манай төвийн төлбөр сард дунджаар 120 мянга байдаг. Зургаан хэл заадаг. Сүүлийн үед манай Хятад хэлний сургалт маш сайн явагдаж байгаа.
Ярилцсанд баярлалаа. У.Батсайхан.
Discussion about this post