Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун олон улсын уулзалтад анх удаа оролцохоор Хятадад ирсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Гэвч түүнийг хуягласан галт тэргээс буух мөчид ард нь зогсож байсан бяцхан охин олон улсын шинжээчдийн сонирхлыг илүү их татжээ. Тэр бол удирдагчийн охин Ким Жү Э байв.
Өмнөд Солонгосын Тагнуулын албаны мэдээлснээр, Ким Жү Э бол эцгийнхээ хамгийн боломжит залгамжлагч аж. Гэвч түүний тухай мэдээлэл хязгаарлагдмал бөгөөд яг нас нь хүртэл тодорхой бус байна. Тэгвэл бид яг юу мэдэж байна вэ?
-660x0.png)
Нууцлаг гэр бүл
Олон жилийн турш Ким Жү Э охиныг Ким Жон Ун болон түүний гэргий Ли Сол Жугийн гурван хүүхдийн дундах гэж үзсээр иржээ. Гэвч тэднийг хэдэн хүүхэдтэй, хэн нь хэзээ төрсөн талаар албан ёсны баримт байхгүй. Учир нь Ким Жон Ун гэр бүлээ тун их нууцалдаг юм.
Ким Жү Э бол Умард Солонгосын удирдлагын түвшинд албан ёсоор батлагдсан цорын ганц хүүхэд. Түүний бусад ах, дүүг олон нийтэд хэзээ ч харуулж байгаагүй.
2013 онд сагсан бөмбөгийн од Дэннис Родман Умард Солонгост зочилсныхоо дараа “Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Жү Эгийг тэвэрч байсан” хэмээн дурдаснаар дэлхий нийт анх удаа түүний талаар мэдээлэлтэй болсон юм.
Олны өмнө гарсан нь
Үүнээс хойш түүний талаар төдийлөн мэдээлэл байгаагүй билээ. Харин 2022 оны арваннэгдүгээр сард аавынхаа хамт тив алгасагч баллистик пуужингийн туршилтад оролцсоноор олон нийтийн өмнө ил гарч ирэв.
Дараа жилээс эхлэн тэрээр шуудангийн марк дээр дүрслэгдэж, өндөр албан тушаалтнуудад зориулсан хүлээн авалтад оролцох болсон бөгөөд албан мэдээнд Ким Жон Уны “Хүндэт охин” хэмээн тодорхойлжээ.
Тус тодотгол нь Умард Солонгост хамгийн дээд хүндэтгэлийн илэрхийлэл бөгөөд Ким Жон Ун өөрөө ч “Хүндэт нөхөр” гэх болсон нь түүний залгамжлагчийн байр суурь баталгаажсан гэж олон улсын улс төрийн шинжээчид үзэх болсон юм.

Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлэл
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Тагнуулын алба (NIS) тухайн үед охины талаар хэдэн нэмэлт мэдээлэл өгчээ. Тэдний мэдээлснээр Ким Жү Э морь унах, цанаар гулгах, сэлэх дуртай бөгөөд нийслэл Пёньянд гэрийн багшийн сургалтаар боловсрол эзэмшдэг аж. Түүнийг ойролцоогоор 10 настай гэж таамагласан байна.
2024 оны нэгдүгээр сар гэхэд NIS Ким Жү Эг эцгийнхээ үйл хэргийг залгамжлах, Умардын дараагийн удирдагч болох хамгийн магадлалтай хүнээр тодорчээ.
Олон улсад анх удаа айлчлав
Сүүлийн саруудад тэрээр эцгийнхээ хамт пуужингийн туршилт, цэргийн жагсаалд оролцохоос гадна ахмад генералуудаас цэргийн ёслол хүртэл хүлээн авчээ. Энэ нь түүнийг төрийн удирдлагын нэгэн бэлгэдэл болгон тодруулж буй хэрэг хэмээн ажиглагчид таамаглаж байлаа.
Харин Хятадад хийж буй айлчлал бол Ким Жү Эг Умард Солонгосоос гаднах газар нутаг дээр олон нийтэд анх удаа харуулсан явдал бөгөөд түүнийг залгамжлагч болгох магадлалыг улам лавшруулсан хэрэг хэмээн үзэж байна.

Ариун цусан удам
Кимийн гэр бүл 1948 оноос хойш Умард Солонгосыг удирдаж байгаа бөгөөд өөрсдийгөө “Ариун цусан удмын” хүмүүс гэж тодорхойлдог. Улмаар зөвхөн тэд л улсыг удирдах эрхтэй хэмээн сурталчилдаг.
Гэвч улс орон эрэгтэй албан хаагчид давамгайлсан тогтолцоотой тул эмэгтэй удирдагчийг хүлээн зөвшөөрөх нь эргэлзээтэй. Зарим ажиглагчийн үзэж буйгаар, Ким Жон Ун энэ үеэс охиноо олон нийтэд танилцуулсан нь уг хандлагыг сөрөх, урьдчилан бэлтгэх оролдлого байж болох юм.
Discussion about this post