Ахмад дайчин, Халхголын дайны анхны бүрээч, УГЗ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн дуртатгал номоос…
…”Хүний амиар бичсэн ийм түүх байхад Халх голын дайн гэж байгаагүй тийм учраас дайны ялалт гэж байгаагүй гэж бичих, зарим нэг нь Халх голд байлдаагүй, зөвхөн орос япон 2 байлдсан гэх зэргээр өөрийнхөө бодол санааг тулган Халх голын дайны талаар даанч арчаагүй мэдлэгтэй зөвхөн “сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр” гэгчийн үлгэр болсон үг яриаг … хойт үе бүү үнэмш. “Үнэн болсон түүхийг нүдээрээ харж оролцож явсан өвгөдийнхөө үгэнд итгээрэй” гэж захья…”
Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцсэн Халхголын дайныг зоргоор муулж, дураар үгүйсгэгчид олон болж. Хоёр өвөө минь хоёул Халхын голд тулалдаж, 1945 оны Чөлөөлөх дайнд нэг нь баруун хязгаарт, нөгөө нь Хаалган хот хүртэл давшиж явсан ахмад дайчин буурлууд байлаа. Сайхан буурал эмээ минь ч “Халхын гол – Бид ялав” медаль хүртсэн гавьяатай.
Хойчис бидний төлөө амиа өргөж, ясаа дэвссэн дайчин өвөг дээдсийн буянаар гишгэх газартай, амьсгалах агаартай, “бурах” эрх чөлөөтэй байгаагаа бүү мартагтун!!! хэмээн өвөөгийнхөө бичсэн дурдатгалаас хэсэгчлэн цувралаар оруулъя даа.
Халх голын дайны бүрээч, ахмад дайчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа “Ерэн жилийн дурдатгал” дурсамж номдоо Халхголын болон Чөлөөлөх дайны үйл явдлыг он сар, овог нэр, орон газартай нь тодорхой дурдан хэдэн зуун хуудас дамнуулан бичсэн буй.
Өвөө минь “Түүх түүхээрээ үлдэнэ, түүхийн манан, цагийн ээдрээнд омтгойрч мартуузай!” хэмээн сануулж 90 насны босгон дээр нүдээ эцээн, нуруугаа чилээн байж бичиж үлдээсэн биз ээ
…”Ерэн жилийн дурсамж” х.242
…Дайнд гарах түгшүүрийн бүрээ үлээлцсэн минь
1939 оны 5-р сарын 13, 14, 15. энэ гурвын аль нэг өдөр Монгол хэл бичгийн хичээл хийж байсан бид онгоц дуугарангуут хөгжмийн цэрэг баярлан гэрээс гарлаа. Баянтүмнээс нисэж ирдэг манай болон орос нисгэгч нар шумбах годройтох, хэд хэд бүтэн эргэх зэрэг байлдах техник үзүүлдэг, цэрэг бид түүнийг жүжиг Концерт үзэж байгаа юм шиг сонирхон баярладаг байлаа. Гэтэл энэ дуугараад байгаа онгоц биднийг баярлуулсангүй, их өндөрт нисэж байгаагийн дээр өнгө нь цагаан харагдлаа. Хөгжмийн цэргүүд бид дайсны онгоц байна гэж ярилцаж байтал дуудлага ирлээ. Энэ өдөр диизийн бүрээчид Мэндээ гарсан байсан юм. Нэмэгдэл бүрээчээр Норовсамбуу, Бирваа нарыг дуудлаа. Бид хоёр штабт хүрээд очсон чинь, хороо, дивизион, анги салбарын дарга комиссар цөм ирсэн байлаа. До яамны тусгай хэлтсийн дарга хурандаа Ванчинсүрэн хэмээх тарган хүн “Одоо буудъя” гэхээр нь дивизийн дарга комиссар нар бүх цэргийн жанжны зөвшөөрөлгүйгээр дайсан руу гал нээж болохгүй. Бид дайн зарласан болно гээд зөвшөөрсөнгүй. 12 цагийн орчимд 15-р хороонд Сампилын Норовсамбуу, 17-р хороонд Сандагийн Мэндээ, хуягт болон их бууны дивизион, холбоо болон бага дарга нар бэлтгэдэг суман, бусад жижиг ангид Гончигийн Бирваа нар очиж түргэн жагсаалын бүрээ үлээсэн түүхтэй. Монгол улсын бүх цэргийн жанжин маршал Чойбалсан 6-р морьт дивизийн дайчдад эх оронд халдан ирсэн япон манжийн түрэмгий цэргийг хөөн гаргаж, газар шороо, ус агаараа ариусга гэсэн үүргийг биелүүлэх тушаалыг бидний үлээсэн бүрээн дуу эхлүүлсэн бөгөөд энэ нь бидний түүхийн бахархал болсон юм. Түргэн жагсаалын бүрээ үлээж байх явцад Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Сандаграаш нэмэгдэн ирж үлээлцэж байсансан. Үүний дараа Тамсагбулаг дахь 6-р дивизийн зүүн хойт талд орших хуучин сүм байсан туйпуун балгасан орчимд дивизийн дарга Шаарийбуу, комиссар Пэлжээ нар Халх голын сав газраар манай газар нутагт цөмрөн орж ирсэн дайсныг эх нутгаас хөөн гаргахаар Халх голын зүг хурдавчилсан аяллаар хөдлөх боллоо гэж хэлж билээ.
“Үхэх сэхэхээ үзэх тулалдаан болох нь дээ…”
Дивизийн штаб Халх голын зүүн талд нэг өндөрлөгт байрлаад нэлээд хэд хоносон. Дивизийн штабын хамгаалалтад бага даргын сургуулийн суман, их бууны дивизийн нэг батарей, холбоо суман, хэдэн хуягт байлаа. 17-р хороо, дивизээс чанх зүүн тийш, 24 хороо дивизийн зүүн хойт зүгт торгон хил дээр хориглолт хийгээд байрласан байлаа. Их сайхан нартай өдрүүд өнгөрч байв.
1939 оны 5-р сарын 27-ны өглөөнөөс орой бүрий болтол японы тагнуулын 5, 6 онгоц ээлжлэн өдөржин нислээ. Манайхаас ганц ч онгоц нисэхгүй байлаа. 15-р хороонд холбоочин цэрэг хүргээд ирсэн ирсэн холбоо сумангийн тасгийн дарга үдийн хоолны үеэр хүрээд ирлээ. Бүрээч бид нөгөө бага даргаас хил дээр байгаа манай цэрэг ямаршуу байна вэ гэж асуусан чинь их түгшүүртэй байгаа юм байна. Япон манжийн барга цэргийн олон хүнтэй ангиудыг манай хилрүү нууцаар татаж ирүүлсэн юм байх аа. Тагнуулын мэдээгээр манайхаас бараг гурав дахин давуу их хүч ирээд байгаа юм шиг байна гэж ярьж, манайд туслах Зөвлөлтийн улаан цэрэг хэзээ ирэх юм бол, өнөөдөр Японы онгоц биднийг мөн их тагналаа шүү, зөвлөлтийн цэргийг иртэл хориглон байлдах хэрэг гарах нь гэж ярилцаж байж билээ
“Ингэж бужигнаад яах юм бэ? Буугаад үзэлцье …”
1939 оны 5-р сарын 27-ны орой шөнө болуут дивизийн баруун хойт талаас их сахлаг өвсөнд япончууд түймэр тавьсан. Тэр аюултай түймэртэй бүх хүчээр дивиз шөнөжин эрвийх дэрвийхээрээ зууралдаж арай чамай унтраагаад үүр цайх үеэр ирлээ. Ёстой нэг үхэтлээ ядарсан байж билээ. Урьд оройнхоо хоолыг нөхөж идээд жаахан амсхийх санаатай хүйтэн хар цай хэвтээгээрээ залгилж байтал 17-р хорооны байрлаж байсан чигээр баргын хүч нэмэгдүүлсэн хороо давшиж ирсэн бас манжийн цэрэг ч байсан. Дарга нар нь япон хүмүүс байсан юм билээ. Хоёр талаас буудалцах чимээ ширүүн мөндөр орж буй мэт нижигнэж, Халх голын дайн эхэлснийг зарласан байлдаан ийнхүү эхэлсэн юм. Бид ч шууд байлдахад бэлтгэж байтал дивизийн дарга Шаарийбуу даргын сургуулийн суман “Байлдаанд миний хойноос” хэмээн хашхираад өөрөө түрүүлэн гүйлээ. Түүний хойноос нь даргын сургуулийн суман давшаад гүвээ даваад явчлаа. Удалгүй буун дуу мөндөртэй бороо шиг тачигнаад уналаа. Яг энэ агшинд дайснаас олзолсон ачааны 2 машины нэгэнд нь дайснаас олзолсон зэвсэг, нөгөөд нь шархтан ачаад ирлээ. 17-р хороо давшиж ирсэн байсныг бут ниргээд зэвсгийг нь олзолсон ажээ. Энэ ялалтанд бид байдгаараа баярлалдан байж байсан байсан чинь 15-р хороо дайсны давуу хүчинд түрэгдэн ухраад, дивизийн штаб бүслэгдэх аюулд тулгарсан тул нэн яаралтай байрлалаа солихоор баруун урагш чиглээд явж байсан чинь урдаас дайсны пулемётууд гинжин галаар шүршиж гарлаа. Дивизийн байлдаан ангийн дарга Осорын морь дайсны суманд оногдлоо. Осор дарга хурдан зүүн хойшоо ухрах команд өгөөд өөрөө морьтой цэрэгтэй хамт гүйгээд жижиг гүвээ дээр гараад ирүүт урдаас пулемётын дуу тачигнасан. Хөөрхий лав миний мэдэхээр тачанкатай пулемётны наводчик хоёр цэрэг энэ гүвээн дээр гарч биднийг буудаж байгаа дайсантай үзэлцэнэ гээд морины жолоогоо эргүүлээд давхисан тэр давхилт, холын тусгалтай хүнд их бууны сумны дэлбэрэлт нэг цэг дээр болж, морь, буу, хүн тэнгэрт цацагдсан аймшиг болуут зүүн өмнө байрлаж байгаа их бууны батарейн зүг давхиж явтал Хайлааст голын зүгээс дансны олон явган цэрэг бидний өмнөөс давшин байгаа харагдлаа. Нэгэн цэрэг маш чанга дуугаар “Ингэж бужигнаад яахав, буугаад үзэлцье” гээд хүрэн зээрд мориноос буугаад буугаа барьчихсан шинелийн хормой нь хийсээд дайсны өмнөөс гүйсэн.
Тэр цэргийн командаар тэр хавийн цэргүүд мориноосоо буугаад түүний араас давшаад гүйсэн, гэтэл нэгэн дарга маш чанга дуугаар давуу хүчтэй дайсны өмнөөс давшиж байлдаж болохгүй, цөмөөр хэвтээд хориглож байлд гээд хашгирангуут дайсны өмнөөс гүйж явсан цэргүүд хэвтээд буудалцаж эхэллээ. Нэг мэдсэн чинь сул тавьсан морьдыг бариад л манай цэргүүд давшаад, Төрхүү даргын командалсан их бууны батарейн буудсан сум дайсны дунд дэлбэрээд, нөгөө биднийг бүслэн авч боймлон хүйс тэмтрэх байсан япон манжийн цэргүүд гэрэл үзсэн жоом шиг бутран сандраад, дайсны ган төмөр мэт бодож байсан бүслэлт үжирсэн дээс мэт тас үсрэн, ум хумгүй зугатсан тэр агшинд манай цэргүүд бүслэлтийг дэлбэ татаад гарч байсан юм. Маш их чанга дуугаар цэргээ командлан журманд оруулсан их туршлагатай хашир 15-р хорооны штабын дарга Гарамжав, эх орончоороо алдаршсан Баадай, сахалт Батаа энэ гурван даргын аль нэг нь байсан нь лавтай. Дивизийн штаб, түүний хамгаалж байсан ангиуд дайсны давуу хүчинд бүслэгдэн түүнээс нөхдөө хамгаалж тулалдсан бага даргын сургуулийн шилмэл дайчидтай суман ухрангаа дайсантай буудалцсаар яваад тун цөөхөн хүн Хайлаастайн голд биднийг гүйцэж ирж байж билээ. Бүслэлтээс гарч байгаа цэргээ Хайлаастын голын энгэрээс довтлон ирэх дайсны аюулаас хамгаалах байлдаанд их бууны батарейн улс төрийн удирдагч Гэлэгбаатар цэргүүдээ командлан тулалдаж алтан амиа алдахдаа “Сумаа хамаагүй зарцуулж болохгүй шүү, бид олон нөхдийнхөө амийг аварч өөрсдөө үхэх ёстой шүү. Та нар ухарч болохгүй, бид ухарвал нөхөд маань аюулд орно” гэж захиад амьсгал хурааж байжээ. Энэ явдлыг Гэлэгбаатарын командалж явсан цэргээс амьд үлдсэн нэг цэрэг их бууны дивизионы дарга, комиссар нарт илтгэж байхыг бид нүдээр харж,хоёр чихээрээ сонсож байлаа.
Тухайн үеийн цэргийн нэгтгэл ангид шинээр цэрэгт ирж байгаа цэргүүдээс хүмүүсийг захираад зохион байгуулж чадна гэж үзсэн хамгийн шилдэг сэргэлэн хүнээ бага даргын сургуульд авч, нэг жилийн хугацаанд цэргийн сахилга бат, зохион байгуулалт, хариуцлага, хүмүүжлийн хичээл голлон цэргийн эрдэмд сургаж, анги салбарт хуваарилдаг улаамжлалт сургалтанд 150 гаруй хүмүүсийг сургадаг байлаа. 6-р дивизийн эдгээр 150 гаруй шилмэл цэргүүдийг сургуулиа төгсгөөд хуваарилсан ангидаа очих гэж байхад нь Халх голын дайн эхлэж, бүслэгдэж хүйс тэмтрэгдэх гэж байсан нөхдөө хамгаалах ариун их буянтай үйлсийн төлөө 150 гаруй хүнээс тэрхүү нөхдөө аврах тулалдаанд цөмөөрөө биш гэхэд лав 130 хүн дивизийн дарга Шаарийбуутай хамт тулалдаанд ороод 20 хүн амьд ирэвүүдээ гэж би бодож байсан. УИХ-гишүүн Гандийн эцэг Төгсжаргал даргын сургуулиас 30-аад хүн амьд үлдсэн гэж байж билээ. Ямартай ч 1939 оны 5-р сарынэ 28-ны өдөр дайсанд бүслэгдсэн нөхдөө аврах гэж амь дүйсэн тулалдаанд 100 гаруй шилмэл дайчид дивизийн дарга Шаарийбуугийн хамт дайны талбарт алтан амиа алдсан. Хүний амиар бичсэн ийм түүх байхад Халх голын дайн гэж байгаагүй тийм учраас дайны ялалт гэж байгаагүй гэж бичих, зарим нэг нь Халх голд байлдаагүй, зөвхөн орос япон 2 байлдсан гэх зэргээр өөрийнхөө бодол санааг тулган Халх голын дайны талаар даанч арчаагүй мэдлэгтэй зөвхөн “сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр” гэгчийн үлгэр болсон үг яриаг … хойт үе бүү үнэмш. “Үнэн болсон түүхийг нүдээрээ харж оролцож явсан өвгөдийнхөө үгэнд итгээрэй” гэж захья. Дараа товч боловч тодорхой баримттай өгүүлбэр бичнэ.
“Бөмбөг дэлбэрч байсан ч хоолоо идсээр” /бүлэг/… Үргэлжлэл бий.







Discussion about this post