Хэрэг хэзээ ч хуучирдаггүйг сана. #AllLivesMatter
Одоогоос яг 2 жилийн ѳмнѳ би ѳѳрийн тѳрсѳн ахыгаа бусдын гарт хэрцгийгээр алдаж 2 жилийн хугацаанд энэ хэргийн араас үнэн мѳнийг шийдүүлэх гэж хууль шүүхийн байгууллагаар явж байна. Ахыг минь 107,5-ын хѳтлѳгч, англи хэлний Маззи гийн Боб, Залуу Зохион Бүтээгч нэвтрүүлгийн хѳтлѳгч продюсер байснаар нь “ака Бинго” гэдгээр мэддэг нь мэдэж, мэдэхгүй нэгэн нь эдгээр нэвтрүүлгээр дамжуулан зүс таних билээ.
Хүний аминаас илүү үнэт зүйл гэж энэ хорвоод үгүй. Нэгэнт хүнээ алдсан хүмүүс гээд бидний зовлон дээр дээрэлхэж доромжлох гавьяа шагналтай хѳгшин залуу ѳмгѳѳлѳгчид шүүх хурал дээр ч тэр хурлын гадуур ч тэр хүнээ байн ёс зүйгүй хэдэрлэн аашлах бүрд би дуугүй ѳнгѳрѳѳж Монгол Улсын хууль цаазад итгэж ѳдийг хүрсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2 хүн бүлэглэж миний ахыг нүүр нүдгүй зодсон болох нь тогтоогдсоор байтал 2020 оны 9 сарын 1 ѳдѳр болсон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх хэргийн нотлох баримтуудыг болон криминалистикийн тусгай, нарийн мэдлэгтэй мэргэжилтэн, шинжээч нарын дүгнэлтийг няцааж “бүлэг” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож зүйл ангийг ѳѳрчлѳн яллагдагч нарт ял завшуулах боломж олгосон юм. Энд ганцхан нотлох баримт биш олон тооны нотлох баримт, мѳн гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтүүдийг дурьдах хэрэгтэй.
Энэ хэргийн материалтай танилцсан хэн бүхэнд бүлэглэж, хоёулаа гар нийлж миний ахыг зодож алсан нь хангалттай тогтоогддог. Нэг үгээр миний ах хэргийн газарт ганцаараа амь тэмцэж байсныг нотлох хангалттай баримт бий. Ядаж л ахын минь биед учирсан гэмтлүүд (нүүрний тал нь товойж хавдсан, тархи толгойндоо олон шарх сорвитой, хүзүү цээж, 2 гарын сарвуунууд зулгаралтай, 2 гарын бугуй хѳхрѳлттэй гээд олон тооны шарх сорви) яаж амь тэмцэж байсныг хэлээд, ѳгүүлээд ѳгнѳ.
Монгол улсын Шүүх хараат бус ажилладаг хэмээн би ѳдийг хүртэл итгэж ирсэн. Ийм ил тод баримттай хэрэгт санаатай юу санамсаргүй юу, шийдвэрлэх гэж 2 жил болтол нь удааж, эцэстээ хохирогч талдаа сэтгэл санаа, бие эрүүл мэндэд хор хохиролтой, дээрээс нь үнэнээс хазайсан шийдвэр гаргаж байгаад үнэндээ маш их гайхаж басгомдолтой байна.
Бид ямар нийгэмд итгэж амьдраад байнаа.
Хууль цаазыг хэрэгжүүлэгч шүүхийн байгууллага нь нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүн таслах, ѳмгѳѳлѳгчид үйлчлүүлэгчдээ эхрзүйн хүрээнд туслалцаа үзүүлдэг байтал харин ч эсрэгээрээ хийсэн гэмт хэргийг ѳѳхшүүлэн гэмт этгээдүүдэд хэрэг наймаалцаах боломж бололцоо, нѳхцѳлѳѳр хангаж ажилдаг болох нь ѳнгѳрсѳн хугацаанд харагдлаа. Үүнийг тодруулбал 2020 оны 8 дугаар сард хэргийн анхан шатны шүүх хурал зарлагдах боломжтой байтал оролцогч тал урьдчилан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт гаргадаг. Шүүх хүсэлтийг хангаж 2020 оны 8 сарын 12-нд урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулдаг ба хурлын үеэр яллагдагч талын хүсэлтийг сонсоход гавьяат хуульч ѳмгѳѳлѳгч нь “-Би ѳѳрѳѳ ч энэ гаргасан хүсэлтээ тайлбарлаж чадахгүй байна, шүүгчээ хурлыг цуцалж ѳгнѳ үү” гэдэг. Тэд хүний аминд хүрсэнээ огтхон ч гэмшихгүй байгаагаа энэ үйлдлээрээ харуулж байна. Харин энэ үйлдлийг практик туршлагатай нэгнээс асуухад цагдан хоригдож байгаа газартаа яллагдагч нар нь хэргээ наймаалцаж тохиролцож чадахгүй болоод ирэхээрээ шүүхийн байранд урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, түр саатуулах байранд ѳглѳѳнѳѳс үдэш хүртэл хамтдаа гавлуулан тухтай суун ярилцах боломжтой болж тохиролцоогоо хийдэг гэх юм билээ. Үүнийг ч ортой болохыг 2020 оны 9 дүгээр сарын 1-нд болсон шүүх хурлын үр дүн хэлээд ѳгнѳ. Гэтэл тэдний энэ увайгүй явдлаас болж миний аав шүүх хурлыг хойшлогдсныг мэдсэн даруйдаа зүрх судасны хүндрэл учирч яаралтай мэс засалд орсон байдаг.
Би энд хэнээр ч ѳрѳвдүүлэхийг хүсэхгүй байна. Харин хүн бүр ямар нийгэмд амьдарч байгаагаа бодоосой гэж хүсч байна.
Хүний аминаас илүү үнэтэй зүйл нийгэмд байтугай энэ хорвоод ч байхгүй. Хүнээ алдсан хохино, үхсэн хүн үг дуугарч чадахгүй гээд дураараа ярьж болно гэсэн үг биш шүү. Бид ѳдийг хүртэл дуугүй байгаа нь хууль шүүхийн байгууллага үнэн зѳвѳѳр шийднэ гэдэгт итгэж ирсэнтэй холбоотой. Харин дуугүй байна гэдэг ноомой байхын нэр биш гэдгийг энд ахин дахин хэлмээр байна.
Гэмт этгээдүүд нь ѳнѳѳдѳр ч хүний алтан аминд хүрсэндээ огтхон ч гэмшихгүйгээр барахгүй “цагаатах”, “ял хѳнгѳрүүлэх” хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх юм. Энэ хэргийн давж заалдах хурал энэ сарын 10-нд буюу нѳгѳѳдѳр болохоор товлогдоод байна.
Хэрэгт холбогдогч нарт сануулахад гэмт хэрэг хэзээ ч хуучирдаггүй бѳгѳѳд сэтгэлдээ нэгэнт угаагаад ч арилахгүй хар толботой болсноос хойш хууль цаазын ѳмнѳ гэм нүглээ хүлээсэн нь цаашдын амьдралд, ядаж л үр хүүхдээ харах нүүртэй шүү гэж хэлмээр байна.
Discussion about this post