АЖ, МУГЖ, Төрийн соёрхолт жүжигчин Намсрайн Сувд гэх энэ эмэгтэйг Монголын ард түмэн Мандухай цэцэн хатан, Өэлүн эх гэж бүтээсэн бүрээр нь нэрлэн хайрлаж хүндэтгэж явдаг. Дандаа сайхан ээж, сайхан хатны дүр бүтээдэг сайхан бүсгүй маань өдгөө нас жар хүрч байгаа ч драмын театрынхаа тайзнаа залуустайгаа хөл нийлүүлэн уран бүтээлээ туурвихын зэрэгцээ дэд захирлын үүрэгт ажлыг хийж байгаа. Зууны манлай сайхан бүсгүйн охин болж төрсөн эмэгтэй ээжээсээ гоо сайхныг нь “өвлөн” авсан. Төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувдтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцжээ.
-Та тайз дэлгэцтэй амьдралаа холбоод 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд та ихэнхдээ л хатны дүрд тоглосон байдаг. Өөрийгөө хатан заяатай гэж боддог уу?
– Хатан заяатай гэж гайхуулаад байх нь ч хаашаа юм. Кино үйлдвэрт ажилд орсон цагаас хойш энэ жил яг 43 дэх жилтэйгээ золгож байна. Хэр олон уран бүтээл хийснээ би нэг их сайн тоог нь гаргаж чаддаггүй юм аа. Том хүчтэй, гүн гүнзгий, утга санаа агуулдаг дүрүүд тэр болгон жүжигчин хүнд тохиогоод байдаггүй. Тиймээс би өөрийгөө их азтай л гэж боддог. Хүмүүс намайг Өэлүн эх гэдэг, Мандухай цэцэн хатан л гэдэг. Би аль алинаар нь дуудуулах дуртай. Мандухайд тоглоод одоо хорин жил болж байна. Энэ олон жилийн хугацаанд бидний хийсэн бүтээл хуучраагүй, дандаа шинээрээ юм шиг дурсагдаж, хадгалагдаж, яригдаж байгаад би баяртай байна. Ямар ч гэсэн муу уран бүтээл болоогүй юм байна аа гэж бодож байгаа. Бүтээгдээд л мартагдчихдаг дүрүүд зөндөө л байна ш дээ. Олон янзын Өэлүн ээжид тоглох боломжтой болсондоо би баяртай байдаг. Өэлүн ээжид, Бөртэ хатанд зориулсан гол дүр болгосон уран бүтээл одоохондоо алга байна л даа. Тийм учраас би Өэлүн ээжийн дүрүүдийг дандаа туслах дүрээр бүтээж байсан. Манай мэргэжлийн хэллэгт байдаг юм л даа. Хаанд тоглож болдоггүй ээ. Хаанд тоглож байгаа хүнийг эргэн тойрны дүрүүд нь тоглоно гэхээс биш хаанд тоглож болдоггүй гэдэг. Тэгэхээр Чингисийн дүрийг бүтээхэд Өэлүн ээжийн дүрийн тоглолт маш чухал. Тэгэхээр зэрэг би хувь заяандаа баярлаж л явна даа. Мандухайг гүйцсэн сайхан кино одоохондоо гараагүй л байна.
-Та байнга сайхнаараа байдаг. Энэ нууцаасаа бүсгүйчүүдтэйгээ хуваалцана биз дээ. Та гоо сайхны мэс засал хийлгэсэн юм уу?
-Миний сайхнаараа залуухан харагдана гэж ч юу байхав дээ. Хүн ер нь байгаа байгаа тэр цаг үеийнхээ цөцгийг нь амталж, шимийг нь мэдэрч амьдарвал их зүгээр юм шиг санагддаг юм . Тэгэхгүй бол насаа мэдэхгүй залуу болох гээд л хичээгээд байх нь өөрийгөө зовоогоод, өрөөлд ч бас нэг их таатай сэтгэгдэл үлдээдэггүй юм шиг санагддаг юм аа. Тийм учраас хүн нас насандаа л сайхан нь байх хэрэгтэй болов уу гэж бодогддог. Үнэхээр залуу харагдаж байвал би баярлаж л байна. Ер нь хөгширсэн ч гэсэн хүн заавал муухай харагдах албагүй. Сайхан эмээ, сайхан чавганц байдаг ш дээ. Намайг жаахан байхад дугуй малгай өмсчихсөн аягүй хөөрхөн эмээ нар явдаг байсан. Хичнээн хөөрхөн өхөөрдмөөр, хичнээн сайхан эмээ олон тааралддаг. Тиймээс хүн амьдралаас аль байгаа сайн сайхныг олж харж байх хэрэгтэй. Тэрнээс биш бухимдаад л, аль л болохгүй муу муухай юмыг хараад, өөртөө хураагаад байх юм бол тэр хүний өнгө зүсийг нь ч дардаг. Сэтгэлийг нь гундааж хар энергийг цуглуулдаг. Тэгвэл хүн дотроосоо гэрэлтэх зүйлгүй болчихно. Гэхдээ мэдээж муу муухай зүйлийг нүд аниад өнгөрөө гэсэн үг биш л дээ. Зүгээр зарим нэг юмыг тэвчээд өнгөрөхөд болно. Тэгээд ч орчин үед нэг их уурлаад уцаарлаад байх шаардлагагүй болчихсон юм шиг санагддаг юм аа, надад. Нэг нэгийгээ ойлгож мэдэрч чадах юм бол амьдралын сайн сайхныг олж харж чадна.
-Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Хэдэн жилийн өмнө таны хань бурхны оронд одоход Өэлүн эх өнчирлөө гэж Монголын ард түмэн харуусаж байсан. Та ханиа нэлээд олон жил асарсан байх аа?
-Хагацал гэдэг хамгийн аймшигтай зүйл. Тэгэхдээ хагацал хүн бүхэнд ирдэг учраас давж л байж туулахаас сөхөрч байж туулдаггүй. Тэр тусмаа олон жил өвдөхийг харна гэдэг их хүнд. Олон жил өвдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэтэй болдог байх аа. Би ханиа бүтэн зургаан жил яг хажууд нь байж асарч халамжилж байсан. Би амьдралдаа харамсдаггүй ээ. Миний хань сайн хүн байсан. Би тэр хүнийг амьсгаа хураахад нь ч хажууд нь байсан. Хагацал гэдэг үнэхээр аймаар. Би түүнээс хойш гөлөг ч тэжээгээгүй. Тэжээхээс айдаг. Ямар нэгэн амьд амьтнаас хагацна гэдэг аймшигтай. Манай нэг дүүгийнх жаахан хөөрхөн гөлөг тэжээдэг байсан чинь тэр нь тэнгэрт хальчихсан. Тэрийг харахад надад маш хэцүү байсан. Хэдийгээр нохой ч гэсэн амьд амьтнаас хагацна гэдэг хэцүү. Миний хань намайг нэг их зовоогоогүй ээ. Би зовсон гэж боддоггүй. Ер нь тэгээд үхэл гэдэг гарцаагүй байдаг зүйл. Үхлээс айх бол утгагүй. Гэхдээ айхгүй байна гээд үхэл рүү хүн хэзээ ч тэмүүлдэггүй. Үхэл хагацлыг давж гарахаас л өөр арга байдаггүй.
-Таныг хоёр хүүгийнхээ аавтай эргээд суусан, хамтдаа амьдарч байгаа гэж сонссон юм байна.
-Би тэр хүний хоёр сайхан хүүг нь төрүүлчихсэн хүн. Тийм ч учраас би тэр хүнд туслах ёстой хүний нэг л дээ. Насны эцэст ганцаараа байхад нь туслахгүй ч гээд яах юм. Ядаж л бие нь муудахад эмч дуудаад өгөх хэрэгтэй биз дээ. Ер нь ч тэгээд бид хоёр яагаад хамтдаа амьдарч болохгүй гэж. Үр хүүхдүүдтэй хүмүүс хамт байхад юу нь сонин байхав. Би Төрөөдөө их тусалдаг байсаан. Одоо харин хүү нь гадаадаас ирчихээд жаахан гайгүй байна.
-Насны намраар эргээд л учрах тавилантай байхад юундаа залуу сайхан насандаа салав даа гэж харамсдаг уу?
-Яахав дээ. Би тэр үед Төрөөг өөр хүнтэй боллоо гэхэд нь асууж байсан юм аа. Би ер нь аливаа юмыг их удаан бодож байж шийдвэр гаргадаг хүн дээ. Тэр ч утгаараа би юу юуны туханд хүрэлгүй хаяж гараад гүйгээгүй. “За Төрөө минь би явлаа шүү. Чи сайн бодсон биз. Дараа нь хүрээд ир, эргээд нийлье, энэ тэр гэж харамсахгүй биз. Явлаа шүү, Төрөө би…” гэж асууж асууж явсан. Тэгэхэд Төрөө надад “Харамсахгүй ээ” гэж хэлж байсан боловчиг дөрвөн сарын дараа л “Эргээд хүрээд ирээч ээ” гэж гуйсан л даа. Тэгэхэд нь би “чиний сонгосон зам шүү дээ” гэж хэлээд очоогүй. Ер нь манайхан нэг л шийдсэн бол тэр шийдвэрээ өөрчилдөггүй хүмүүс л дээ. Яахав дээ хөөрхий тухайн үед гэртээ суудаг залуухан эхнэртэй болоод сайхан амьдарна л гэж бодсон байх л даа.
-Тэгээд цагийн аясаар хоёр хүүгийнхээ аав анхны хань Төрөөгөө уучлаа юу. Цаг хугацаа бол бүхнийг анагаагч гэдэг дээ?
-Хойч ирээдүйгээ бодож одоо байгаагаа гэгээтэй талаас нь харах юмсан гэж боддог. Амьдралд гомдмоор уйлмаар, сэтгэл өвдмөөр муу муухай, янз бүрийн юмнууд тохиолддог. Тэр бүхнийг аль болох сайхан талаас нь харж өршөөж явах нь зүйтэй л гэж би боддог юм шүү дээ. Хүнд гомдоно гэдэг сайхан зүйл биш ээ.
-Та хоёр хүүгийнхээ аавд их л хайртай байж дээ?
-Хүн угаасаа хайр гэдэг юмныхаа учрыг ч ололгүй явж байгаад л хайртайгаа учирдаг. Би ч мөн адил хоёр хүүгийнхээ аавтай арван жилийн сургуульд сурч байх даа л үерхэж тоглож наадаж яваад л ханилсан тийм л хүмүүс. Тэгээд ч ер нь манайхан нэг л хүнийг сонговол тэр чигээрээ байдаг хүмүүс юм шиг надад санагддаг.
-Зууны манлай сайхан бүсгүй гэж таны ээж Цогзолмаа гуайг өргөмжилдөг. Та Цооцоодоо загнуулж байна уу?
-Жүжгийн давталт янз бүрийн юман дээр Цооцоо маань ирж харчихаад л энэ чинь, тэр чинь болохгүй байна шүү гэж хэлдэг л юм. Амьдрал дээр ч гэсэн чи тэгсэнгүй, ингэсэнгүй гээд л зэмлэнэ. Ер нь би хэнэггүй гэж их загнуулна даа. Манай буурай маань болохоор “Төрийн нуруу төвшин бол төө зэргийн хазгай ч яахав” гэж их хэлдэг байсан. Тэгээд ч тэрүү би аливаа зүйлийн дүн нурууг л их харах дуртай. Бүр хазайгаад унах гэж байвал л тэрийг түшнэ үү гэхээс биш, тогтвор сайтай л байвал би хэр баргийн юманд оролцоод л, муу муухайг нь түүгээд л онгичоод, бурууг хайгаад байх дургүй ээ. Ер нь манайхан тийм дээ. Ерөөсөө хүн болгон өөрсдийгөө аль сайн талаасаа мэдэрч байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө дутагдлыг тэр болгон ойлгож мэддэггүй, чаддаггүй. Тийм учраас хүн өөртөө хэлж байгаа шүүмжлэлийг, чамд хүн уурлаад хэлж байгаа үгийг сайн тунгааж тэр дотроос, чиний сөрөг юмыг тэр хүн хэлж байгааг мэдэж засаж дарах хэрэгтэй.
-Таныг хорин хэдхэн насандаа дарга болсон, УИХ-д сонгогдох ёстой хүн гэж ахмадууд тань хэлдэг юм билээ?
-Энэ удирдах албаны ажлыг хийнэ гэж би залуудаа ч бодож байгаагүй. Одоо ч боддоггүй. Цаг хугацаа, орчин нөхцөл надад гарцаагүй энэ албан тушаалыг тулган хүлээлгэдэг гэх юм уу даа. 1980 онд намайг анх энэ театрын намын үүрийн даргаар сонгосон. Тэгэхэд манай ахмад үеийнхэн болох Чимэд-Осор гуай, Хандсүрэн гуай, Долгорсүрэн гуай, Гомбосүрэн гуай гээд л бүх хүмүүс байсан л даа. Тэгээд 1981 оноос уран сайхны удирдагч хийсэн. Надаас өмнө энэ ажлыг маань Ху. Нацагдорж гэж орчуулагч, найруулагч, судлаач, шүүмжлэгч мундаг хүн хийж байсан болохоор би хийж чадахгүй ээ гэдгээ хэлсэн. Дөнгөж 30 нас шүргэж яваа хүнд тэр ахмадуудыг удирдаад ажиллана гэхэд санаанд багтдаггүй байсан. Тэгтэл нөгөөдүүл маань тал талаас загнаж байгаад энэ ажлыг өгч билээ. Тэгээд ажлаа авсны дараа би ахмадуудынхаа хажууд очиж цалингаа авхаас ч ичнэ. Одоогийнх шиг картаар авна гэж байсан биш. Кассан дээр очоод л оочерлоно. Дээрээс нь ахмадууд маань дал ная гарчихсан хүмүүс байж намайг “Та” гэнэ. Тэрнээс нь би учиргүй ичнэ. Гудамжны өнцөг тойрч яваад л өнөөдүүлийг өөдөөс ирж байхад л “Та” гэх байх даа гэж айгаад л буцаад гүйчихдэг байсан. Ахмадууд маань тийм их ёс журамтай хүмүүс байсан юм . Тэдний маань түшиг тулгуур надад маш их хэрэг болсон доо. Гарсан шийд болгон л өдөр цаг минуттайгаа яригдаад л, хамтын хүчээр бүгдийг шийдчихдэг сайхан хамт олон байсан л даа. Одоо ч залуу үеийн хамт олон маань тэгж хүмүүжсэн.
-Драмын театр залуу уран бүтээлчид авахгүй байна. Тиймээс ямар ч жүжиг тавьсан, дандаа нэг хэвийн болоод байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Сүүлийн үед олон сайхан залуу жүжигчид орж ирлээ?
-Ер нь үеийн үед хөгжлийн гол тулгуур бол залуучууд л байдаг шүү дээ. Эдний хөдөлмөр, эдний хүч энерги дээр ажил явдаг. 2001 онд намайг театрын дэд захирлаар ажиллаж эхлэхэд л манайд Наранбаатар, Эрдэнэбилэг, Болд-Эрдэнэ, Амгаланбаатар, Ганцэцэг гээд сайхан сайхан залуус театрт орох гээд л орон тоогүй, цалингүй байж байсан. Би залуустаа итгэл өгч хойч үеэ тасралтгүй бэлдэж байх ёстой гэж боддог юм . Би аль болох л залуусыгаа дэмжиж ажиллах дуртай. Энэ бол ааваас минь надад өвлөгдсөн зан л даа.
– Монголын түүхэнд нэг гэрээс гурван “Төрийн соёрхолт” төрсөн түүхийг яах аргагүй та аав ээж хоёртойгоо бичилцсэн…
-Түүгээрээ би маш их бахархдаг. Миний аав төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн. Миний ээж төрийн соёрхолт, ардын жүжигчин, би өөрөө төрийн соёрхолт, ардын жүжигчин. Миний ижий, аавын сэтгэл нь цагаан учраас бидний заяа сайн байгаа байх аа.
-Та бол яах аргагүй удам дагасан жүжигчин. Харин таны хөвгүүд энэ мэргэжлийг сонгоогүй. Ач нараас нь Мандухай цэцэн хатны орыг залгах жүжигчин төрөх нь үү?
-Миний хоёр хүү хоёулаа хуулийн мэргэжилтэй. Гэхдээ том маань дуулдаг. Урлагийн салбарт мэргэжил эзэмшинэ гэдэг бол хүнд юм аа. Бусад салбараа бодоход. Сурахад ч тэр. Хүн заавал авъяастай байж л амжилтанд хүрдэг. Тэгээд төгсөөд ажилд нэг орчихсон хүн буцаад гарахад их хэцүү байдаг. Ер нь бид хэн нэгнийхээ хувийн ашиг сонирхол, үзэл бодол, эрх ашиг руу нь ордоггүй. Ажил амьдралаа сонгохдоо бүгдээрээ л өөр өөрсдийнхөөрөө сонгодог. Харин ч бүр манай хамгийн бага дүүг кино найруулагчийн мэргэжил сонгочихсон байхад нь “боль“ гээд хорьсон. Тэгсэн чинь манай дүү хөөрхий “Та нар тус болохгүй юм аа гэхэд саад битгий болооч ээ” гэж уйлж байсан санагдаад байдаг юм. Намайг ч гэсэн ээж маань физик математикаар сур гэхэд нь би хойно КУДС дээр очоод л кино судлаачийн ангид орчихоод, сүүлд нь өөрөө декантайгаа уулзаж байгаад л ангиа солиулж жүжигчин болж байсан. Намайг жүжигчин болоход ээж аавын нөлөө ерөөсөө байгаагүй. Тийм л гэр бүл байгаа юм. Зарим хүнд бол их сонин санагдах байх л даа. Монголчуудын нэг тийм гэр бүлсэг чанар л манайд байдаггүй юм. Би ч гэсэн хүүхдүүдээ сургуульд орох гэж байна шалгалт өгөх гэж байна гэж байхад нь нэг ч удаа явж үзээгүй. Амьдралд нь ч тэр оролцдоггүй. Аав маань харин бидний хүсэлт тавьсан зүйлийг их дэмждэг байсан. “Миний хүү чадна чадна, тэг тэг” гэдэг байсан. Аав маань биднийг хамаатан садан хэн ч байсан өөрөө мэд л гэнэ. Ээж маань болохоор дандаа унтрааж байдаг, дарж байдаг байсан. Тэглээ гээд бид муудаагүй ээ.
2012 он
Discussion about this post