Снэпчат (Snapchat)-ийг үүсгэн байгуулагч Эван Шпигел, загвар өмсөгч эхнэр Миранда Керрийн хамт Отис урлаг, дизайны коллежийн 2022 оны төгсөх ангийн оюутнуудын сургалтын төлбөрийн өр болох 10 сая долларыг төлсөн байна.
Төгсөлтийн ёслолын үеэр оюунуудад их хэмжээний хандив тусламж үзүүлж буй талаар Отис Урлаг, Дизайн коллежийн ерөнхийлөгч Чарльз Хиршхорн зарлажээ. Гэнэтийн мэдээнд гайхсан оюутнууд чухам хэн, ямар учраас тэдэнд тусалж буй талаар гайхан асуухад захирал Хиршхорн “Эван, Миранда нар “Spiegel” гэр бүлийн сангаараа дамжуулан Отис коллежийн түүхэн дэх хамгийн том хандив өргөж байгааг бид та бүхэнд мэдэгдэж буйдаа таатай байна. Тэдний бэлэг нь та бүхний зээлийг төлж буй хандив юм” гэжээ. Хиршхорныг ийнхүү хэлсний дараа оюутнууд алга ташин баярлан хашхирч, зарим нь уйлжээ. Хиршхорн захирал “Оюутнуудад өр зээл, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал эсвэл дээрэлхэлт гэх мэт ирээдүйнхээ талаар гутранги байх хангалттай шалтгаан тэдэнд бий. Тиймээс тэдний баяр баясгалантай, тайвширсан эсвэл сэтгэл нь ихэд хөдөлсөн хариу үйлдэл үзүүлж буйг харах нь үнэхээр гайхалтай байна” гэжээ.
Өсвөр насандаа Отис сургуульд зуны ангид суралцаж байсан Шпигель, Керр нар дүрслэх урлагийн хүндэт докторын зэрэг хүртжээ. Тэд хэлэхдээ “Отисын урлаг, дизайны коллеж нь залуу бүтээлч хүмүүсийг өөрсдийн урлаг, уран сайхны зүг чигээ олж, төрөл бүрийн салбар, ажил мэргэжлээр хөгжихөд нь урамшуулдаг ер бусын байгууллага юм. Манай гэр бүлийн хувьд 2022 оны ангид хандив өгч, дэмжлэг үзүүлж байгаа нь том завшаан бөгөөд энэхүү бэлэг нь төгсөгчдөд хүсэл тэмүүллээ эрэлхийлж, дэлхий дахинд хувь нэмрээ оруулах, хүн төрөлхтөнд ирж буй он жилүүдэд урам зориг өгөх боломжийг олгоно гэж найдаж байна” гэжээ.
Отис хотын оюутнуудын 77 хувь нь өнгөт арьстнууд бөгөөд 90 гаруй хувь нь оюутны зээл авдаг гэжээ.
Discussion about this post