Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, нар аргамждаг Наробанчин гэгээнтний Монголд хувилан төрсөн долдугаар дүрийн хувилгаан Завхан аймгийн Отгон сумаас тодорсон. Урд нь Наробанчин гэгээн Энэтхэг орноо мэндэлж 5 удаа, цаст Төвдийн орноо 4 удаа, Монгол газар 6 удаа хувилан төрсөн гэдэг. Наробанчин гэгээний 6 дугаар дүр Жүгдэрнамжил гэрэлт биеэ хураахаасаа өмнө “Би дараа төрөлдөө Отгонтэнгэр хайрхандаа голоо өгсөөд төрнө” гэж ерөөл тавьсныг нутгийн зон олон ярьдагчлан Наробанчин гэгээний 7 дугаар дүр Данзанлхүндэв Отгонтэнгэр хайрханы өвөрт төржээ.
Наро ванчин гэгээнтэн энэ тухайд news.mn сайтад ингэж ярьсан байдаг.
-Анх Наро Банчэн хувилгааны хойд дүрээр тодрох болсон тухайгаа яриач. Бага наснаасаа онцгой шинж тэмдэг олныг үзүүлдэг байсан гэлцдэг?
-Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц багшийн ерөөлөөр эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Наро банчэн хувилгааны 16 дахь хойд дүрээр Завхан аймгийн Отгон сумын иргэн Баянмөнхийн Цэдэн-Иш намайг тодруулж, өргөмжлөн баталсан юм. Наро Банчэн хувилгаан өмнө нь Энэтхэг орноо таван удаа мэндэлж, цаст Төвдийн орноо дөрөв, Монгол газар зургаан удаа хувилан түмэн өлзий гийсэн түүхтэй. Анх Далай багш намайг тодруулахад КТМС-ийн Төрийн захиргааны менежментээр суралцаж байсан юм. Тэгээд Далай багш “Их сургуулиа төгсөөд ир” гэж айлдаад, эх орондоо мэргэжлээрээ бакалавр, магистр хамгаалж, одоо бурхны шашны чиглэлээр суралцаж байна.
-Сүүлд Далай багштай хэзээ уулзсан бэ. Бие лагшин нь тунгалаг уу?
-Өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд Дилав хутагттай хамтран Энэтхэгийн Дарамсала хотод гурван хоногийн сургалт зохион байгуулсан. Эхний хоёр өдөр нь бурхны шашны тайлбар номлол, бясалгалын талаар сургалт явуулж, сүүлчийн өдөр Далай багштай хэлэлцүүлэг хийж, асуулт хариулт явуулсан. Далай багшийн бие лагшин нь тунгалаг байгаа.
-Бидэнд гэр бүлээ танилцуулж болох уу?
-Ам бүл дөрвүүлээ. Би айлын ууган хүү. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Амралтаараа эх орондоо ирээд Улаанбаатарт ээж, аавтайгаа хамт байна. Манай өвөг дээдэст номтой хүмүүс байсан юм билээ.
-Наро Банчэн гэж юу гэсэн утгатай үг вэ?
-Наро Банчэн хувилгааны анхны дүр бол эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Нароба юм. Наро нь Наробагийн нийтэд алдаршсан нэр. Банчэн нь Их Бандида гэсэн утгатай үг. Нароба Наландрын хийдийн Их Бандида цолтой багш хүн байсан ч хожмоо буддын шашны нууц тарнийн номыг анхааран авч бясалгаснаар төгс гэгээрлийн хутгийг олсон гэж намтарт нь гардаг.
-Гэгээнтэн маань өнгөрсөн онд өөрийн институтийг байгуулсан. Энэ институтээрээ дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулдаг. Өөрийн санаачлан байгуулсан институтээ бидэнд танилцуулахгүй юу?
-Анх “Нароба” институтээ санаачлан 2015 оны намар шав тавьж, гурван жилийн хугацаанд барьж байгуулсан. Тэгээд 2018 оын зургадугаар сарын 25-ны өдөр буддын гүн ухааны талаарх цогц мэдлэг олгох сургалт, судалгааны төв, сүсэгтэн олны зорин ирэх ариусал, нигүүслийн газар болгон үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Энэ институтээ яагаад байгуулсан бэ гэхээр өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа ёс суртахуун, сайхан сэтгэл, нийгмийн ёс суртахууныг хөгжүүлэхэд чиглэн бурхны шашны сургааль номлолыг академик түвшинд сургахыг зорьсон.
Академик хоёр жилийн хугацаатай сургалтаас гадна сүсэгтэн олонд зориулсан анхан шатны сургалтыг амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй зохион байгуулдаг. Манай институтэд маань ихэвчлэн энгийн хүмүүс суралцаж төгсдөг. Мөн бидний зүгээс аль чадахаараа хүмүүнлэгийн ажил хийхийг зорьдог юм.
-Наро Банчэн гэгээнтэн сошиалд их идэвхтэй, олон дагагчтай шүү дээ. Фэйсбүүк пэйжээ өөрөө хөтөлдөг үү?
-Ерөнхийдөө өөрийн пэйждээ нийтлэх сургаалийг би бичиж өгдөг. Сошиал пэйжийг маань хөтөлдөг тусгай хүмүүс бий…
Юутай ч сүсэгтнүүдээсээ царайлаг, сайхан залуу гэж хүлээн зөвшөөрөгдсөн Нарованчин гэгээн чөлөөт цагаараа фитнест яван булчингаа хөгжүүлж, хип хоп хөгжим сонсдог. Аливаа зүйлийн чанарыг харж, үнэтэй брэндийн хувцас өмсөх нь ч бий. Монголын томоохолн хамба лам, хутагт хувилгаадаас рейтингээрээ хамгийн өндөр Наро ванчин гэгээнтэн хил хаахаас өмнө Америкт очих виз хүссэн ч, АНУ-ын ЭСЯ гэгээнтэнд виз олгохоос татгалзжээ.
Discussion about this post