-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим шинээр бүрдэж байгаа үе. Сүүлийн үед Ерөнхий сайдын ажиллах хугацаа богино боллоо. Шинэ Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлсэн байдлаас болоод иргэдийн итгэл ч буурч байна. Энэ талаар таны бодол?
-2006 оноос хойш 11 жилийн дотор долоон Ерөнхий сайд солигдлоо. 2006 оноос хойш Монголын төр олигархи бүлэглэлийн гарт орсон. Нэг засгийг унагаад нөгөө олигархи бүлэг нь гарч ирдэг, өөрийнхөө эрх ашгийг төрийн бодлогоор дамжуулж хэрэгжүүлэхээр зүтгэдэг. Өөрөөр хэлбэл Монголын улс төр олигархиудын хоорондын өрсөлдөөний золионд орлоо гэж болох юм. Энэ удаа Засгийн газар солигдож байгаа нь нэлээн онцлогтой. Монголд зөвхөн эдийн засгийн хямрал төдийгүй улс төрийн хямрал, мухардал бий болоод байна. Төрийн бодлого нь олон түмнийхээ итгэлийг хүлээж чадахгүй, нийгмийнхээ хөгжлийн зам мөрийг итгэл үнэмшилтэйгээр томъёолж чадахгүй байдалд хүрлээ.
УИХ-ын 2008, 2012, 2016 оны сонгуулиар амласан намуудын улс төр, эдийн засгийн амлалт биелээгүй. Энэ нөхцөлд одоогийн эрх барьж байгаа МАН-ын дотроос улс төрийн тогтолцоогоо эрүүлжүүлье, төрийн албыг мөнгөөр худалдаж баячууд, олигархийг төлөөлж засагт ордог журмыг өөрчилье гэсэн гол үзлээр Засгийн газар солих шиг боллоо. Харин одоо энэ Засгийн газар өөрчилж чадах уу, үгүй гэдэг асуудал хүлээлт үүсгэж байна.
МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөөр Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой. Энэ нь ч зөв. Сайд нь салбарынхаа бодлогыг явуулах ёстой. Ажлаа мэдэхгүй хүн очоод тэнд ямар юмаа хийх билээ дээ. Үүнийг өөрчилье гэсэн хүсэл нийгэмд бий.
Одоо гараад байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар ч дахиад мэргэжлийн засгийн байж чадахгүй төлөв байдал ажиглагдаж байна. Энэ нь эрх баригч улс төрийн хүчний дотоод тэмцэл, төрийн эрх баригчдын дээд түвшиндээ улс орныхоо эрх ашгийг хамгаалах чадвар мөхөстөж байгааг харуулж байна. Манай одоогийн эдийн засгийн хямрал ч тэр, улс төрийн хямрал ч тэр эрх мэдэлтнүүдийн чанарын доройтолтой холбоотой. Улс төрийн намын удирдлагыг мөнгөөр худалдаж авсан хүмүүс төрд орж ирээд улс нийгэм, үндэсний эрх ашгийн төлөө бодлого явуулахын оронд зөвхөн өөрийнхөө бизнес, бүлэглэл, магадгүй бүр цаад талд байгаа эздийнхээ төлөө үйлчилдэг. Үүнээс болоод хямрал үүсч байна.
Хямрал цаашаа удаан даамжрах уу? Бас л хэмжээ хязгаартай эд шүү дээ. Монгол орон эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн алдлаа. Улс төрийн тусгаар тогтнол нэрийн төдий үлдэх хандлагатай болж байгааг бүгдээрээ харж байна. Гадны нэг компани төрийн нэг шийдвэрийг долоо хоногийн дотор өөрчлүүлж чаддаг боллоо. Байдал төвөгтэй харагдаж байна. Ийм нөхцөлд төр засгаа байгуулахад их хариуцлагатай хандах хэрэгтэй.
-АН, МАН-д саналаа өгнө, ялгаа ч алга?
-Эрх барьж байгаа нам маань социалист нийгмийн бүтээн байгуулалтыг 70 жил удирдан толгойлж ирсэн. Алдсан, оносон олон жилийн түүх бий. Гэхдээ социалист нийгэм манай өнгөрсөн түүх болох ёстой. Дэлхийн социалист хамтын нөхөрлөл тэр чигээрээ задраад, социалист нийгмийн үзэл онол нь амьдрал дээр хүн төрөлхтний одоогийн төвшинд хэрэгжих боломжгүй гэдгийг нотлоод байхад социализмтайгаа зууралдах хэрэггүй. Түүхээрээ шалгарч шүүгдэж байна гэсэн үг л дээ.
АН-ын хувьд 1990 онд Монголын нийгмийг өөрчлөх үзлийн тугийг барин босч ирсэн улс төрийн хүчин. Гэхдээ энэ хоёр нам явсаар байгаад ижилхэн болчихсон, хоёуланд нь цааш нь Монгол орноо яаж авч явах вэ гэдэг үзэл байхгүй. 1990 оны ардчилсан хувьсгалын үндсэн зорилт зарчмын хувьд 2000 оны эхэн үе, 2005-2006 он гэхэд үндсэндээ хэрэгжиж нэг үе шат дуусах тийшээ хандсан. Тэндээс залгаад хоёулаа ижилхэн нөхцөлд байдалд очсон.
Хоёулаа л олигархи бүлэглэлд тархиа атгуулсан улс төрийн хүчнүүд. Хоёулаа хамтарч нийлээд, дуртай цагтаа эвсэл байгуулаад эрх ашгаа хуваадаг улс төрийн хүчин боллоо. Гаднаа л хоорондоо өрсөлдөж сөргөлдөж байгаа дүр харагдавч цаад бодлого нь ижилхэн. Энэ нь үндэстний түүхэнд тохиодог ховорхон тохиолдол. Үзэл номлолгүй нийгэм гэдэг харанхуйн орон.
Тэнд бие биенийхээ хөл дээр гишгэлж, толгойгоороо мөргөлдөн будилж явдаг. Ийм байдалтай улс төрийн хүчин даамжраад байна. Энэ бол тэдний түүхэн хариуцлагын асуудал. Гэтэл хүн төрөлхтний түүх, хүн төрөлхтний үзлийн сан аугаа арвин. Манай дорны төрт ёс хэдэн мянган жилийн түүхтэй. Дөрвөн мянган жилийн түүх байна, тэр тусмаа монголчуудын өөрийн төрт ёсны түүх бий. Манайхан Хүннүгээс нааш 2000 жилийн түүх яриад байгаа. Монголчуудын төрт ёс байгуулсан түүх 3500 жилээс ярих боломжтой гэж би боддог. Үүнийг ойлгоогүй гадаадад очоод дээд сургуулийн курст очоод толгойгоо угаалгаад, англи хэл хагас дутуу сурч ирсэн улс өөрсдийгөө төр барихад бэлтгэгдлээ гэдэг, эд маань жулдаад байна л даа.
-У.Хүрэлсүх сайд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын дундах хуулийн маргаан дуусаагүй байхад нэгийг нь огцруулаад нөгөөг нь томилчихож байгаа нь хэр зөв зүйтэй байсан юм бол? Тэрбумаар тоологдох асуудалд холбогдсон улстөрчдийн хэрэг чимээгүй болчихдог.
-Шүүх засаглал хулгайч юм уу, эрүүгийн гэмт хэрэгтэн, хүчирхийлэгчид дээрэмчдээ олон зууныхаа дадлага туршлагаар наанатай цаанатай шийдээд явах шиг байгаа юм. Улс төрийн ээдрээтэй будлиантай асуудлыг шийдэхэд шүүх засаглал үнэхээр арчаагүй байдлаа харуулж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа баахан шуугиан дэгдлээ.
Засгийн газрын Шадар сайд нь хууль бус замаар төрийн эрхийг оролдож байсан гээд эрүү үүсгэлээ. Гэтэл нам нь аваачаад Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд, Ерөнхий сайд болчихлоо. Нөгөө АТГ, цагдаа, хууль прокурор нь хэн болж үлдэх вэ гэдэг сонин асуудал болж байна. Үнэхээр улс төрийн ёс зүй, зарчим гэж байдаг бол энэ байгууллагуудыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй болж байна. Энэ бас л том асуудал шүү дээ. Ер нь мафи улс төрөөр толгойлуулсан нийгэм ялзралд ордог. Үзэл баримтлалгүй зөвхөн эрх ашгаар нэгдсэн улс төрийн намууд мафиози болдог гэдгийг сүүлийн 20 жилийн манай туршлага харууллаа.
-Өөрчлөх хэрэгтэй байна. Гэвч яаж өөрчлөх вэ? Бие биенээсээ байнга асуудаг асуулт юм даа?
-Үзэл гэдэг улс нийгмийн амьдралын философи тусгалтай холбоотой асуудал л даа. Бид социалист нийгэмд байхдаа дарлагч анги байхгүй, баян ядуугийн ялгаагүй нийгмийн өмчийн хүрээнд эрх тэгш амьдарна гэж оролдож явсан. Нийгмийн идэвхтэй хэсгийн чармайлтаар идэвхгүй хэсэг нь тэжээгдэж явдаг шударга бус нийгэм, хөгжилд хүрэх чадваргүй болоод социализм мөхсөн. Капиталист нийгэм гээд одоо номлож байгаа онолчдын үзэл баримтлалаар улс үндэстнийг хэдэн баячууд нь авч явдаг, хүн ард нь тэдний хөлсний ажилчид байх ёстой гэсэн замаар хөтөлж яваа.
Гэтэл хүн төрөлхтний түүх, хүн төрөлхтний үзлийн сан аугаа арвин. Энэтхэгийн дор хаяж 3000 жилийн түүхтэй “Махабхарат” гээд дорны төрт ёсны том судаг байдаг. Тэнд бичсэнээр хаан, ерөнхий сайд, шадар сайд, түшмэл гэж хэн байх вэ гэж тодорхой бичсэн. Манай Монгол ч өөрийн стандарттай юм шүү дээ. Хаан хүний 35 эрдэм, хатан хүний 14 эрдэм, түшмэл хүний 9 эрдэм гээд өөрийн шалгууруудтай. Үүнийг Монголын төр эргэж харууштай болжээ. Сайдын шалгуур хамгийн түрүүнд энэ хүн ажлаа мэдэх үү, ажлаа мэдэж байж бодлого гаргахаас мэдэхгүй хүн яам толгойлж, салбар удирдана гэж байхгүй. Хоёрдугаарт тэр хүн чадах уу, мэддэг мөртлөө ярихаас цаашгүй хүн байдаг шүү дээ. Удирдан зохион байгуулах, салбараа хөдөлгөх чадвартай хүн хэрэгтэй. Гуравдугаарт энэ хүн, энэ албыг үүрэх нэр төртэй юу гэдэг асуудал. Энэ гурван шалгуур байх ёстой. Энэ бол социализмийн үед ч байсан шалгуур. Одоо аль ч орны төр засаг шалгуур тавьдаг. Сүүлийн үед манай сайдууд “Мэдэх үү” гэдэг дээр хамгийн түрүүнд уначихдаг.
Нөгөө талаас сүүлийн үед дэлхий нийтээрээ даяаршил гээд шуурлаа. Даяаршлын нэг үнэтэй сургамж юу вэ гэвэл даяаршлын нөхцөлд үндэснийхээ эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, үнэт зүйлээ хамгаалах чадвартай төртэй улс үндэстэн л тэсэж үлдэнэ. Даяаршил гэдэг нэрийн дор өөрийнхөө үндэстний үнэт зүйлс, уламжлалаа орхисон улс үндэстний төр нь хүртэл хямраад мөхөх тавилантай гэдгийг хатуу сургамж болж үлдээлээ. Украйн, зүүн европын орнууд, бусад жижиг улсуудаас харахад даяаршил гэдэг хэдийгээр хүн төрөлхтний амьдралын нэгдмэл орон зай, нэгдмэл чадамжийг тэлж өргөтгөж байгаа боловч, нөгөө талаасаа улс үндэстнүүдийн өөрийнхөөрөө үлдэх боломжид ширүүн сорилт болж байна. Чоно өлсөхдөө ульдаг шиг “Гадны хөрөнгө оруулагчид үргэлээ, эдийн засаг сөхөрлөө, өлслөө” гэж үргэлж шуугиж байгаа шүү дээ.
-Нөгөө талаас түүх ярьсан нь тэнэг маанаг болж, уул уурхайгаа ашиглахгүй бол хөгжихгүй, ёроолд хоцорно гэсэн суртал явах боллоо?
-Уул уурхай бол газрын хэвлийд байгаа баялгийг ухаж аваад л өөрөө юм бүтээхгүйгээр мөнгө олох арга юм шүү дээ. Бүтээх чадваргүй, амьдралаа бүтээж амьдрах өөрийн үзэлгүй улс үндэстэнд гаднаас нь тулгадаг юм. Дотроосоо мөнгө шүтдэг, мөнгийг үнэт зүйл зорилгоо болгосон тэр бүлэглэл, тэр давхарга өөрөө үүнийг уриа лоозон болгож явдаг. Сүүлийн үед Монгол Улс уул уурхайгаар л хөгжинө гэдэг үзэл баримтлал манайд маш хүчтэй дэлгэрлээ. Төрийн зүгээс ч дэвэргэж явсан асуудал бий л дээ. Манай үндэстний аюулгүй байдлын үзэл баримтлал ч уул уурхайг шүтсэн хандлагатай.
Олон улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэн долгилж хөдөлж байхад тэдний давалгаанд шидэгдэж, толгойгоороо годройтож явах тавиланд орлоо. Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүн гэдэг овор хэмжээ ихтэй, холын зах зээлд нийлүүлэх боломжгүй, түүнээс болоод урд хөршийнхөө түүхий эдийн хавсарга, дагуул болж ирлээ. Ийм л хоёр зүйл бидэнд үлдээлээ. Уул уурхайн нэг онцлог нь байгаль дэлхий хэл амгүй, бослого тэмцэл гаргадаггүй, ёолдоггүй, гомдол тавьдаггүй л дээ. Тийм болохоор тэрийг яаж ч мөлжиж болно гэсэн үзэл санаагаар хандаж, орж ирж байгаа олигархи бүлэглэлүүд, гол нь гадны шинэ колоничлогч нар, тухайлбал “Рио Тинто” Монголд орж ирлээ. Тэд Монголыг идэх гэж ирж байгаа болохоос, буян амлаж, бурхан царайлж байгаа ч гол санаа нь биднийг мөлжиж, өөрсдөө баяжих. Үүнийг бид зөв ойлгодог байх хэрэгтэй.
Монголд уул уурхайгаа ашиглах, дагаж хөгжих зорилт байлгүй яах вэ. Гэхдээ бид урт хугацаанд шударгаар, тэгш эрхтэйгээр хамтарч ажиллах түншүүдтэй хамтарч шийдэх ёстой. Түүнээс биш гаднаас үүргэвч үүрээд ирж байгаа хүн бүхэнд эх орныхоо баялгийг дэлгэж нээх ёсгүй. Одоо манайд гадны хөрөнгө оруулагчдаа шүтдэг, тэднийг урдаас нь тосон гар хөлийг нь долоодог түшмэдийн бүхэл бүтэн давхарга бий боллоо. Чоно өлсөхдөө ульдаг шиг “Гадны хөрөнгө оруулагчид үргэлээ, эдийн засаг сөхөрлөө, өлслөө” гэж үргэлж шуугиж байгаа шүү дээ.
Манай Үндсэн хуульд газар, газрын хэвлийн баялаг бүх ард түмний мэдэлд, төрийн өмчид байх ёстой. Тэр эрхийг нь завхруулаад уул уурхайн салбарт байгаа хэдэн ноёлох компаниуд, тэдний төлөөллөөс бүрдсэн төрийн институтүүд гадныхны өмнө дэлгэн тавьж байна. Энэ байдал цаашид өөрчлөгдөх байх. Сая Монгол Улсын Ерөнхийлөгч “Бид алтаа зөвхөн Монголын компаниудаар олборлуулна” гэж хэллээ. Энэ маш зөв санаа шүү дээ.
Нохойтоогүй хүн Монголд байхгүй
-Х.Баттулга Ерөнхийлөгчийн талаар сонгуулийн үеэр таны хэлсэн нэг үг сонгогчдод их нөлөөлсөн шүү?
-“Манай нохой” гэдэг үгийг Ерөнхийлөгчийн сонгуулиас бүр өмнө ярилцлага өгөхдөө хэлсэн үг л дээ. Бизнесийн бүлэглэлийн хоорондын тэмцэл явж байх үед, ер нь бизнес эрхэлж байгаа хүмүүсийн дотор нохойтоогүй яваа хүн гэж байхгүй. Яагаад гэвэл улс орон нь өрсөлдөөнт эдийн засгийн нөхцөлд орж, тэнд бизнес эрхэлж ургаж гарч ирнэ гэдэг ёстой нөгөө “Тунгалаг Тамир”-т гардгаар “Тамирын голын мөсийг долоох”-оос наагуур аашилна шүү дээ. Өөрөөр хэлбэл хуулийн цоорхой бүхнээр орж, “зүүний сүвэгчээр гоожоод гарахсан” гэж нохойтоогүй хүн Монголд байхгүй. Тэр утгаараа би бизнес эрхлэгчдийг бүгдээрээ нохойтсон гэж боддог. Гэхдээ улс эх орныхоо төлөө, тэдэнд үр өгөөжтэй нохойтох нэг өөр.
Гадныхны гар хөл болоод тэдний мөнгийг эргүүлэх, монголчуудыг тэдний эрхшээлд оруулах замаар нохойтож явсан улс бас өөр л дөө. Тэр утгаар л манай нохой гэдэг үгийг хэлж байсан. Одоо Ерөнхийлөгчийн 100 дахь хоног дөхөж байна. Ерөнхийлөгчийн тавьж байгаа зорилтуудыг харахдаа зөв сонгосон байна гэж бодож байгаа. Зөв сонгосон гэдгийн гол утга учир нь Ерөнхийлөгч бүхэнд тухайн цаг үедээ шийдэх өвөрмөц гол асуудал гэж байдаг. Х.Баттулгын шийдэх асуудал эдийн засгийн юм уу, эсвэл өөр аялал жуулчлал, тээврийн асуудал биш л дээ.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн өмнө тулгарч байгаа өнөөдөр түүхээр шалгарч, соригдож гарсан гол асуудал бол ялзарч доройтож байгаа монгол төрөө цэвэрлэх асуудал. 60 тэрбумын асуудлыг гаргаж тавилаа, эндээсээ явсаар байгаад оффшор данстай холбоотой асуудлыг ярьж том долгион өгөөд, тэр нь шинэ Засгийн газар байгуулахад нөлөөллөө гэж болох юм. Энэ хүн өөрийнхөө өмнө тулгарч байгаа нийгмийн захиалгыг ойлгож явж байна.
Хоёрдугаарт, Монгол Улс дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, энэ бол бидний тавилан. Хоёр хөрштэйгөө харьцаагаа жигдрүүлэх, тэгшитгэх талд бодох зүйл их бий. Мэдээж Монгол Улсын эдийн засаг, бас улс төрд гол нөлөө үзүүлж байгаа, биднийг шахаж байгаа Хятадын хувьд хамгийн найдвартай, найрсаг, урт удаан тогтвортой хамтын ажиллагаатай түнш байх л ёстой. Бид урьд Хятад улстай гэрээ хэлцэл хийж ирээд, түүнээсээ долоо хонолгүй буцаад, найдваргүй ажилладаг байсан бол өөрчлөөд найдвартай, итгэлтэй түншлэх ёстой. Нөгөө талд хойд хөрштэйгөө хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаар дамжуулаад ашиг хонжоо олж, хөгжих боломжийг бүрэн ашиглах ёстой. Энэ хоёр алхмыг Ерөнхийлөгч дотооддоо эхлүүллээ.
Гуравт Х.Баттулга Ерөнхийлөгч оносон болов уу даа гэж бодох бас нэг зүйл нь үндэснийхээ эрх ашиг, үндэсний үнэт зүйлийг хамгаалах тал дээр нааштай хандлага гарч байна. Монгол Улс гэж хэн бэ, яаж амьдрах вэ, яаж хөгжил дагаж дэлхийн бусад улс үндэстнүүдийн эгнээнд явах вэ гэж боддог Ерөнхийлөгч Монголд хэрэгтэй байсан юм. Эдийн засгийн талаар тавьж байгаа зорилт, бусад өргөн хүрээнд тавьж байгаа зорилтыг зөв гэж бодож байна. Бусдыг нь 100 хоног өнгөрсний дараа ярьж болох биз дээ.
Төрийн суудал, төрийн эрх мэдэл бараа таваар шиг худалдагдах болсон
-Уучлаарай, сүүлийн 27 жилд төрсөн Ерөнхий сайдын дотроос та хамгийн даржин амьдарч явах шиг. Цаг үеэсээ болсон уу, эсвэл хүндээ байна уу?
-Бидний үед Ерөнхий сайдын цалин 2500 төгрөг байлаа, 20 дугаар тогтоолын дараа 5000 болсон. Тухайн үеийн 800 ам.доллар юм даа. Бид мөнгөөр баян биш, сэтгэлээр баян явжээ гэж боддог юм. Бид Монголынхоо төлөө зүтгэж байна, шинэ замналын төлөө ажиллаж байна гэсэн зүтгэл байсан болохоор манай Засгийн газрын гишүүд дотор авлига, хувийн сонирхлын асуудал гарч байгаагүй л дээ. 2006 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийг бүгдээрээ санаж байгаа байх.
Нэг намын дарга хүн Ерөнхий сайдын өмнө очиж суугаад, “Таныг унагаад би Ерөнхий сайд болмоор байна” гээд сууж байсан. Нөгөөх нь урдаас газрын наймааны асуудал, хотын банкны асуудал, Улаанбаатар сангийн асуудал гээд баахан юм ярьсан. Тэгээд Засгийн газарт байгаа сайдуудаа татаад Засгийн газрыг унагаж байлаа. Тэрнээс хойш байгуулагдсан Засгийн газрууд бүгд баячуудын бүлэглэлд тулгуурласан Засгийн газар. Тэд нэгэнт хөрөнгө мөнгө зараад, намыг худалдаж аваад, намаараа дамжуулж хөрөнгө мөнгө зараад төрийн эрх мэдэл худалдаж авсан улс, төрийг хамгийн ашигтай бизнес гэж үздэг. Төрийн бизнес үнэхээр ашигтай юм шиг байгаа юм. 2012 оны сонгуулиар хар хавтсаа сугавчлаад явган таваргаж явсан хүн дөрвөн жил УИХ-ын гишүүн болоод явахдаа Лексус 570 унаад явж байна. Ингээд харахад төрөөр бизнес хийж байна гэдгийг харуулж байна. 60 тэрбумын асуудал бүр нотлох баримт нь шүү дээ. Үнэхээр тийм асуудал байсан гэдгийг холбогдох хүмүүс нь хүлээн зөвшөөрөөд, нам дотроо зарим нэг хүмүүстээ арга хэмжээ авч эхэллээ. Эндээс харахад төрийн суудал, төрийн эрх мэдэл бараа таваар шиг худалдагдах болсон. Энэ бол сүүлийн 10 гаруй жилийн асуудал шүү дээ.
-20 дугаар тогтоол гарах үеэр УБХ-ын гишүүд хувийн сонирхол гаргаагүй, ганц Дамдин гэдэг хүний нэр яригддаг?
-Нэг магнитофон авсан ч гэдэг бил үү, 20 дугаар тогтоолын дараа хэл ам гарсан л даа. УБХ-аас 2-3 хүний нэр гарч байсан, Засгийн газраас Гомбосүрэн, Базархүү гэх мэт гурван хүний нэр холбогдсон. Би биеэрээ уулзаж “Та нар яасан бэ, юу хийсэн бэ” гэж асуусан. Дамдин буруугаа хүлээгээд ажлаасаа өөрчлөгдөөд явлаа. Гомбосүрэн нь оролцоогүй, Базархүү оролцоогүй, эхнэрийн ах нь хийсэн, “Сайн ойлгоогүйгээс тиймэрхүү юм болчихлоо” гэж тайлбарласан. Тэгэхдээ одоогийн улстөрчдийн хийж байгаа үйлдэлтэй харьцуулахад утга нь өөр юм даа. Тэд байгаа хөрөнгөө яаж хадгалах вэ, яаж хэвээр үлдээх вэ гэж бодсон бол одоогийн хүмүүс яаж амьдралаа сайжруулах вэ гэдэг талаас бодож байна. Тийм болохоор Монголоо худалдаж байна, төрөө худалдаж байна. Хоёр өөр асуудал л даа. Нэг үе сая төгрөг маш их мөнгө гэж ойлгодог байлаа. Одоо бол тэрбумын асуудал жирийн хэрэг боллоо.
-200 гэр бүл, гэдэг байснаа одоо 30 гэр бүл гэж ярьдаг боллоо.
-Цөөхөн гэр бүлийн хүрээнд яригдана. Судалгаанаас харахад Монголын үндэсний баялгийн 7-8 хувь нь эрх мэдэлтэн 300-гаад хүний хүрээнд өмчлөгддөг юм шүү дээ. Энэ нь баялгийн хуваарилалт шударга бус, их ялгаатай болжээ гэдгийг харуулж байна. Баялгийн хуваарилалтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь эрх мэдэл.
-Та бол ерээд он түүхэн шилжилтийн үеийн анхны Ерөнхий сайд. Картын барааны гэгддэг тэр үед амьдрал ямар байсан бэ?
-1990 онд нийгэм өөрчлөгдөх үед эдийн засгийн хувьд өвөрмөц нөхцөл байдал бий болсон л доо. 1990 онд монголчууд экспортын хэмжээнээсээ 1,3 дахин илүү зээл тусламж авч амьдардаг байлаа. Өөрөөр хэлбэл 1990 оны нийт экспорт 586 сая доллартай тэнцүү гэхэд тэрэн дээрээ нэмээд 700-гаад сая долларын зээл тусламж авч амьдардаг. 1990 оны есдүгээр сарын 30-нд Зөвлөлтийн дээд зөвлөл өөрийн орны эдийн засгийн хямралтай байна, гадныханд өгдөг зээл тусламжаа зогсооно гэдэг шийдвэр гаргалаа. Монгол Улсад шууд автоматаар 700 сая доллар хасагдаж байгаа юм ш дээ. Тогтолцооны хямрал байна. 1990 оны арванхоёрдугаар сарын 26-нд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны УТТ-ны “Маш нууц 79/13” гэсэн тодотголтой 13 дугаар тогтоол гаргаж, Монголын асуудлыг тусгайлан хэлэлцээд бартерийн худалдаагаа бүрэн зогсоогоод, их гүрний хориг тавьсан. Одооны эдийн засгийн хориг гэж яриад байгаа зүйлийг Монголд хэрэглэсэн юм шүү дээ. Тэр үед байдал маш хүнд хэцүү болж байсан. Монголчууд бид нэгэнт шинэ замаар явах ёстой гэсэн үзлээрээ картын барааны системд орж байгаад ч болов амьдралаа авч үлдэж ирсэн шүү дээ.
Айл бүхэнд карт тараагаад, дэлгүүрээс нормтой бараагаа л авна. Байгаа барааны нөөц илэрхий, импортоор сахар, будаагаа авна. Дотооддоо үйлдвэрлэсэн гурилаа мэднэ. Тэрийгээ л олон түмэндээ, өрхүүддээ жигд хуваагаад баталгаатай хангахыг зорьсон. Дэлгүүрт улсын хатуу үнээр зарна шүү дээ, дамын үнэ байхгүй. Хомсдолтой нөхцөлд үнийг нь чөлөөтэй тавиад зах зээлийн үнээр бараагаа олж ав гэвэл хэцүү байдал үүснэ шүү дээ. Үнийг чөлөөлөхдөө жижиглэн худалдаалах барааныхаа 50 хувийн үнийг чөлөөлөөд, 50 хувийг нь хатуу үнэтэйгээр авч үлдсэн. Хүнсний гол барааг картаар хувааж байсан. Тухайн үедээ нийгмээ амьд авч үлдэх хамгийн эцсийн арга энэ шүү дээ.
-Ерөнхий сайдаас буусны дараа танд ямар нэг хангамж байсан уу?
-Байхгүй. Хуулиараа нэг бүрэн эрхийн хугацаанд цалин олгох ёстой байсан, хангамж ч байх ёстой байсан байх л даа. Намайг ардчилсан үзлийг дэмждэг Ерөнхий сайд гээд тэр үеийн УИХ тогтоол гаргаад цалингүй, хамгаалалт, унаа өгсөн. Сүүлд нь хуулиа харсан ч юм уу, Засгийн газрын санхүүгээс дуудахаар нь очсон чинь “Таны авах ёстой цалин хангамж” гээд 25 мянган төгрөг өгдөг юм. Би “Ерөнхий сайд байсан хүн амьдралаа аваад явчих байлгүй дээ. Ядарсан төр засагт маань хэрэг болог дээ” гээд буцаагаад өгсөн. Тэрнээс хойш нэг ч төгрөг төрөөс аваагүй. Харин П.Очирбат гуайн үед Ерөнхийлөгчийн тухай хууль гараад, Ерөнхийлөгчөө насан туршийн сайдын цалин өгнө, тусгай өргөө гаргаж өгнө, хамгаалалт гаргаж өгнө гэдэг асуудал шийдэгдсэн л дээ. Түүнээс өмнө Ж.Батмөнх гуайд бол огт хамаараагүй. Харин ч “огцорсон” гэж элдэв өнгөөр гоочлуулж, энгийн амьдралаар амьдарч байгаад л явсан. Би Ерөнхий сайд байхдаа Ж.Батмөнх гуайд дуудлагын унаа гаргаж өгөхийг өөрийн захирамжаар шийдээд дуудлагын унаа хэрэглүүлж байсан.
-Манай ардчиллынхан “Оготны хамраас ч цус гаргалгүй нийгмийн шилжилтийг хийж чадсан” гэж бахархдаг. Гэтэл үнэндээ Ж.Батмөнх гуай шиг, эсвэл тан шиг хүмүүс байгаагүй бол?
-Тэр үед дэлхийн социалист систем задарлаа, ЗХУ суларлаа гэдэг хэнд ч ойлгомжтой байсан. Наяад оны сүүлээс эхлээд Зүүн европын орнууд социалист тогтолцооноосоо гараад удирдагчдаа орон шоронд хийж, заримыг нь гудамжинд буудан хороож явлаа шүү дээ. Ардчилсан Германд Хоннокерээ шүүлээ, Румын Чаушескигаа буудлаа, Польш Ярузельскийг шоронд хийлээ, Болгар, Унгар гээд үргэлжилж бүх юм тодорхой байсан үе л дээ. Тэр үед социалист тогтолцоо бүтэхгүй гэдэг нь Монгол төрийн удирдлагын дээд түвшинд Ж.Батмөнх, Д.Содном гуайн түвшинд тодорхой байсан зүйл. Тиймээс Монголын нийгмийн өөрчлөлтийг тайван замаар, үндэсний зөвшил дээр тулгуурлаж шийднэ гэж тэр үед шийдсэн юм л даа. Д.Содном гуайн дараа Ш.Гунгаадорж гуай, Гунгаадорж гуайн дараа би томилогдсон.
–Д.Содном гуай “МАК”-ийн зөвлөх хийдэг бил үү?
-Яах вэ, буруу юм юу байх вэ дээ.
Хувьсгалт намаас үе үе улаан хувьсгалч төрдөг
-УТТ огцорсны дараа “Тойрон хүрээлэгчдийн асуудал” гээд баахан шуугисан байдаг. Тэрийг Ардчилсан холбооныхон гаргаж яриагүй биз дээ?
-МАХН-ынхан өөрсдөө шуугиад 1990 оны аравдугаар сарын 6-нд “Тойрон хүрээлэгчдийн асуудал хэлэлцэнэ” гээд Бүгд хурал хуралдаад, тэр хурал дээр УТТ-ын гишүүд, Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид гээд бүгдээрэнг нь яллаад, намаас хөөгөөд элдэв юм болсон л доо. Би сүүлд Д.Содном гуайд хэлж байсан. “Та тэр Бүгд хурлын материалыг үзчихээрэй” гэж. Би хоёр хүнийг өмгөөлсөн. Нэгдүгээрт, Ж.Батмөнх гуай 16 жил төр засгийн тэргүүнээр ажиллахдаа 484 мянган төгрөгийн хангамж эдэлсэн байгаа юм. Үүнийх нь төлөө яллаж байгаа юм. Одоо тэрийг ярьж байсан хүмүүс өөрсдөө ямар хангамж эдэлж байгаагаа нэг эргэж хараарай. Хүнд сэтгэлийн тэнхээ байх хэрэгтэй.
Би “АНУ-ын ерөнхийлөгч жилд 200 мянган долларын цалинтай байдаг. Зэрэгцүүлж харахад манай төрийн тэргүүн ямар цалин хангамжтай байв? Төр оршин байгаа цагт төрийн тэргүүн тусгай хамгаалалтанд байх төрт ёсны том шаардлага байдаг юм” гэсэн. Хоёрдугаарт Д.Содном гуайг Ю.Цэдэнбал гуайн хадгаламжинд байсан гурван сая төгрөгийг хойш нь шилжүүлсэн гэж ялласан. Тэгэхэд нь би “Бид хэрвээ зах зээлийн эдийн засагт шилжье, хувийн өмчийг хамгаалъя гэж байгаа бол хувь хүний мөнгийг өөрт нь шилжүүлж өгсөн хүнийг буруутгаж болохгүй” гэж Ж.Батмөнх гуай, Д.Содном гуай хоёрыг хамгаалж байсан. Өөр нэг ч хүн эднийг өмөөрч үг хэлээгүй. Ер нь яллах гол санаа бол тэр үеийн хувьсгалт намынхнаас өөрсдөөс нь гарч, өөрсдөө шуугиулж байсан хэрэг. Бодохоор тэр үеийн МАХН, одоогийн МАН-ынхан дотор ч бас айхтар үсэрдэг хувьсгалт үзэлтнүүд, улаан хувьсгалчид төрдөг юм шүү дээ.
-Анхны ерөнхийлөгчийн ордон хаачсан юм бол?
-Буулгаад, газрыг нь өөр компани аваад барилга барьсан гэж ярьцгаадаг юм.
-Та хойно сурч байсан, 16-тай эхнэрээ анх харсан гэсэн. Амралтаар хөдөө буцах болсон чинь нэг их хачин нүдээр хараад зогсож байсан, мартахын аргагүй гэж та ярьсан байдаг…
-Шуудангийн машинд сууж гэж байхад баахан хүн үдэж өгсөн, хамгийн ард нь хөл нүцгэн зогсож байсан. Өрөвдөлтэй байгаа биз. Зуны амралтаар ирээд сургууль төгсөж ирээд, 16-тай охинтой уулзсанаас хойш 5-6 жилийн дараа 22 настайд нь гэр бүл болсон, 40 гаруй жил ханилсан. Бид хоёр хоёулаа хөдөөнийх, нэг нутгийн хоёр. Намайг хойно сурч байгаад хоёрдугаар курсээ төгсөж ирэхэд манай хүн 16-тай байсан. Сургуульдаа буцаж яваад сургуулиа төгсөөд ирэхэд манай хүн Багшийн их сургуульд сурч байсан.
-Та залуу байхдаа их биерхүү, содон харагддаг байсан байх даа?
-Өндөр 1 метр 84 см байсан, туранхай гэж жигтэйхэн. Их сургуулиа төгсөхдөө 63 кг жинтэй байсан. Оюутан байхад “Өндөрөө” гэж дууддаг байсан нь цаагуураа “тэмээ” гэж шоолж байгаа хэрэг шүү дээ. Бие муутай гэж жигтэйхэн, хоёр удаа үхээд боссон хүн дээ. Сүүлд 1961 онд таван сар эмнэлэгт хэвтээд гарсан. Манай ерөнхий эмч “Чамайг хөл дээрээ босно гэж найддаггүй байсан шүү” гэж байсан. Тэгэхээр бие муутай оюутан байсан байгаа биз. 1961 онд эмчлүүлснээс хойш 2006 он хүртэл нэг удаа эмнэлгийн акт авч үзээгүй, нэг ч өдөр эмнэлэгт хэвтээгүй. Хөгшнийгөө өөд болсноос хойш нэг удаа зүрхний шигдээс болж эмнэлэгт хэвтсэн. Тэрнээс хойш нэг ч удаа эмнэлэгт үзүүлээгүй яваа. Гайгүй л яваад байна. Хуучны ЗИС-5 машин хар яр, хар яр гээд хөдлөөд байдаг. Тэрэн шиг л болсон юм байгаа биз дээ.
-Олон ч Ерөнхий сайдыг үзлээ, харлаа. Хэн нь гайгүй ажилласан гэж дүгнэдэг вэ?
-Ерөнхий сайдаа яаж тодруулж байна гэдгээс болно л доо. АН төр барьж байхад 2014 оны төгсгөлд засаг солигдлоо. Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болбол эдийн засгаа дажгүй аваад явчих байх гэж харсан. Гэнэт нэг хүн гараад ирэх юм. Янз янз байна л даа. Ерөнхий сайд бүхэн ажил хийе, улс эх орноо өөд татъя гэсэн бодол санаатай явдаг биз. Хэцүү л дээ. Манай дорнын номонд сонин юм байдаг. Зөв үзлээс төрсөн зөв үйлийг зөв сэтгэл, зүтгэлээр хийж байж сая бүтэж, зөв үр дүнд хүрнэ гэдэг. Зөв үзэл байхгүй бол хэзээ ч зөв үйл төрөхгүй, зөв үйл төрлөө гээд зөв сэтгэлээр хийхгүй бол, жишээлбэл Монголынхоо төлөө зүтгэе гэхэд халаас нь “тийм юм авна” гээд байвал бас бүтэхгүй. Зөв сэтгэлээр зөв үйл хийж явбал бүтдэг.
Дөрвөн үнэний зам гэдэг зөв үзэл, зөв үйл, зөв сэтгэл, зөв зүтгэлээр бүтдэг юм даа. Дорнын үзэл тэр чигээрээ философи шүү дээ. Залуучууд бурханы ном гээд анхаардаггүй биз. Манай Буддын шашин тэр чигээрээ философи. Барууны, либериал үзэл, элдэв хүмүүсээс иш татаад тэрний номлол гээд цуураад явдаг болохоос олон мянган жилийн амьдралаар нотлогдсон төрт ёс, гүн ухаанаас жаахан хөндий л дөө.
-Н.Энхбаяр даргын үед билүү, МАХН “Төв үзэл, Нагаржунайн философи” гээд нэг хэсэг явсан нь…
-Тухайн үед Б.Даш-Ёндон ярьж л байсан, бусад нь сайн ойлгоогүй л дээ. Улстөрчид дотор философи ойлгодог хүн байхгүй. Өрнө, дорнын гүн ухааныг марксизмтэй холих гээд бүтээгүй орхисон л доо. Гэтэл барууны ертөнцөд дорны төрт ёсны гүн ухаан хоёр янзаар “босож” ирлээ. Нэг нь Харвардын их сургуулийн профессор Амарта Сен “Гурав дахь замын үзэл” гээд номлол гаргаад түүгээрээ Нобелийн шагнал хүртсэн. Хүн төрөлхтөн заавал капитализм, социализм гэж туйлшрахгүй, үүнээс өөр явах зам байна гэсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзахад энэ тухай яриад өнгөрч байсан.
Английн Кембрижийн их сургууль “Сайн засаглалын номлол” гэж гаргалаа. Төв ёсны үзлийг англичууд хувиргаж “сайн засаглал” нэр томъёогоор гаргаж ирээд, тэр нь НҮБ-ын баримт бичгүүдэд хүртэл тусгалаа олоод явлаа. Манайхан тэрийг ойлгоогүй л дээ. Барууныхан хүртэл дорнын гүн ухаан, дорны төрт ёсноос юм авах гээд оролдоод байгаа юм. Монгол дорны орон мөртлөө ойлгохгүй нь харамсалтай. Манайхан Америкт очоод хэдэн лекц сонсож ирээд, тэрүүгээрээ төрөө засах гэж оролдоод байгаа. Дорнын нийгэм, дорнын соёл, дорнын үнэт зүйл гэдэг огт өөр зүйл.
-Мөнгөтэй хүмүүс Зайсанд төвлөрч, “Рояал кастл”-д амьдардаг. Ерөнхий сайд байсан хүн нийтийн байранд амьдрах бусдад содон байх даа?
-Энэ байранд 40 жил амьдарч байна. 1977 оны есдүгээр сарын 1-нд анх энэ байшинд орсон. Өмнө нь Циркийн тэнд их том дөрвөн өрөө байртай байсан. Нэгдүгээр давхарт чимээ шуугиан, тоос шороо ихтэй, өвлийн идэш хийх балконгүй гээд сольсон юм. Өрөөнүүд нь том 110 метр квадрат байсан юм, энэ маань 64 метр квадрат. Яах вэ, хүссэнээрээ дээд давхарт гарсан. Амьдрал зөвхөн мөнгө биш, хүн сэтгэл дүүрэн амьдрах, амьдрал нь утга учиртай байна гэдэг нь хамгийн үнэ цэнтэй зүйл байдаг. Би гахай зөөж үзээгүй. 50 рублийн стипендтэй оюутан, онц сурдаг гээд улиралдаа 54 рублийн шагнал авна, тэрүүгээрээ л амьдардаг, өөр мөнгөний эх үүсвэр байгаагүй. Наймаа хийж явсангүй, давхар ажил хийсэнгүй. Цалингаараа амьдарч ирсэн хүн.
“Толгойг нь авья” гэсэн өгөхгүй зугтаад байгаа
-Түрүүнд, ярианы эхэнд хальт дурдаад өнгөрсөн. Оюутолгойн гэрээнд та яагаад сэтгэл дундуур байдаг юм бэ?
-Оюутолгойн гэрээ дээдсүүдийн шуналын бүх төрлийн нян цугласан бохирын сав гэж би хэлдэг юм. Монголын эрх ашгийг яаж хохироож болох вэ, бүгдийг нь хохироогоод, дээдсүүд яаж ашиг олж болох вэ, түүнд үйлчилсэн гэрээ. Шууд авлига авч байна, зарим нь магтаад мөнгө авч байна, зарим нь үр хүүхдээ тэнд оруулж байна. Зарим нь Оюутолгойд үйлчилгээний эрх аваад компаниас ашгаа оруулж байна. Бүх төрлийн шуналын нян энэ гэрээнд шингээд Монголын эрх ашиг хохирсон. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд “Монголын эдийн засаг сэргэлээ, ашигтай ажилладаг боллоо” гэж ярьж байна. Үйлдвэрлэл өслөө, төсвийн орлого 978 тэрбумаар давж биеллээ, гадаад худалдаа нэг тэрбум 432 сая долларын ашигтай гарлаа гэнэ.
Оюутолгой хоёр тэрбум ам.долларын орлого олоод Монголд оруулж ирэхгүй л байгаа юм. Гадаад худалдаа ашигтай боллоо гэдэг яриа юунаас болж гарав. Гаалийн статистикаар “Монголоос өчнөөн зэс гарлаа, ашигтай худалдаа хийлээ” гэж яриад байгаа. Хулгайч зөөгөөд гарсан эд барааг гэрийн эзэн өмч гэж тоолсонтой адилхан. Энэ ухуулга явсаар байгаад Монголын эдийн засаг сайхан болж байна, цалин нэмэх цаг болсон гэж багш эмч нар бодож, тэгж жагсаж байна. Сая соёлын салбарынхан нэлээн ширүүн дуутай босож ирлээ. Энэ хүмүүс Монголын эдийн засаг сайн болсон гэж ойлгоод байна. Яг үнэндээ Оюутолгойн гэрээ монголчуудыг нийгмийн зөрчил рүү шидлээ шүү дээ. Баялгийг маань аваад явсан, мөнгө нь Монголд орж ирдэггүй. Төр засаг нь хил давсан баялгаа тоолоод өөрийгөө магтаад суудаг. Оюутолгойн гэрээнд манай төр засгийн томчууд өөрсдөө оролцож, ерөнхий сайд нь “Би хар толгойгоороо хариуцна” гэсэн. Тоглох, шоглохын хооронд “толгойг нь авмаар байна” гэж би хэлдэг юм. Өгөхгүй зугтаад байгаа.
-Таныг харахад эдийн засаг хямрахгүй байх ямар боломж байна? Уул уурхайнхаа сэдвийг түр хойш тавиад ярья л даа?
-Монголын эдийн засаг авсаархан, боломжийн үр ашигтай цогцолбор юм шүү дээ. Гучиннэгэн хувийн хуримтлалтай, хэвийн нөхцөлд мөнгийг дөрвөн хувийн хуримтлал хийгээд нэг хувийн өсөлт гарна. Эдийн засаг нь жилд долоон хувийн өсөлттэй байх боломжтой. Гэтэл яагаад эдийн засаг хямрав, яагаад хямраад байна? Эдийн засаг өөрөө хямарна гэж байдаггүй. Гагцхүү эдийн засгийг төр засгийн бодлого хямруулдаг. Сонгууль болгонд нөгөө эдийн засгаа барьцаанд тавиад, бэлэн мөнгө тараана гэж амлаад, хуримтлалаа халамж болгоод тараачихдаг, эсвэл нэг олигархи гар дүрээд ямар ч хэрэггүй оффисийн барилга, ямар ч үр ашиггүй зам тавина гээд нөгөөг хуримтлалаа тийш нь хийнэ, тэгээд эдийн засаг хямарна.
Монголд эдийн засгаа хямруулдаг зүйл нь төр болчихоод байна. Хямралын гол генeратор нь УИХ, Засгийн газар хоёр. Ард нь улс төрийн нам сууж байдаг. Хямрал нь гаднаас ирээд аянга буучихсан юм шиг, нэг гавьяатай Ерөнхий сайд, Засгийн газар тэрийг сайжруулах гэж байгаа юм шиг биенээ магтаад л. Өөрсдөө хямруулчихаад тэндээ хутгалдаж суугаа царай нь тэр.
-Ж.Эрдэнэбатын Засгийн газар гайгүй болгосон биш үү?
-Хоёр талтай асуудал л даа. Эдийн засаг өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг юм. Монголын эдийн засаг ямар ч хямралын долгион ирэхэд зургаан сарын дараа тэрийг шингээгээд тогтворжиж эхэлдэг. 2015-2016 оны хямрал 2017 онд жигдрээд ирж байна. Энэ нь ямар ч засгийн үед эдийн засаг өөрийгөө нөхөн сэргээдэг жамаараа явж байна. Нөгөө талд нь бид их гавьяатай сайн зүйл хийлээ гэж байна. Гадаад худалдааны тэнцэл сайжирлаа гэнэ. Оюутолгойн мөнгө орж ирэхгүй байхад тэрийг орлогод оруулж тооцчихоод сайн ажиллалаа гэдэг. Биенээ л хуурч байна. Төсвөө 2,8 наяд төгрөгийн алдагдалтай баталчихаад 900 тэрбумын орлого орууллаа гэнэ. Яахав сэргэж байгаа аж ахуйн нэгж татвар төлөх чадвартай болж байна. Яг ямар баялаг бүтээв, тэр талаа эргэж харах хэрэгтэй. Төр засаг нь зөв бодлого явуулаад эдийн засгийнхаа салбарыг олон чиглэлтэй, үр ашигтай болгоод явбал нэг янз. Засгийн газар байсан байгаагүй болох үйл явдлын улмаас өөрчлөлт гарч байгаа бол тэнд төр засгийн хаяг наах хэрэггүй.
Миний харахад Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хамгийн сул зангилаа нь Сангийн яам байсан. Телемеханикч хүн Сангийн сайд болчихоод тэр хүний явуулж байгаа бодлого ямар байхав. Уг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирэнгүүтээ татвар, цалин хөлсний бодлого, зээл санхүүгийн бодлогоо өөрчлөх ёстой байсан. Тэр талаар юу ч хийгээгүй. Тийм байж бид юм хийсэн гэж яриад яахав дээ. Нүүрсний үнэ Монголоос болж өсөөгүй, дэлхийн зах зээл дээр өссөн. Түүхий эд, түлшний үнэ унадаг, босдог жамаараа долгиолж, тэр мөчлөг дээр бид энэ асуудлыг ярьж байна. Тэр тусмаа Хойд Солонгосын хориг хүчтэй нөлөөллөө.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсье!
Discussion about this post