“Эрдмийн далай” сонин “Доктор ярьж байна” буландаа Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.Бадамцэцэгийг урьж ярилцлаа.
-Хууль зүйн докторын зэргээ амжилттай хамгаалсанд тань баяр хүргэе. Энэ сэдвээр хамгаалах үндэслэл, шаардлага юу байсан бэ? Энэ талаар яриагаа эхэлье.
-Баярлалаа. Юуны өмнө судалгааны ажлыг маань удирдан чиглүүлсэн Хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Ж.Болдбаатар, судалгааг маань шүүн хэлэлцэж үнэт санал зөвлөмжөө өгсөн Эрх зүйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл, хамгаалалтын зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх багийн гишүүд, мөн хууль зүйн доктор /Ph.D/, профессор М.Эрдэнэбаяр, ДХИС-ийн хамт олон, эрдэмтэн багш нар болон тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд, шавь, хамтран зүтгэгч бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхээр заасан байдаг. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг тухайн хүн байгаль, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран амар тайван аж төрөх, аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх боломжийг ханган эдлүүлэхийг дэлхийн улс орнууд Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.
Хүрээлэн буй орчны хямрал нь зөвхөн тухайн одоо болон ирээдүй хойч үеийг эрүүл, аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлж, түүнийг даван туулахад дан ганц эдийн засаг, улс төрийн хариу арга хэмжээ хүчгүй болох нь харагдаж байгаа төдийгүй хүрээлэн буй орчинтой холбоотой шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх шинэ нөхцөл байдал, арга замуудыг тодорхойлох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хуульчлах, түүнийг баталгаажуулах шаардлагыг бий болгож байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орнууд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг үндсэн хуульдаа тусгах, нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр баталгаажуулж иржээ.
Миний хувьд их сургуульдаа 19 дэх жилдээ багшилж байгаа бөгөөд сүүлийн 10 гаруй жил экологийн эрх зүй хичээлийг дагнан зааж байна. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь байгаль орчинтой нягт холбоотой. Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн агуулга, онолын үндэс, холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоо, гадаадын зарим улсын туршлагыг харьцуулан судалж, боловсронгуй болгох, практик хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх нь зайлшгүй шаардлагатай болох нь ажиглагдсан. Мөн хамтран зүтгэгчид, судлаач нараас ч хүрээлэн буй орчин, байгаль орчин, хүний эрхийн хавсарсан судалгааг хийх саналуудыг нэлээдгүй тавьж байсан. Иймээс тус эрхийн хэрэгжилтийг тодорхойлж, онол, эрх зүйн үндсийг судалж, хөгжүүлэх, нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээр эл сэдвийг сонгон авч судалсан юм.
– Таны судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, үр дүн юу вэ?
-Бид энэхүү судалгааны ажлаараа нэгдүгээрт хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, түүний Үндсэн хуулийн баталгаа, эрх зүйн зохицуулалт, түүнд нөлөөлөх гадаад, дотоод орчны хүчин зүйл, тэдгээрийн хамаарал, хувьсагчдын найдвартай байдал, олон хүчин зүйлийн хамаарлын уялдаа тоон болон чанарын судалгааны аргаар математик загварчлалтай холбон дүн шинжилгээ хийсэн. Үүний зэрэгцээ НҮБ-ын гишүүн 140 орны Үндсэн хуулиудыг харьцуулан судалж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, арга замыг эрэлхийлсэн.
Хоёрдугаарт, гадаадын болон дотоодын эрдэмтдийн үндсэн хуульд тусгагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааны талаар судалсан нэг сэдэвт бүтээл, илтгэл, өгүүллээс хэд хэдэн хувьсагчийг өөрийн орны нийгэм, эдийн засаг, газар зүйн онцлогт тохируулан төрийн бодлого, эрх зүйн зохицуулалтын нөлөөлөл, хүрээлэн буй орчны нөлөөлөл, иргэдийн эрх зүйн болон экологийн боловсрол гэсэн үндсэн таван хувьсагчийг сонгон судалсан. Судалгааны ажлын үр дүнд дээрх таамаглалууд батлагдсан.
-Таны судалгааны ажлын онолын болон практик ач холбогдол нь юу вэ?
-Бид судалгааны ажлын хүрээнд шинжлэх ухааны таамаглал дэвшүүлэх, түүнийг батлах оролдлого хийх, сайжруулах боломж, арга замыг тодорхойлох зорилгоор Монгол Улсыг эдийн засаг, нийгмийн байдал, газар зүйн байршлаар нь таван бүсэд хуваан иргэд, төрийн алба хаагчид, хууль сахиулах байгууллагын алба хаагчид, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан 1246 оролцогчийг түүврийн аргаар сонгон судалгаа хийх хүчин зүйлийн хамаарал, нөхцөл байдлыг тодорхойлох, замын шинжилгээ хийх, тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, судалгааны үр дүнг шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт, саналаар баяжуулах замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, түүний Үндсэн хуулийн баталгааг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулсанд судалгааны ажлын практик ач холбогдол нь юм. Мөн хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг тодорхойлсон онолын дүгнэлт, хүчин зүйлийг судалгааг судлаачид маань цаашдын судалгааны ажил, бүх шатны эрх зүйн болон эрх зүйн бус сургалтад ашиглах боломжтой.
-Судалгааны ажлынхаа үр дүнг та хэрхэн нийтэд түгээсэн бэ?
Судалгааны ажлын үр дүнг дангаараа болон бусад эрдэмтэн судлаачидтай хамтран олон улсын болон үндэсний эрдэм шинжилгээний хуралд 13, олон улсын хянан магадлагаа бүхий гадаад, дотоод сэтгүүлд 9, гарын авлага, сурах бичиг 4, судалгааны ажил төсөл, хөтөлбөр 5, подкаст, ярилцлага 3-ыг боловсруулж нийтийн хүртээл болгожээ. Дээрх судалгааны ажлуудаас тухайлбал “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх: хууль бусаар мод, байгалийн ургамал бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд” гарын авлагаас 2, Legaldata.mn сайтад байршсан “Нийтийн ашиг сонирхол: Шүүхийн практик” сэдэвт судалгааны ажлаас 2021-2024 оны байдлаар 44 удаа эшлэгдсэн байна. Түүнчлэн багш хүний хувьд өөрийн заадаг Экологийн эрх зүй, Газрын эрх зүй, Хүний эрх хичээлүүдийн агуулгад нэмэлт өөрчлөлт оруулж хичээл сургалтыг зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээ, сургалтын ажлаас гадна Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдад байгаль хамгаалах үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх, онолын мэдлэгийг бататгах, хууль хэрэглэх чадварт суралцуулах зорилгоор ДХИС-ийн багш, алба хаагчидтай хамтран 2022 онд “Экологийн аюулгүй байдал судлал” клубийг анх удаа байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай тогтмол хамтран ажилласан. Тус клубийн маань үйл ажиллагаа улам өргөжин тэлж ДХИС-ийн “2025 оны Шилдэг клуб”-ээр шалгарсанд таатай байна.
“Сонсогч-Сурвалжлагч” клуб

Discussion about this post