Мин улс нь Чжу Юаньчжаны байгуулсан Хятадын феодалын төрт улс.
Юань улсын Тогоонтөмөр хааны үед Хятад орон даяар байгалийн гай гамшиг жил дараалан үргэлжилж дотоодод бас улс төрийн хямрал нүүрлэж байсны улмаар Хятад орон даяар Монголын ноёрхлыг эсэргүүцсэн тариачны бослого өрнөжээ. 1351 онд Улаан алчууртны бослого Хятадын өмнөд хэсгээс үүсч умард руу хөгжин гүнзгийрсээр байжээ. Чжу Юаньчжан Улаан алчууртны бослогын цэрэгт оролцож бослогын толгойлогч Хань Линь-эрийг хаан суух үед зүүн гарын дэд юаньшуайгийн зэрэгт дэвшжээ. Хожим нь тэрээр Хань Линь-эр зэрэг бослогын толгойлогчдыг хороож өөрийгөө хаан өргөмжлөөд 1368 онд Наньцзин хотод нийслэллэж оны цолыг Хун У гэжээ. Тус жил тэрээр их жанжин Сюй Да-гаар цэрэг дайчлуулан Дайду хотыг байлдуулсанд Тогоонтөмөр хаан байлдалгүй ухран явж Барс хотод суужээ. Ингээд Хятадыг 100 гаруй жил ноёрхсон Монголын төр эх нутагтаа буцаж Хятадын Мин улс бүх Хятадыг ноёрхон захирах болжээ. Юнлэгийн 19 дүгээр онд (1421) Мин улсын Чэнцзу хаан нийслэлээ Бээжин хотод шилжүүлж 16 хаан 277 жил Хятад орныг ноёрхож 1644 онд Манж Чин улсад эзлэгдэн Мин улс мөхжээ.
Мин улсын эхэн үед Юань улсын нутаг дэвсгэрийг өвлөн залгамжилсан тул өргөн уудам нутаг дэвсгэртэй байж зүүн тийш Япон тэнгис, Удихэ гол зэрэг газар хүрч байжээ. Хожим нь Ляохэ голын сав газар хүртэл жижигрэн багасчээ. Умард хязгаар нь анхандаа Хатан голын Бортохойд хүрч байсан бол хожим нь Цагаан хэрмээр Монголтой хиллэх болжээ. Баруун хойд зүгт Синьцзяний Хамил хүрч байснаа хожим Цзяюйгуань боомтоор хязгаар болгожээ. Баруун өмнө талаараа Төвд, Юньнаньтай хиллэж байжээ. Мин улсын хаад Монголыг устгах гэж Монгол нутаг руу олонтаа цэрэглэсэн боловч эцэстээ ялагдал хүлээж эвийн гэрээ байгуулан Цагаан хэрмээр зааглаж Монголтой хиллэх болжээ. Мин улс нь нийслэл хот, мужийн дүрэм, цаасан мөнгө, далайн аялал, өртөө улаа, зам харилцаа зэрэг олон талаар Их Юань улсын өвийг залгамжлан авч хэрэгжүүлсэн байдаг.
Түүхч А.Пунсаг
Discussion about this post