БАЯРАА Тэртээ 70-аад оны сүүлээр дарга нарын хүүхдүүд гадаадад сурдаг жишгээс эрс татгалзан Эрдэнэ баавайн үгэнд орохгүйгээр үл барам ардын хүүхэдтэй адилхан амьдарна хэмээн зөрүүдлэж хязгаар нутаг болох Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ суманд өөрийн саналаар багшлахаар явсан 20 гаруй настай хэрсүү залуу бол өнөөгийн Бат-Үүл. Харьцуулахад Батшугар энэ насан дээрээ аавын нөөлөг, дарга нарын хүүхдийн жишгээр гадаадад сургуульд явж байлаа.
Даргад үйлчилдэггүй хууль! Иргэдэд хүртээлгүй үйлчилгээ!
Сүүлийн жилүүдэд дарга анги болон энгийн иргэдийн ялгаа эрс ихэслээ. Дарга нарт хууль дүрэм үйлчлэхгүй атлаа тэд төрийн үйлчилгээг хамгийн түрүүнд хүртэнэ. Гэтэл эсрэгээр энгийн иргэнд хууль хатуурхах атлаа төр тэднээс нүүрээ буруулсан жишээ олон. Тэгш шударга ёсны зарчим үгүй болж, арын хаалгаар үйлчлүүлдэг дарга нар маань иргэдээ айлын дагавар хүүхэд шиг алаг үздэг болсоор удлаа.
Хэнтийн Чингис хаан хотоос Бэрх тосгон хүртэл хэнтэй ч зөрөхгүй сэлүүхэн засмал замаар салхи татуулан давхиж болно. Даргын нутгийн зам эзгүй хэдий ч тав тухтай байх ёстой бол Дарханы зам түм түжигнэж там болсон нь түй ч хамаагүй төдийгүй эцэст нь амь нас, эд хөрөнгөө даатгуулаагүй иргэдийн буруу болж дуусаж байх шиг байна. Уул нь Дарханы зам олон улсын зэрэглэлтэй ч дарга нарыг байнга дивтаат болгодог хөдөө нутгийн тосгоны замыг эхэлж барихыг илүүд үзсэн бололтой юм. Дарханаас том дарга сонгогдоогүйн хохь тул дээрэлхүүлж амьдрахаас өөр яалтай.
Төрийн албан хаагчийн тангараг, сонгуулийн хуулийг илт зөрчиж эрх баригч намын нэр дэвшигчид илт давуу байдал олгож төрийн сайд, гишүүд, хотын даргаас эхлэн ам уралдан худал магтаж албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нь хууль дээдэлдэг улсад бол албанаас хусагдах төдийгүй шалгагдах үндэслэл мөн.
Эрх баригч нарт ашигтай тул С.Зоригийг хөнөөсөн хэргээр ээлжит сонгуулийн шоу хийж, улиг болсон драма тавьж, батлан даалтад гарсан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа яллагдагчаар олон нийтийн өмнө эрүүгийн хэрэг яриулж хууль зөрчлөө. Энгийн иргэн холбогдсон хэргийнхээ талаар ганц үг ган хийвэл “мөрдөн байцаалтад саад учруулсан, хэргийн нууц задруулсан” гээд аль эрт “аавынх” руу ачаад явчих байв.
Товчхондоо төрийн дээр эрх баригч нам сандайлаад удаж байна. Хууль тэгш үйлчлэхээ больж иргэдэд хатуурхаж, дарга нарын өмнө нугардаг болжээ.
Хөгжилд хүч нэмнэ гэв үү?
МАН-аас нэр дэвшигч “Хөгжилд хүч нэмье” гэсэн уриатай. МАН улсаа хөгжүүлэх гэхээр хүч дутаад, ажил хийх гэхээр ганц суудлаар гачигдаад байгаа гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Зүгээр л албан тушаалын бялуу хуваах найрын ширээний ард нэг нэг суудал ахиж суух төдий. УИХ дахь эрх баригчдын утсан хүүхэлдэйнүүд илүүдээд амьдралд ач холбогдолгүй ахуйн шинжтэй явган хов хөөцөлдөн хийцгүйрч байхад Энхбаярын эрх хүү нэг товч нэмэхээс өөр нэмэр болохгүй.
Сүүлийн үед улс төрчдийн нялх Сэнгүмүүд угсаа залгамжилж төрийн албаны мерит (чадахуйн) зарчмыг алдагдуулан оочер дайрдаг моод дэлгэрэв. Аавын нэр, албан тушаалын наймаагаар оочер дайрагч нар МАН-ын идэвхитэн залууст таалагдахгүй нь лав.
Хамгийн жигшмээр нь намын нэгдэл нэрээр өөрсдийн төлөхөөр амласан эрх мэдэл, албан тушаалын өр төлбөрөө иргэдээр төлүүлэхээр улайрч байна. Иргэд тэдэнд ямар ч өргүй тул сонгох ч албагүй.
Н.Энхбаярын бие хүн болж бүрэн төлөвшөөгүй эрх хөвүүнд улс төрч болох авьяас угаас алга. Улс төрчийн наад захын харизмгүй тэрээр эцэг, эхийнх нь хүчээр сонгосон замналын золиосонд өөрт огт зохихгүй салбарт хөл дөрөөнд гар ганзаганд хүрэхгүй зүдэрч яваа харагддаг. Бэлдсэн үгийг нь ч уншиж чадахгүй өөртөө эргэлзэн ээрч түгдрээд ичих, айхдаа хэлээ хазан сандарч, хүний даалгавраар хүчлэн уйлахыг хичээж, дундаж өрсөлдөгчтэйгээ мэтгэлцэхээс дальдчин зугтах зэрэг нь улс төрч хүний тэмцэгч харизм огт заяагаагүйн илрэл. Хүүхэд эцэг, эхийн хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө төрдөггүй тул тэдний хүсэл мөрөөдлийг хулгайлж, хүчээр амьдралыг нь шийдэхийг гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг.
Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Сонгинохайрханаас сонгогдох хамгийн өндөр магадлалтай 2 нэр дэвшигчийг харьцуулж үзье (мэдээж Батшугар мэтгэлцээнээс зугтах тул сонгогчдод шууд харьцуулах боломж олдохгүй). Эрх баригч намын нэр дэвшигчтэй өрсөлдөж чадах нь Ардчилсан намын Э.Бат-Үүл л байна.
Улаанбаатар хотын Үүлээс өмнөх дарга нар нь газрын наймаачид байсан бол Үүлээс хойшхи нь учраа олохгүй мунгинаж байгаа харагддаг. Бат-Үүл шиг гэр хорооллын хөгжил, дахин төлөвлөлт гэж хэн ярьж байлаа? Гэр хорооллын иргэдийн хамгийн бодитой хөрөнгө болох газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө түүн шиг сэтгэл тавьсан нь хэн билээ? Хашаа орон сууц болж болдгийг бодитойгоор харуулсанаар олон хүний амьдрал ахуйг өөрчилж чадсан тул хамгийн хүчтэй өрсөлдөгч тэр яах аргагүй мөн.
Улс төрд хат суусан Э.Бат-Үүлийг өнөөдрийн нэр дэвшигч Э.Батшугартай шууд харьцуулах нь шударга бус хэрэг болно. Тиймээс шударга байх үүднээс Э.Бат-Үүлийг Э.Батшугарын насан дээр юу хийж явсантай харьцуулан үзэж улс төрч хүний унаган харизмыг харж болно.
Тэртээ 70-аад оны сүүлээр дарга нарын хүүхдүүд гадаадад сурдаг жишгээс эрс татгалзан Эрдэнэ баавайн үгэнд орохгүйгээр үл барам ардын хүүхэдтэй адилхан амьдарна хэмээн зөрүүдлэж хязгаар нутаг болох Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ суманд өөрийн саналаар багшлахаар явсан 20 гаруй настай хэрсүү залуу бол өнөөгийн Бат-Үүл. Харьцуулахад Батшугар энэ насан дээрээ аавын нөөлөг, дарга нарын хүүхдийн жишгээр гадаадад сургуульд явж байлаа.
Өнөөдөр 34 нас хүрсэн Батшугар аавын замналаар дивтаат болох даалгавраас зөрж чадахгүйн улмаас өөрт огт зохихгүй улс төрчийн дүр эсгэн будилж байхад түүний насан дээр Бат-Үүл өөрийн анд нөхөд Зориг нарын хамт хэнээр ч хэлүүлэхгүй өөрийн хүсэл зориг, итгэл үнэмшлээр Монгол Улсад ардчилсан хувьсгалыг аль эрт хийчихсэн, Монголын анхны алтан хараацайнуудын нэг болсон байв. Энэ үед манай урд хөршийн нийслэл Бээжин хотын Тяньмины талбайд ардчиллын төлөө жагссан оюутнуудыг танкаар тэгшилж байсан гэхээр манай ардчилагч залуус мөн ч их эрсдэл, зориг гаргаж байжээ.
Гэтэл мань Батшугар хэдхэн сарын өмнө МАНАН-тай тэмцэнэ, МАН-ыг эсэргүүцнэ гэж хашхирч байсан шүлс нь хатаж амжаагүй байхад өнөөдөр үзэл бодлоо өөрчлөн өвөрт нь гүйж ороод өөрөө дарга болно гээд давхиж явна. МАН-д элсэхээр мартагддаг тийм хямдхан итгэл үнэмшил үзэл бодолтой гэж үү? Зөвхөн хувийн эрх ашиг албан тушаалаа эхэнд эрэмбэлж байгааг эрх биш хэрсүү сонгогчид ухаарсан байх ёстой.
Ардчилал амьд үлдэх үү?
Сонгууль бүрээр үлгэрийн баатрууд буюу саналын хулгайч нар сайндаа амилаад байгаа хэрэг огт биш. Эрх баригчдын худалдан авч багцалсан хатуу саналын эсрэг талд аль болох олон нэр дэвшигч багширч байхыг эрх баригчид хүсэх нь мэдээж. Учир нь гол өрсөлдөгчийн нэг ч гэсэн санал хулгайлж хэрчвэл эрх баригчдын хэрэг бүтэх нь тэр. Манай үлгэрийн баатрууд хийх ажилгүй завтай юмуу мөнгө нь илүүдсэндээ, эсхүл дивтаат болно гэж үнэнхүү итгэсэндээ сонгуульдаад байгаа хэрэг огтоос биш. Аз болоход сонгогчид саналаа олон хэрчүүлж өөрийн сонголтоо үхүүлэхгүй хэмжээний хэрсүүжсэн.
Хэрэв Бат-Үүлд сонгогдвол эрх баригчид цаашдаа илүү сайн хичээх хэрэгтэй гэсэн сургамж болж, тэр хэрээр иргэдийн ахуй амьдрал дээшлэх нь дамжиггүй. Асуудал Бат-үүлдээ ч биш сэхээнд орсон ардчилал амьд үлдэх эсэх, цаашлаад ардчилсан улсын амин сүнс болох олон намын тогтолцоо, олон ургальч үзэл тэсч үлдэх эсэхийг шийдэхэд энэ сонгуулийн ач холбогдол өндөр байна.
Хэрэв энэ сонгуулиар Энхбаярын эрх хөвүүн сонгогдвол эрх баригчид хүчиндээ эрдэж иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй, нүдэн балай, чих дүлий хэвээр үлдэх биз.
Засгийн эрх иргэдийн гарт уу, “дарга анги”-ийн гарт уу гэдгийг Сонгинохайрханчууд хэрхэн шийдэхийг улс даяараа ажиглан хүлээж байна.
Халхын заяа хаячихаагүй байгаасай!
Discussion about this post