Арваад хоногийн өмнөөс АН-ынхан төв талбайд жагсаал хийхээ мэдэгдсэн. Хоёр залуу дарга нь хоршиж хөдлөөд, Үүл баатрыгаа үүдэн хоймрын Сонгинохайрханд нэр дэвшүүлээд, энэ нам энүүхэндээ гэхэд эрч хүчтэй харагдаж эхэлсэн. Ардчилал амьсгаа авч, алдсанаа нөхөж, асгаснаа дүгнэж, бохирсон өвдөг дээрээ бодлого үүрээд босох л гээд байгаа юм. Гэтэл яав? АН жагсах сургаар МАН-ын нийслэл дэх удирдлагууд гэнэт л нөгөө адлаад байдаг ногоочиддоо хачин их хайр зарлаад өчнөөн асар төчнөөн хоногоор босгоотохлоо. Үгүй бас арга л юм даа, үгүйрэх гэж байгаа юм шиг хэдэн ногоочил тариаланчдаа ад үзээд алахаас наагуур дарамталдаг улс шүү дээ. Үүгээр ч зогссонгүй. Улс төрийн соёл, урдах хойдохын зохицол гэж мэдэхгүй хөлсний бүдүүлэг нөхөд хөөгдсөн туулай шиг гүйж очоод самраад, самардалцаад хаядаг байгаа. Тэр тусмаа хэн нь хэн бэ гэдгээ хэдэн үгэн дээр таниулаад, хоорондоо уралцаад, ходоодоороо уралдаад наасан. Үнэн ба зөв намын Отгонбаатар гэж орлого хөрөнгөө тайлагнаж чадахгүй нөхөр Сайхансамбуугаа яриад сарвайж унаж байна аа. За энэ ч яахав МАН талдаа мангар бяруу л даа. Хажууд нь нөгөө Жагар ханайсан 10 хамгаалагч дагуулж орж ирээд халамгайрч байна аа. Арван хамгаалагчийнх нь өдрийн хөлсийг чухам МАН төлөв үү, маний мэдэх Женко төлөв үү? Оюун-Эрдэнийн ачаар овоохой, олз хоёроо албан ёсоор нэгтгэсэн улс л даа. Гэсэн ч АН-ын хоёр залуу дарга хоршиж байгаад жагсаалаа хийж, үгээ хэлж, үйлдлээ цэгцэлчихээд, улс төрийн дээд соёл гэж юу байдгийг харуулж өгөөд тарлаа. Тэгсэн орой нь юу болов? Гурван шатны шүүхээр орж ял авсан эмэгтэй захиалгат нэвтрүүлэгт завхраад ороод ирлээ. Зоригийн амийг хөнөөсөн хэргийг зовлонт АН-ын нуруун дээр үүрүүлж, сонгуулийн өмнө солиотой улс төр хийж байгаа санаатай юм аа даа. Энэ эмэгтэйг цаашдаа ч олон удаа ашиглана, энэ мэтээр яриулах бүр юу ч биш. Уйлуулна, унтсан хэвтсэн бичлэг дэлгэнэ, тэгээд хэрэг нь дуусахад амиа хорлосон болгочих вий дээ, зайлуул. Ам зураг нь аргагүй адилхан таардаг болоод ч тэр үү, ард түмэн алуурчин гэж аймшиг тээн итгэдэг юм билээ. Харин алуурчныг шүүсэн, хэрэг хүлээлгэсэн арга барил бол өөр тусдаа асуудал. Хольж хутгаад, холион бантан зуураад байгаагийн цаана алуурчнаар АН-ыг арчуулах, арга ядахад сульдуулах арга л даа. За ингээд ганц өдрийн дотор арай ядан цэгцэрч буй АН-ыг хэдэн талаас нь хэмхчихдэг юм байна. Бат-Үүл Улсын баатар цолоо намдаа өгсөн, хоёр залуу даргыгаа хоёр талдаа тулаад Сонгинохайрханд хүч үзэж байгаа. Эргээд хар даа. Талбай дээр Элбэгээ ч биш, Баттулга ч биш, З.Энхболд ч биш, нөгөө л буурал Бат-Үүл жагссаар үлдлээ. Жагссаныхаа төлөө хэн нэгний зориуд илгээсэн хүмүүст доромжлуулж, зодуулж, харьж явахдаа орцныхоо үүдэнд бас отуулж өнөө л гудамжиндаа, нөгөө л тэмцлээ хийсээр үлдлээ. Энэ чинь өөрөө өнөөдрийн үнэн шүү, бидний харж, тэмтэрч байгаа үнэн. Боорлуулж, хэмхүүлж, хүч алдаж, хөлөө олох гэж тэмцэж байгааг нь дэмжинэ, хөөе. Эцэст нь хэлэхэд андууд нь ч, атаатнууд нь ч Монголын Ардчилалд амьсгаа авах боломж үлдээх үүрэгтэй юм шүү. МАН нь мянгантаа гялтайгаад ч, МоАХ-ыг Баттулга түмэнтээ улс төрийн нам болгож Баянголын гадаа банхарынхаа идүүртэй гинжлээд ч АН-ыг орлохгүй, орон зайг нь дүүргэхгүй. Гурван аравныг гудайж, гундаж, босч, босго сахиж туулсан АН-ын үзэл бодол, үнэ цэнийг орлохгүй за. Улс төрийн хүчнийхээ хувьд АН хүнд хэцүү үеийг тууллаа, хүнд хэцүү цагийн сөрөг хүчин байх гэж өндийж байна, өөр яах ёстой юм?
Р.ЭМҮЖИН
Discussion about this post