Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар өнөөдөр тэтгэврийн зөрүүний талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад 320 гаруй ахмад настан амьдарч байна. Тэдний ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон байгаа. Тэд бага цалингаас тэтгэвэр тогтоолгож, ихэнх нь тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөгөөр амьдарч байна.
Ахмадын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд өндөр настны тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнэ инфляцийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх заалттай. Энэ заалт хэрэгжээгүйгээс үүдэн тэтгэврийн зөрүү жил ирэх тусам нэмэгдэж, ахмадууд хохирсоор байна.
Засгийн газраас тэтгэврийн зөрүүг арилгах зургаан удаагийн шийдвэр гаргасан. Гэвч төсвийн хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар бага мөнгө тавьснаар тэтгэврийн зөрүү арилахгүй байна. Сүүлийн жилүүдэд тэтгэвэр дээр 20-30 мянган төгрөг нэмсэн. Тэтгэврийн зөрүүгээр бол 100-600 мянган төгрөг нэмэх ёстой.
Одоо ахмадууд 350-430 мянган төгрөгийн цалин авч байна. Гэтэл улс төрийн хүрээнийхэн бүх ахмадад 500 мянган төгрөг өгөх тухай ярьж байна. Үүнийг Монголын ахмадын холбоо эсэргүүцэж байгаа. Ингэж 500 мянган төгрөгөөр тогтоовол ажилласан жил, авсан цалин, шимтгэл төлсөн хугацааны зарчим алдагдана. Олон жил хөдөлмөр эрхэлсний үр шим гарахгүй болно гэдгийг Монголын ахмадуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлж байна.
Сүүлийн 10 жилд 40 гаруй мянган ахмад настан нас барсан. Ахмадууд тэтгэврийн зөрүүг арилгахыг хүлээсээр байгаад насан өөд болж байна. МАХ-ноос энэ зөрүүг арилгах хөрөнгийг шийдэж, 70-аас дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг эхний ээлжинд арилгаж өгөөч гэсэн хүсэлтийг төрд удаа дараа тавьсан ч биелэхгүй өнөөдрийг хүрсэнд харамсаж байна.
Тэтгэврийн зөрүүг арилгахад 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл ирэх оны төсөвт тэтгэврийн зөрүүг арилгах талаар хөрөнгө төсөвлөөгүй байна. Энэ хэвээр төсвийг баталбал ахмадуудын гомдол бухимдал үргэлжлэх нь. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт шаардлага хүргүүлж, 2022-2023 онд 600 тэрбум төгрөг гаргаж, тэтгэврийн зөрүүг арилгахыг хүслээ. Ингэхдээ 70-аас дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэж өгөхийг ахмадын байгууллагаас хүсч байна.
Discussion about this post