Дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага болох Олон улсын хөлбөмбөгийн холбоо нь авлигын схемийн хохирлын төлбөрт 201 сая ам.долларын нөхөн олговор авах болно гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдээлэв. Энэхүү нөхөн төлбөрийг уг схемд оролцсон хуучин албан тушаалтнуудын банкны данснаас хураан авчээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас тус авлигын хэргийг 2015 онд шалгаж эхэлснээс хойш 50 гаруй этгээд ял сонсоод байгаа юм. Мөн 27 хүн, 4 аж ахуйн нэгж байгууллага гэм буруугаа хүлээжээ.
“Хөлбөмбөгийн авлигач албан тушаалтнууд, спортын маркетингийн удирдлагууд авлига, шунахай байдлаар хулгайлсан хөрөнгийг буцаан өгч, тус хөрөнгийг спортын ашиг тусын тулд хэрэглэгдэх болно” хэмээн Нью-Йоркийн прокурор Жаклин Касулис хэлэв. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг гэм буруутай этгээдийг яллах, хууль бусаар алдагдсан хөрөнгийг сэргээн хөл бөмбөгийн ашиг тусын тулд ажилладаг хүмүүст өгөхөд чиглэж байна.
Тухайлбал Эл-Сальвадор Улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан ОУХБХ-ны авлигын хэрэгт холбоотойгоор хөлбөмбөгийн тоглолт дамжуулах үйл ажиллагааны үеэр хахууль авсан үйлдэлд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөв. Эл-Сальвадорын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан 65 настай Рейналдо Васкес АНУ-ын шүүгч Памела Чений өмнө гэм буруугаа хүлээсэн байна.
Васкес нь 2012 онд хөлбөмбөгийн нэвтрүүлэг дамжуулах эрх олгох үеэр АНУ-д байрладаг “Media World” байгууллагаас 350 мянган ам.долларын хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Васкес 360 мянган ам.доллар төлөхөөр болсон байна.
Гэм буруутай этгээдэд оногдуулах ялыг энэ оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэх бөгөөд түүний өмгөөлөгч энэ талаар тайлбар хийгээгүй байна. 2019 онд Васкесд ОУХБХ-ноос 500 мянган швейцар франкийн торгууль оногдуулж, хөлбөмбөгийн арга хэмжээнд оролцох эрхийг нь насан туршид нь хассан юм.
Discussion about this post