Олимпийн наадмын сүүлчийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн явагдлаа. Тэсвэр тэвчээр, шандас шалгасан энэхүү гараанд 106 тамирчин өрсөлдөхөөр гараанаас гарав.
Өмнөх өдөр нь явагдсан эмэгтэйчүүдийн марафоныг хэт халуунаас болж нэг цагаар урагшлуулсан. Харин эрчүүдийн тэмцээний цагт өөрчлөлт орсонгүй, хуваарьт цагтаа явагдлаа. Уралдаан болж байх үед Саппород 27 градус орчим халуун байв. Гэхдээ салхитай байсан нь тамирчдыг уралдахад дэм болж байлаа.
Энэхүү уралдаанд Монголын хоёр тамирчин хурд сорьсноос Ц.Бямбажав 2 цаг 21 минут, 32 секундын амжилтаар 55-р байрт орлоо. Энэ нь түүний хувьд улирлын шилдэг амжилт нь болж байна.
Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од 35 дахь км-ээс замаас гарч, уралдаанаа дуусгаж чадсангүй. Энэ өдөр нийтдээ 30 тамирчин уралдааныг дундаас нь орхижээ.
Ингээд дүн гарахад Кенийн тамирчин Элиуд Кипчоге 2:08.38 амжилтаар түрүүлж, Риогийн Олимпийн аварга цолоо хамгаалав. Тэрбээр Афины Олимпоос хүрэл, Бээжингээс мөнгөн медальтай ирсэн бол сүүлийн хоёр Олимпод дараалан түрүүлж байна.
Мөнгөн медалийг Сомали гаралтай Нидерландын гүйгч Абди Наигийе хүртлээ. Тэрбээр Риогийн Олимпод 11-р байр эзэлсэн бол Токиод дутуугаа гүйцээж, Олимпийн медальтан болж чадав. Сонирхуулахад, Абди Кенид бэлтгэл сургуулилтаа базаадаг аж.
Хүрэл медалийг мөн л Сомали гаралтай Бельгийн гүйгч Башир Абди хүртсэн. 1500, 3000, 5000, 10000 метр болон марафон гээд холын зайн гүйлтийн бүх л төрөлд хурд сорьдог тэрбээр анхны том амжилтаа гаргасан нь энэ юм.
Эрэгтэйчүүдийн марафоноор Монголын баг тамирчдын тэмцээн уралдаан өндөрлөж байна.
Эрэгтэй марафоны дүн
Элиуд Кипчоге (Кени) 2:08.38
Абди Нагийе (Нидерланд) 2:09.58
Башир Абди (Бельги) 2:10.00
…55.Ц.Бямбажав (Монгол) 2:21.32
Discussion about this post