СҮРДҮҮЛЭГ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Би хэн нэгэн албан тушаалтныг биш, хүний эрхийг л хамгаална. Цаашдаа ч хувь хүний эрх, эрх чөлөөг байгаа хугацаандаа бүхий л чадлаараа өмөөрнө.


 

“Хорооноо” вирус хүмүүн төрөлхтнийг сүрдүүлсээр 2 сар гаран болж өдөр шөнө ээлжлэхэд хүн рүү үхэл аварга нэг том алхана…

“Коммунист” хоёр гүрний дунд хавчуулагдсан халиун шаргал тал нутагтаа манайхан цөөхүүлээ мөртлөө бие биенээ сүрдүүлэн, наадгай хийж, тамлан тарчлааж байна.

Эдүгээ Монгол Улсын 30-н жилийн нэн шинэ түүхэн үйл явцын хөтөч түүчээ нь болж яваа нэг ерөнхийлөгч, гурван ерөнхий сайд, нэг шадар сайд, нэг сангийн сайд, нэг хотын дарга эдгээр хүмүүсийг яллагдагчаар (ядаж сэжигтэн гэж болоогүй л юм байхдаа) татан, шүүхээр зөв буруу нь нотлогдоогүй байхад нэр төрийг нь сэвтээж, ар гэр, аав ээж, ахан дүүсийг нь сандааж, дээр дооргүй л сүржигнэн мэдээллийн хэрэгслээр хужаа, хүзүүгүй, ална, тална, хөөнө, тууна гэж сүрдүүлж, увайгүй авирлацгааж байна.

Хэрвээ дээрх этгээдүүд буруутай юм бол тэр үеийн парламент, засгийн газар танхимаараа шоронд орж, шонд дүүжлэгдэх учиртай гэж сүрдүүлье би…

Сүрдүүлэг “Савангийн дуурь” чухам хаа хүрэх юм бол оо?!?

Эднийг ингэж байгаа юм чинь бид бол дуусах нь ээ гээд л Монгол Улс тэр аяараа сүрдэж байна. Хажуугаар нь “Хорооноо”-гийн тархалтаар далимдуулж хамхуул аятай сүрдэх, сүрдүүлэхийн салхинд хуйлрана.

Хэдхэн жилийн өмнө Тулгын туслах нэгэн бүсгүйг хоригдоход нь хамгаалж, мэдэгдэл хийж байв даа! Женког өөрийг нь ч чадлаараа өмөөрсөн.

Би хэн нэгэн албан тушаалтныг биш, хүний эрхийг л хамгаална. Цаашдаа ч хувь хүний эрх, эрх чөлөөг байгаа хугацаандаа бүхий л чадлаараа өмөөрнө.

Энхрий хайрт ард түмнээ цагаан сараар нь айл битгий хэс, гэртээ бай!, хөдөө орон нутгийн замуудыг хаалаа…Ингэж аргадан сүрдүүлчихээд Ерөнхий сүрдүүлэгч бараа бологсдын хамт төрийн тусгай хамгаалалтын дүрэм журмаа үл тоон, хуулийг уландаа гишгэж, Урд хөрш рүү (тахлын голомт руу) хүн чанарынхаа сүрийг үзүүлж, 30-н мянган хонь хандивлав аа…Лут дипломат ёс оо…Төрийн тэргүүний аюулгүй байдал яасан бэ? Энэ ёс зүй мөн үү?…

60-н сая малтай улс мөн юм бол бог, бод нийлсэн нэг сая мал өгчихгүй дээ.

Одоо Орос ах нар бас “Хорооноо”-д нэрвэгдлээ. Тэдэндээ хэдэн мал өгнө байгаа. Дэлхийндайны үед Сталиндаа хоёр морь, адилхан дайтаж байгаа юм Гитлер хүүд нэг морь өгье гэсэн Монгол хүний нүнжиг бас байдаг даа. Тийм ээ?

Хуулийн өмнө толгой бүхэн бөхийх учиртай…Аль ч үеийн төрийн тэргүүний ололтыг үгүйсгэхгүй. Алдаатай нь бүр ч эвлэрэхгүй! Магтан мандуулж болсон юм. Буруу гажуу үйлдлийг нь шүүмжлэнэ! Энэ зөвхөн миний ч эрх биш, хүн болгоны эрх. Амьдралын үйл явцад рационал байх нь зөв үйл явц. Нэр төрөөс бодит үнэ цэнийг илүү эрхэмлэнэ би.

Сүрдүүлэгчид иж бүрэн бүлэглэл болж, бодит чиг хандлагыг үгүй хийх буруу арга барил нь хүмүүст зөв болон харагдаж, гаж дадал зуршил, сэтгэцийн эмгэг тусах нь байна. Тэдний суртаал нь хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд видео галбираар биежиж, гүтгэлэг, жөтгөлгийн хар сүнс болон түгж байна.

Тэр нь бүдүүлэг, боловсролгүй, ой гутам, хорон үгсийн цуглуулга, дүр төрх нь загнасан, гутаасан, зэмлэсэн, үгүйсгэсэн, үзэн ядуулахын туйлд чиглэсэн байхыг яана.

  • Хөмсгөө зангидан, нүдээ гялалзуулан, шүдээ хавиран тамшаалж, зуунгитан, хүйтнээр инээд алдан, бүх галбирын дохио зангаа айлган сүрдүүлсэн, доромжилсон өнгө аяс нь сүрдүүлгийн гол зэвсэг болжээ. Одоо боллоо! Зогс! Ухаар!

Дугуй ширээний ард сууж зөв нь аль вэ, буруу нь юу байв аа гэж оюун санаа, үзэл бодлоо уралдуулан, мэтгэлцэж, сүрдүүлгийг намжаах цаг ирлээ…Сүрдүүлэгчидтэй мэтгэлцвэл тэд хийж байгаа үйлдлээ хамгаалах ямар ч эд мөрийн баримт байхгүй нь харагдаж байна.- Хэрвээ байвал өөрөө хамт унах хэрэг үүснэ.

Өөрийн толгойгоор бодитой дүгнэлт хийж чаддаггүй, бусдын бодлоор хов живийг зөв гэж үздэг хүн л сүрдүүлэх арга руу эргэлтгүй орчихдог. Эцэст нь түүндээ өөрөө ороогдохоо мэддэггүй нь эмгэнэл. Мухар сүсэгт идэгдсэн альтруист үзэлтэн тийм байдаг юм. Бусдаар магтуулж байх нь л түүний гол зорилго. Үнэн зөв баримт нотолгоо учир зүй түүнд хар дараа. Шүүмжлүүлэх нь түүний хувьд аймшиг. Харин зусардагчид л тайтгарал нь болно. Өөрөөс нь өөр үзэл бодолтой хүний голч санаа оноог огоорон шууд л бусдад таалагдахыг хүсдэг. Тэгээд зогсохгүй эргэн тойрныхоо хүмүүсийг үгэндээ оруулж, чөлөөт сэтгэлгээг нь мохоож, өмнөө бөхөлзүүлж байх нь гоё санагддаг.

Манай улс төрийн амьдралд сүрдүүлэх арга барил иж бүрэн ажиллаж байгаа харагдах юм. Сэхээрээч!

Улс төрийн мэтгэлцээн хийж, бие биенээ дорд үзсэнээ гэнэтхэн худлаа аргадаж, уучлал гуйж, сүрдүүлж, эрчүүдийн хооронд болдог л явдал ч гэх шиг. Мэтгэлцээн биш, хэрүүл маргаан, өс хонзон, атаа хорсол савсуулах сүрдүүлгийн түймэр асна. Намууд нь сонгууль дөхөхөөр сүрдүүлгийн менежментээ сонгодог утгаар нь хэрэгжүүлнэ. Өрсөлдөгчийнхөө нэр төрийг гутаах сүүлчийн цэг нь сүрдүүлэг. Ямар ч баримтгүйгээр хүн рүү дайрах, зохиомол гүжирдлэг хийх, хувийн нууц, ор хөнжил рүү нь орох олон хувилбартай. Үүнийгээ зүгээр л улс төр шүү дээ гэж улайм цайм мэлзэнэ.

Улс төр, улс төрчдийн явуургүй лоймол арга нь хүнхоорондын харилцаан дахь соёлын уналт болоод байна. Болих юм биш үү?

Оюун санааны өндөр түвшинд тодорхой баримттай, үнэн мөн чанартай байж чадахгүй болоод ирэхээрээ ашигладаг адгийн арга бол сүрдүүлэг. Логик (учир зүй) яриа хэлцлээс айж залхан зугтдаг хүмүүс л сүрдүүлэх загвар руу шамдамгай шунадаг.

Өөртөө итгэлтэй, өөрийгөө боддог, өөрөөрөө бахархдаг хүмүүсийг “Ёс жудаггүй хүн” хэмээн цоллон хашгирдаг хүн бол адгийн авиртан гэдгээ мэддэггүй. Мэдлээ ч тоодоггүй. Сэтгэлгээний сонсгол нь дүлий. Оюуны мэлмий нь сохор гэсэн үг.

Өнөөдөр ҮАБЗ нь прокурор, шүүх, цагдаа, тагнуулыг сүрдүүлээд, сүрдэгчид нь ажил хийсэн хэнийг ч хамаагүй сүрдүүлж, үүнээс үүдээд Монгол хүн сүрдэж, сүрдүүлэгчийн дэргэдэхүүд нь зусардацгааж байна. Одоо зогс!

Хийсэн бүтээснийхээ төлөө, хэлсэн ярьсныхаа тулд, шүүмжлэн анхааруулсныхаа эрчинд би сүрдэхгүй!!!

Жич:

Гэрлийг тодруулахын тулд харанхуй байдаг
Гэгээрлийг тодруулахын учигт мунхаг байдаг
Бурханыг тодруулахын учир буг байдаг
Буяныг тодруулахын тухайтад нүгэл байдаг…

2020 оны 3-р сарын 21

Next Post

Discussion about this post