ШУА-ийн Археологийн хүрээлэн, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Туулын Хар Түнэ” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших Түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын Хар Түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх болно.
Судалгааны тойм
1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид анх илрүүлсэн, 1979 онд гүймэг шинжилж олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан “Түргэний голын кидан балгас” хэмээсэн байдаг.
2005-2006 онуудад Их Монгол Улсын 800 жилийн ойн хүрээнд МУИС-ын НШУС-ын Археологи-антропологийн тэнхим, Чингис хаан дээд сургууль хамтран археологич Д.Навааны удирдлагаар төв барилгын хэсэгт бага хэмжээний малтлага судалгаа явуулж, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүн, дурсгалын байршилд тулгуурлан Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурь хэмээн үзсэн байдаг.
Уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага судалгааны ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна.
2021 оны малтлага судалгааны урьдчилсан үр дүн
2021 оны 7 дугаар сарын 10-нд судалгааны ажил эхэлж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.
1. Дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж гүйцэтгэв. Хотын туурийн хэрэм болон түүний дотор орших төв барилга, жижиг барилга байгууламжуудын бүтэц, рельефийг харуулсан дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байна.
2. Хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлох зорилгоор 2 х 26 м сувгийн малтлага гүйцэтгэж, 4 м өргөн, 70 см өндөр шавар үелэн тагтаршуулсан шороон хэрэм, түүний гадна талаар 4 м өргөн, 60 см гүн сувагтай байгааг тогтоов. Уг сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байна. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болж байна.
3. Хэрмийн дотор орших төв ордны дээд хэсгийг бүрэн цэвэрлэж, дэвсгэр зургийг үйлдэж, суурийн хэсэгт зүсэлт явуулж бүтэц зохион байгуулалтыг тодорхойлов. Уг ордны туурь нь шороон хэрэмний ерөнхий тэг, чиглэлтэй давхцахгүй байгаа нь өөр цаг үед холбогдохыг шууд илэрхийлж байна. Ордныг байгуулсан шороон суурь нь 34 х 18.5 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд цайвар өнгийн шавар дагтаршуулан дэлдэж 2.5 м өндөр шороон давцан үүсгэн, шатаасан тоосгоор нямбайлан шалласан болохыг тодорхойлов. Шалны тоосгон өрлөгөөс үзэхэд уг барилга нь үүдний угтах хэсэг болон хэд хэдэн томоохон тасалгаанаас бүрдэх бөгөөд барилгын материал болох дээврийн ваар, нүүр ваар, тоосго, барилгын гоёл чимэглэл багагүй илэрч байгаа нь нарийн мэргэжлийн урчуудын оролцоотой, инженерийн хэмжилт тооцоо, төлөвлөлтийн дагуу баригдсан архитекторын уран тансаг шийдэлтэй, гоёмсог хийцтэй ордон байсныг илэрхийлж байна. Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн болж байна. Ордны суурийн зүсэлтийн малтлагаар он цаг тогтоох модон байгууламжны үлдэгдэл илэрч олдоод байна.
4. Малтлага судалгаанд үндэслэн ордныг тухайн үеийн байдлаар нь сэргээн зурах ажлыг эхлүүлээд байна.
5. Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй бөгөөд тэдгээрийн дотор 1000° дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна.
6. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг гаргах ажлыг гүйцэтгэж байна.
7. Бид бүхний хамтарсан судалгаа нь олон чухал үр дүнд хүрснийг тэмдэглэх хэрэгтэй бөгөөд археологийн малтлага судалгааг цаашид тогтмол явуулж, түүхэн дурсгалт газрыг хадгалан хамгаалж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, олон нийтэд зөв зохистой сурталчлан таниулах шаардлагатай байна.
ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
Discussion about this post