-Киноны тухай хууль батлагдана гэсэн, танай нэгтгэл их үүрэгтэй оролцох байх даа?
-ССАЖЯ-наас зохион байгуулаад киноны хуультай болох гэж байгаа. Ер манай дарга нар, киночид ч ер нь кинон дээр нэлээн акцент өгье гэж байгаа. Ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Энэ тухай 2000 оноос ярьж л байгаа. Шинэ сайд Оюунгэрэл дайчин шуурхай бүсгүй хичнээн жилийн өмнө хулгайд алдсан динозаврыг чинь хөөцөлдсөөр байгаад олоод л ирж байна. Гадаад, дотоод харилцаа сайтай болохоор төсөвт мөнгө байхгүй ч гэсэн янз бүрийн төсөл хийж, мөнгө босгон урлаг соёлыг өөд нь татах байхаа. Киноны тухай хуультай болбол театрын хуультай болно, эстрадын хуультай болно гэж ярьдаг. Кино бол эзэлж байгаа байр суурь, хамрах хүрээ хамаагүй илүү учраас тодорхой хуультай бол болохгүй. Хуулиндаа хамгийн гол нь прокат, үзвэрийн газар. Орост нийт гарч байгаа киноны 70 хувь нь үндэсний кино байна гэдэг. Солонгос энэ тэр бүгд адилхан манайх бол Америк, Солонгосын киногоор бөмбөгдөөд дуусдаг. Хоёрдугаарт прокатан дээр кино хийхээр орлогын 50 хувийг нь кинотеатрууд аваад байгаа ш дээ. Ийм байж болохгүй. Манайх Оросын школоор л явсан. Соц реализм гэж тунхаглаад, бүх урлаг соёл чиг баримжаагаа болгож байсан, дараа нь адилхан дампуураад, дахиад сэргээд явж байна. Орос бол том гүрэн учраас амархан сэргэж байна. Манай бүх аймагт байсан кино театрууд байхгүй, бүгд банк зах, хөрөнгийн бирж болоод дууссан. Хотод 14 кинотеатр байсан. Үйлдвэрлэл явуулж кино хийлээ, “Тэнгис” 50 хувийг нь шууд авдаг. Юм дуугарвал киног нь гаргахгүй гээд манайхан ярьж чадахаа байчихсан. Нөгөөдүүл нь хэдэн төгрөгийг нь хамж аваад сууж байдаг. Одоо киног өсвөр насныхан хүүхэд залуучууд их үзэж байгаа. Одоо ажил албатай залуучууд кино үзээд эхэлбэл манайд киноны зах зээл байгаа. Одоо бол аав ээжээсээ мөнгө аваад 3000 төгрөгөөр кино үздэг хүүхдүүд их байгаа.
-Өдөр болгон л нэг кино нээлтээ хийх шахаж байна. Жилд хэдэн ч кино гараад байгаа юм?
-Кино ч гэж дээ. Одоо олон улсын фестивальд явъя гэхээр 35 мм-ийн хальсан дээр хийсэн, стандарт хангасан юм авчир гэдэг. Тэгэхээр манайх чаддаггүй. Видеогоор телевизийн кино хийгээд гаргаад явж байна.Ядуу жижиг орон хэцүү ш дээ. Одоо бага ч гэсэн киноны орчин үеийн үйлдвэрлэлтэй болох хэрэгтэй байна. Монгол чинь биеэ даасан үндэстэн шүү дээ. Тэнд их мөнгө хэрэгтэй. Нэг кино хийгээд хэдэн хүүхэд үзээд байх биш.
-“Би чамд хайртай 2”, “Боолын гэрээ” кино их ашиг олсон юм гэсэн.
-Мөнгө олсон гэж яриад байгаа ч кино хийсэн зардлаас л арай илүү олж байгаа байхгүй юу. Америкийн болоод бусад орны кинонууд ямар их ашиг олж байна. Олон хүрээнд үзэж байж мөнгө олж байна. Манайх 100 сая төгрөг зараад 110 сая олдог ч юм уу, тэгэхээр их мөнгө оллоо гэж яриад байдаг. Өөрсдөө нэг камертэй, тэгээд эрэгтэй эмэгтэй хоёрыг уулзуулаад нэг кино болдог. Дөрвөн уулынхаа дундаас гарах хэрэгтэй. Кино уг нь их боломжтой. Нэг кино хийхэд өчнөөн олон газар зэрэг гаргана, хөдөө орон нутагт гаргана, гадаадад ч гаргаж болно. Одоо дуурийн театрт нэг дуурь тоглууллаа. Гадаадад тоглоё гэхэд 150-160 хүний бүрэлдэхүүнтэй, дээр өчнөөн оркестр дагаж явах хэрэг болно. Тэгэхээр киногоор Монголын соёл түүхийг сурталчлах боломжтой. Тэгтэл хийж байгаа аппарат, техник хэрэгсэл нь олон улсын чанарын шаардлага хангахгүй. Дөрвөн сая доллароор тоног төхөөрөмж авах шаардлагатай гэж олон жилийн өмнөөс төсөл төсвөө хийсэн явж байна. Картаар талхаа авч байсан үеийг ойлгож байсан. Одоо мөнгө төгрөг олоод байгаа юм чинь анхаарах хэрэгтэй байна. Тэгээд орчин үеийн техник хэрэгсэлтэй болчихвол бусад улс нь ирээд киногоо хийг, дэлхийн зах зээлд гаргаг. Түүнээс нэг кино хийгээд хэдэн хүүхдүүдэд үзүүлснээ яриад, бөөн баяр болоод гүйгээд байх цаг биш ээ. Их ашиг олох бололцоо байна. Бямбасүрэнгийн хийсэн “Ингэн нулимс” хальсан дээр хийсэн, манай эндээс аппарат техник аваад хийсэн. Угаах боловсруулахаа Герман, Францад хийсэн. Германууд менежмент хийгээд дэлхийн бүх орноор Монголыг сурталчиллаа ш дээ. Тэгж л хийнэ үү гэхээс, нэг кино хийгээд “Тэнгис”-т хэдэн хүүхэд цуглаад л, уран бүтээлчдийнх нь найз нөхөд ирээд алга ташаад явж болохгүй ээ. Хойшдоо том хэмжээний стандарт хангасан кино хийгээд гадныханд үзүүлэх бололцоо их байгаа. Монголд хийх авьяастай найруулагч залуучууд байх шиг байна.
-Та ямар уран бүтээл хийж байна. Оросуудтай хамтарч кино хийж байгаа, хэзээ дуусах бол?
– Түүхэн сэдэвтэй “Талын зам 505” гэдэг кино хийж байна. Энэ киноны төсөв их өндөр, хоёр сая орчим долларын төсөвтэй. Оросын талтай тохироод, Оросын тал зохих мөнгөө, жүжигчдээ гаргаад, ноднингоос зураг авалт эхлээд явж байна. Манай талаас гаргах хөрөнгө саатсаар байгаад оройтчихсон юм. Энэ киног Балжирын Догмидын зохиолоор хийж байгаа. “Улаан тарианы хүүхнүүд” гээд өгүүллэг бий. 1940-өөд оны сүүлчээр, дайны дараа МУ-ын сэргэн мандалт эхэлсэн. Өмнө нь сүйрч байсан баримт бий. Манжийн дарлалд 200 жил болж зовж зовж гарсан, 1920 оноос хувьсгал, гамин бароны хөлд баахан нэрвэгдээд, 30-аад онд эсэргүү энэ тэр гээд дотооддоо баахан юм болсон, хоёр дайн үзээд, ядарч туйлдаж хагас сая хүнтэй үлдсэн. 1946 оны тооллогоор 600 мянган хүнтэй гэж гарснаас 100 мянга нь хятад, 30 мянга нь түвд байсан. Энэ үед ирж байсан бүх л том эрдэмтэд, Прежевальский, Шастин нар “Энэ үндэстэн мөхөж байгаа юм байна” гэж дүгнэж байсан. Хоцрогдсон бүдүүлэг эмнэлэгтэй, өвчин зовлонд нэрвэгдчихсэн, ихэнх нь тэмбүүтэй, төрөлт байхгүй болчихсон. Дөчөөд он хүртэл эрчүүд нь хугацаатай хугацаа цэргийн албанд дайчлагдаж арай гэж ирсэн, хүүхнүүд нь ихэнх нь өвчтэй зовлонтой, ядуу зүдүүгийн туйл болчихсон байсан. Дайн дажин дуусаад, тусгаар улс болоод одоо нэг улс болъё гэтэл хэдэн малаас гарах юм байхгүй, мэддэг юм юу ч байхгүй, 1946-47 он гэхэд тэмээн жинтэй тууж байлаа. Тэр үеийн удирдлагууд мундаг бодлого явуулсан. Нэгдүгээрт хүн амаа эрүүлжүүлье, хойноос бүх юмаа авдаг учраас эхний ээлжинд төмөр замтай болъё гэсэн. Энэ саналаа Москвад тавьж, тэгээд 2-р дайны үед урвасан гэгддэг Власовын арми болон цэргийн хоригдлуудыг Сталин төмөр зам тавиул гээд явуулсан юм билээ. Хөөрхий олон мянган цэрэг улаан гараараа долоон жилийн хугацаанд Наушкаас Замын-Үүд хүртэлх 1200 гаруй км төмөр зам тавьсан. Власовын армид сувилагч, нисгэгч байсан хүүхнүүд төмөр замын хажуугаар холбооны шонгуудыг тавьсан. Манайх одоо том төмөр зам тавина гээд 2,5 тэрбум долларын төсөл хэрэгжүүлэх гэж байна. Ер нь 70 жилд 100 км төмөр зам тавьсан. Бусад хамгийн том төмөр замыг оросууд тавьж өгсөн. Хөөрхий энэ хүмүүсийн буруу байхгүй, тэр хүмүүсийг 1956 онд цагаатгасан. Власовын армийнхны мах шөлийг зулгааж, алж хядаж байж төмөр замаа тавиулсан. Энэ бол түүх, монголчууд мэдэж байх хэрэгтэй. Яг энэ төмөр замаар 35 удаагийн экспедицээр Оросоос 2500 эмч нар ирж бүх аймаг сумаар явж улаан тариа хийж, улс орон даяар том компанит ажил явуулсан. Нэг удаа тарих биш хэд хэдэн удаа тарьдаг, хүмүүсээ цуглуулахын тулд сумын төвийн улаан буландаа дуу хөгжим болж цуглуулж тарьсаар байгаад өвчнөөс нь салгасан. Тавиад оноос хойш хүн ам тав дахин өссөн. Ийм кино хийх гээд үзэж байна. Манай төмөр замынхан дэмжихгүй айгаад байсан. Догмидыг “Улаан тарианы хүүхнүүд” өгүүллэгээ бичсэний дараа зохиолчид “Балай юм бичдэг хог, Монголын бузар булайг дэлгэлээ” гээд загнасан байгаа юм. Тэр чинь түүх ш дээ. Догмид тариандаа явдаг байсан хүүхнүүд гэрээр нь дайраад гарсныг бичсэн шүү дээ. Энэ сэдвийг уран зохиол урлагт хаачихсан байсан. Мөн төмөр зам тавьсан тухай хүмүүсийн ам дамжсан ярианаас сонссон болохоос бас л хаалттай сэдэв. Ямар ч гэм зэмгүй хичнээн мянган Орос цэргийн хөлс хүчээр тавьсан төмөр замаар Монголд хөгжил орж ирсэн, үйлдвэр сэргэсэн, машин унаа орж ирсэн. Бид арай том түүхэн кино барьж авах гээд байна л даа. Энэ кинонд оролцохоор хойноос 130 гаруй хүн ирж зурганд орсон. Байрлуулах буудал энэ тэр гээд зөндөө асуудал гарна. Мөнгө нь бүтээгүй одоохондоо зогсчихсон байгаа. Шинэ төр засаг анхаарч үзээд дэмжье гэж байх шиг байна. Манай Зам Тээврийн Яам, БХЯ их дэмжсэн, тэр тусмаа манай “казино” Энхбаатар их дэмжсэн. ЭМЯ телевизийн олон ангит хийлгэсэн эмч нар их ууртай, биднийг доромжлоод байна гэдэг юм билээ. Боловсон эмнэлгийн үндсийг тавьж ард иргэдийг өвчин зовлонгоос аварсан орос эмч нарын тухай кино хийе гэхээр бүгдээрээ айгаад байдаг. Тэр үеийн сайд Ламбаа, Цолмон хоёр ёстой гоё сэдэв гэсэн мөртлөө дэмжээгүй ээ. Тэдний санхүүжүүлсэн киног үзээд эмч нар гутаалаа доромжиллоо гээд уурласан. Ер нь оросуудыг дагаад анхны монгол эмч нар бий болсон, энэ нь үнэн шүү дээ, тэр үед бичиг мэддэг бүх эрэгтэй хүмүүс санитар болсон. Энэ хүмүүс энэ үндэстний нийгмийг хамарсан халдварт өвчнөөс салгасан. Хорь, гучаад онд анагаах ухаан тэмбүүг дийлэхгүй Ленин тэмбүүгээр үхсэн ш дээ. Оросын том ноёд сэхээтнүүд ихэнх нь тэмбүүгээр үхсэн. Тэмбүү дийлдэхгүй байсан. Догмид ярьж байсан. Тэр үеийн хүүхэд л дээ. Төрөлтгүй болчихсон, морь унах хүүхэд байхгүй жижигхэн биетэй авгайгаараа наадамд морь унуулж байсан гэж байгаа. Ганц хоёрхон хүүхэн хүүхэд гаргадаг, хүүхэд гаргахаар “дараа нь би өргөж авъя” хүлээгээд байж байдаг байсан гэсэн. Улаан тариа хийж эрүүлжүүлсний дараа алдарт эхийн одон гаргаж айл бүр 5-6 хүүхэдтэй болсон. Энэ киног хийхэд оросууд дэмжсэн, харин манайхан сэтгэл гаргаагүй, айсан.
-Т.Очирхүү гуайн үед үү? Тэр хүн ч киноноос хол хүн байхаа.
-Тийм. Киноноос хол нь яах вэ, 1200 км энэ замыг хэн тавьсан юм бэ, хөгжлийн хамгийн гол түлхүүр болсон бүтээн байгуулалтыг хэн бүтээсэн бэ? Энэ төмөр замын дор маш олон хоригдлуудын хүүр байгаа гэж ярьдаг. Бугуйн дээрээ 505 гэсэн тоо шивүүлсэн хүмүүс, оргох юм уу, ажлаа хийхгүй эсэргүүцэхэд цаазлахад бэлэн “Эх орноосоо урвасан” ялтай хүмүүс байсан. Эсэргүүцвэл буудаж алаад гар дээр бичсэн тоогоор нь тооцоо хийдэг байсан гэдэг. Генерал Власовыг тэр үед буудаад алчихсан, одоо оросын баатар болгох гэж байна. Власов цагаан хааны үед байсан офицер, коммунизмын эсрэг хүн, Сталины эсрэг байсан учраас германуудтай нийлсэн, европыг коммунизмаас аваръя гэж явсан хүн юм билээ. Тэгтэл тэнд байсан олон мянган хүн ямар ч буруугүй, тушаалаар л явсан. Гэтэл тэднийг эх орноосоо урвасан гэж пайз зүүж хэлмэгдүүлэн, шоронд хорьж байгаад манайх руу төмөр зам тавиулахаар явуулсан юм байна лээ. Тэр хүмүүс бүх насаараа хэлмэгдсэн. Төмөр замын хажуугаар утсан холбоо шонгийн моднуудыг орос хүүхнүүд тавьсан. Тэр олон модыг цагаалаад, нүх ухаад хүнд хүчир ажил хийж байсан. Гэтэл манай эрчүүд хоёр шил монополь архиар нэг нэгээр авч яваад хонодог, хүний эрхэнд доромжлуулж байсан. Гар хөл нь урагдаад улаан шарх, тоос шороо болчихсон хүүхнүүдийг орой ажлаасаа ядраад буухад нь гал командын ус шүршдэг машинаар шүршиж усанд оруулаад, нэг нэг эрээн палааж тарааж өгөөд бүжиглүүлдэг байсан гэдэг. Гэтэл хөөрхий амьтад 1200 гаруй км газар утасны шон тавьсан. Манай морьтой залуучууд хүүхнүүд очиж нүх ухаж өгдөг. Харгалзагч офицерүүд нь нутгийн айлаар хэсэж архи уугаад, морин хуур тоглоод дуулдаг, хааяа буу дуугаргадаг, Догмидынхоор ирдэг байсан гэдэг. Тийм болохоор энэ сэдвээр кино хийе гэж бодсон юм. Хэдэн жилийн өмнө Эрхүүд кино өдрүүд зохион байгуулаад нэг дунд сургууль дээр очсон чинь 10 жилийн хүүхдүүд нь “Монгол гэдэг газар кино хийж байна гэж үү” гээд гайхаж байсан. Эрхүү бидний хаяанд ойрхон байгаа газар ш дээ, тэгэхээр бусад газар яаж мэдэх юм бэ? Өнгөрсөн хэдэн жил Бодровын хийсэн “Чингис хаан” “Ингэн нулимс” кино Монголыг дэлхийд танилцуулж өглөө. Ингэж л Монголын тухай ойлголт өгнө үү гэхээс биш бид энд хашгираад, хэдэн сайд дарга нар энд тэнд очиж зочлоод мэдэхгүй байна шүү дээ. Монгол зан заншил, соёл уламжлалаа кино урлагаар дамжуулж гадныханд ойлгуулах ёстой.
-Та баримтат кино нэлээн хийсэн, Далай ламын тухай баримтат кино хийсэн хүн. Одоо баримтат кино хийж байна уу?
-Баримтат кино, хүүхдийн кинонд төсвөөс мөнгө гаргалгүй 20 гаруй жил боллоо, таг зогссон. Олон оронд төр нь киног ивээлдээ байлгадаг. Оросод төр нь киног дэмжээд сэргээчихлээ. Манай техник технологи хоцрогдсон, яахав телевизийн олон ангит кино хийж болно. Олон улсын стандартад таарсан юм байхгүй. Ер нь зөндөө кино хийсэн. 1990 онд шашин сүм хийд сэргээд, Далай лам гэж ярьж эхэлсэн. Тэгээд би Далай лам руу захиа бичиж “Таны тухай баримтат кино хиймээр байна” гэхэд дор нь хариу ирээд, Бакула ренбүүчи дэмжсэн. Би Далай ламтай олон газраар хамт явсан, сар шахам хамт амьдарч кино хийсэн. Тэр үед Хятадын элчин сайд асар том нот бичээд, Гадаад яамнаас нийтэд үзүүлэхийг хориглосон хаа гээд хаачихсан. Тэр кинонд 1989 онд түвдэд бослого гарахад хятадууд бослогыг хэрхэн дарж байгаа тухай гардаг. Энэ материалыг Түвдийн тэр үеийн ерөнхий сайдын хүсэлтээр BBC-гээс аваад оруулчихсан. Тэр кино хааяа цагаан сараар ганц нэг телевизээр гарч харагддаг. Бөөгийн бүдүүлэг шашинтай байсан Монголд шарын шашин ихээхэн соёл авчирч, их өөрчлөлт авчирсан. Тэр нь олон жил явахдаа бас л жаахан гажаад муу юм манайд дэлгэрсэн болохоос биш.
–“Солонго тэнэг хүн ерээд онд камер үүрээд л хоосон лангуу, гэр хорооллоор зураг авч явдаг” гэсэн яриа гарч байсан.
-1990 онд нийгэм солигдоход монголчууд бужигнаж, үйлдвэр заводууд хаагдаж, картын бараагаар амь зогоож байсан үед ганзагын наймаачид гахай үүрч байж Монголыг аварсан. Энэ үеийн кино зураг бараг байхгүй, уул нь энэ үе Монголын хувьд их чухал үе юм даа. Би хоосон лангуу, жагсаал, цуглаан, оочир, дугаар гэх мэт жаахан зураг авсан. 1990 онд Бямбасүрэн засаг авахад Монгол төгрөгийг хаана хэвлэдэг, зах зээл дээр хэдэн төгрөг байгааг мэдэх аргагүй байсан гэдэг. Хүн амтай нь тэнцүү шахуу байсан орос цэрэг мэргэжилтнүүд монгол хүнээс 3-4 дахин илүү цалин авч байсан шүү дээ. Энэ үед алдарт 20-р тогтоол гаргаж, гүн хямралаас аварсан Бямбасүрэн гуай 20 жил хараалгасан. Москва крантаа хаахад Монгол сүйрч байлаа шүү дээ. Одоо мал 50 сая гарчихсан өөрсдөө тариа, будаагаа тариад идчихдэг, хэнээр ч заалгахгүй асуудлаа шийддэг боллоо шүү дээ.
–Чингисийн тухай найруулагч болгон барьж авдаг сэдэв. Та бас кино хийж, “Хасар” Жагааг Чингис хаанд тоглуулсан байх аа?
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Их төрийн голомт” кино хийсэн. Тэр үед Чингисийн тухай олон кино хийгдэж улсаас ч их мөнгө авцгаасан, 500 саяас тэрбум хүртэл. “Их төрийн голомт” киногоо би 80 гаруй сая төгрөгөөр л хийсэн. Бид Монголын нууц товчоог барьж Чингис, Жамух хоёрын зөрчил, үл ойлголцлыг үзүүлэхийг оролдож, гоё чамин чамирхал зэрэг элдэв юмнаас татгалзсан. Тэр үед Оросын нэрт найруулагч Бодров Монголд ирж Чингисийн тухай кино хийх тухайгаа ярьж энд тэнд уулзалт хийж дэмжлэг хүсч байсан. Санхүүгийн дэмжлэг хүсээгүй шүү. Манай зарим улсууд баахан түүхчдийг цуглуулж энд тэнд хэвлэлийн хурал хийж, Монголын түүхийг гутаалаа доромжиллоо гээд хөөгөөд явуулсан. Тэр төсөлд оролцоод явъя гэсэн хүмүүсийг Монголын эсрэг явлаа, хятадын эрлийз хулгайч гэх мэтээр харааж загнацгаасан. Бодровын кино л сүүлийн 5 жил Монголыг, Чингисийг дэлхийд танилцуулсныг бид мэднэ.
-Нямгаваа найруулагч Америкт байгаа. Хүүхэлдэйн театрыг зараад явчихсан гэдэг.
-Мэдэхгүй, Очирбат гуай, Төмөрбаатар нар тэгж ярьдаг. Өөрөө бол байгаа гэж хэлж байсан. Ер нь ерээд онд Хүүхэлдэйн театр энэ тэр бүгд дампуурсан. Зарим урлагийн байгууллагыг төсвөөр тэжээж байсан, гэнэт зогсохоор бүгд л дампурсан. 1990-д оноос хойш манайхаас бусад бүх урлаг соёлын байгууллага улсын төсвөөс санхүүжээд явж байна. Бид татвар төлөгчдийн мөнгөнөөс аваагүй ээ, өөрсдөө амиа аргалаад л явж байна.
-Одоо та нар жилдээ хэдэн кино хийж байна. Танай байгууллагын тухай сайн муу яриа гардаг.
-Хуучин долоон уран сайхны кино улсын төсвөөр хийдэг байсан. Одоо 2-3 киног өөрсдийн мөнгөөр хийж байна. Студи, продакшнууд манайхнаас техник хэрэгслэл, жижиг хэрэглэл авдаг. Энүүгээр ирж үнэгүй юм авах гэж оролдсон хүмүүс л янз янзын юм яриад байдаг. Үнэгүй юм хорвоод байхгүй. Энд үнэгүй суух гэсэн хүн их байдаг. Би дулаан цахилгааныг нь төлөөд байж байх юм гэнэ.
–АН-ын ҮЗХ-ны гишүүн, танай нам яллаа. Намынхаа явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа биз?
-Сая МАН унхиагүй байлаа. МАН ордныг нээлттэй болгочихож болох байсан, замын түгжрэлийг арилгах бололцоо байсан, хийгээгүй. Бат-Үүл хийчихлээ, зоригтой хийсэн нь хожиж байна. Хийхгүй айгаад суугаад байхаар юу ч урагшаа явахгүй. Энийг Бат-Үүл ухаантайдаа бодоод олчихсон ч юм биш, угаасаа олон жил ярьсан асуудал ш дээ, олон зуун жил монголчуудыг эсгий гэртэй нь байлгалаа. 21 дүгээр зуунд нийслэлдээ эсгий гэрт гал түлээд сууж л байна. Манай ээжийнх Дамбадаржаад байдаг. Тэр чигээрээ гэр хороолол байсан. Одоо ажиглаад байхад айл бүр л чадах чинээгээрээ байшин бариад иргэншиж эхэлж байна. Тэд улсаас байшин барилга гуйгаагүй ээ. Дэд бүтэц, ус дулааныг нь шийдээд өгчихвөл боллоо. Одоо баахан хүн халж байна гэнэ, тэр нь харин юу юм бол доо. Нэг хэсэг би АН-аас бараг ганцаараа шахуу УҮГ дарга ажилтай байсан. Төрийн өмчийн үйлдвэрийн дарга нар дандаа ардын намын хүн байдаг, АН-ын хүн алга гэхээр тэр үеийн дарга нь “Бас АН-ын хүн бий” гээд л намайг заадаг, яг үзмэр шиг. Ардын нам ч бай, хувьсгалт нам ч бай зарим нэгнийг элдэвлээд байхаар зовлонг нь мэддэг болохоор би өрөвдөж л байдаг юм.
-Чуулганы нээлт хаалтын үеэр тод гэрэлтэй аппаратаар танайх зураг авдаг. Зарим нь дэмий гэх юм билээ.
-Тийм, 35 мм-ийн хальсаар авч байгаа юм. Нэг мм хальс нэг доллар 50 цент, нэг метр хальс нэг секундэд явж байна. Тэрүүгээр улс оронд болж байгаа гол гол үйл явдлыг авч сард 10 минутын кино хийдэг юм. Тэрийг нь зарим нь ойлгохгүй “Үхсэн, хоцрогдсон юм хийлээ” гээд байдаг. 1930-аад оноос өнөөдрийг хүртэлх Монгол улсын түүхэнд болсон хамгийн чухал үйл явдлууд кино хальсанд дуутайгаа, дүрстэйгээ дээд зэргийн чанартайгаар киноны архивт хадгалагдаж байна. 1990-96 оны зарим нэг үйл явдлууд байхгүй. Бусад гол гол үйл явдлууд бүгд байгаа. Улс орон архивтай, түүхтэй байх ёстой. Анх 120 жилийн өмнө кино хальсан дээр авсан дүрс өнөөдрийг хүртэл чанарын өндөр түвшинд байж жил байна. Цаашид хэдэн жил болохыг цаг хугацаа харуулна. Америкийн Кодак хальс 500 жил чанараа алдахгүй гэж бичсэн байдаг. Видео энэ тэр бол яахав, технологи нь шинэ, хурдан хийчихэж байгаа боловч хадгалах нас байхгүй.
-Танай гэр бүлийн хүнийг бас Солонго гэдэг. Монголын эмэгтэйчүүдээс төрийн захиргааны хамгийн өндөр алба хашдаг хүн. Гэр бүлийнхээ тухай яриач.
-Бид хоёр Москвад оюутан байхдаа танилцсан. Манай эхнэр Сайд нарын зөвлөл гэж байхад л ажилд ороод, одоо ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Манай авгай 30 гаруй жил Засгийн газарт ажилласан, 17-18 Ерөнхий сайдтай хамт ажилласан байна лээ. 1980-аад оны дундаас Ж.Батмөнх, Д.Содном гуайн үеэс одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн засгийн газарт ажиллаж байна. Өөр газарт ажил хийгээгүй, тэнд л ажиллаж байсан хуульч хүн. Сүүлийн 20-30 гаруй жилийн засгийн газрын түүхийг мэдэх байх. Аль нэг намын гишүүн биш, төрийн хүн. Ноднин гавьяат хуульч болсон. Ноднин анх удаа сонинд ярилцлага өгч ажлынхаа тухай ярьж үзсэн хүн. Хоёр хүүхэдтэй, хоёр идэхгүй хоосон хонохгүй болж байна, өөр бидэнд юу хэрэгтэй юм. Үр хүүхэд, ажил төрлөөсөө баяр баясгалангаа аваад явж байвал болоо.
-Орос 3 дугаар сургуулийн захирал Соронзон таны эгч. Ер нь удмаараа дайчин хүмүүс юм аа?
-1961 онд манайх Лоохууз Сурмаажав, Нямбуу нарын хэргээр хэлмэгдсэн. Бид жаахан хүүхдүүд байсан. Аав маань тэр үеийн том сэхээтэн, хойно аспирантурт сурч байгаад намын эсрэг бүлэг гэгч хэргээр хөөгдөөд Ховдод цөлөгдсөн. Багаасаа зовлон зүдгүүр үзсэн дээ, биднийг сургуульд явуулахгүй хавчдаг байсан, Соронзон 10 жилээ алтан медальтай төгссөн. Москвагийн их сургуульд явах болсон чинь эсэргүүний хүүхэд гээд явуулахгүй бөөн юм болж байж Эрхүүд сургууль төгссөн. Намайг ч сургууль явуулахгүй гээд л.Манай ээжийг ажлаас халаад Ховдын Үенч сум руу хөөгөөд, хэдэн хүүхдээ чирээд дүн өвлөөр хөдөө явсан. Манай байранд Жамбын Батмөнхийнх, манайх, Жасрай гуайнх байсан. Гадаа машин ирчихээд 24 цагийн дотор улсын байрыг чөлөөл, нүү гэж хөөгөөд, аав Москвагаас дөнгөж ирчихсэн, УТТ тогтоол гарчихсан, намын Төв хорооны тогтоол гараад намаас хөөж, Ховдын Үенч суманд бригадын тоо бүртгэгчээр явуулсан. 1964 онд болсон намын эсрэг бүлэг гэгчид Монголын толгой эдийн засагчид, сэхээтнүүд хэлмэгдэж цөлөгдсөн. Ховд аймгийн төвд очиход аймгийн намын хорооны дарга нар тосоод “Төв хорооноос эсэргүүнийг аймгийн төвд удаан байлгаж болохгүй, хүн амьтантай уулзуулахгүй гэсэн тогтоол ирсэн. Тийм учраас одоо таныг бригад руу хүргэж өгөх үүрэгтэй” гээд явуулсан. Олон сайхан эрдэмтдийг ингэж л хэлмэгдүүлж байсан. Намайг сургууль төгсөөд ирэхэд эсэргүүний хүүхэд гээд Соёлын яамны зөвлөгөөнөөр ороод “Эцэг эхийнх нь хэрэг цагаадаагүй байдаг. Энийг яах ёстой юм” гэлцээд жил гаран болсон. Цуг төгсөөд ирсэн хүмүүсийг ажилд аваад. Надад эвгүй л байгаа юм чинь, нөгөөдүүл нь ажилд ороод байдаг, намайг авдаггүй. Намайг Кино үйлдвэрийн дарга байсан Тойвгоо гэдэг хүн ажилд авсан. Би тэр үед их эмзэглэж байсан. 1965 оноос 1990 он хүртэл доромжлуулж, нийгэмд гадуурхагдаж явсан. Намайг Урлагийн гавъят Зүтгэлтэн найруулагч Сумхүү гуай их ойлгодог байсан. Яагаад гэвэл өөрөө гучаад оны эсэргүү Бадрахын хүү байсан юм. Манай аавыг Ховдоос ирээд Аж үйлдвэрийн комбинатад грушик хийхийг зөвшөөрч өөр ажил хийлгэж болохгүй гэсэн, төв хорооны тогтоолтой байсан юм байна лээ. 70-аад оны сүүлчээр өөрийнх нь шавь нь байсан Шарав Ламдан, Хотын дарга байсан Баасанжав нар хотын нийтийн аж ахуйн газар эдийн засагч хийлгэж байсан. Энэ үед олон ном зохиол орчуулж хүний нэр дээр гарган хэдэн төгрөг олж биднийг тэжээж байсан. Тийм дарамтанд байсан хүн жаахан юм суръя гэж боддог юм билээ. Доромжлол дарлалд байсан хүмүүс арай илүү зүтгэдэг юм шиг байна лээ. Манай аавыг Сангийн яаманд байхад сүүлд Ерөнхий сайд байсан Содном, Сангийн сайд байсан Молом нар дөнгөж төгсөж ирээд зааварлагч хийдэг байсан гэдэг юм билээ. Сүүлд Молом гуай Сангийн яамны сайд байхдаа намайг аргалж байж хойш нь сургуульд явуулж өгсөн. Лоохууз гуайн хүү бидэнтэй насаар ойролцоо, 10 дугаар ангиа алтан медальтай төгссөн, шууд цэрэгт явуулсан. Манай аав 1990 онд цагаадаж №03 үнэмлэх авсан, сайхан цагийн эхлэлийг үзсэн. Лоохууз, Нямбуу, Сурмаажав, Дашнамжил гээд олон найз нөхөд нь сайн цагийг бүгд үзсэн. -Танд төрөөс авсан шагнал юу билээ? -Би Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой.
-Сая жүжигчин С.Сарантуяа АЖ боллоо. Б.Дамчаа бүр сүүлд аваа биз дээ. Арай эрт өгчихсөн юм шиг?
-Дамчаа гуайг жаахан тэрслүү яриатай болохоор эсэргүү гээд өгөөгүй, бүр сүүлд өгсөн. Зураач Цогзол гуайг хар даа. Энэ хүнд өгөхгүй болохоор гайхаад байгаа юм. Цогзол гуай намд элсэх гэхэд нь “өнгөлзөх гэж юу вэ” асуусан гэсэн. Тэр үед Америк Вьетнам руу дайраад өнгөлзсөн дайсан гэж ярьдаг болчихсон үе л дээ. Цогзол гуайг намд элсүүлэх, гавьяат болгох гэж бэлдчихээд баахан намын хорооны өвгөн гишүүд “өнгөлзөх гэдэг үгийг улс төрийн өнцгөөс тайлбарла” гэхээр нь дургүй нь хүрээд “ингэдэг юм тэгвэл” гээд ширээн дээрээсээ өнгөлзөөд хөөгдсөн. Тэнэг тэнэг юм асуугаад байхаар нь уур нь хүрээд тэгчихсэн юм гэдэг. Намын гишүүн биш байсан учраас өөрийн гэсэн байр сууц ч байхгүй, одоо 80 хүрэх гэж байна. Ц.Оюунгэрэл сайдад хэлсэн, одоо Ардын зураач гэдэг цолыг нь өгчих хэрэгтэй юм даа. Хичнээн олон сайхан кино хийв, хичнээн олон сайхан зураг зурав.
-Танай тоног төхөөрөмж хэт нүсэр, бас хурц гэрэлтэй байдаг болохоор зарим дарга нар таагүй байх шиг анзаарагддаг.
-Видео камер бол видео камер ш дээ. Утастай л адилхан. Өнөөдөр Нокиа 3310 ашигладаггүйтэй адил солигдоод явчихдаг. Кино камер бол гуравхан удаа хийгдсэн, солигдсон. Дээр үед нэг байсан байх, гучаад онд германууд хийсэн, 60-70 онд хийсэн, одоо сая шинээр хийлээ. Бүгдийг нь гараар хийсэн. Видео камерыг зөндөө хийдэг. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш манай улсад ирлээ, CNN, BBC бүгд ирсэн. Машинаас буугаад Улаанбаатар зочид буудлын өмнө гурван секунд зогсоод гар даллах ёстой байсан. Гэтэл 12 цагт учраас ардаас нь нар тусаад, хар гарах гээд байдаг. Тэгэхэд BBC манайхаас гэрэл авчирч бөөн гэрэл тавьж зураг авсан. Манай дарга нар ойлгохгүй яахаараа бөөн хурц гэрэл авчирдаг юм гээд байдаг. Уг нь өөрсдийг нь сайхан гаргах гээд байгаа ш дээ. Харин ч сайхан авч байгаад баярлах хэрэгтэй. Тэгэхэд BBC манайхаас гэрэл гуйгаад, гурав хоногийн өмнө бэлдсэн. Энд Буш зогсоно, тэгж гэрэл тавина гээд ач холбогдол өгч байгаа юм. 20 метр газар 3-4 секундэд яваад орно. Гэтэл бөөн сүр болоод өчнөөн амьтан сургууль хийлгээд бэлдэж байгаа юм. Манай телевизүүд бол тэгэхгүй ш дээ. Бүр бүхэл бүтэн уран сайхны киног гэрэлгүй “хусаад” байдаг. Энэнээс илүү оруулахгүй, эндээс зураг авбал ав гээд тэнэгтээд байдаг. Төрийн ордонд мэдээлэл хийнэ, гэрэл нь таараагүй, нэг хачин царайтай юм сонин юм яриад сууж байдаг. Гэрлийг нь сайхан тохируулах булан зөндөө байдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мэдээлэл хийхэд бүгдийг нь тохируулж янзлах хэрэгтэй байхгүй юу. Одоо яахав ядуу байна л даа, юу дуртайгаа хийж тэнэглээд байна. Болохгүй л дээ, юмыг ёсоор нь хийгээд сурчихвал хичнээн сайхан. Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Москва явлаа. Би хамт явсан. Манай хэдэн сэтгүүлч дагаж очоод суугаад байдаг. Албан ёсны үйл ажиллагаа, гарын үсэг зурахаар зураг авчихаад суугаад байдаг. Халимагт ч тэр, албан ёсны мэдээ аваад байдаг. Манайд Путинтэй баахан сэтгүүлч ирлээ. Долоон телевизийн сэтгүүлч ирсэн, нэг нь ордонд үлдээд, бусад нь тараад алга болчихсон. Нэг нь албан мэдээгээ аваад, бусад нь хогийн цэг, Зайсан, Гандан гээд хаа сайгүй явж зураг аваад Монголын тухай шал өөр нэвтрүүлэг хийчихэж байгаа юм. Манай хэд 20 хэдэн хүн яваад даргаа дагаад яг адилхан юм аваад ирдэг, гарч ч чадахгүй, орж ч чадахгүй. Бүр оросын сэтгүүлч хаачив энэ тэр гээд сураад байгаа юм.
-Хотын захиргаатай хамтарч хийдэг Улаанбаатар кино наадам яагаад зогсчихов?
-Одоо Бат-Үүл явуулах байлгүй. Хамгийн анх хотын захиргаатай хамтарч зохион байгуулаж эхлэлийг нь тавьсан, сүүлд нь баахан юмнууд гүйж очоод “Би л сайн хийнэ, алаад өгье” гээд л байсан, олигтой ч юм болоогүй дээ. Гадаадын киночдыг оролцуулна нь гээд байдаг юм. Шагнал урамшуулал нь бага ш дээ, 1-2 сая төгрөг. Нэг юм хийхдээ аятайхан шиг нэр төртэй юм хийчихвэл зүгээрсэн дээ.
-Таны хийсэн киноноос хамгийн их ашиг олсон, хүн үзсэн кино гэвэл?
-Зохиолч Б.Догмидтой хамтарч хийсэн “Чонын дурлал” кино. Айлын жингэрт дурласан чонын тухай кино. Хүн байгальтай яаж хэрцгий хандана байгаль яг тийм хариу өгдөг юм аа гэдгийг үзүүлэхийг зорьсон. Чоно, чонын бэлтрэг тэжээгээд нэлээн зовсон. Хөөрхий Догмид циркийнхэн Тэрэлжид хаячихсан азарган чоныг аваад машиндаа хийгээд Сүхбаатар аймагт аваачаад тэнд бас бэлтрэг мэлтрэг тэжээж сургаад, кинонд тоглуулах гэж бас л хоёр жилийн ажил болсон. Байгальтай буруу харьцвал эргээд заавал хариугаа авдаг гэсэн санаа гаргасан. Үзээд юм бодоосой л гэж бодсон, гадаадын хэд хэдэн фестивальд оролцож яваа. Тэндээс олон орны киноны телевизийн менежерүүд худалдаж авдаг юм. Кино хийгдэж л байгаа. Зарим нь хэт баяжчихаад манийг тоохгүй юм. Уул уурхайгаар цөөн хэдэн хүн баяжиж байгаа. Тэд амиа бодоод байна. Энэ их мөнгөөр нэг хүн яанаа. Хөлсөө дусааж олоогүй мөнгө сайн ч эд биш. Нэг л их баян хүн явах юм. Би баян байж үзсэн, Москвад хамгийн баян оюутан байсан. Кавказуудтай ойрхон байсан болохоор оюутнуудын хамаг барааг зарж өгдөг байсан. Зарим нь савхин дээл эд бараагаа зарж чадахгүй булаалгана, дээрэмдүүлнэ, тийм болохоор оюутнууд бараагаа надад өгч заруулдаг байсан юм. Талийгаач С.Зориг данс хөтөлнө, би зарна. Нэг удаа зарахдаа л хэдэн зуугаар нь савхин дээл, үнэгний арьс, тарваганы арьс гээд зарна. Бөөндөж өгөөд хэнийх нь арьс үс байгааг би мэдэхгүй, Зориг л тэрнийх энэнийх гэж ялгаж мөнгө төгрөгийг нь өгдөг байсан. Зориг Москвагийн их сургуульд, Би Москвагийн киноны сургуульд суралцаж байсан. Бид Москвад Чингисийн ойг тэмдэглээд л баахан оюутанууд хөөгдөж бид арга хэмжээ авахуулж байлаа. Бид бараг л манай өрөөнд амьдардаг байсан. Зоригоог би анх Ардчилсан холбоонд дагуулж очсон. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн хийгээд нийгмийг шинэчлэх юм болоод, Зоригоо их сургуулийн багш онолч хүн, тийм хүнээр гол ажлаа хийлгэнэ гэж аваачсан. Ер нь тэр үеийн уран бүтээлч залуучууд л хамгийн анх л ил тод дуугарч ардчиллын салхийг эхлүүлсэн. Манай кино үйлдвэрийн залуучууд дугуй зааланд очиж Равдан бөөгийн хувцас өмсөөд бөөлөөд л “Сэр сэр” гээд л доргиож өгч байлаа. С.Зоригт цэрэгт татагдаад манай ах Зоригоогийн цэргийн ангийн дарга, би гуйж чөлөө авахуулаад манай гэрт хүүг минь өсгөлцөж байлаа. Анх авгай бид хоёр байранд ороод, байрны шалыг нь Зориг бид хоёр хийж байсан. Тэр паркетан шал одоо ч байгаа. С.Оюун жаахан охин байсан, намайг ахынх нь унаган найз гэж мэднэ.
-Та яагаад улс төр лүү гүн ороогүй юм бэ?
-Би багаасаа кинонд дуртай хүүхэд байсан, энэ мэргэжлээрээ сургууль төгссөн кино үйлдвэрт л ажилласан, өөр хаана ч ажиллаагүй ээ. Киноны ажилдаа дуртай. Сүүлийн 20 гаруй жил төрд ажиллаж байсан хүмүүс баяжсан байх юм. Хэн төрд өндөр албан хашиж байна, тэр хүн баяждаг, их сонин тогтолцоо шүү. Энэ төр засаг нь их ядуу юм шиг мөртлөө маш олон баячуудыг өөрөөсөө төрүүллээ дээ. Одоо идэж ууж ханасан бол улс орноо бодмоор юм. Энэ баячууд урлаг, соёл, боловсролд хөрөнгө оруулж нүглээ наминчилбал насны бөгсөнд бага ч гэсэн нүгэл нь цайрах байх даа. Бодоод үзээрэй. 18 дугаар зуунд хэн байв гол төлөөлөгч нь гэвэл Шекспирийг хэлнэ. Уран бүтээл л үлдэж байгаа биз. Тэр үед ноён баян байсан, эд баялгаараа гайхуулж байсан хүмүүсийн тухай хэн ч мэдэхгүй. Гучаад оноос Д.Нацагдоржийг, Ринчин Бямбаевыг мэднэ. Тэр үед баян явсан хүмүүс сураггүй байгаа биз дээ. Тийм болохоор хүмүүсийг чадах ядахаараа урлагт хөрөнгө оруулаасай гэж боддог.
Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР
Discussion about this post