Өнгөрөгч долоо хоногт УИХ ирэх оны төсвийг эцэслэн баталлаа. Тэгвэл эрүүл мэндийн салбарын төсөв болон ЭМДС-ын нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхантай ярилцлаа
-Ямартай ч парламент төсвөө хуулийн хугацаанд нь баталлаа. Ер нь ирэх оны төсөв хэр “чанартай” батлагдав. Тэр дундаа төсвийн сүүлийн хэлэлцүүлэг өрнөж байхтай зэрэгцэн эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Энэ утгаараа төсөвт эмч нарыг цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр 190 тэрбум төгрөгийг суулгасан юм билээ. Энэ нэмэгдэл ҮЭ-тэй байгуулсан хэлэлцээрийнхээ хүрээнд байж чадав уу?
-Төсөв өргөн барьсан цагаас эхлэн эрүүл мэндийн салбарын төсөв илүү барилга байгууламж руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлжээ гэдэг байдлаар харсан. Ингэхдээ эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх тал дээр огтхон ч өөрчлөлт ороогүй байна гэдгийг хэлж, ярьж байсан. Эрүүл мэндийн салбарынхан, ҮЭ-ийнхэн ч тэр цалинг нэмэгдүүлэхгүй бол нөхцөл байдал хүнд байна гэдэг шаардлагыг тавьж байсан. Үнэхээр ч нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Тиймээс бид энэ чиглэлд томоохон өөрчлөлтийг хийх ёстой. Үүний тулд ирэх оны төсөвт тодорхой хэмжээний нэмэгдлийг суулгах ёстой гэдгийг хэлсээр байсан.
Ирэх оны төсөвт эмч, ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх хэмжээний төсөв нэмж суулгалаа. Гэтэл ГБХХНХЯ-д бүртгэгдсэн гурван талт хэлэлцээрт 75 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. Ингэхдээ оны эхэнд 30 хувь, наймдугаар сараас эхлэн 9, 9 хувиар нэмэгдүүлээд явна гэдэг тусгасан. Гэтэл 15 хувь нь л төсөвт суусан. Үлдсэн 50-60 хувь нь ЭМДС дээр ачаалал болж ирнэ гэсэн үг.
Тэгэхээр богино хугацаанд маш зөв шийдвэрүүдийг гаргаж ажиллахгүй бол гурван талт хэлэлцээр чинь хэрэгжихгүй байх эрсдэл маш өндөр байна. Тиймээс ЭМЯ болон салбарын сайд нь өнөөдрөөс эхэлж онцгой анхаарч, зөв төлөвлөлт зохион байгуулалтаа хийх ёстой.
-Өнөөдрийн нөхцөлд цалин нэмэгдүүлэхтэй холбоотой ачааллыг авах чадал ЭМДС-д байхгүй л гэж хараад байна?
-Тийм ээ. Хүнд. Миний хувьд зургаадугаар сард сайдынхаа ажлаа өгөхдөө өр ширгүйгээр хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд өгөх ёстой 280 орчим төгрөгийн өглөг ЭМДС дээр байна. Энэ өрөө барагдуулах нэмээд ирэх онд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэхийн тулд 350-400 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдах гээд байна. Үүнийг яаж шийдэх юм бэ гэдэг шийдлээ оновчтой гаргах ёстой. Ийнхүү гаргахдаа энэ ачааг иргэд, даатгуулагчдын нуруун дээр өгчхөж болохгүй шүү гэдгийг л хэлээд байгаа юм.
-ЭМДС-д шалгалт орж, улмаар сангийн удирдлагууд нь эмнэлгүүдийн удирдлагуудтай хуйвалдсан, хуурамч нэхэмжлэх бүрдүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Таныг сайдаар ажиллаж байх үед ийм зөрчил илэрч байсан юм уу. Тухайн үед ямар арга хэмжээ авсан юм бэ?
-Ер нь зөрчлүүд гарч байсан. Илэрсэн зөрчлүүдийг тухай бүрт нь зохих арга хэмжээг нь аваад л явж байсан. ЭМДС-гийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд тогтмол ажиллаж байгаа. Ажиллаж ирсэн. Цаашид ч үргэлжлүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл өнгөрсөн 100 жилд явж ирсэн тогтолцоонд маш том шинэчлэл хийгдээд таван жил өнгөрч байна. Бусад улс оронд хийгдсэн шинэчлэлүүдийг харахад, ЭМДС дээр хуурамч нэхэмжлэх хийсэн, шаардлагагүй эмчилгээ эм тариаг санхүүжүүлдэг гэх мэт зөрчил гарсныг цаг тухай бүрт нь залруулаад явсан байдаг. Хамгийн багадаа 10 жилийг зарцуулж байж ЭМДС-гийн үйл ажиллагааг оновчтой болгосон байгаа юм. Тэгэхээр манай улсын хувьд яг энэ шилжилтийн үеийнхээ яг дунд нь явж байна. Энэ алдаа оноог засах ёстой. Нэг талдаа энэ сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ёстой. ДНБ-ий 3 хувьд ч хүрэхгүй байгаа. Гэтэл ДНБ-ий 6 хувиас доош байвал санхүүжилтийн асуудал байнга гарна шүү гэдэг нь олон улсад тогтоогдчихсон зүйл. Нөгөө талдаа үр ашигтай зарцуулалтыг сайжруулах ёстой. Энэ хоёрыг хослуулж байж бид богино хугацаанд үр дүнд хүрэх ёстой.
-Зарим гишүүд тус санг ЭМЯ-наас “холдуулж”, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулж, хариуцуулж явах ёстой гэх байр суурийг илэрхийлж буй юм билээ?
-Эрүүл мэндийн салбарын гол бодлогыг Шадар сайд л авч явна гэсэн үг шүү дээ. Юуны тулд салбарынх нь хүн сайдаар томилогдож ирсэн билээ. Хаана ямар өвчлөл их байна вэ, ямар өвчлөл нэмэгдэх эрсдэл байна, ямар өвчин иргэдэд илүү санхүүгийн хүндрэл учруулаад байна зэргийг судалж тооцоод түүнд тохирсон санхүүжилтийг шийдвэрлэх бодлого арга хэмжээгээ Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөрөө дамжуулаад авдаг тогтолцоо шүү дээ. Гэтэл хаана, ямар өвчлөл их байна, түүнд хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгийг Шадар сайд шийдэх нь л дээ. Гэтэл тэр хүнд чинь энэ чиглэлийн мэдлэг, ойлголт нь байгаа юу гэдгийг бодох хэрэгтэй. Та бүхэн мэдэж байгаа. Өмнө ЭМДС ХНХЯ-ны харъяа байсан. Тэр үед даатгуулагчаас 400 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Түүнийх нь 200 орчим тэрбум төгрөгийг нь л иргэдэд зарцуулдаг байсан. Үүнээс болж нэг иргэн 2 сая төгрөгөөс дээш төгрөгийн тусламж үйлчилгээ авбал өөрөө хувиасаа төлөх бодлоготой байсан. Харин өнөөдрийн тогтолцоогоор өндөр дүнтэй мэс заслыг ч гэсэн төлбөрийн дийлэнх хувийг даатгалаас санхүүжүүлж байгаа. Энэ сан чинь тухайн өвчлөлийнхөө эмчилгээнээс болж санхүүгийн эрсдэлд орохуйц иргэдийн асуудлыг шийдэх зорилготой болохоос хуримтлал үүсгэдэг, үлдэгдэд хөрөнгөө банкинд хадгалуулдаг зүйл биш.
–Ж.Чинбүрэнг албан тушаалаа ашиглаж, Н.Эрдэнэхүүд давуу байдал олгосон асуудлыг шалгуулахаар АТГ-д хандсан. Ямар ч шүүх хурал болоогүй байхад яагаад улсын эмнэлэг Н.Эрдэнэхүүгийн хохирлыг барагдуулах ёстой гэж–
-Таныг ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэнг АТГ-д шалгуулахаар хандсан талаарх мэдээлэл байна. Ямар асуудлаар АТГ-д өгч буй юм бэ. Нэмээд асуухад, өнгөрсөн хавар та сайдын тушаал гаргаж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг чөлөөлсөн. Таны эл шийдвэрийг шүүх хүчингүй болгож, Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан байна. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Ер нь Ж.Чинбүрэн гишүүний хийж буй ажлуудыг дэмжиж ажиллаж байгаа. Сүүлд л гэхэд эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх асуудлаар ҮЭ-ийнхэнтэй ойлголцолд хүрэх ажилд миний бие нэлээн оролцоотой ажилласан. Би Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ ХСҮТ-ийн даргыг чөлөөлөх тушаал гаргаж байсан. Маш олон ноцтой санхүүгийн зөрчлүүд ХСҮТ-д илэрсэн. Тиймээс цаашид ХСҮТ-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах, сайжруулах тал дээр удирдлагыг солих зайлшгүй шаардлага байсан учраас чөлөөлөх тушаал гаргасан юм. Харамсалтай нь үүнтэй холбоотойгоор Н.Эрдэнэхүү захирал шүүхэд хандсан юм билээ. Гэтэл шүүх хурлын процесс яваагүй байхад ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэнгийн ангийн хүүхэд болох Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлийг 100 хувь хүлээн зөвшөөрсөн асуудал үүссэн. Эл нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрснөөрөө Н.Эрдэнэхүүд үүссэн хохирол, ажилгүй байсан хугацааны цалин мөнгө зэргийг бүгдийг нь гаргуулахаар болчхож байгаа юм.
Хавдар судлалын үндэсний төвөөс 19 сая төгрөгийг Н.Эрдэнэхүү захиралд төлж барагдуулсан байгаа юм. Энэ нь ЭМЯ болон тухайн үед шийдвэр гаргасан надад хариуцагдах асуудал болж байна. Ямар нэгэн шүүх хурал болоогүй байхад яагаад улсын эмнэлэг энэ хүний хохирлыг барагдуулах ёстой гэж. Ямар нэг байдлаар ажлаа сайжруулж, иргэдэд хүрэх тусламж үйлчилгээг дээшлүүлэх зорилгоор баримт нотолгоотой зүйл дээр үндэслэн гаргасан миний тушаал шийдвэрийг буруу байсан мэтээр мэдээлж байгаа нь намайг төдийгүй улсыг санхүүгийн асуудалд оруулж буй үйлдэл.
-Өөрөөр хэлбэл, ЭМЯ Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн учир шүүх эвлэрлийг нь баталгаажуулж, шийдвэр биш захирамж гаргасан гэж үү?
-Тийм ээ. Ямар нэгэн шүүх хурал болоогүй. Бүх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаатай холбоотой эвлэрлийг шүүх захирамжаар баталгаажуулдаг. Ийм л зүйл гарсан байгаа юм. Тиймээс энэ нь ЭМ-ийн сайдаар томилогдсоныхоо дараа анагаахын сургуулийн ангийн хүүхдэдээ давуу байдал олгож, улсыг болон намайг хохиролд оруулсан асуудал үүссэн. Энд миний эрх ашиг хөндөгдөж буй учраас хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Нөгөө талдаа Н.Эрдэнэхүү нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүх хурал болж, Т.Мөнхсайханы гаргасан тушаал хүчингүй болсноор хохирлыг нь барагдуулж байна гэдэг байдлаар миний нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг түгээсэн. Тиймээс би нэр хүндэд халдсан, ташаа мэдээлэл тараасан гэдгээр нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа. Хандахаас өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгээд байна л даа.
-Та шүүх хурал болоогүй гэдэг зүйлийг хэлж байна. Гэтэл ЭМЯ-ны төлөөллүүд болон нэмэмжлэл гаргагч талууд шүүх хурлын процесс үргэлжилж байх үед холбоотой явж байсан гэдгийг Н.Эрдэнэхүү захирал хэлдэг шүү дээ?
-Энэ дээр л гол асуудал байгаа юм. Ямар нэг шүүх хурал болоод, хэн нэгний алдааг дэнслээд шүүхийн шийдвэр гарсан бол хэн ч маргахгүй. Гэтэл ямар ч шүүх хурал болоогүй байхад Н.Эрдэнэхүүгийн тавьсан бүх нэхэмжлэлийг ЭМЯ хүлээн зөвшөөрсөн учраас шүүх дээр үүнийг нь баталгаажуулсан захирамж л гарсан. Хуулиараа тушаал гаргасан хүн нь хохирлыг нь барагдуулах ёстой шүү дээ. Гэтэл хууль ёсны шүүх хурлын процесс явуулахгүйгээр үүнийг нь хүлээн зөвшөөрчихсөн. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.
-Ер нь яагаад ийм нөхцөлд хүрчхэв. Та бүхний хооронд хувийн таагүй харилцаа холбоо байдаг юм уу?
-Би сайн хэлж мэдэхгүй юм. Миний хувьд энэ хүмүүстэй хувийн өс хонзон ч юм уу тийм зүйл байхгүй. Зарчмын хувьд ажлаа сайжруулах, алдаа дутагдлыг арилгах чиглэлээр авах ёстой арга хэмжээг нь л авсан. Тиймээс энэ асуудлыг заавал үнэн мөнийг нь тогтоолгохгүй бол эргээд миний нэр хүндэд сөрөг үр дагавар гарна гэж бодсоны үндсэн дээр Ж.Чинбүрэнг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосоныг шалгаж өгөх хүсэлт гаргаж АТГ-д хандсан.
Эх сурвалж: Ubn.mn Ц.Янжиндулам


Discussion about this post