“Байцаагчийн нэг өдөр” булангийн энэ удаагийн зочноор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн оролцож байна. Түүнтэй “Хүчит шонхор” худалдааны төвд хийсэн хяналт шалгалтын талаар ярилцлаа.
-Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хийгдсэн урьдчилан сэргийлэх шалгалтад хэчнээн газар хамрагдсан бэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт шалгалтыг байнга хийдэг. Ялангуяа шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр зэрэг нийтээр тэмдэглэх баяр ёслолын үеэр энэ шалгалт тогтмол хийгддэг. Энэ удаад ШӨХТГ-тай хамтран энэхүү удирдамжийн хүрээнд “Хүчит шонхор”, “Нарантуул 2”, “Нарлаг дэнж”, “Эрдэнэбулган” компанийн “Бөмбөгөр 1, 2”, “Алтжин бөмбөгөр”, “Юмт бөмбөгөр” гээд нийтдээ 7 худалдааны төвийг хамруулсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.
Энэ явцад “Хүчит шонхор” худалдааны төвд арчдасын шинжилгээ хийгдсэн. Мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халаад, махны өлгүүр, хана гээд санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterbacterspp болон E coli нян илэрсэн.
-“Хүчит шонхор” захын өөрийнх нь итгэмжлэгдсэн лаборатори зэрэг дээж авсан байсан. Хоёр лабораторийн хариу тохирсон уу?
-“Фарма лаб ГОНС” ХХК-ийн дотоод хяналтын хөндлөнгийн гэрээт лаборатори “Хүчит шонхор” худалдааны төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг хийдэг. Энэ оны 2 дугаар сард итгэмжлэл нь 4 жилээр сунгагдсан, 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй лаборатори. Нийтдээ тус худалдааны төвийн 8 заалны 80 цэг шинжилгээнд хамрагдсан. Нэг хүний ажлын байрнаас 1-3 дээж авсан тохиолдол ч бий.
Яг нэг гадаргуугаас зэрэг дээж авч тус лабораторидоо шинжилсэн. НМХГ-ын төв лабораторийн 21-946 , 21-957 тоот шинжилгээний дүнгээр 80 арчдасын дээжийн 62, “Хүчит шонхор”-ын хариугаар 44 дээжид дээрх нян илэрсэн.
“Нян судлал, эд зүйлсийн гадаргуугаас арчдас авч шинжилгээ хийх тухай” MNS 6410:2018 стандартын шаардлагаар эдгээр нян илрэхгүй байх ёстой.
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар арга хэмжээ авсан бэ?
-Нян илэрсэн хэсгийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, цэвэрлэгээ ариутгал хийлгэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа. Цэвэрлэгээ болон ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар заавар, зөвлөмж өгч, МХЕГ-ын даргын 2017 оны А/179 буюу “Хүнсний худалдааны газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн дагуу дотоод хяналтаа сайжруулж, их цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийж байх үүрэг чиглэл өгөөд байна.
Нянгийн бохирдолтой гарсан лангуу түрээслэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хялбаршуулсан журмаар хэргийг нь шийдэж байна. Тус худалдааны төвтэй гэрээтэй “Тэлмэн халиун” компани жавильоны уусмалаар 4500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийх явцад хяналт тавьж бүх худалдааны зааланд ариутгал хийлгэсэн.
Ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хадгалж, худалдаж байгаагаас хамаараад ариутгалын бодисын хэрэглэх тун, халдваргүйжүүлэх арга өөр өөр байдаг. Жишээ нь “Фарма лаб ГОНС” ХХК-ийн хөндлөнгийн гэрээт дотоод хяналтын лабораторийн малын их эмч, эрүүл ахуйч нартай хамтарч мах зөөдөг 50 гаруй тэргийг бүгдийг нь халуун аргаар буюу газаар бамбардаж ариутгал хийж байна.
-Зөвхөн санамсаргүй түүврийн аргаар шинжилгээнд хамрагдсан хэсгийг бус худалдааны төвийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоож цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх ёстой гэсэн асуудал иргэдийн дунд яригдаж байна?
-Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа. Тодорхой ажлын байргүй буюу явуулын байдлаар машин түрээслэн худалдаа эрхэлсэн хүн ч хамрагдсан учраас багагүй ажил ундарч байна. Хуульд зааснаар манай байцаагчид төрийн хяналтыг хэрэгжүүлэхдээ дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээ эрх бүхий албан байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлэх л эрхтэй.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд мал эмнэлгийн хяналтыг төрийн болон үйл ажиллагааны хяналт гэж 2 хуваан, Төрийн хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллага, үйл ажиллагааны хяналтыг Мал эмнэлгийн ерөнхий газар хэрэгжүүлэхээр заасан байдаг.
-Мах бол стратегийн хүнс. Эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох тал дээр та иргэдэд зөвлөхгүй юу?
-“Хүчит шонхор” зах дээр шинээр хэрэгжиж буй дэвшилттэй зүйл ч бас бий. Иргэд мал эмнэлгийн гэрчилгээ аппликейшныг ашиглан мал, махны гарал үүслийг мэдэх, хянах боломж бүрдсэн байна. И-баримтыг яаж ашигладаг билээ. Түүн шигээ баркодыг уншуулаад хэвшчихвэл аль аймаг сумаас ямар замаар ирсэн махыг хүнсэндээ хэрэглэж байна вэ гэдгээ бүрэн хянах боломжтой.
Худалдаа эрхлэгчид цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхдээ алчуур, нойтон сальфетка төдийнхнөөр лангуугаа арчихаад суумааргүй байгаа юм. Хүн харахад цэвэрхэн харагддаг ч дээж авахад ийм л дүр зураг гарч байна.
Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд цэвэрлэгээ, ариутгалыг зааврын дагуу тогтмол хийж занших, зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгсэл, хөргүүр, хөлдөөгч ашиглах, бэлтгэн нийлүүлэлтийн гэрээтэй, хэнээс авсан, хаана нийлүүлснээ нотлох кассын талон, падаантай хүлээн авах, олгох, дотоод хяналтаа сайжруулах, хөдөө аж ахуйн болон үйлдвэрлэлийн, худалдааны зохистой дадлыг мөрдөж хэвшүүлэх шаардлагатай байна.
Discussion about this post