Оскарын шагналт жүжигчин Хоакин Фениксийг монголчууд “Гладиотар” “Жонни Кеш”, “Joker” зэрэг олон кинонд бүтээсэн дүрээр нь андахгүй. Тэрээр 46 настай бөгөөд гурван настайгаасаа цагаан хоолтон болсон байна. Энэ тухайгаа Brut сайтад өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй тайлбарлажээ. Хоакин Феникс “Би гурван настайгаасаа цагаан хоолтон болсон. Тэр үед би ах эгч, дүүтэйгээ гэр бүлээрээ явж байгаад загасыг идэхийн тулд хэрхэн маш хэрцгийгээр хөнөөж байгааг өөрийн нүдээр харсан. Тэр мөчид би ийм харгис хэрцгий зүйлд огтхон ч оролцохгүй, түүний нэгэн хэсэг нь хэзээ ч байхгүй гэж шийдсэн. Ялангуяа надад тэднийг идэхийн тулд хөнөөж байгаа нь аймшигтай байсан. Би тэдгээр өрөвдөлтэй, бидэнтэй л адил амьд амьтдыг өвтгөж, тэдэнд зовлон учруулахыг хүсдэггүй. Би тэр амьтдаас үр зулзагыг нь авахыг хүсээгүй, би тэднийг идэж хөнөөхийн төлөө хүчээр байшинд хорьж, хүчээр таргалуулахыг хүсээгүй. Ийм зүйлийг харж мэдэрснийхээ дараа хүмүүс яаж зүгээр л идээд, арьсыг нь өмсөөд байдгийг ойлгодоггүй. Үүнээс болж хүрээлэн байгаа орчинд үүсэж байгаа асуудал үнэхээр аюултай. Энэ тал дээр өөрийн үзэл бодлоосоо няцахгүй. Надад тэр маш чухал” гэжээ.
Хоакин Феникс 2016 оноос 36 настай жүжигчин Рүүни Маратай хамт амьдарч байгаа. Тэд саяхан хүүтэй болсон. Хоакин Феникс “Мэдээж би хүүгээ цагаан хоолтон байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ би хүүгийнхээ итгэл үнэмшлийг хүчээр өөрчлөх гэж улайрахгүй. Энэ буруу. Гэхдээ би хүүдээ бодит байдлыг үнэн зөвөөр тайлбарлаж, түүнийг энэ тухайд мэдлэгтэй болгох болно. Би түүнд фермд амьдардаг гайхалтай амьтад аз жаргалтайгаар мүү мүү мүү гэж хоорондоо ярилцдаг тухай ном уншиж өгөхгүй. Би түүнийг цагаан хоолтон бол гэж ятгахгүй ч худал мэдээллээр өсгөхгүй. Энэ л миний төлөвлөгөө” гэсэн байна.
Discussion about this post