“Asian film awards 2017” буюу Азийн Оскар гэгддэг нэр хүндтэй наадмын улаан хивсний ёслолд оролцсон мэдээ элэг нэгтнүүдээ огшуулсан мисс Б.Гүнзаяа. “Miss intercontinental”, “Photo model of the world 2016”, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017” зэрэг тэмцээнүүдэд оролцож, Монголчуудын гаргаж байсан амжилтыг шинэчилж, тэргүүн байр, дэд байр болон номинациудын эзэн болж хүндэт титмүүдийг эх орондоо авчирч байсан ч олон нийтэд танигдаж нээгдээгүй цоо шинэ хүн. Товчхондоо бол түүний миссийн карьер дэлхийд өрнөжээ. Нас хэлэлцбэл хорь дөнгөж гарч яваа, их сургуулиа дүүргэн төрийн албанд ажилд орсон шижигнэсэн боловсон хүчин. Тодруулбал тэр эрхзүйч мэргэжилтэй. Ажил хэрэгч хувцас, чигч шулуун харц, тэгтлээ будаагүй ч өвөрмөц, мисс байхаар дүр төрх. Хориодхон насанд ийм олон амжилтын үзүүрээс атгаж төгс боловсорсон түүгээр бахархах сэтгэл төрснийг нуух юун. Гадаадад түүний нэрийг андахгүй болсон ч эх орондоо тэр яг мөн чанартаа хэн бэ гэдэг нь оньсого мэт танигдаагүй нэгэн. Хөдөлмөрч, дасал болсон миссүүдийн хэвшмэл дүр төрх, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл тэс өөр цэл залуухан гоо бүсгүй. Түүнтэй танилцъя.
Охид бүгд өөрийгөө гүнж, сайхан, хөөрхөн гэж боддог. Гэхдээ яг миссийн хэмжээнд эх орондоо гадаадад би үзүүлээд өгнө гэх амбицтай эмэгтэй тийм их биш. Өөрийгөө яг тийм хэмжээний сайхан бүсгүй гэдгээ хэзээ анх мэдэрсэн бэ?
-Би сүүлийн гурван тэмцээн, ялангуяа 2016 онд Туркт Фото модель, Чамин мисс гээд шагнал авч байхдаа үнэхээр хөдөлмөрийн үр шим гарлаа гэж бодож байлаа. Хоёр дахь тэмцээндээ орсон чинь дахиад таван шагнал авчихдаг юм байна. Сүүлийн тэмцээндээ бест имиж, хамгийн гоё дүр төрхтэй гэдэг шагналыг аваад яг үнэндээ “шоконд” орсон. Үнэхээр тасархай, багаасаа бэлдчихсэн, том том улсын миссүүдтэй өрсөлдсөн учраас өөртөө итгээгүй хэрэг. Тодорхой хэмжээнд надад юм байна, хичээл зүтгэлийн үр дүн, авьяас харагдаж байгаа учраас олон улсын шүүгч нар намайг ингэж дүгнэлээ гэж урамшсан. Тэмцээндээ түрүүлж ирчихээд ажлаа хийж байтал Азийн кино наадамд оролцох улаан хивсний ёслолын урилга ирлээ. Бүр гайхаж хоцорсон. Өөрөө, давхар найзаараа нягтлуултал яалт ч үгүй л ирсэн байна даа гэлээ. Би бест имиж, фото модель талаараа онцгойрч байгаагаасаа илүү фото зураг, видеон дээр гоё гардаг гэдэг утгаараа олон улсын продюссерүүдийн анхааралд өртсөн гэсэн и-мэйл ирсэн байсан. Олон жил зүтгэсний дараа маш том боломж ингэж нээгдсэн. Азийн кино наадмын ТУЗ-ийн хурал шинэ дүр төрхийг хайж байдаг юм байна. Дэлхийн өнцөг булан бүрийн мянга гаруй охидоос шигшиж, мянгаасаа 200-г сонгож, ТУЗ-ийн хурлаар сүүлийн нэгийг сонгох болоход бүгд нэг номероор Монголыг, намайг сонгосон байсан. Ийм азтай хувь зохиолоор Азийн кино наадмын улаан хивснээ алхаж, Хонгконгт хамгийн том соёлын арга хэмжээнд оролцоод ирсэн. Наадамд оролцоход “O Couture” загварын агентлаг дэмжиж, тэдний гоёлын даашинз олон улсын бүх хэвлэл мэдээллээр цацагдсан. Би ганцаараа олон улсад гараад амбицламааргүй байгаа юм. Монголын хувцас загвар надаар дамжиж дэлхийд танигдаж болно шүү дээ гэсэн үүднээс тэдний даашинзыг сонгосон.
-Чиний талаарх бүх мэдээлэл, гаргаж байгаа амжилтууд маш цэгцтэй өндөр зохион байгуулалттай гэдгийг илэрхийлдэг. Хүн болох багаасаа гэдэг шүү дээ. Бага нас, аав ээж, гэр бүлийнхээ тухай яриач?
-Би эгэл жирийн айлын хүүхэд. Аав тамирчин, ээж багш. Бид аав ээжээсээ гурвуулаа. Маш мундаг ах, эгч хоёртой. Би ардын багшийн хүүхэд гэж бахархах дуртай. Ээж маань эх орондоо нэр алдартай олон шавь төрүүлсэн. Саяхан Алтангадас одонгоор шагнуулж, бидэндээ урам зориг, үлгэр дуурайл үзүүллээ. Өнөөдөр миний өдий зэрэгтэй яваа нь гэр бүлийнхэн маань намайг маш ихээр дэмждэгийн үр дүн юм. Бага байхад аав маань миний чиглүүлэгч байсан бол одоо ах маань тэр үүргийг гүйцэтгэж байна.
Бага нас хайран дунд умбаж өнгөрсөн дөө. Одоо бодоход багаасаа их эмэгтэйлэг, гоёж гоодох дуртай охин байж. Аавын нөлөө их. Гүнзаяа эмэгтэй хүн бол эмэгтэй хүн, эмэгтэй хүн гоё тирко өмсөх хэрэгтэй, гоё цүнх барих хэрэгтэй, гоё палатье өмсөх хэрэгтэй, яагаад гэвэл чи эмэгтэй хүн гэж аав маань хэлдэг байлаа. Яг үнэндээ надад гуравдугаар курс хүртэл чөлөөт хувцас гэж байдаггүй байсан. Аавын сургамж бүр хэвшил болчихсон юм уу даа. Ээмэг зүүлт гоёл чимэглэл багаасаа зүүх дуртай байсан. Бас хүүхэд байхын гутал гэхээр бараг амиа тавьдаг байсан. Гутлыг гоё цэвэрхэн өмсвөл гоё газар аваачдаг гэдэг юм билээ. Гутланд мөнгө хайрлах шаардлагагүй гэж үздэг. Бас орон орны мөнгө цуглуулдаг. Тэр маань нэлээн арвижсан.
-Өөрийн чинь нэр их өвөрмөц юм. Уучлаарай, царай төрхний чинь хувьд ямар ч монгол төрх алга гэж уншигчид коммент бичих юм билээ?
-Би 100 хувь халх монгол. Аав Булганых, ээж Увсынх. Миний төрх магадгүй хол нутгаас нийлснийх байж магадгүй. Манай гэр бүлийнхэн бүгд өөр өөр нэртэй. Том эгчийг Сүнжидмаа, дунд ахыг Мөнхболд би айлын бага Гүнзаяа. Яагаад ингэсэн гэхээр нэг айлын хүүхдүүд ямар ч хувь тавилангаар амьдарч болно, ойролцоо нэртэй хүмүүс бие биенийхээ амьдралыг давтах магадлалтай байдаг учраас нэг айлын хүүхдүүд өөр өөр нэртэй байх ёстой, хэн нэг нь сайн явахад бусдыгаа аваад явдаг, бүгд хувь хүмүүс байгаасай гээд өөр өөр нэр өгсөн гэж аав маань тайлбарладаг байсан. Миний нэрний утга ээж аав, гэр бүл, ах эгч, найз нөхөддөө, эх орондоо хэрэгтэй гүн сэтгэлээсээ заяаж энэ хорвоод мэндэлсэн гэсэн агуулгатай.
-Өнөөдөр би юу ч хийсэн бай зөв бол хэнээс ч ичихгүй-
-Өөрийн чинь байгаа байдал нэлээн дүүрэн өссөн байрын цог золбоотой, санхүүгийн хувьд эрх чөлөөтэй, ер нь л чинээлэг байдал мэдрэгдээд байна. Танай гэр бүл эдийн засгийн утгаараа дундаж гэр бүлээс дээгүүр боломжтой айл гэж ойлгож болох уу?
-Тэрийг мөнгөн дүнгээр хэмжвэл миний хувьд инээдтэй асуудал. Манай гэр бүлийн дүрэм ч гэх юм уу, хэрвээ чи бизнестэй болох гэж байвал, төрийн албанд ажиллах гэж байвал, дуртай юмаа хийх гэж байвал хөрөнгө оруулалт хийж байж эргүүлээд илүү их ашгийг хүртэнэ. Тийм ч учраас бид мөнгийг харамладаггүй. Гэхдээ өнөөдөр бид тасарчихсан баян гэж хэлэхгүй. Боломжийн сайхан амьдарч байна. Сэтгэлийн хувьд би хамгийн баян хүн байх. Яагаад гэвэл зорьсон зорилготой тэр зорилгынхоо төлөө өглөө болгон эрч хүчтэй босдог. Миний хэлэх дуртай үг, “Мөрөөдлийнхөө төлөө гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх, зогсож л болохгүй”.
Би саяхан эрхзүйч мэргэжлээр төгссөн. Манай гэр бүлийнхэн намайг сурахад боломжоор хангасан учраас би ажил хийх ёстой. Хэдий эмэгтэй хүн ч гэсэн илүү том харж, зориглож, ажиллаж явна. Төрийн байгууллагад ажиллаж ажил сурч ав, дипломоор амьдрахгүй гэж гэрийнхэн маань зөвлөсний дагуу мэргэжлээрээ ажиллаж байна. Ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Ах эгч нар үе тэнгийнхнээсээ маш их юм сурч байна. Би бас ажлынхаа хажуугаар жижиг бизнесүүд хийдэг. Өөрөө загварыг нь гаргаж хувцас оёх, зарах гэх мэт. Зарим найзууд, боломжтой байж заавал ийм юм хийгээд байхдаа яадаг юм, юм зараад, санаа зовмоор юм гэдэг. Би хувьдаа бусдаас царайчлах нь ичгэвтэр болохоос ажил хөдөлмөр хийх нь ичих зүйл биш гэж боддог. Зөв л зүйл бол шал угаасан ч хүнээс ичихгүй ээ. Яагаад гэвэл би ирээдүйдээ хөрөнгө оруулахын тулд бүх зүйлийг хийж үзэх ёстой ид цэцэглэж байгаа насны залуу эмэгтэй.
-Хүний хэтэвч рүү өнгийгөөд байгаа юм биш. Миссийн тэмцээнд ороход зардал ихтэй, ойлгомжтой. Өөрийн чинь тэмцээнүүд дандаа гадаадад болж байна. Амжилт үзүүлэхээр бай шагнал юу дагалддаг юм бол?
-Би сонирхлынхоо дагуу уйгагүй арваад жилийг энэ салбарт зориулаад явж байна. Бүх зардлыг манай гэр бүл болон би өөрөө гаргадаг. Миссийн холбоо, дэмжигч байгууллагууд, агентлагууд тодорхой хэмжээгээр дэмждэг ч 100 хувь зардлаа өөрөө гаргадаг. Маш их санхүү шаардсан салбар. Гэхдээ гавьяа шагнал маань өөрөө эргээд маш том боломжийг нээж өгдөг. Би тэрний төлөө л явж байгаа. Энэ салбар олон улсад үнэлэгддэг. Тэргүүн байр нь маш өндөр шагналын сантай, тэрүүгээрээ зарлагаа нөхөх жишээтэй. Шагнал авахад тухайн мисс, моделийн үнэлэмж өсдөг. Тэр үнэлгээгээрээ олон улсад моделиор ажиллахад цалин өндөр болно гэсэн үг.
-Мисс модель хоёр ялгаатай ойлголт, ялгаагүй гэх мөнхийн маргаан бий. Аль нь илүү хөдөлмөр шаарддаг юм бол?
-Би моделиор ч, миссээр ч ажилладаг. Мисс хүн гэдэг хувь хүн талаасаа маш боловсорчихсон олон улсын түвшинд 5-8 наснаас нь эхлээд олимпийн тэмцээнд оруулах гэж байгаа юм шиг бэлддэг. Ярианы илтгэх чадвартай, авьяастай, спортод сайн, бусдын өмнө нээлттэй өөрийгөө зөвөөр илэрхийлж чаддаг, онцлог давуу талаа хөгжүүлсэн байх ёстой гэх мэтээр хувь хүнээс маш өндөр шаардлага шаарддаг салбар л даа. Зурагны цаанаас зүгээр инээж байгаа хөөрхөн эмэгтэй ийм болохын тулд ямар их хөдөлмөр гаргасан бол гэдгийг бодох ёстой байдаг. Энэ бол мэргэжил. Мисс болсон бүсгүйгээр тухайн улсыг, тухайн улсын эмэгтэйчүүдийг дүгнэдэг. Модель, загвар өмсөгчдийн тухайд дизайнерийн хувцсыг амилуулдаг. Өндөр, жин, нас, биеийн харьцаа гэх мэт мэргэжлийн шаардлага байдаг ч хувь хүнээс авьяас шаарддаггүй гэх үү дээ. Миссүүдийн хувьд тэс өөр. Жишээ нь, дэлхийн аль ч миссийн олон улсын тэмцээнд филиппин миссүүд өндөр рейтингтэй, дандаа эхний гурван байрт орж нэгээр гарч ирэх нь элбэг байдаг. Энэ бол бодлогын асуудал. Өнөөдөр Филиппин бол тасархай гоё хүүхнүүдтэй гэж хардаг болж байна. Үүнийг дагаад тухайн орны сайхан харьцаатай сайхан эмэгтэйчүүдийг харахын тулд аялал жуулчлал өсдөг юм байна. Энэ нь тухайн улсаас баримталж байгаа бодлого. Өөрөөр хэлбэл мисс хүн маш өндөр хариуцлагатай гэсэн үг.
-Мисс, моделийн ажил олон улсад өндөр цалинтай байхад яасан гэж заавал баян хүнтэй суух шаардлагатай юм! Яасан гэж ядуу амьдрах ёстой юм!-
-Чамд мисс, моделийн чадвар аль аль нь байна. Хангалттай амжилт үзүүлэх потенциал ч байна. Гэхдээ загварынхантайгаа тийм ч ойр биш зайгаа барьчихсан юм шиг. Олонтойгоо явахгүй болохоор магадгүй эх орон дахь карьерт чинь нөлөөлөх юм биш биз. Хүчирхэг байхын хэрээр ганцаардах юм уу?
-Би “Монгол модель” агентлагийнх. Хүн төрсөн газар, заасан багшаа үгүйсгэх аргагүй. Хичнээн бид өнөөдөр сайхан байгаад маргааш муудалцсан ч гэсэн тэр үгүйсгэгдэхгүй. Тэр утгаараа би “Монгол модель” агентлагийн Д.Болормаа захиралд маш их талархаж явдаг. Гэхдээ өдөр болгон арга хэмжээнд орох цаг зав надад байдаггүй. Тодорхой арга хэмжээнүүдэд оролцдог. Тэр хүрээнд найз нөхөд бий. Миний хувьд минут тутам маань үнэ цэнэтэй. Залуу хүн юм чинь найз нөхөдтэйгөө уулзаж, наргиж цэнгэх үе байна. Хамгийн гол нь би юуны төлөө явж байгаагаа мартах ёсгүй. Гэхдээ зарим хүмүүс, ялангуяа гэрийнхэн маань, чи өөртөө хэтэрхий их ачаалал өгч байна, үүнээсээ болж ядраад байна гэдэг. Би яг үнэндээ сүүлийн хоёр гурван жил яг л 6-7 цагийн нойртой, заримдаа нойргүй ч явах өдрүүдийг өнгөрөөж байна. Өндөр хэмжээний спортын бэлтгэл, бүжгийн бэлтгэл хийдэг. Мөн лектороор мэргэшиж байна. Олон улсын харилцаа холбоо эрчимжүүлэлтээ идэвхитэй байлгаж гадаад дахь карьер дээрээ анхаарч эхэлсэн. Миний хажууд дэмждэг тодорхой хэмжээний хүмүүс, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон байгаа учраас би өдий зэрэгтэй явж байна. Заримдаа шантарна. Тэглээ гээд галт тэрэг хөдөлсөн. Хааяа бясалгаад хэнтэй ч харьцахгүй байх үе байна. Хүн аль болох бололцоогоороо өөрийгөө авч үлдэх нь чухал. Тэрнээс биш өнөөдрийн зугаа цэнгэл хөөгөөд зүгээр ээж аавынхаа өгсөн мөнгөөр амьдрахыг би хүсдэггүй.
-Шулуухан л асууя. Миссүүд ч гэсэн хоорондоо өрсөлддөг. Монголд олон мисс байгаа. Чи илүү амжилт гаргаад цойлоод ирэхээр гадуурхах, зөрчилдөөн, сөрөг дайралт ирэх юм уу?
-Манай Монголын мисс, загвар өмсөгчид маш гоё. Энийг би нүүрэн дээр нь ч хэлдэг. Тэднээс суралцах юм их байдаг. Тодорхой хэмжээгээр үл ойлголцол, зөрчил бага зэрэг ажиглагдана. Тэр надад нөлөөлөхгүй. Хэн нэгэн надад ач холбогдол өгч байгаа нь би сайн сайхан яваагийнх гэж ойлгодог. 2014 онд “Мисс Монголиа”-д ороод мисс Балжидмаа, мисс Азбилэг, мисс Баярцэцэг, мисс Халиунаа бид хэд найзлаад явж байсан. Тавуулаа шагнал авсан. Тэгэхэд яг гурван жилийн дараа зорилгодоо хүрсэн байна шүү гэж хоорондоо ярьж байсан. Тэр маань өнөөдөр хувь хувьдаа биелэлээ олоод явж байгаад маш их баярлаж байгаа. Манай Балжидмаа дайчин охин. Монголын мисс болж, “Mongolia`s Next Top Model”-д хоёрдугаар байрт орлоо. Мисс Баярцэцэг маань сая Дэлхийн мисст 11-р байранд орж, Монголоос хэзээ ч гаргаж байгаагүй амжилтыг гаргалаа. Тэр хүн зүгээр суугаагүй. Маш их хичээж байсан. Хөдөлмөрийнх нь үр шим гарсан. Миний хувьд олон улсын тэмцээнд амжилт гаргалаа. Бид шинэ үеийнхэн.
-Миссүүдийн оргил нь Дэлхийн миссийн тэмцээн гэж ойлгож болох уу? Гаргасан амжилт, үзүүлэлтийг чинь харахад өөрөө дараагийн Дэлхийн миссийн оролцогч юм болов уу гэсэн бодол төрж байна. Тийм амбиц байгаа байлгүй?
– Хэрвээ Дэлхийн мисст оролцох боломж олдвол татгалзахгүй. Миний хувьд маш том ажил. Надад нас байна. Тэр үедээ би болсон гэж бодвол орно. Хэрвээ болоогүй бол хоёрын хооронд орохгүй. Дэлхийн миссийн тэмцээн рейтингээрээ нэгт явдаг. Гэхдээ оргил биш. Дэлхийн мисс олон улсад хүмүүнлэгийн элч, билэг тэмдгээр том том байгууллагуудад ажилладаг. Нийгмийн сайн сайхны төлөөх элч. Би шууд дэлхийг өөрчилнө гэж хэлж чадахгүй. Юмыг багаас нь хийж эхлэх хэрэгтэй. Би “Хүүхэд эрдэнэ” гэдэг сан байгуулсан. Хүүхдийг зөв хүмүүжилтэй, нийгэмд ямар хэрэгтэй хүн юм гэдгийг ойлгуулж ухамсарлуулах тал руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлээрээ 3 жил тасралтгүй ажилласан байна. Сая хүүхдийн баяраар асрамжийн газрын 200 гаруй хүүхдэд сэтгэлийн бэлэг барьж арга хэмжээ зохион байгуулсан. Энэ бол зүгээр нэг халааснаасаа гаргаад юм өгч байгаа юм биш. Тэр хүүхдүүдэд нийгэмд хэрэгтэй хүн юм байна гэдгийг нь мэдрүүлэх гэж бид ажиллаж байна.
-Гадаадад гайгүй яваа моделиуд эндэх загварын тайзаа “миалах” нь болчимгүй үйлдэл-
-Гадаад ертөнц үнэхээр гайхалтайгаар Гүнзаяаг хүлээж авч байна. Монголын загварын тайз ер нь чиний хувьд юу юм бэ? Гадаадад гарсан хүмүүс үргэлж “Гоёл” болоод Монголын загварын тайзыг голдог?
-Би энэ улсынхаа нэрийг, салбараа тодорхой хэмжээгээр дээш нь гаргах гэж цаг зав бүх юмаа зориулж байгаа. Би өнөөдөр Монголоос гарсан учраас амжилт гаргаж байгаа. Монгол улсын иргэн биш байсан бол магадгүй хэн ч биш байж болно. Монголдоо загварын шоунд оролцох нь миний хувьд нэр хүндийн хэрэг. Надад аархах үзэл яснаасаа байдаггүй. Хэрвээ гадаадад Монголынхоо нэрийг гаргаад явж байгаа моделиуд байвал тэрийг их ч бай, бага ч бай бид сайшаах хэрэгтэй. Яагаад гэхээр тэр хүн зүгээр байж байгаад дэлхийн олон зуун охидоос 1, 10-р байранд ороогүй. Үнэ цэнэтэй хөдөлмөр байсан учраас эх орныхоо нэрийг гаргасан. Гэхдээ гайгүй яваа моделиуд Монголын тайз ийм тийм гэж байгаа нь болчимгүй үйлдэл. Төрсөн газар, үндэс угсаа, улсынхаа иргэншлээ тэгж муулвал чи Монголд байтугай дэлхийд ч хэн ч биш.
-Одооны охид рейтинг өндөртэй үедээ гайгүй хүнтэй суух бодлого барьдаг болсон нь нууц биш. Мисс модель байгаад олонд танигдахаар нэг л төгсгөл байдаг нь баян хүнтэй суух. Суугаад салдаг мөнгө төгрөгтэй болдог. Эцэст нь загварын тайзаа орхидог. Мисс модель болохын зорилго ерөөсөө л энэ үү?
-Миний хувьд ид хийж бүтээдэг залуу нас учраас урдахаа хийгээд явж байна. Үнэхээр хувь тавилан байгаад өнөөдөр үгүй гэж байсан ч маргааш нь хүнтэй суугаад хүүхэд гарчихсан байхыг үгүйсгэхгүй. Нэг сайхан нартай өдөр ханьтайгаа учрах байх. Би дахиад сурмаар байна. Өнөөдөр хийж байгаа зүйлс, амжилтынхаа амтанд ороод дараа дараагийн боломжийн төлөө өөрийгөө хөгжүүлье гэж мэрийж явна. Бие биедээ үнэхээр таалагдаад галзуу дурласан тохиолдолд баян, ядуу хамаагүй шүү дээ.
Өнөөгийн залууст олон улсад ажиллах боломж нээлттэй болсон. Мисс моделийн салбар олон улсад өндөр цалинтай ч байдаг. Өөрөө ажил хийж, өндөр орлоготой байх боломж байхад яасан гэж заавал баян хүнтэй суух шаардлагатай юм. Яасан гэж заавал ядуу хүнтэй суух албатай юм. Сэтгэлийг хэн догдлуулж байна, түүний л гэргий болох байх даа. Би хувьдаа хэзээ ч хэн нэгнээс хараат амьдрахгүй. Ээж аав маань нойртой, нойргүй хөдөлмөрлөж намайг өдий зэрэгт хүргэхдээ миний ач буяныг үзэх ёстой биз дээ. Намайг баян айлын эрх залуугийн гэрийн тавилгын манаач хийх гэж өсгөсөн юм уу? Наад зах нь би тэднийгээ хүндлэх ёстой биз. Баян айлын залуу, гэр бүл юутай хээтэй маань хараад үзчихлээ гэж бодоход би тэр айлын манаач л болох байхгүй юу. Би юугаар омогших юм. Магадгүй хэдэн жилийн дараа гэрийн эзэгтэй, ээж болвол миний төлөвшил өөр болох байх. Тэр үед миний хийж байгаа юм чухал уу, гэр бүл чухал уу гэдэг сонголтоо өөрөө хийнэ. Гэхдээ бас өдий зэрэгт хүртлээ хичээгээд явж байгаа юм чинь яаж ч бодсон шууд хаяхгүй байх. Ажил хэрэгч, амьдралын зорилготой хүн гэж байдаг даа. Би тийм типийн хүн. Тийм учраас эрх ч юм уу, залхуу залуучууд миний стиль биш. Амьдралын идэвхитэй зорилготой хайртай хүнийхээ төлөө бардам дуугарч чаддаг хүн таалагддаг. Хамгийн гол нь зорьсон зорилготой, мэдээж намайг хайрладаг бусдыг хүндэлдэг хүн байгаасай.
-Өөрөө үнэхээр төрчихсөн мисс юм байна. Гоо сайхан, галбираа хадгалах дэглэм, жороосоо хуваалцаач?
-Хүн шингэн зүйл усыг амин дэм шиг хайрлах хэрэгтэй. Чи юу идэж ууж, ямархуу амьдралын хэв маягтай байна гэдгийг арьс чинь илэрхийлдэг. Арьс ходоодны чинь толь. Миний хувьд өглөө босоод халуун бүлээн ус 2-3 аяга ууж цэвэрлэдэг. Хүн ер нь ямар ч царайтай байсан гоё юмаа тодотгож будах, зориулалтын тос бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Бие галбир царай зүсэндээ анхаарахгүй байна гэдэг өөртөө хайргүй гэсэн үг. Миний хувьд тамирчин шиг бэлтгэл хийдэг. Тэмцээн дуусахад амралтын байдалд шилжээд тэмцээнээс хоёр сарын өмнөөс диет дасгал хөдөлгөөний байдалд шилждэг. Жимс ногоо их хэрэглэдэг. Их мах идэхээр царай барайгаад ирдэг. Мэдээж идэх үедээ иднэ аль болох хөнгөн хооллохыг хичээдэг.
-Өөрийг чинь өнөөгийн нийгмийн юу нь их бухимдуулж байна?
-Маш амжилттай яваа залуус шүүмжлэлд өртөөд байгаа нь таалагддаггүй. Хүн тодорхой хэмжээгээр хөдөлмөр гаргасан учраас амжилтанд хүрч байгаа. Гэтэл чичлээд доороос нь татаад байдаг. Миний харж байгаагаар гоё залуу охид элэг бүтэн амьдралтай харагдахгүй байна. Яагаад ингэж хүнийг хүнтэй сууж чадахгүй болтол нь доромжилдог юм. Тэр чинь өөр дээр чинь ирвэл яах юм. Тэр хүнийг битгий доромжил, зүгээр тойроод гараач. Тэр хүн хичээж байгаа ш дээ.
-Чи хэр сайн уншигч вэ? Яагаад ингэж асууж байна гэхээр өөрийн чинь зурагтай фэйсбүүк постууд их шэйр хийгддэг юм байна лээ. Онч мэргэн үгс шиг цэгцтэй тэр гоё үгс афоризмууд хаанаас ундарч гараад байна?
-Маш их баярлалаа, намайг ингэж үнэлж дүгнэж байгаад. Манай ээж лекторын төвтэй. Хүүхдүүд нь маш том амжилтыг улсад гаргаж байгаа. Ээжийн шүлэг зохиодог авьяасыг би багахан ч гэсэн авсан юм болов уу. Би уран зохиолын хичээл, шүлэг бичих тал дээр арай өөр авьяастай байсан. Тэрийгээ хааяа үнэхээр ингээсэй гэсэн үүднээс зөвлөгөө хэлбэрээр хүргэдэг. Зөвлөгөөгөө өөртөө л хэрэгжүүлээд яваад байвал утгагүй. Магадгүй тэрийг 1000 хүн уншлаа гэхэд 2 хүн өөртөө шингээж байвал бас л би бусаддаа сайхан зүйлийг хийж байгаа буян. Тэр утгаараа би найруулж бичдэг. Яг л миний толгойноос гарч байгаа зүйл.
Discussion about this post