Энэ явдал өнгөрсөн 2020 оны намар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” дэлгүүрт болжээ. Хохирогч Д.Б нь дэлгүүрээс архи хулгайлах гэж хоёр удаа оролджээ. Тухайн үед дэлгүүрт эзэн Х.А-гийн ээж, эгч хоёр ажиллаж байсан аж. Дэлгүүрийн эзний мэдүүлснээр “Манайхаас хулгай хийгээд байсан хүн өглөө нь орж ирээд хулгай хийхэд нь манай ээж, эгч хоёр бариад “Дахиж хулгай хийж болохгүй шүү” гээд гаргаад явуулсан. Тэгсэн тэр хүн өдрийн 12 цагийн үед орж ирээд лангуу руу дайраад архи авч байна гэхээр нь би ирээд гарах гэж байхад нь таарсан. Би “Хулгайлсан юмаа гаргаж тавь” гэж хэлэхэд “Юм хулгайлаагүй” гээд байсан. Халаасыг нь ухахад 100 граммын архи дөрвөн ширхэг гарсан. Ахин дахин сануулаад байхад яагаад хулгай хийгээд байгаа юм бэ гэж асуухад хулгай хийгээгүй гээд гүрийгээд байхаар нь гэнэт уур хурээд хэвлий нь тус газар нь цохисон. Тэр хүнийг цохисноос болоод өнгөрчихнө гэж бодоогүй. Зүгээр архи хулгай хийхийг нь таслан зогсоохын тул айлгачих санаатай, хэвлийн тус газар руу цохиод толгой руу нь нэг цохиод, дагзнаас нь татаж чирээд гаргасан” гэжээ. Цохиулсан иргэн цөс элэгний эдтэй бэхлэгдсэн хэсгийн шарх, хэвлийн хөндийн цус алдалт, битүү гэмтлээс болж нас барсан нь шүүхийн шинжилгээгээр тогтоогджээ. Дэлгүүрийнхэн хохирогчийн ар гэрт 15 сая төгрөг өгсөнд гомдолгүй гэжээ. Хэрэгтнийг тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна.
Discussion about this post