Баянхонгор аймаг Короновируст халдварын батлагдсан 85 тохиолдлоо бүрэн эмчлээд 19 хонож байна. Шинэ тохиолдол батлагдалгүй энэ хэвээрээ 28 хоновол ногоон бүсээр зарлагдах юм.
Гэвч ХӨСҮТ-өөс Төв аймгийн Сэргэлэн, Баян сумдад хууль бусаар алт олборлож байсан иргэдийн дундаас Баянхонгор аймгийн иргэн Короновируст халдвартай нь батлагдан тусгаарлагдсан тухайд мэдээллийг АОК-д ирүүллээ. Төв аймгийн тухайн бүс нутгийн засаг захиргаанаас хууль бус ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд дээрх батлагдсан тохиолдолтой нэг газар ажиллаж, хамт амьдарч байсан нэр бүхий иргэд Баянхонгор аймагт ямар нэгэн шинжилгээ, зөвшөөрөлгүйгээр хулгайн замаар нэвтэрч эхэлснийг тогтоолоо. Яг одоогийн байдлаар Богд сумд- 2. Баянговь сумд – 5. Шинэжинст сумд- 2. Баянлиг сумд – 2 иргэн очсон нь тогтоогдоод байна.
Иймээс АОК шуурхай хуралдаан зарлаж тухайн иргэдийг сумдад нь яаралтай тусгаарлах байранд авах, шинжилгээ авах , сум орон нутгийг зохион байгуулалтаар хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов. Энэ хүрээнд АОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Батбаяр, ЭМА-ын тархвар судлалын багийг тухайн сумдад ажиллуулан, сумдын албадыг арга зүйгээр яаралтай ханган ажиллуулах чиглэлийг өглөө.
АОК-ын тандалт судалгааны ажлын хэсгээс Төв аймгийн Сэргэлэн, Баян сумдаас ирж байж болзошгүй 46 хүний нэрийг одоогоор гарган тандалт судалгааг явуулан ажиллаж байна.
Discussion about this post