Монголын сонгодог урлагийн “алтан үе”-ийнхний нэг, УГЖ, дуучин М.Найдалмааг уншигч та бүхэнтэйгээ уулзуулъя.
-Та бага насныхаа тухай ярихгүй юу…
-Би чинь Оросын буриад шүү дээ. Байгал нуурын эрэг дээр төрж, Сэлэнгэ мөрний эрэг дээр өссөн. Аав, ээж хоёр жирийн тариачин, ажилчин хүмүүс. Аав маань хэлмэгдүүлэлтийн үеэр алга болж, ээж л бид наймын гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн дээ. Хоёр хүү, зургаан охиноос одоо дөрөв нь үлдсэн бөгөөд эгч, дүү хоёр маань Буриадад, шүдний эмч, эгч Галя бид хоёр Улаанбаатарт амьдрахын төлөө зүтгэж явна.
-Урлагт хэзээ хөл тавив?
-Багаасаа л дуулж, бүжиглэн, акробат эргэдэг байлаа. 1946 онд Улаан-Үдийн дунд сургуульд ороход минь дуу хөгжмийн хичээлийг өндөр боловсролтой багш нар зааж байсан. Сургуулиа төгсөөд манай ангийнхан бүгдээрээ Москвагийн Чайковскийн нэрэмжит сургуулийн дуулаачийн ангид шалгуулахад би ганцаараа тэнцсэн юм.
-Та Улаанбаатарт хэзээ ирсэн бэ? Тайзан дээр анх хэзээ гарав?
-Ээжийг нас барснаас хойш хоёр эгч маань Улаанбаатарт амьдрах болсон юм. Оюутан намайг тэд үргэлж урьдаг ч монгол хэл мэдэхгүй болохоор надад очих сонирхол байгаагүй. Тэгээд Москвагийн консерваторид суралцаж байхдаа хоёр эгчээсээ санхүүгийн тусламж авахаар Улаанбаатарт очсон. Тэр үед Октябрийн баяр, шинэ жил хоёрыг л тэмдэглэдэг байлаа. Хүргэн ах Засгийн газарт ажилладаг байсан болохоор 1962 оны Октябрийн баярын концерт үзсэн чинь Пүрэвдорж, Хайдав, Банди, Загдсүрэн дөрөв дуулж байсан. Тэгээд би Монголд сонгодог дуучид байдгийг мэдсэн. Дараа нь Дуурийн театрт шалгуулсан чинь Соёлын яамны сайд Болд “Дуурийн театрт чамайг авна” гэсэн. Ер нь Болд сайд, орлогч сайд Лодойдамба хоёрыг байхад манай сонгодог урлаг хөгжсөн гэж болно.
Харин тайзан дээр гарсны хувьд 1963 оны шинэ жилээр ХБДС-д орос, монгол романс дуулсан. Тэгэхэд Анастасия Ивановна хүрэлцэн ирсэн төдийгүй надтай нэлээд удаан ярилцаад, хажуудаа суугаа Болд сайдад “Танай Дуурийн театрт дуучин хэрэггүй юм уу? Энд бэлэн хүн байхад” гэж миний дэргэд хэлсэн. Тэгээд би 1964 оны есдүгээр сарын 1-нд Дуурийн театрт гоцлол дуучнаар орсон доо.
-Анх ямар дууг монголоор дуулсан бэ?
-Дуурийн театрт “Евгений Онегин”-ийн Татьянагийн дүрд тоглохдоо анх монголоор дуулсан. Ер нь хэл сурахад үг цээжлэх гол нь байдаг шүү дээ. Би Татьянад тоглохдоо л монгол хэл сурчихсан байлаа. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс анх Шараагийн “Мөрөөсөл”-ийг дуулсан.
-Манай хөгжмийн зохиолчид танд зориулж олон дуу зохиосон уу?
-Би романс л дуулж чаддаг шиг байгаа юм (инээв). Яагаад гэвэл манай хөгжмийн зохиолчид надад дуу биш романс л зориулж бичдэг байхгүй юу. Шараагийн “Мөрөөсөл”, Гончигсумлаагийн “Цонхон дээрх цэцэг”, Лувсаншаравын “Усны шувуу” гээд нэлээд хэдэн романс бий. Бас Цэндорж 2-3 романсаа надад зориулсан юм байна.
-Таны бодлоор манайд од бий юу?
-Бидний үед өөрөөр хэлбэл социализмын үед од гэж байгаагүй. Бид ч өөрсдийгөө од гэж нэрлэх эрхгүй байлаа. Од гэхээр заавал баруунд, Америк гэх мэтийн хөрөнгөтөн оронд л байдаг гэсэн ойлголттой байсан. Харин хоёрхон сая хүн амтай манайх шиг жижигхэн оронд 200-300-гаад нь од болчихвол бүх хүнийх нь нүд сохорчих байлгүй дээ (инээв).
-Та хүсэж байсан бүх дүрээ бүтээж чадсан уу?
-Мөрөөдөж байсан бүх дүрээ бүтээж амжаагүй л байна. Бараг талд нь ч хүрээгүй байх аа.
-Хамгийн сүүлд ямар дүр бүтээв? Ямар дүрийг хамгийн олон бүтээсэн бэ?
-Хамгийн сүүлд “Турондот”-ын Лиугийн дүрийг бүтээсэн. Гэхдээ сонгодог дуурь тайзан дээр тавигдахаа больсонд л их харамсдаг. Уг нь сонгодог урлагийн театрт сонгодгоо л тоглох ёстой шүү дээ.
-Хоёулаа одоо өөр сэдвээр ярилцъя. Жишээлбэл залуу насны чинь тухай. Таныг монгол залуус их эргүүлдэг байсан уу?
-Эргүүлдэггүй байсан гэж худлаа хэлээд яах вэ (инээв). Нөхөргүй бас залуухан байсан болохоор хотын харчууд их л эргүүлдэг байлаа. Тэр үед чинь Улаанбаатарт эрчүүд олон, ухаантай, өндөр боловсролтой нь их байсан.
-Та нөхөртэйгээ яаж танилцсан юм бэ?
-Маш сонин танилцсан. Хотод эгчийнд байхдаа нэг бүсгүйтэй үерхээд удаагүй байтал нөгөөдөх чинь “Манай нөхөр хөдөө яваад, найз нь ганцаардаад байна. Хоёулаа манайд ханиндаа хоноё” гэлээ. Тэгэхээр нь яваад очсон чинь үүдэндээ харуул манаатай, сүртэй гэж жигтэйхэн. Орсон чинь нөхөр нь хөдөө яваагүй, харин нүдний шилтэй, өндөр найз залуутайгаа намайг танилцуулахын тулд авгайтайгаа хуйвалдчихсан байж л дээ. Тэгээд найз залуутай нь шөнөжин вальс эргээд… Анх харахад намайг тоохооргүй залуу санагдсан.
-Та хоёр хэр удаж хуримаа хийсэн бэ?
-Нэг их удаагүй ээ. Оросууд тавдугаар сар хурим хийдэггүй, 13-ыг чөтгөрийн тоо гэдэг. Хамгийн сонин нь бид тэр ёс заншлыг нь мэддэггүй байсан болохоор болдоггүй сар өдөр нь, тавдугаар сарын 13-нд хуримаа хийсэн.
-Таны хобби юу вэ?
-Багадаа их сониуч зантай байсан. Марк, монет цуглуулдаг байснаа одоо ном цуглуулж байгаа. Харин зав чөлөө гарвал урлагийн ном, сонин уншиж, аар саар юм бичдэг. Одоо залуу дуучдад өгөх зөвлөгөөрхүү нэг ном гаргах санаатай.
-Таны мэргэжлийг хүүхдүүд чинь өвлөсөн үү?
-Манай гурван хүүхдээс хэн нь ч дуучин болоогүй. Хүү эдийн засагч, том охин их эмч, бага нь МУИС-д философийн багш.
-Та нэлээд орой гавьяат болсон санагдах юм…
-Монголын сонгодог урлагт 30 жил зүтгээд 1994 онд анхны Ерөнхийлөгч Очирбатаас энэ хүндтэй цол тэмдгийг гардсан. Би Ардын багш болсон Долгорсүрэн гуайн хамт төрийн ордонд Ерөнхийлөгчөөс шагналаа авахдаа Очирбат бид хоёр бие биеийнхээ хацар дээр үнсчихгүй юу. Уул нь манай хоёр гэр нэг лагерьт зусдаг, зүгээр л танилын ёсоор нэг нь баяр хүргэж, нөгөө нь талархлаа илэрхийлсэн чинь дараахан нь нэг сонинд “Очирбат Ерөнхийлөгч Ардын багш Долгорсүрэнтэй биш залуугаар нь Найдалмаатай үнсэлцлээ” гээд биччихсэн байж билээ.
Хэд хоногийн дараа Очирбаттай Дуурийн театрт таарсан чинь “Хөөе Найдалмаа, чи бид хоёрыг үнсэлцсэн гээд сонинд биччихсэн байна билээ. Хоёулаа дахиад үнсэлцэх үү?” гээд инээж байсан юм. Ер нь манай анхны Ерөнхийлөгч чинь хээгүй, сайхан хүн шүү дээ. Харин хожуу ч гэсэн олж харсан төр засагтаа эгч нь баярлаж явдаг юм. Гэхдээ ид үед минь өгөх ёстой юмаа өгчихсөн бол ч…
–Яагаад тийм хожуу гавьяат өгсөн юм бол?
-Яах вэ дээ, тэр үеийн сайд дарга нараас болсон байх. Миний тухай янз бүрийн фактууд дээд удирдлагуудад очдог байсан юм билээ.
-Таны эмзэглэдэг зүйл…
-Манай төр засгийн удирдлагууд урлагт тэр тусмаа сонгодог урлагт нэг ч төгрөг зориулахгүй байгаад л сэтгэл өвдөх юм. Сая миний хоёр шавь Чайковскийн конкурст оролцоод ирлээ. Шагналт байр эзэлж чадаагүй ч тун амжилттай оролцсон. Уул нь намайг энэ уралдаанд урьсан ч санхүүгийн боломжоос шалтгаалаад явж чадаагүй. Би 1996 онд УИХ-ын 2-3 гишүүний сурталчилгаагаар Дорнод явж байсан учир тэднээс мөнгө гуйтал “Танд туслахыг бодъё” гэсэн ч худлаа ярьчихсан.
Эцэст нь Монгол Улсын гавьяат жүжигчин Найдалмаа шавь нартайгаа уралдаанд явахаар хөөцөлдөөд нэг ч төгрөг олж чадаагүй гэдэгт л гутамшигтай байгаа байхгүй юу. Гэхдээ манайх Дуурийн театртайдаа бахархах ёстой. Өндөр хөгжилтэй Японд Дуурийн театр байдаггүй юм шүү дээ.
-Та дуучин болоогүй бол…
-Цаначин болох байсан. Хойно байхдаа Буриадын цанын шигшээ багт орж, хуучин ЗХУ-ын районуудын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа алтан медаль авч байлаа.
Ш.Эрдэнэтөр (“Өчигдөр”. 1998. 37&38-р дугаар) 2025.10





Discussion about this post