Францын 200 мянга гаруй цэргийн албан хаагч Ерөнхийлөгч Эммануюэль Макронд захидал бичжээ

ТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Францын 200 мянга гаруй цэргийн албан хаагч Ерөнхийлөгч Эммануюэль Макрон болон Засгийн газартаа хандан дахин ил захидал илгээжээ. Тэд иргэний дайн дэгдэх аюул учирсан тухай, улмаар улс орон задран унаж болзошгүй талаар  сэрэмжлүүллээ. Харин эрх баригчид тэднийг эмх замбараагүй байдалд уриалан дуудсан гэж буруутгажээ. Тэдний 2 дахь ил захидлыг “Valeurs actuelles” сонин нийтэлсэн байна. Тус сонины редакци хэдийгээр ил захидлыг санаачилсан болон гарын үсэг зурсан хүмүүсийн нэрийг нууцалсан ч 200 мянга гаруй хүн гэсэн тоо хэлжээ. “Франц улс, манай түүхийг үзэн ядах нь хэвийн үзэгдэл болжээ. Улс оронд иргэний дайн дэгдэх нөхцөл бүрдсэн. Манай орон бүрэн бүтэн үлдэх эсэх тухай асуудал яригдаж байна. Францыг аврахаар эрх баригчид ямар нэг алхам үйлдэл хийнэ гэж бид найдан хүлээж байгаа” хэмээн 2 дахь ил захидалд дурджээ.
Өмнө нь буюу 4-р сарын сүүлчээр мөн л ийм утгатай ил захидлыг Ерөнхийлөгч Макрон хүлээн авсан юм. Эхний захиаг Францын 20 генерал, 80 бэлтгэл офицер хамтарч бичсэн аж. Тэд захидалдаа “Франц орон хэт исламжиж байна, энэ бол маш аюултай үзэгдэл. Үүнээс болж манайд иргэний дайн гарч болзошгүй…, бүр задрах аюултай. Францын зарим нутаг, дүүрэг үнэндээ эрх баригчид ба цагдаагийн хяналтаас гарсан, хэн ч тэднийг хянаж чадахаа больжээ. Тэнд хэт даврагсад өөрийн дэг журмаа тогтоосон. Бид цаашид хүлээж чадахгүй нь, хөдлөх хэрэгтэй. Эс тэгвэл иргэний дайн дэгдэнэ. Тэр цагт амиа алдсан хүмүүсийн тоо мянга мянгаар тоологдох байх. Тэдний амь насын төлөөх хариуцлагыг Ерөнхийлөгч та хүлээнэ шүү” хэмээн тэд сэрэмжлүүлсэн юм. Тэд ил захидлаа мөн л “Valeurs Actuelles” сонинд нийтэлжээ. Батлан хамгаалахын сайд Флоранс Парли “Огцорсон ч гэсэн цэргийнхэн иймэрхүү мэдэгдэл хийж огт болохгүй. Цэргийнхэн улстөрийн хувьд төвийг сахих үүрэгтэй. Иймээс тэд манай орны хууль тогтоомжийг зөрчлөө, ил захидлыг санаачилсан хүмүүст хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн юм. Харин Ерөнхийлөгч Макрон ил захидлын хариуд тэдгээр генералыг төрийн эргэлт хийхээр сүрдүүллээ хэмээн буруутгаж, цэргийн цол тэмдгийг хурааж шийтгэхийг тушаасан билээ. Иймээс францчууд 2 дахь ил захидлыг нэрээ нууцлан бичсэн аж. Энэ ч аргагүй, Францын хуулиар мөрдөстэй цэргийн албан хаагчид хэзээ ч улстөр ба шашны тухай асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй. “Нэрээ нууцалсан энэ захиаг хэн бичсэнийг бид мэдэхгүй. Хэт барууны үзэлтнүүдийн үг хэллэгийг ашигласан байсан. Баримт дурдвал нэг хэрэг, харин эмх замбараагүй байдалд уриалах нь огт өөр хэрэг” гэж Францын Аж үйлдвэрлэлийн сайд Аньес Панье-Рюнаше мэдэгдлээ. Харин  Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен “Цэргийнхэнд нэг л зөвлөгөө өгье, хэрэв та нарт ямар нэг юм таалагдахгүй байгаа бол сонгуульд оролц, эрх мэдэлд хүрэх гэж оролдоцгоо” гэжээ.
Next Post

Discussion about this post