АН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхантай уулзаж ярилцлаа.
-Намын шинэчлэл гэж удаан ярилаа. Үр дүн гарч байна уу? Намын удирдлагуудын зүгээс нааштай хүлээж авч байна уу?
-Бид намын шинэчлэлийн асуудлыг хөндөөд жил боллоо. Энэ хугацаанд намынхаа үйл ажиллагааг сайжруулах, бүтэц зохион байгуулалтаа оновчтой болгох, хүчтэй сөрөг хүчин болох, намын гишүүд болон ард түмэн дунд ажиллахад чиглэгдсэн олон санал санаачилга, шаардлагууд, төсөл хөтөлбөрүүдийг дэвшүүлж намынхаа удирдлагуудад хүргүүлж ирсэн. Харамсалтай нь хүлээж авч ажиллаж чадаагүй. Олон удаагийн сонгуулийн үр дүнг намд үүсээд байгаа бодлого, удирдлага, бүтэц зохион байгуулалтын хямралтай холбож үзэж байгаа. Бид энэ хямралыг давахын тулд намынхаа бүх гишүүдтэй хамтарч ярьж байгаад шийдэх ёстой гэж үздэг. Өмнө нь сонгуулийн үр дүнг хэдхэн дарга нар тойрч сууж байгаад дүгнэчихдэг байсан. Намын дарга удирдлагыг сонгоход бас л хэдхэн хүн сууж байгаад энэ хүнийг сонгочихъё гээд болгочихдог. Одоо энэ цаг үе өнгөрчээ. Нийгэм асар хурдтай өөрчлөгдөж байна, олон нийтийн сэтгэл зүй өөр болсон байна. МАН нь ард түмний дунд ажилладаг, ард түмний нам байх ёстой. Өнөөдөр МАН гишүүдийнхээ дунд ажиллаж чадахаа больж, үгийг нь сонсч чадахаа больсон байна. Тэгэхээр яаж ард түмнийхээ дунд ажиллаж чадах вэ. Бид жилийн өмнөөс нэгдүгээрт их хурлаа хийе, Бага хурлаа өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулъя гэж санал тавьсан. Үүний тулд намынхаа төлөө үг хэлэх ёстой нийт гишүүдээ уриад өргөтгөсөн хэлбэрээр намынхаа хурлыг хийгээд өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэдхэн дарга биш, нийт гишүүдтэйгээ ярилцаад, үг хэлэх эрхийг нээлттэй хангаж өгөөд олон талаас нь ярьж байгаад өнөөгийн шинэчлэлийг хийх ёстой гэж үзэж байна. Тусгаар тогтнолын ордны гадаа өргөө гэр бариад сар гаруй боллоо. Энэ хугацаанд маш олон гишүүн ирж саналаа өгсөн. Нэгтгэж саналуудыг намынхаа Бодлого шинэчлэлтийн хөтөлбөрт тусгаж ажиллаж байна. Шинэчлэлийн өргөө гэрийг 21 аймагт барих ажлыг эхлүүллээ. Одоо зарим аймгаас бидэнтэй уулзахаар, нэгдэхээр гишүүд хүрч ирсэн байна. Шинэчлэлийн өргөө гэрээ аймагтаа барья гэж яриад, бидэнтэй нэгдээд явахаар боллоо. Цаашид улам өргөжинө, энэ шинэчлэлийн давалгааг зогсоох ямар ч боломжгүй. Зогсоох оролдлого болгон бүтэлгүй болно. -Намын шинэчлэлийг бодлогын төвшинд авч үзэж байгаа. Энэ бодлого дотор намын удирдлагын, бүтэц зохион байгуулалтын, санхүүжилтийн ил тод байдлын, нам доторх далд бүлэглэлүүдийг ил болгох зэрэг чухал асуудлууд орсон байгаа. Намын нийт гишүүдээ шинэчилж бүртгээд, намын бодлого шийдвэртээ оролцуулдаг байх асуудал мөн тусгагдсан. Одоогийн намын удирдлагууд энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх чадваргүйгээ харуулсан. Бид нийслэл болон орон нутгийн намын үүрүүдээр явж намын гишүүдтэйгээ уулзсан. Тэд өнөөгийн намын удирдлагыг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Намын энэ эгзэгтэй цаг үед удирдаж чадваргүй байж яагаад албан тушаалтайгаа зууралдаад байдаг юм бэ, намаа бодооч ээ, яагаад хурлаа хойшлуулаад байдаг юм бэ гэж байсан. Хурлаа хийхдээ биднийг оролцуулаач, бүгдээрээ ярилцаж намынхаа асуудлыг шийдмээр байна гэсэн шаардлага тавьж байгаа.
-Наадмын өмнө Бага хурлаа хийе гэсэн ч ахмадууд “бушуу туулай” үлгэрийг сануулж байсан?
-Яарвал даарна гэдэгтэй нэг талаар санал нэгдэж болох ч гэсэн улс төрийн нөхцөл байдал тун эгзэгтэй байна. Бидэнд 3-4 жилийн хангалттай хугацаа байна, энэ хугацаандаа хурлаа хийж шинэчлэгдье ярьж байгаа хүн ч байна. Улс төрийн нөхцөл байдал эгзэгтэй энэ үед манай намыг нухчин дарах гэсэн оролдлогуудыг эрх баригчдын зүгээс бүхий л боломжоо ашиглаж хийж байна. Намыг хүчгүйдүүлэх бодлого явуулж байгаа учраас бид цаг алдах юм бол нам цаашдаа мөхөх аюул ойрхон байна гэж үзэж байгаа. Тийм учраас цаг алдахгүйгээр Их хурлаа хийх ёстой. Намд тулгамдсан бүхий л асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын шийдлээ гаргаж, шинэчлэлийн бодлогоо тодорхойлох ёстой. Шинэчлэлийг хэрэгжүүлэх чадвартай, цөөн хэдэн даргад бус, нийт гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагаа сонгоод, нэн тэргүүнд хүчтэй сөрөг хүчний байр сууринд шилжих ёстой. Манай намыг энэ дөрвөн жилд сөрөг хүчин бол гэж захиалга өгсөн. Гэвч МАН сөрөг хүчнийхээ байр суурианд ажиллаж огт чадахгүй байна. Бидэнд итгэж санал өгсөн энэ сонгогчдынхоо төлөө ажиллах ёстой. Намын шинэчлэлийг бодлогыг боловсруулахдаа манай Шинэчлэлийн хороо намынхаа ахмадуудаас саналыг нь сонссон. Эмэгтэйчүүд, залуус, бүх үеийнхнээс саналыг нь авч байгаад боловсрууллаа. Нэн ялангуяа намынхаа төлөө хоёргүй чин сэтгэлээр зүтгэж, ажил амьдралаа зориулсан манай нөлөө бүхий ахмадууд байдаг. Г.Очирбат. Б.Даш-Ёндон, Л.Түдэв, Ш.Гунгаадорж, Д.Мөнхөө нарын олон ахмадуудын саналыг нь сонсч, бодлого шийдвэртээ тусгаж байгаа. Г.Очирбат гуайн хувьд намын анхан шатны байгууллагуудыг нийгмийн сэтгэл зүйг орон нутагтаа танддаг, энэ талаар санал боловсруулдаг, намын бодлого шийдвэрт оролцдог талаар болон өөр олон чухал санал хэлсэн. Л.Түдэв гуайн хувьд яагаад МАН-ын пиар хүнд огт хүрдэггүй, АН-ын пиар сайн хүрээд байгаагийн учрыг маш товч мөртлөө хүний сэтгэлд хүрэхээр хэлсэн. Цаашдаа ч энэ хүмүүстэйгээ уулзаж, санаа бодлыг нь авах болно. Эрдэмтэн судлаачдад хандаж, ЭШБХ зохион байгуулсан. МАН бол бусад намуудын өнөөгийн төлөвшил ямар байна, цаашдаа яаж явах ёстой вэ, МАН-ын шинэчлэл яаж явах ёстой вэ гэж эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлсэн. Намын гишүүдийнхээ дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Гадаадын улс төрийн намуудын туршлагыг ч судалж байна. Манай нам зүүн төвийн, нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай нам. Социал демократ намын сонгодог жишээ болсон Скандинавын орнуудын болон Германы Социал демократ нам зэрэг гадаадын улс төрийн намуудын шинэчлэлийн туршлагаас судалж байна. БНСУ-ын Ханара нам гэж байсан. Энэ нам нэрээ солиод Сэнүри нам болсон. Нэрээ солихдоо шинэчлэлийн бодлогоо маш оновчтой зохион байгуулсан, Парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт олсон. Тэдний шинэчлэлийн туршлагыг ч судалж ажиллаж байна. Шинэчлэлийн бодлогоо цаашид улам оновчтой болгож, 27 дугаар их хурлаараа хэлэлцүүлнэ.
-МАН шинэчлэл гэж ярихаар хүмүүс хүлээж авахдаа тааруу болчихсон. Залуучууд нь үзэл бодлоороо биш, албан тушаал, мөнгөтэй болох зам гэж харсан болохоор тэр гэлцдэг.
-Манай намд сүүлийн хэдэн жилд бүх шатны хурлууд зөвхөн хүн сонгодог, дарга сонгодог, хуралд нэр дэвшүүлдэг, зохион байгуулалтын асуудал хэлэлцдэг ийм л хурал болж хувирсан. Асуулт асуудаг, санал хэлдэг нэг ч хүнгүй болж хувирсан. Энэ үеэс л манай намын уналтын дохио өгч эхэлсэн. Зүй нь эдгээр хурлаараа улс орныхоо болон, тухайн нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засаг, ард иргэдийнхээ тулгамдсан асуудлыг ярьж, улс төрийн томоохон хүчний хувьд ямар байр суурьтай оролцох бодлогоо тодорхойлж байж ёстой л доо. Гэвч маш явцуу хүрээнд, хөшигний цаана, хуйвалдааны аргаар албан тушаалын наймаа ярьдаг болсон. Өнөөдөр ч ийм байдал байна. Ингэхдээ намын хариуцлагатай албан тушаалыг бялуу гээд ойлгочихсон, албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгож бүлгэрхэн хуйвалдаж, эрүүл сэтгэдэг, боловсролтой, чадалтай, шударга хэсгээ шахан зайлуулдаг. Харамсалтай нь үүнд манай зарим залуус оролцоод явдаг болсон байна. Бүгд албан тушаал, мөнгө санхүү, танил талын хэлхээ холбоотой болсон учраас давхар давхар хамгаалалттай хүмүүст хариуцлага тооцох боломжгүй болж, бүхий л шатанд хариуцлагагүйн халдварт өвчин тарсан байлаа. Сонгуулийн ялагдлуудын гол шалтгааны нэг ердөө энэ. Ажил албан тушаалыг ачаа үүрэх ёстой хариуцлага гэж ойлгох ёстой. Даргын алба хашиж байгаа хүн улам таргалаад баяжаад гялалздаг биш, улам ядраад ард түмнийхээ дунд ажиллаад, улс орноо тойроод, цаг завсаргүй ажиллаад явах ёстой. Ачааны хүндийг үүрэх ёстой. Нөгөө талаар нам дээр хэн нэгнээр татагдаж дээшилдэг биш, ажиллаж хөдөлмөрлөж, тэрнийхээ үр дүнгээр алба ахидаг зарчим руу шилжих ёстой. Энэ бидний зорьж буй шинэчлэлийн чухал хэсэг байх ёстой.
-Өмнө нь Н.Энхбаяр, С.Баяр гээд хатуу лидерээр удирдуулж ирсэн болохоор өөдөөс нь үг хэлж чаддаггүй байсан. Харин Ө.Энхтүвшин даргын үед ингэж чөлөөтэй ярих болсон давуу тал бий болсон уу?
-Намын шинэчлэл зөвхөн энэ цаг үед яригдаж байгаа биш л дээ. Манай нам сүүлийн 20 гаруй жил байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж ирсэн. Намын Их хурал болгон шинэчлэлийн томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж байсан. Эдгээр шинэчлэлийг үгүйсгэх аргагүй, намд ажиллаж байсан хүмүүсийн хийсэн бүтээснийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хуучин арга барилаасаа салах, хүний нөөцийнхөө бодлогыг оновчтой болгох, намын гол үнэт зүйл болсон гишүүдийнхээ оролцоог хангах, ард түмний дунд ажиллах, албан тушаал, мөнгө санхүүгийн сүлжээг цэвэрлэж, намаа эрүүлжүүлэх, авлигаас ангид болох тал дээр амжилт олоогүй. Өнөө цагийн шинэчлэл өвөрмөц байх ёстой. Хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэмтэйгээ уялдсан, болж өнгөрсөн үйл явдлын араас дуугардаг биш, улс төрийн ууган хүчний хувьд ард иргэдийн сэтгэлд нийцсэн бодлого гаргаад араасаа нийгмээ дагуулж явдаг тийм нам болоход чиглэгдсэн шинэчлэлийг хийхийг зорьж байна. -Сүүлийн үе танай намын гишүүдийн зүгээс нэг л хүнээс болж энэ нам уруудлаа гэсэн мессэж гарах болсон. Тэр хүн хэн юм бэ? -Нам уруудаж байгааг нэг хүнээс болсон гэвэл өрөөсгөл болно. Шинэчлэлийн өргөө гэрээ барьснаас хойш олон зуун санал ирж байна. Сонгуулийн ялагдлыг гишүүд маань дүгнэж, саналаа хэлж байна. Тэд маань жинхэнэ олон түмэнтэй харьцдаг, орон нутагтаа ажиллаж, энэ намыг ард түмэн яаж хүлээж авч байна, юуг нь дэмжихгүй байна гэдгийг маш сайн мэдэж байдаг. Сонгуулийн ялагдлыг хэдхэн дарга өөрсдийнхөөрөө дүгнэж болохгүй. Ард түмэн, нийгмээсээ тасарчихсан, амьдралыг нь мэдэхгүй байгаа хүмүүс МАН ард иргэдээсээ яагаад дэмжлэг авахгүй байгааг дүгнэж чадахгүй. Намын Бага хурлаа өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, намынхаа ялагдлын шалтгаанаа болон бугшсан бусад олон асуудлаа нээлттэй ярилцаж, жирийн гишүүдийнхээ санаа оноог сонсох ёстой. -Л.Одончимэд гуай эцсийн эцэст Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын тэмцлээс болж нам ийм байдалд хүрлээ гэж хэлснийг цөөнгүй хүмүүс дэмжсэн? -Намын нэр хүнд нь унаад, сонгуульд ялагдсаны цаад олон шалтгааны нэг нь намын эв нэгдлийн асуудал яах аргагүй мөн. Манай нам зөвхөн удирдлагынхаа төвшинд биш намын бүх шатандаа ийм болчихсон. Болж бүтэхгүй зүйлийг шүүмжилсэн нэгийгээ хавчин гадуурхдаг нь аймаг нийслэл, сум баг хорооны намын үүрүүдэд хүртэл халдварласан байна. Энэ нь намд маш хортой. Н.Энхбаяр гуайн хувьд нам дотроо дэмжлэг сайтай, намын нөлөө бүхий лидерүүдийн нэг байсан. Намын тухайн үеийн удирдлагатай хэл амаа ололцоогүй байж болно. Гэсэн ч тэр хүн зөв явсан бол түүний цаг үе ирэх л байсан. Хэдхэн хүнтэй хонзогносныхоо төлөө өшөө авах сэтгэлээр өөрт нь төрийн бүхий л эрх мэдлийг өгч байсан намынхаа олон арван мянган гишүүдээ хорлож, намаараа тоглож болохгүй шүү дээ. Түүнийг эрх мэдэлд мансуурсныг нь сануулж, шударга үг хэлснийх нь төлөө Н.Багабанди гуайг хавчин гадуурхаж, тэр үеийн УИХ-ын гишүүдээ Ерөнхийлөгчтэйгөө уулзахыг нь хүртэл хорьж байсан. Гэсэн хэдий ч Н.Багабанди гуай намаа хагалан бутаргаж, гишүүдээ талцуулан түйвээгээгүй. Өнөөдөр намын хамт олон Н.Багабанди гуайг эргээд хүрээлж, түүний үгийг сонсдог болсон байна.
-Зарим нь МАН байхгүй болсон нь дээр, газрын хөрснөөс арчигдах ёстой гэдэг. Батзориг гэдэг хүн татан буулгах ёстой гэж ярьж л байна.
-Монгол улсад ардчилал байх уу, үгүй юу гэдэгтэй утга нэг асуудал. Үнэхээр ардчилал байх юм бол олон намын систем байх ёстой. МАН олон намын системийг хүлээн зөвшөөрөөд үүнийг цогцлоон босгоход манлайлан оролцож, суурийг нь тавилцаж Үндсэн хууль батлахад оролцож, энэ бүх хугацаанд бусад улс төрийн намуудтай байнга зөвшилцөж, зөвхөн парламент доторх биш, гаднах улс төрийн намуудыг ч төрийн бодлого шийдвэрт оролцуулахын тулд санаа оноог нь авч ажиллаж ирсэн улс төрийн ууган хүчин. МУ-ын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой нам. Энэ намд алдаа байж болно. Гэхдээ байгуулсан гавьяа нь түүнээс их гэж боддог. Тусгаар тогтнол байх уу, үгүй юу, ардчилал байх уу, үгүй юу гэдгээс ялгаагүй асуудал. Энэ нам эрх барих уу, сөрөг хүчин байх уу гэдэг нь чухал биш, орших ёстой нам. МАН-ыг татан буулгах гэсэн, өмчийг нь булаах гэсэн, гишүүдийг нь тараах гэсэн бодлого ний нуугүй хэлэхэд явж байгаа. Ардчилсан нийгмийн гол цөм нь өмчийн баталгаа байдаг. Аливаа өмчийг хамгаалах нь ардчилсан нийгмийн суурь концепц. Улс төрийн нам бол ТББ байдаг. Эвлэлдэн нэгдсэн хүмүүс өөрсдийн гэсэн өмчтэй байж болно. Өмчийг хураана гэж байгаа бол эргээд социализм, коммунизм руугаа, малыг нь хурааж аваад нийгэмчилж, нэгдэлд өгсөнтэй яг адилхан зам руу орох нь. Бүх намыг татан буулгаад адилхан гараанаас эхлүүлье гэх юм. Бусдын хийж бүтээснийг үгүйсгэж үнэгүйдүүлж болно гэж үү. Тэгвэл өмч хувьчлалаар завшсан бизнесүүдийг ч татан буулгаад ижил гараанаас эхлүүлье л дээ.
-Гэхдээ төсвөөс 14 тэрбум төгрөг авч энэ намын байрыг барьсан биз дээ?
-Төсвөөс татаас авсан нь үнэн. Энэ бол тухайн үед УИХ-аас гарсан хууль тогтоомж, албан ёсны шийдвэрийн дагуу 7 сарын 1-ний эмх замбараагүй байдлын улмаас хохирсон субъект болгонд нөхөн олговор өгсөн. Үнэхээр 7 сарын 1-ний балмад ажиллагаанаас болж манай нам хохирсон. Буруу мэдээлэл явсаар байгаад бид өөрсдөө байраа галдан шатаачихсан юм шиг байр сууринд очсон. 2008 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс манай намын байр луу дайраад, үүнийг нь зарим бусармаг этгээдүүд ашиглаад галдан шатааж, тонуул хийсэн ш дээ. Зөвхөн манай намын байр ч шатсан юм биш, олон хүн хохирсон. УИХ-ын гаргасан хууль тогтоомжийг буруу гэж бодож байгаа бол энийгээ хүчингүй болгог л дээ. Өгсөн нөхөн олговроо аваг. Зөвхөн МАН-аас биш, 7 сарын 1-нд хохирсон бүх байгууллагаас аваг, хэрвээ 7 сарын 1-ний үйл явдлыг зөвтгөж байгаа юм бол. Гэхдээ төрөөс авсан татаас энэ ордныг барих нэгээхэн хэсэг болсон. Энэ ордныг барихын тулд манай намын олон мянган гишүүн хандив өгсөн. Би тухайн үед намын үүрийн даргаар ажиллаж байхдаа бүх гишүүдтэйгээ уулзаж, хандив мөнгө цуглуулж, манай үүрийн гишүүд ч байраа шатаалгасандаа маш их эмзэглэж байсан болохоор тэтгэврийн хөгшид тэтгэврийн мөнгөнөөсөө илүүчилж байсан. Талх, гурилынхаа мөнгөнөөс илүүчилж хандив өргөж, бид намдаа авчирч өгч байсан юм. Үүний адил улс орны хэмжээнд намын нийт гишүүд намынхаа байрыг босгохын төлөө хөндив өгч байсан. Манай гишүүдийн оролцоотойгоор энэ намын байр боссон юм. Энэ бүхнийг бодолцон үзэж асуудалд хандахгүйгээр нийгэмд МАН-ыг жигшин зэвүүцүүлэх, үзэн ядуулах, намын байрыг нь муухай харагдуулах ийм үзлийг зориуд явуулж байна. Энэ сайн зүйл яавч биш. МАН-д алдаа байж болно. Бид үүнийг нь залруулахын төлөө “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуулан ажиллаж байна. МАН улс орныхоо бүхий л хөгжлийн асуудалд чухал байр суурьтай оролцох ёстой.
-Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж, Чингэсийн талбай болголоо. Та юу гэж бодож байна?
-Түүхийг хэн ч үгүйсгэж болохгүй, хэн ч арчиж болохгүй. Түүх бол бидний хамгаас эрхэмлэн дээдлэх үнэт зүйл байх ёстой. 1921 оны ардын хувьсгалын ард түмэнд өгсөн ач гавьяаг хэзээ ч үгүйсгэж болохгүй. Тухайн үед тусгаар тогтнолыг өөрсдийн халуун амь бүлээн цусаараа олж авсан гавьяатай улс орныхоо эрэлхэг хөвгүүдээ, Дамдингийн Сүхбаатарын үүх түүхийг хэн ч үгүйсгэж болохгүй. Энэ гавьяатай хүний нэрээр нэрлэгдсэн ганц талбай яагаад байж болохгүй гэж. Энэ бол буруу шийдвэр. Чингэс хаан ч сүр хүчээ дэлхийд гайхуулсан гарамгай удирдагч, үүнийг монголчууд бүгдээрээ хүлээн зөвшөөрнө. Заавал энэ талбайн нэрийг сольж, нэг хүнээс нь булааж авч, нөгөө хүнээр нь нэрлэж болохгүй. Сүхбаатарын хөшөөг буулгана гэнэ. Марко Пологийн хөшөө байж байгаа биз дээ дэргэд нь шахуу. Энэ хүний хөшөө байж болдог, Сүхбаатарын хөшөө байж болохгүй юу? Сүхбаатарын хөшөө муухай харагдаад, Төрийн ордон гоё харагдаад байгаа юм уу? Үгүй шүү дээ. Энэ төрийн ордон гаднаасаа гял цал болж гоёх биш, дотор нь байгаа хүмүүс нь ард түмнийхээ төлөө зүтгэдэг, хэр зэрэг цэвэр, шударга байх нь, явуулж буй төрийн бодлого нь угтаа гаднах гял цалаасаа илүү чухал юм.
-Та нарын ард генсек асан Хүрэлсүх байгаа, “Хүрэлсүхийн хүүхдүүд хоороороо дуулж байна” гэж байгааг сонссон уу?
-Тийм яриа явж байна лээ. МАН-ын Шинэчлэлийн хороо жилийн өмнөөс байгуулагдсан, анх байгуулагдсан цагаас эхлээд ард нь хэн байна гэж байнга асууж байсан. Манай намын зарим гишүүн ч та нартай хамт хэн байна гэж асууж байдаг. Тэгэхээр бид өөрсдийнхөө итгэл үнэмшлээр, сэтгэл зүрхээрээ, ахмадуудынхаа үгийг сонсоод намынхаа төлөө явж байгаа залуучууд. Бидний ард ямар нэг дарга алга гэдгийг манай гишүүд сайн ойлгосон байна. Тийм ч учраас Шинэчлэлийн хороонд маш олноороо ирж нэгдэж байна. Шинэчлэлийн хорооноос намын жирийн гишүүдийнхээ тавьж байгаа шаардлагуудыг ямарч даргын нөлөөнд оролгүй хамгаалсаар ирсэн. Саяхан “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуулагдсан. Маш олон хүмүүс нэгдсэн. НАМЗХ, НАМЭХ, Зүүний хүчний хөдөлгөөн шинэчлэлийн төлөө нэгдэж, бид хамтарч ажиллаж байгаа. Ямар нэг хүнтэй холбоод, тэрний хатгаас, энэний хатгаасаар хөдөллөө гэж ярих нь буруу гэж бодож байна. Үнэхээр зарим нэг нь хүний хатгаасаар ирж нэгдсэн бол энэ нь цаг хугацааны явцад ил болчихдог. “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнд оролцоод явж байгаа залуус өөрийнхөө итгэл үнэмшлээр ажиллаж байгаа гэж бодож байна. Түрүүн та Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын тэмцэл гэж ярьсан. Одоо ч У.Хүрэлсүх, Сү.Батболд, М.Энхболд ард нь байна гэж хардаж байна. Энэ бүгд юуг харуулж байна вэ гэвэл, нэгэнт далд байгаа бүлэглэлээ ил болгохгүй бол намын эв нэгдэлд хохиролтойг харуулж байгаа юм. Бидний тавьж байгаа шаардлага нэгэнт бүлэглэл байгаа юм чинь фракцыг ил болгоё гэж байгаа. Гэхдээ фракцынхаа дүрмийг тодорхой, оновчтой болгоё, далдуур хуйвалдах биш, ил тод намынхаа төлөө үүрэг аваад явах ёстой. Цаашдаа фракцыг намын эв нэгдэлд харш биш, ашигтай байдлаар хэвшүүлж болно гэж үзэж байгаа.
-Аюурсайхан, Багабанди гуайтай ойр ажиллаж байсан, намын ажил сайн мэдэхгүй гэсэн шүүмжлэл мэр сэр гарах юм билээ?
-Миний хувьд Багабанди Ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас УИХ-аас шийдвэр гараад нэгэн бүрэн эрхийн хугацаанд Шадар туслахаар нь ажиллаж байсан. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч нийгэм, олон нийттэй харилцах, гадаад харилцаа, протокол зэрэг бүхий л харилцааг нь төрөөс томилогдсоны хувьд хариуцаж ажиллаж байсан. Үнэхээр цаг наргүй, ар гэрээ умартаад, амралт чөлөөт цаггүй ажиллах он жилүүд миний хувьд байсан. Мөн маш их зүйлийг сурч мэдсэн. Н.Баганбанди гуайн Шадар туслахаар ажиллахын зэрэгцээ намын үүрийн дарга, тэргүүлэгчээр ажиллаж, намын үүрээ хэд хэдэн сонгуульд удирдаж ажилласан. Нийслэлийн намын хяналтын хорооны гишүүнээр 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд нийслэлийнхээ намын үүрүүдээр нэлээн явж, намын анхан болон дунд шатны байгууллагуудын аж байдал, зовлон бэрхшээлийг сайн мэддэг болжээ. Н.Багабанди ерөнхийлөгчийн дэргэд ажиллах албан ёсны хугацаа дуусахад надад ажлын олон санал ирсэн, Олон улсын байгууллагууд, банк санхүүгийн байгууллага зэргээс. Н.Багабанди ерөнхийлөгчийн хувьд ч “Хаана ажилламаар байна, төрийн байгууллагад ажиллахаар бол тусалж дэмжье” гэж саналаа хэлж байсан л даа. Би итгэл үнэмшлээрээ намынхаа төлөө ажиллана гэсэн бодолтой байсан болохоор намдаа очоод улс төрийн жирийн ажилтнаас эхлээд ажилласан. Гадаадад хамт сургууль төгссөн найз нөхдөөсөө 10 дахин бага цалинтай ч итгэл үнэмшлээрээ, намын ажлыг гололгүй, хар бороос нь эхлээд хийсэн. 2012 оны 2 сард намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр томилогдож ажилласан. Сонгууль тулсан байсан ч зүйл заалт бүрээр нь нөхдийнхөө хамт нэгд нэгэнгүй гаргаж, нэлээн хүч хөдөлмөр гаргаж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргаж ажилласан. Манай хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувьтай гарсан.
-МАН-ын мөрийн хөтөлбөр 90 хувьтай байсан юм бол яагаад ялагдсан юм бэ?
-Мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг ард түмэнд сайн хүргэж чадаагүй. МАН-ын 2012 оны PR-ын бодлого буруу байсан. Намын PR-ийг намдаа сэтгэлтэй, намынхаа төлөө ажилладаг хүмүүс хийнэ үү гэхээс хөлсний хүмүүс намын PR-ийг хийхгүй л дээ. PR хийлгэх гээд гаднаас хүмүүс хөлсөлсөн байсан. Намын мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг намынхаа сурталчилгааны материалуудад оруулах гэж, тэднийг царай алдаж, уулзаж цаг авах гэж гуйж ажиллах байдал хүртэл гардаг байсан. Мөрийн хөтөлбөрөө сурталчилж чадаагүйгээс гадна өөр олон шалтгаан ялагдалд нөлөөлсөн. 2012 оны сонгуулийн дараа нөхөдтэйгөө нийлэн намын шинэчлэлийн төлөө зориг шулуудан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхийн ажлыг өгч байсан.
-МАН-д Онц их хурлын төлөө хөдөлгөөн болсон, тэргүүлж байсан Т.Гантулга нь Төрийн нарийн бичгийн дарга болоод трактор, комбайны хэрэгт нэр холбогдож, ЖДҮ-ийн зээлээс “Гацуурт” компанид 7 тэрбумын зээл өгсөн хэрэг мандсан. С.Баяр даргад итгэл хүлээлгэсэн, Оюутолгойн гэрээ, “Жаст” гээд л нэр нь гарч л байна. Номтойбаяр, Содбилэг ч сайхан харагдахгүй л байгаа?
-Нийгмийн хүсэн хүлээлт манай намд үл итгэх байдлаар эргэчихсэн. Ард түмнийхээ итгэлийг эргүүлж олж авах, алдаагаа засах амаргүй л дээ. Тийм учраас намын энэ цагийн шинэчлэл амаргүй. Гэхдээ би 27 дугаар их хурлыг хуралдуулж, асуудлаа шийдсэнээр шинэчлэл болчихно гэж бодохгүй байна. Шинэчлэл бол бодлого хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэхийг шаардана. Явцуу эрх ашигт бус, намын нийт гишүүд, ард иргэдийнхээ төлөө ажиллахыг шаардана. Энэ бүгдийг хийж чадаж байж манай нам эргээд нийгэмдээ нэр хүндээ олж авах боломжтой. Үүний төлөө Шинэчлэлийн хороо тууштай явна.
-Сая Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшихэд танай хороо тууштай явж чадсан уу? Та нарын дуу хоолой хэр хүчтэй байсан бэ? Зарим нь Б.Бат-Эрдэнэ ялагдаасай, намын удирдлагаа салгаж авъя гэсэн хандлага гарч байсан юм биш үү?
-Шинэчлэлийн хороо аваргыг ялуулахын төлөө ажилласан. МАН-ын дотоод хямрал хурцдаж, УИХ дахь намын бүлэг нь сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд төрийг тэнцвэржүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь чухал байсан. Бид Шинэчлэлийн хорооныхоо хурлаар нэр дэвшигчээ яаж дэмжиж, хаана яаж ажиллах вэ гэсэн бодлого гаргаж, ажил үүргээ хуваарилж ажилласан. Хөдөө орон нутагт, нийслэл хотод ажилласан, цахим ертөнцөд дэмжиж, нэр дэвшигчийн багт нь орж ажилласан. Энэ өрөөндөө Ерөнхийлөгчийн сонгуулийн иргэний нийгэм ТББ-тай ажиллах ажлын хэсгийг байрлуулж ажилласан. Хандив мөнгө цуглуулж, Ерөнхий нарийн бичгийн даргадаа гардуулж өгсөн. Талархлын бичиг нь байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч, ялагдсан ч энэ шинэчлэл цаашдаа явах байсан. Аварга ялсан бол дэмжлэгийг аваад намынхаа шинэчлэлийн төлөө явах байсан. Харамсалтай нь ялагдсан. Ялалт болгох бүрэн боломж байсан. Ялагдчихаасай гэсэн бодолтой хүн байсныг үгүйсгэхгүй. Энэ намаас албан тушаал аваад, намын нэрээр хөлжиж, сайд дарга болоод явж байсан мөртлөө сонгуулийн үеэр намдаа огт тус нэмэр болохгүй, зугтаасан хүмүүсээс болж ялах боломжоо алдсан юм. Нийгэмд, гишүүд дунд ажиллах, намын бодлого шийдвэрийг оновчтой болгох, жирийн гишүүдээ оролцуулж цаашдын бодлого чиглэлээ тодорхойлох зэрэг намын шинэчлэлийн маш олон санал санаачлагуудыг гацааж, сааруулах гэж оролдож, сандал ширээтэйгээ зууралдсан увайгүй, чадваргүй зарим удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжийг алдагдуулсан.
-С.Баяр бусад лидерүүд дэмжээд ганц үг хэлсэн бол…?
-С.Баяр дарга намын удирдах төвшинд санал солилцож байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Эрүүл мэндийнх нь байдал хэцүү бол хүндэтгэж үзэх ёстой байх. Гэхдээ боломжийнхоо хэрээр намын ажилд оролцож байх ёстой хүний нэг. Ерөнхийлөгчийн сонгуульд ганц нэг хүн үг хэлэхээс илүү намд бугшсан олон асуудлын улмаас ялагдсан.
-Дараагийн намын даргад М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ аваргын нэр гарч байна. Шинэчлэлийн хорооны гишүүдийн хувьд хэн намын дарга болох боломжтой гэж үзэж байгаа вэ?
-Өмнө намын дарга нарыг Их хурлаараа сонгодог байсан, сүүлдээ Бага хурлаас сонгодог болсон. Ингэж сонгохдоо цөөн хэдэн хүн ярьж тохироод нэр дэвшүүлээд сонгодог. Үүнийгээ ч манай зарим хүмүүс сонин хэвлэлээр ил болгоод, 20 гаруйхан хүн тойрч суугаад намын даргын шалгуур гэгчийг гаргаад Ө.Энхтүвшин даргыг тохиромжтой гэж дэвшүүлснээ илчилсэн. Цөөн дарга нар суугаад намын даргыг томилвол үр дүн нь одоо харагдаж байна. Намын нийт гишүүдээрээ хэлэлцэж намын даргыг тодруулах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Тийм учраас сунгаа явуулах ёстой. Манай намын дүрмээр сонгох сонгогдох эрх нь нээлттэй байдаг учраас намын даргаар ажиллах боломжтой хүн болгон нэр дэвшиж болно. Өөрсдийнхөө бодлого хөтөлбөрөө дэвшүүлэх ёстой. Гишүүдтэйгээ яаж ажиллах юм, ард түмэн дунд яаж ажиллах юм, зөвхөн намын бус улс орны хөгжлийн асуудлуудад ямар үүрэгтэй ололцох юм, сөрөг хүчнээр яаж ажиллах юм, үүнийгээ нийт гишүүддээ болон олон нийтэд танилцуулаад, тодорхой үе шаттай сунгаанд ороод хамгийн их дэмжлэг авсан хүнээ намын их хурлаараа баталгаажуулах ёстой гэж үзэж байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар хандив цуглуулж чадаагүй гэж сонссон. Одоо баахан өртэй, намынхаа байрыг давхар давхраар нь зарна гэж яригдаж байгаа нь үнэн болов уу?
-Манай намын санхүүгийн асуудал маш хүнд байна, удирдлагын хувьд нэгдсэн бодлогогүй байна, гарч байгаа бодлого алга. Гурван тэрбум шахам төгрөгийн өрийн асуудал сонсогдож байна. Ийм эгзэгтэй үед дарга нар нь байхгүй, үүд хаалга нь цоожтой байна. Сүхбаатарын талбайн нэр солигдлоо, юу ч хийж чадахгүй л байна. Одоо гишүүд цоожтой хаалгыг мөргөөд гарч байна. Тиймээс шинэчлэлийн өргөө гэрт гишүүд маань олон зуугаараа ирж саналаа өгч байна. Тэгэхэд дарга нар хаяад явчихсан, ямар ч бодлого гаргах чадваргүй, өрөндөө баригчдихсан, үхмэл байдалтай болчихсон. Ийм байхад цаг хугацааг алдаж болохгүй. -Өрийн асуудал хуримтлагдсан, ялангуяа саяын сонгуулиар маш их өрөнд орсон. Одоо бүр өрөө дарахын тулд өмчөө зарна гэнэ. Энэ талаар намын УЗ-өөр ярьж эхэлсэн сурагтай. УЗ-ийн хурлаараа өмч хөрөнгөө зарж үрэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бололтой. Намын дүрмээрээ намын өмч хуваагдашгүй, халдашгүй байдаг. Хариуцлага хүлээсэн дарга нар бодлогогүй, зохион байгуулалтгүйн улмаас өр ширийг үүсгэсэн бол өөрсөө барагдуулах ёстой. Одоо бүр олон мянган гишүүдийн хандиваар боссон энэ байрнаасаа зарах гээд ярьж байна. Тусгаар тогтнолын ордны Оргил супермаркетыг зарах гэж байгаа юм билээ. Мөн зарим давхрыг зарна гэсэн юм яригдаж байна. Намын гуравдугаар байр гэж байдаг, хуучин “Гэрэгэ” нэртэй намын хэвлэх үйлдвэр байж байгаад, одоо хүнсний зах болгоод түрээслүүлсэн. Түүнийг зарах гээд хүнд үзүүлж харуулаад явна гэнэ. Намын нийт гишүүдийн хөдөлмөрөөр боссон хөрөнгийг хэдхэн хүн нийлж байгаад хариуцлагаас зугтаж зарж үрж болохгүй.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Бага хурлын гишүүний хувьд 10 сая төгрөг хандивласан, аав нь АН-д 3 сая доллар хандивласан гэж яригдаж байна лээ?
-Энэ яригдаж байгаа гэх хандивын талаар сонсоогүй. Намын эгэл жирийн гишүүд улс эх орныхоо хэмжээнд нэр дэвшигчээ гаргахын төлөө тууштай ажилласан. Манай намын гишүүд хэзээд тийм байдаг. Хандивыг өөрийнхөө боломжийн хэрээр өгдөг, нойр хоолгүй ажилладаг, эргээд хариу нэхдэггүй. Тэдэндээ “Та нар минь сайн ажиллалаа, баярлалаа” гэж хэлэхэд баярладаг хүмүүс байдаг. Тэднийхээ хүчээр нэр дэвшигч ийм хэмжээний санал авсан. Аваргын олонд танигдсан нэр хүнд байгаа ч сонгуульд ажилласан эгэл жирийн гишүүдийн хөдөлмөрийг заавал онцлох ёстой.
-Шинэчлэлийн хороо МАХН-д хэр ханддаг вэ?
-Хоёр нам нэг угшилтай учраас хамтын ажиллагааны зарчмаа бодлогын төвшинд тохирох ёстой. Боломжтой бол нэгдэх ёстой.
-Багабанди гуайд намын удирдлагыг авъя гэсэн бодол байдаг юм болов уу?
-Тэр талаар надад үнэндээ мэдэх юм алга. Сүүлийн үед уулзаагүй байна. Уг нь намынхаа төлөө дуу хоолойгоо гаргаж байх ёстой, нэн ялангуяа өнөөгийн хүнд цаг үед эрх баригч хүчнээс нам руу ингэж их шахалт ирж байгаа үед улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо гаргаж байх ёстой. Хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн намдаа орж ирээд залуустаа зааж зөвлөх хэрэгтэй гэж боддог юм. Намын гишүүд нам дахь түүний оролцоог үгүйлж байдаг. Намын хамт олон бүгд л үгийг нь сонсоно. -МАН-ыг олигархуудын нам гэдэг. 2012 оны сонгуулийн өмнө Номтойбаяр тэргүүтэй залуус орж ирсэн, одоо МАН-ын гишүүдийн нэр холбогдсон хэдэн арван тэрбумаар тоологдох хэрэг яригдаж байна.
-Дан ганц МАН гэлтгүй, Монголын улс төр, эрх баригч улс төрийн хүчин үнэхээр олигархуудын сүлжээ болсон байна. Хоорондоо холбоотой, улс төрийн албан тушаал болон намын ажлыг хөлжих механизм мэтээр хардаг болсон. Монголын улс төр их бохирдсон байна. Зөвхөн МАН эрүүлжээд зогсохгүй, АН болон бусад нам дотроосоо эрүүлжиж, улс төрийг цэвэр тунгалаг болгоход, улс төрийг авлигаас, бизнесээс ангид болгохын тулд хамтарч ажиллах ёстой.
-Авлигын гэмт хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийг дотор нь ангилмаар. Зарим нь нэр холбогддог, авлига авч өгөөгүй нь тогтоогдоод хэрэгсэхгүй болсон хүмүүс байдаг. Авлигад байнга нэр нь холбогддог ч няцаагддаггүй хүмүүс байна. Хууль хяналтын байгууллагаас гэмт буруутай нь тогтоогдоод, шийтгэлээ авсан хүмүүс байна. МИАТ-ийн Хоролсүрэн, Эрдэнэбилэг гээд манай намын Бага хурлын гишүүд байна. Намаас албан тушаал авчихаад хууль бус үйлдэл хийгээд, намын нэр хүндийг унагаагаад хор хохирол учруулсан бол ил тодоор зарлаж, намаасаа хасах хэрэгтэй. Ийм явдалтай МАН эвлэрэх боломжгүй гэдгээ нийтэд зарлаж, цэвэршиж байх хэрэгтэй. Энэ шаардлагыг бид намын удирдлагадаа тавьсан. Бага хурал дээрээ зарлах юм гэсэн, чадах нь уу, үгүй юу харж л сууя.
-МАН-ын удирдлагууд Бага хурлаа хойшлуулаад байгаа нь Засгийн газарт орж магадгүй гэсэн найдлагаас болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Бага хурал, их хурлыг хойшлуулаад байгаа нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад энэ засагт орох гэсэн горьдлоготой нь холбоотой гэж ойлгож байна. Тэгэхээр намын дарга Шадар сайд болдог ч юм уу, намаа хаяад алга болоод өгөх нь л дээ. Ийм үлгэрт итгээд хэрэггүй ээ. АН-ын зүгээс МАН-ын арчиж хаях, татан буулгаж байхгүй болгох зорилго агуулж байхад юу гэж хамтаръя гээд засагт урих вэ дээ. Сэрүүн зүүдлэхээ болих хэрэгтэй. Харин Их хурлаа хийгээд шинэчлэлийнхээ асуудлыг нэн тэргүүнд ярилцаж шийдээд, сөрөг хүчин болж ажиллах шаардлагатай. Эрх барих биш сөрөг хүчин болох захиалгыг ард түмэн өгчихөөд байхад өөр юм горьдоод цаг алдах хэрэггүй. Алгуурлавал унтаа энэ намаа мөхөөх аюултай учраас бид шаардаж шахаад байгаа юм.
-Ардчилсан нам сонгуульд ялагдвал дарга нь ажлаа өгдөг дүрэмтэй. Танайд ийм дүрэм байдаг уу?
-Манай намын дүрмээр сонгуульд ялагдвал огцрох хүсэлтээ гаргана гэж маш тодорхой заасан байдаг. Гэтэл намын дарга “Ажлаа өгч болноо, хэрвээ ажлаа өгвөл Их хурал дээр санал асуулга явуулаад, их хурлын төлөөлөгчдийн олонхи нь намын ажлаа өг гэвэл ёслол төгөлдөр, нэр төртэй ажлаа өгмөөр байна” гэж байгаа юм байна. Ө.Энхтүвшин дарга Их хурлаараа сонгогдсон дарга биш, Бага хурлаар сонгогдсон дарга. Заавал яахаараа их хурал, хадаг аяга болох гээд байгаа юм. Бага хурлаараа хариуцлагаа тооцуулж ажлаа өгөг. Ерөнхий нарийн бичгийн дарга ч тэр, УЗ-ийн гишүүд ч тэр, Бага хурал дээр огцрох өргөдлөө өгөх ёстой. Манай намын дүрэм манай Намын хувьд Үндсэн хууль, эрх зүйн баримт бичиг нь. Тиймээс энэ хүмүүс эрх зүйн хувьд ямар ч чадамжгүй, гаргаж байгаа бодлого шийдвэр нь чадамжгүй. Улс төрийн ажлын үнэлгээ нь ганцхан. Тэр нь ялалт уу, ялагдал уу гэсэн сонгуулийн үр дүн. Сүүлдээ харьцангуй гайгүй ялагдсан, ажлаа сайн хийсэн гэх мэтээр ярьж, жүжиг шиг юм болох нь.
-Сүүлийн үед шинэчлэлийн залуусын учрыг олохоо байлаа. “Болор цом”-ын Мөнхбат сонгуульд нөлөөтэй оролцож байсан нарийн бичгийн дарга, Б.Цогтгэрэл МАН-ын МТХ-ийн дарга. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд муу ажилласан дарга нар огцор гээд явж байна. Ямар учиртай юм бэ? Зарим нь холимог оддын баг, хошин шогийн хамтлаг шиг гээд шоолж байна.
-Та зарчмын асуудал хөндөж байна. Намын УЗ-ийн гишүүн, хэлтсийн дарга гэдэг намын дарга, генсек, УЗ-тэйгөө нийлж баг болж, гарсан шийдвэрээ хэрэгжүүлээд хамтдаа хариуцлага хүлээх ёстой хүмүүс байдаг. Нэг талдаа хариуцлага хүлээх ёстой дарга нартайгаа нийлээд, эрхийг нь эдлээд, бодлогыг нь хэрэгжүүлээд явдаг, нөгөө шинэчилье гэхээр “Зөв, зөв огцруулъя, шинэчилье” гээд яваад, тэгсэн мөртлөө удирдах албан тушаалаа хашаад яваад байгаа нь ойлгомжгүй. Би зарим хүмүүст шулуухан хэлсэн. “Нэг талдаа гараа, үнэхээр бодлого шийдвэр алдаатай, үүнийг шүүмжилж байгаа юм бол дотор нь байгаагийн хувьд өргөдлөө өөрсдөө өгчих. Хоёр талд тоглоно гэсэн ойлголт байж болохгүй” гэж. Шинэчлэлийн төлөө явж байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэг нь ойрын хугацаанд харагдана, тодорхой болно.
-УИХ дахь МАН-ын бүлэг муу ажиллаж байна. Содбилэг гэсэн залуу гишүүд нь ч сул юм. Дэргэд нь АН-ын шинэ эмэгтэй гишүүд тохой илүү байна?
-УИХ-ын гишүүдийн хувьд үнэхээр тойрогтоо өрсөлдөөд, хөрөнгө хүчээ заран амаргүй өрсөлдөөнд ороод намдаа суудал аваад ирсэн хүнийг чичлээд байх хэрэггүй. Намын жагсаалтаар 9 хүн УИХ-д орсон. Энэ хүмүүс дотор намынхаа төлөө дуугарч, ажиллаж байгаа хүмүүс байна. Гэхдээ чуулган завсарлангуут тойрогт ажиллах шаардлагагүй болохоор гадаад руу яваад алга болчихдог, намаас зохион байгуулсан ажилд оролцдоггүй, намын эрх ашиг хөндөгдсөн асуудал дээр үг дуугардаггүй, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль болж байхад оролцдоггүй, намдаа дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй, хуулийн төсөл санаачилж, сөрөг хүчний дуу хоолойг гаргадаггүй хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн тайланг энэ Бага хурал дээр албан ёсоор сонсох ёстой.
WWW.TAIZ.MN 2013 он
Discussion about this post