Монгол кино-90 жил Дэлгэцийн дүрийн үнэт өв сангаас…
Арслан баатар буюу УГЖ А.Цэрэндэндэв
Монгол зан төрх, монголчуудын оюун сэтгэхүй гэж юу вэ? эд бүгд жүжиглэх уран чадварт яаж илэрдэг бол гэх асуудал өнөө үед чухал юм.Харин Алтан үеийн алдарт Цагааны Цэгмид,Нямын Цэгмид,Д.Ичинхорлоо Т.Цэвээнжав, Ч.Долгорсүрэн,Д.Чимид-Осор,С.Гэндэн,З.Цэндээхүү гээд олон олон сод авьяас билигт жүжигчид маань үндэсний хэв шинжит дүр бүтээх асар их эрдмийн өв санг монголын кино урлагт үлдээжээ.Тэдний нэг “Цогт тайж” кинонд УГЖ А.Цэрэндэндэв гуайн бүтээсэн “Арслан тайжаас монгол зан төрх,монгол эр хүний сэтгэлийн хат,асар хүч их тэнхээг харж болно. Түүний Арслан нь монгол баатар хүн ийм л эр зоригтой,омог бардам, байсан болов уу гэмээр хурц, тод, сонирхолтой дүр болсон байдаг. Хэдүйгээр эх орноосоо урвасан, эсрэг дүр ч гэлээ, үйлдсэн гэмт хэргээ бүрэн ухаарч,ямар ч ял шийтгэл хүлээхэд бэлэн, шийдсэн эр зоригтой баатрыг Цэрэндэндэв гуай гайхалтай харуулсан байдаг. Тиймээс ч толгойгоо цавчуулахаар бөхрөн суухдаа ч түүний харцанд айсан эмээсэн шинж огтхон ч байдаггүй ээ. Өөрийн үйлдсэн гэмээ бүрэн хүлээж өөрөө үүрч чаддаг монгол баатар эрийн төрх шинжийг ийнхүү гайхалтай урлан бүтээсэн юм. Нэг үг ч дуугарахгүй атлаа хөх тэнгэр өөд тэргүүнээ өндийлгэн эцсийн удаа харж буй түүний нүднээ ямар их гэмшил байгааг дотоод сэтгэлээрээ А.Цэрэндэндэв гуай өгүүлсэн нь бас л гайхамшиг аа…
Хэдүйгээр Арслан тайж эх орноосоо урвасан сөрөг дүр ч гэлээ монгол эр хүний шинж төрх,байдлаараа үзэгчдийн сэтгэлийг яахын аргагүй татаж чадсан өвөрмөц ховорхон дүр юм. Арслан тайж уучилшгүй сул талтай ч үзэгчид үзэн яддаггүй нь дүрийнхээ дотоод ертөнцийг бодитой нээсэн жүжигчний уран чадвартай л холбоотой… Түүний харц,алхаа,хөдөлгөөн бүр сэтгэлд нэгийг өгүүлдэг. Монгол баатар эрийн шийдэмгийн харц гэж байдаг юм байна..Монгол эр хүний алхаа,сууж босох нь хүртэл өөр аж. Тэх атугай монгол баатар эрийн хайр сэтгэлээ илчлэх нь хүртэл өөр байдаг юм байна гэдгийг А.Цэрэндэндэв гуай хөдөлгөөн бүрээрээ нээсэн нь гайхалтай. Ер нь А.Цэрэндэндэв гуай Арслан тайжаараа эр хүний эмгэнэлийг харуулсан ховорхон дүрийг бүтээсэн. Энэ нь Монголын урлагийн түүхэнд тэмдэглэн үлдэх үзэгдэл юм. Гаднаас нь харахад түүний Арслан сүрлэг, догшин, эрэмгий зоригтой омог бардам баатар эр ч гэлээ бүсгүй хүний гоо сайхны өмнө өөрийн эрхгүй сөхөрч сэтгэл алдрах эр хүний эмзэг дотоод ертөнцийг нээснээрээ урьд өмнө, эдүгээ ч гараагүй дүр болсоон.
А.Цэрэндэндэв гуай өөрөө ч амьдрал дээрээ жинхэнэ монгол эрийн төрх намбыг хадгалсан сайхан хүн байлаа. Энэ нь ч жүжиг киноны бүтээсэн дүр бүхэнд нь шингэсэн байжээ. Энэ тухай АЖ Чимидийн Долгорсүрэн гуай “Алтан үеийнхний “Цог тайж” кино, миний хань Чадраавалын Лодойдамба” гэдэг дурсамж номондоо…”Цог тайж” кинонд Арслан тайжийн дүрд тоглосон УГЖ А.Цэрэндэндэвийг “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэнд дуулж байхад Юндэн гэж нээрээ ийм л хүн байсан бол уу гэж санагдахаар Халхын сайхан эрийн жавхлан төгс дүр харагддаг билээ” хэмээн онцлон тэмдэглэжээ. Ер нь Монгол сэтгэхүй, монгол хүний дотоод ертөнц, зан харьцаа, үндэсний хэв шинжит дүр төрхийг тод томруун гаргаснаараа эдүгээ “Цогт тайж” киног давах бүтээл алга болов уу…Дүрийг бүтээх Монгол жүжигчний өөрийн гэсэн дэг ёс гэж байж. Монгол жүжигчний монолог үг, харилцах яриа нь хүртэл өвөрмөц аялгатай байж. Энэ бүгдийг Ц.Цэгмид гуайн Цогт тайж,Б.Жигмиддорж гуйн Гүен баатар, Ж.Лувсанжамц гуйн улаан малгайт, Д.Ичинхоролоо гуайн Цогтын ээж Чин тайх,Д.Чимид-Осор гуйн цэцэрлэгч нарын дүрээс харж болно. А.Цэрэндэндэв гуай Арслан тайжийн сөрөг энэ дүрээрээ монгол эх ороноос минь эрхэм үнэт зүйл гэж энэ хорвоод байдаггүйг хойч үедээ сануулсан хэрэг…УГЖ А.Цэрэндэндэв гуай,болон манай алтан үеийнхний жүжиглэх уран чадвартай холбогдуулж ЗХУ-ын Ардын жүжигчин,төрийн шагналт, Оросын нэрд гарсан кино найруулагч А.Зархи гуай: – “Монгол жүжигчид уран чадварын хувьд өөрийн гэсэн онцлогтой юм билээ…гэж надад дурсаж ярьсан юм.
Миний бие 1987 оны 10-р сарын 24-ны орой Москвад гэрт нь очиж энэ найруулагчтай тухтай ярилцах том завшаан надад тохиосон л доо. ЗХУ-ын Ардын жүжигчин А.Зархи гуай “Сүхбаатар” киног бүтээхээр Монгол руу зорьж явахдаа замын турш ганцхан зүйл л сэтгэлийг нь зовоож байсан гэсэн…Юу гэхлээр жүжигчний мэргэжил боловсролгүй,хүмүүстэй яаж учраа олж ажиллах билээ,юуны түрүүн сургаж, гэгээрүүлэх, тэдэнтэй нилээд ажиллах хэрэг гарах нээ гэж санаа түгшиж явжээ. Гэтэл кино зургаа аваад эхэлтэл юуны чинь, сургаж гэгээрүүлэх мантай…харин бид Монгол жүжигчдээс өөрсдөө суралцаж эхэлсэн гээч…Тэд тэнгэрээс заяасан ер бусын авьяастай шижир алт шиг ховорхон, самород хүмүүс байсан шүү. Ялангуяа дүрийн сэтгэл санааг бүрэн дүүрэн илэрхийлэх тоглолт,сэтгэлийн олон өнгө аясийг нээж гаргах уран чадвар, бүр онцлон дурьдахад,монгол жүжигчдийн дотоод сэтгэлийн агуу хүч,оргилуун хүсэл тэмүүлэл нь биднийг маш их гайхшруулсан, бас баярлуулж байлаа. Манай Ардын жүжигчин Лев Свердлин Сүхбаатрын дүрд тоглохдоо дэлгэцнээ төдийлэн харагдаад байгаагүй харин, А.Цэрэндэндэв гэдэг хүнээс л их зүйлийг суралцаж танай домогт жанжны дүрийг бүтээсэн юм шүү дээ. Манай орос даяар нэрд гарсан жүжигчин Лев Свердлины маань гол зөвлөх нь А.Цэрэндэндэв л байлаа.Монгол хүн яаж дээлээ бүслэх вэ?Мориндоо яаж мордохов,монгол хүний алхаа гишгээ,хөдөлгөөн энэ бүхнийг тэр хүнээс л сурч байлаа.Сүхбаатар морь унаж давхих ярвигтай хэсэгт нь А.Цэрэндэндэв өөрөө орлон тоглосон юм,-гэж дэлхийд нэрд гарсан оросын кино найруулагч А.Зархи гуай надад хуучилж билээ.
А.Цэрэндэндэв гуай өөрөө хожим дурсахдаа: ”Ер нь би 4 жүжигт,1 кинонд их жанжны рольд тоглож үзлээ. Эдэн дотроос Сүхбаатар” кинонд тоглохдоо л их ч хүч гаргасан. Ингэхлээр эх дүр, орлон тоглогч хоёрынхоо намба байдлыг алдагдуулахгүй байх хоёр давхар роль надад оногдож байгаа хэрэг шүү дээ” гэж ярьсан .Эндээс харахад хэдүйгээр Сүхбаатарын дүрийг орос жүжигчин бүтээсэн ч гэлээ жажныг монгол хүний сэтгэлд ойр болгох, Сүхбаатарын дотоод сэтгэл, дүр төрхийг А.Цэрэндэндэв гуай өөрийнхөө амьд хоолойгоор дуу оруулж бүтээсэн юм. Ингэхлээр А.Цэрэндэндэв ер нь Монголын дэлгэцийн урлагт 3 кинонд дүр бүтээжээ. Анхны кинонд Арслан тайжийн дүр, хоёр дахь нь “Сүхбаатар” кинонд өөрөө дэлгэцнээ харагдахгүй ч гэлээ жажны дотоод сэтгэл, эрэлхэг дайчин,уран илтгэгч,цоглог зан чанрыг өөрийн дуу хоолойгоороо нээж мөнхлөн үлдээжээ.Энэ талаас нь авч үзэхэд А.Цэрэндэндэв гуай Сүхбаатар жажны амьд дуу хоолойг дэлгэцнээ анх бүтээсэн жүжигчин болж таарах нь. Хамгийн сүүлд дэлгэцнээ бүтээсэн түүний дүр нь “Ингэх гээд байсан юм” инээдмийн киноны ой хамгаалагч өвгөн билээ. Энэ кинонд дуу цөөн атлаа дотоод сэтгэлийн хүч тэнхээтэй, ой сав нутагтаа эзэн болсон ухаалаг монгол буурал өвгөний нийтлэг дүр төрхийг чадварлаг бүтээсэн байдаг. Ухаалаг харцтай,тайван дөлгөөн дүр төрхтэй, аливаа юманд нухацтай хандаж ,буурьтай хөдөлдөг ийм л өвгөд монгол орныхоо байгаль усыг найдвартай хамгаалж явааг А.Цэрэндэндэв дүрслэн харуулсан байдаг.Аугаа их авъяастай тэнгэрлэг энэ жүжигчний харц,алхаа,гишгээ,оюун сэтгэл бүгд монголын ард түмний сэтгэлд мөнхийн зул болж бадран үлджээ.Ялангуяа монголын тайз дэлгэцийн урлагт ахин давтагдагшүй,үндэсний өвөрмөц жүжиглэлийн баялаг үнэт өв үлдээсэн Алтан үеийнхнийгээ өнөөдөр хүндтгэн дурсаж мэхийн ёслое! Монголын урлаг улам бадартугай!
Эх сурвалж: Myagmarsuren Demchigdorj
Discussion about this post