Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн гэсэн тод мөрөө үлдээж яваа МУГЖ Ч. Алтан-Өлзийг ард түмэн маань “Өнөр бүл” киноны “гажиг” Гармаагийн дүрээр нь андахгүй. Их урлагт 40 гаруй жил зүтгэхдээ 70 гаруй кино, 50 гаруй жүжгийн гол ба туслах дүр бүтээсэн тэрээр зэмлэл шийтгэл, сайшаалыг цөөнгүй хүртсэн ч урлагтаа үнэнч үлдсэн нэгэн. Гавьяат цол түүнд нилээд дуншиж ирсэн ч 3 жилийн өмнө ажлаасаа халагдахдаа ховорхон байдаг эр хүний нулимсаа гаргажээ. Монголын театрын түүхэнд “халагдах тушаал” уншуулсан анхны гавъяатаар тодорсон Алтан-Өлзий гавьяат маань саяхан театртаа эргэж ороод хөл нь газар хүрэхгүй шахам баяртай явсан. “Хэрэг” маань цайрсан гээд хошигнож суусан МУГЖ Ч.Алтан-Өлзийгийн яриаг хүргэе. -Сүүлийн үед та нам жимхэн амьдрах болсон. Тайзан дээрээ үзэгдэхгүй болохоор үзэгчид үгүйлээд байх шиг байна. Хаагуур юу амжуулж явав даа?
– Сүүлийн 3 жил гэдсээ илээд гэртээ суулаа. Нуух юм байхгүй ээ. Би 2006 оны 1сард цагаан сарын өмнөхөн театраасаа хөөгдчихсөн юм. Их урлагт 40 жил зүтгэчихээд нэг өдөр халагдах тушаал уншуулчихаад нүдэндээ нулимстай театрынхаа хаалгыг хаагаад гарахдаа үнэнийг хэлэхэд эргээд орно гэж бодоогүй шүү. Тантай театр дахиж гэрээ хийхгүй, баяртай гэсэн үг сонсоод дээшээ нэг юм огшоод шууд гэртээ хариад бараг сар шахам гэрээсээ цухуйгаагүй. Гарч бие засахаас өөрөөр нар үзээгүй гэхэд хилсдэхгүй дээ. Эрүүл саруул хүн ажил хийхгүй сууна гэдэг чинь нэг ёсны “ял” юм байна лээ. Тэр тусмаа насаараа ажил хийсэн бид нар шиг хүмүүст. Уран бүтээлч хүн тайзан дээрээ байхдаа л “амьд” явдаг. Сүүлдээ тайвшраад гайгүй болсон. Хэдэн жил гэртээ ажилгүй эхнэрээрээ тэжээлгээд сууж байхдаа их ч юм бодсон. Үнэнийг хэлэхэд хоёр хүүгээсээ ичээд ер нь ингэж байхаар үнэнээ хэлээд ажилдаа ороё гэж шийдээд сая театрын захиргаанд өргөдлөө өгсөн юм. Манай залуу уран бүтээлчид өмнө нь “Ер нь Алтан-Өлзий ахыг ингээд орхиж болохгүй. Ажилд нь оруулъя” гэж ярилцаад дээш нь санал тавьсан юм билээ. Манай УГЖ Жаргалсайхан, Урнаа, Пүрэвдорж, Эрдэнэцэцэг, Наранбаатар гээд олон залуучууд миний төлөө санаа их тавьсан даа. Өргөдөл өгснөөс хойш удалгүй нэг өдөр даргын нарийн бичгийн дарга “Таныг маргааш театр дээр захиргааны хурлаар авч хэлэлцэнэ гэсэн өглөө бэлэн бай” гэхээр гайгүй хувцсаа өмсөөд гүйгээд очсон чинь манай Сувдаа дарга гээд 9 хүн сууж байна. Гэтэл Сувдаа маань “Чи тэгээд архи уугаад байх юмуу гэхээр нь би уунаа, харин театр дээр, тайзан дээр дусал архи ч амсахгүй ээ” гэхэд хэлсэн амандаа хүрч биелүүлээрэй гэсэн.Үнэнээ хэлсэн дээр биз дээ. Би үүнээс хойш насаараа уухгүй гэж худлаа яриад яах юм. Хүмүүсийг биш, өөрийгөө л хуурна ш дээ. Би театрынхаа хамт олны өмнө амлалтаа биелүүлнээ. Монголчууд 60 нас хүрч ухаан суудаг, 61 хүрээд үхдэг гэж ярилцдаг шүү дээ. Гэхдээ би өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Би яахаа алдсан архичин биш. Бусдын адил л тааралдвал уучихдаг. Тэрнээс эрж сураад, амьтан хүн шаналгаад архины мөр хөөгөөд явдаг хүн биш л дээ. Энэ зун гудамжинд нэг халамцуу нөхөр тааралдаад” Хөөе Гармаа чи яагаад зурагтаар гарахаа больчихов оо, чамайг би үзмээр байна шүү” гээд агсарахад уучлаарай би удахгүй театртаа орноо гээд сэтгэл огшоод л гэр лүүгээ гэлдэрсэн. Үзэгчдэд үгүйлэгдэнэ гэдэг уран бүтээлчдэд том шагнал шүү дээ.
-Таныг яагаад театраас хөөчихсөн юм бэ? Ямар хэрэг тарьчихав даа?
-Миний буруу байсан болохоор хэндээ ч гомдохов. Мэдээж зүгээр ажлаа хийж байсан бол халахгүй шүү дээ.Тэр үед Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн уран бүтээлийг DVD-д бичүүлж байсан юм. Өөрийнхээ гардаг хэсгийн зургийг авахуулчихаад сууж байтал гадаа жижүүр дээр хүн дуудаж байна гэхээр нь яваад очтол цэрэгт хамт байсан хоёр нөхөр ирчихсэн ойрхон явж байгаад чамтай мэнд мэдэхээр ирлээ гээд машин дотроо оруулж гурвуулаа ганц лонх юмны бөглөө мултлаад эргээд орсон чинь жүжгээ дахиж бичихээр болчихсон байсан. Тэгээд яахав Гантөмөр маань дарга дээр очиж гомдол мэдүүлээд миний уран бүтээлийг хүндэтгэсэнгүй архи уучихсан байна энэ тэр болохгүй юу. Тэгээд л ажлаас халах тушаал гарсан даа. Би 1966 онд 17 настай 9-р ангид сурч байхдаа нэг багштайгаа муудаад хичээлдээ явахгүй гээд сургуулиа орхичихсон юм. Гэтэл Ванган ах маань зүгээр гэртээ хэвтэж байхаар театрт тайз засагчаар ор гээд хөтөлж оруулсан юм. Энэ хугацаанд шийтгүүлж дагалдан жүжигчин хүртэл болж л явсан. Гэхдээ арай халагдах тушаал сонсож байгаагүй болохоор анх үнэхээр цочирдсон. Би ер нь өөрийнхөөрөө зоргоороо хүн юмуу даа. Санасан бодсоноо ил шулуухан хэлчихнэ. Хэн нэгэнд тал засаж, хүмүүсийн ярьдагаар долигноод сүжирч чаддаггүй мөрөөрөө явдаг дутагдалтай хүн дээ. Нэг ёсны хүний ая эвийг олохдоо маруухан гэх үү дээ. Гэвч өөртөө дайсан байхгүй гэж боддог. Халагдсанаасаа хойш 3 сарын дараа найруулагч УГЗ Баатар “Атга нөж” жүжигт нэг өвгөний дүрд тоглох санал тавиад сургуулилт хийж байтал нэг өдөр алдарт уртын дуучин “Жаахан шарга”-ын Ламжав гавьяат театр дээр халамцуу ирээд коридорт жаахан шуугиан тарихаар нутгийн өвгөнөө өмөөрч найруулагчтайгаа тар тур хийгээд тоглохгүй гээд хаяад явчихсан. Ямар сайндаа эхнэртээ “тэвчээргүй, юм юманд хошуу дүрж явдаг” гэж загнуулахав дээ. /инээв/
-Таныг хүмүүс Оросын алдартай жүжигчин Евгений Леонтовтой гадаад байдал, тоглолтоороо төстэй гэлцдэг. Монгол Леонтов гэж нэртэй найруулагч ярихыг сонссон.
-Нэг удаа Оюун багш маань хүртэл тэгэж хэлэхийг сонсоод ичиж л байлаа. Тэр том жүжигчинтэй намайг яаж зүйрлэхэв дээ. Оросууд үнэхээр агуу шүү. Би сая Шолоховын зохиолоор хийсэн “Хүний хувь заяа” киног үзээд хүүхэд шиг уйлсан. Яаж тэгэж найруулж, тоглож байнаа .үнэхээр бишрэмээр. Нутгийн хүний хаялга юмуу даа. Эрдэнэцэцэг маань хурал дээр босоод “өнөөдөр тайзан дээр гараад Алтан-Өлзий шиг тоглох хүн байна уу” гэж хэлсэн гэсэн. Тэр үгийг нь дуулаад омогшиж л суулаа. Үнэнийг хэлэхэд би Сосорбарам, Сарантуяа хоёрыг жүжигчин болоод анх театрт ирэхэд нь дагуулж хөдөө орон нутгаар бригадаар явж зүг чигийг нь заасан гэж боддог. Манай залуучуудад сурах юм их байна. Би Москвад хэд хэдэн том театрт очиж сонгодог болон хошин жүжиг үзсэн. Жүжигчин хүнээр дүр босгоно гэдэг баримлын шавраар дүрс хийхтэй адил гэдэг. Сайн найруулагч жүжигчнийг хааш нь ч хөдөлгөж хувиргаж чаддаг. Театрт хүмүүс дүр үзэх гэж л ирдэг болохоос цаг заваа нөхцөөх гэж ирдэггүй юм. Тэрнээс зохиолыг нь гэртээ хэвтээд уншчихаж болно ш дээ. Залуу жүжигчдэд зүрх сэтгэлээ урлагт өгсөн хүн хэзээ ч ухрах эрх байдаггүй юм гэдгийг сайн ойлгох хэрэгтэй гэж захидаг.
-Жамсранжав гуай шиг жүжигчин дахиж төрөхгүй гэлцдэг. Өөрийнхөө үеийнхнээс хамгийн шилдэг жүжигчин гэж хэнийг хэлэх вэ?
-Манай Жамсранжав гуай үнэхээр том жүжигчин байсныг хэн ч мэднэ. Ялангуяа сонгодог жүжигт гайхамшигтай тоглоно. Дүрийг шаглаж бүтээдэг хүн явлаа. Ийм жүжигчин ч ховор төрнө дөө. Монголд тавигдсан бүх сонгодог жүжгийн дүрийг бүтээсэн. Нэг үе түүний тоглосон жүжгийг үзэх гэж хүмүүс театрт ирдэг байсан. “Гамлет”-ад тоглоход нь би нэг жижигхэн дүрд тоглож туслах найруулагчаар ажилласан юм. Тэр сайхан жүжигчинтэй нэг тайзан дээр тоглож явснаараа бахархдаг. Үеийнхнээсээ Цэрэнпагма, Сувдаа хоёрыгоо хэлнэ дээ. Цэрэнпагма бид хоёр 17-р сургуульд паралель ангид сурч байсан юм. Эмэгтэй жүжигчдээс түүний өмнө гишгэх хүн байхгүй гэж бардам хэлнэ дээ. Байгалиас заяасан ховорхон авъяастай жүжигчин дээ. Нэг нэртэй найруулагч Цэрэнпагмыг ёроолгүй авъяастай, голгүй тэнэг хүн гэж загнаж байсан. Харамсалтай нь тайзнаасаа эрт холдчихсон. Хоёр удаа цус харвачихсан болохоор бие нь тааруухан дуулддаг байсан юм. Хөдөө явахаасаа өмнө нэг удаа надтай утсаар ярьсан. Ангийнханаа цуглуулаад нэг сайхан уулзах юмсан гэж инээж байсан. Би театртаа санал оруулж Пагмадаа Ардын жүжигчин цол олгох талаар ярина гэж бодож байсан ч даанч амжаагүй дээ. Энэ хүнийг ёстой ингээд зүгээр орхиж болохгүй. Амьдад тэр цул авъяасыг үнэлэх хэрэгтэй байсан юм даа. Байхгүй болсон хойно нь харамсах юм. Сувдаа маань АЖ боллоо. Нүдээ олсон шагнал үнэхээр сайхан байдаг юм байна. Манай хууччуул цуглараад баяр хүргээд байхгүй нэгнээ дурсаад ёстой гоё байсан. Хүний амьдрал богинохон шүү дээ. Бие биендээ урам өгч сайхан үг хэлж явахсан гэж боддог.
-Сүүлийн үеийн залуучуудаас та хэнийг тоодог вэ?
-Үе үеийн олон сайн жүжигчид байна. Дунд үеийнхнээс Цагааны Цэгмидийн Төмөрхуяг гэж төрөлхийн авъяастай жүжигчин байна. Харамсалтай нь бас л мэргэжлээрээ удаан явсангүй. Аавын шийрийг хатаасан мундаг жүжигчин. Олон хүн харамсдаг. Үнэнийг хэлэхэд ахаасаа илүү том жүжигчин ш дээ. Гэхдээ Төмөрбаатарыг үгүйсгэж байгаа юм биш. Үнэхээр илүү. Буриадын театрын ерөнхий найруулагч СССР-ийн АЖ Кондратев манай театрт урилгаар ирж “Байцаагч түшмэл”, “Галууд эргэж ирлээ” зэрэг хэд хэдэн жүжиг тавьсан юм. Тэгэхдээ “би Төмөрхуяг шиг хоёр жүжигчинтэй бол Оросын театруудыг дийлнэ дээ. Жинхэнэ төрөлхийн авъяастай жүжигчин” гэж дуу алдаж байсныг чихээрээ сонсож явлаа. Энэ найруулагч Монголд ирж жүжиг тавих болгондоо намайг тоож дүр өгдөг байлаа. Би жүжигчин Эрдэнэцэцэгийг их үнэлдэг. Сайн жүжигчин ш дээ. Өгөө аваа сайтай эмоцтой, хамтран тоглогчоо аваад явчихна. Ёс зүйтэй олон сайхан чанартай охин доо. Би нэг нутаг гээд сүжирдэггүй. Юм үнэнээрээ сайхан ш дээ. Манай “сахал” Пүрэвдорж байна. Доржсамбуу найруулагч баруун таван аймгаас шилж театртаа урьсан байхгүй юу. Мөдхөн нэг юм дуулганаа. Ямар ч дүрийг донжтой бүтээнэ. Дуу нь хүнгэнээд сэтгэлээсээ тоглодог ийм жүжигчин олон байдаггүй юм. Манай Оюундарь байна. Бас л цул авъяас. Тийм ааваас ийм дайны жүжигчин төрөхөөс ч яахав дээ. Бид хоёр нэг кинонд эхнэр нөхөр болж тоглохоор Түнхэлд натурт очоод байсан үе. Надаас хорь гаруй дүү ш дээ. Гэтэл нэг өдөр “Өлзий ахаа та намайг эхнэрээ гэж үнэмшээч” гэсэн. Тэгэж л дүрдээ орж портнероо аваад явдаг хүн дээ. Энхтуулаа бид алдчихлаа. Бас л ховорхон төрөх жүжигчин. Хойч үеийн Цэрэнпагма ч гэж ярьдаг. Бид хоёр ганцхан жүжигт хамтарч тоглосон. Эмэгтэй хүнийнхээ хувьд ч сайхан гэж дуу алдана. Амьдралын эрхээр үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод Герман явчихлаа. Эд нарыг өнөөдрийн жүжигчдээс хол тасархай гэж бардам хэлнэ. Ийм авъяастнууд ховорхон төрдөг. Тэрнээс мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүмүүсийн ярьдагаар номыг нь сонсож ногоотой шөлийг уусан хэн нь ч өөрт оногдсон дүрээ хэмжээндээ гаргачихна. Наранбаатар бас чадалтай, авъяастай залуу их юм дуулганаа. Сүүлийн үеийн залуусаас залуу жүжигчин Цэрэнболдод их итгэл тавьж байгаа. Хамгийн гол нь өөрөө маш их хөдөлмөрлөж зүрх сэтгэлээ өгч ажиллах хэрэгтэй.
-Хошин урлагийн жүжигчдээс хэнийг сайн жүжигчин гэж үнэлдэг вэ? Зарим жүжигчид дэндүү маазраад байх шиг санагддаг.
-Манай хошин урлагийнхан маш их хөдөлмөрлөдөг гэж боддог. Бүх юмаа зохицуулаад олон сайн уран бүтээл хийж байна. Манайд сайн зохиол байхгүйгээс жүжигчид өөрсдөө ойр зуурын алиа марзан юмаар аргацааж зрительдээ хөтлөгдөөд инээлгэхээ урьтал болгоод явах юм. Уг нь бид үзэгчдээ дагуулж ухааруулж явах ёстой ш тээ. Одончимэг, Аглуу хоёр үнэхээр авъяастай, чадалтай сайн жүжигчин. Театртаа байсан бол олон сайхан дүр бүтээх байсан даа. Одончимэгийнх Чингэлтэйд манайхтай ойролцоо байлаа. Сайн найруулагч болох байх гэж үнэлдэг юм.
-Ингэхэд урлагийнхныг гэр бүлийн тогтворгүй гэдэг. Таныг анхны эхнэрээсээ салаад одоогийн эхнэртэйгээ суусныг мэднэ. Одоо хуучин эхнэртэйгээ хэр харьцаатай явдаг вэ? Охиндоо тус нэмэр болж чаддаг уу?
-Урлагийнхан олны нүдэн дээр ил байдаг болохоор хүмүүс тэгсэн гэнэ, ингэсэн гэнэ гэж ярьдаг. Бусад хүмүүс ч салж нийлж л байдаг шүү дээ. Миний хувьд анх нэг худалдагч бүсгүйтэй гэр бүл болоод 6 жил амьдраад охиноо 3 настай байхад салсан. Тэр үед би архи дарс уудаг байсан биш. Үнэхээр үзэл бодол таарахгүй болоод л ярилцаад хоёр тийшээ болсон. Дараа нь Нансалтайгаа “Сахиус уу сахиул уу” киноны зураг авалтын үер танилцаж дотносоод гэр бүл болж хоёр хүүтэй болоод сайхан л амьдарч байна. Охинтойгоо дотно холбоотой явдаг. Хоёр зээтэй. Би хүүхдүүддээ та гурав амь нэгтэй явж. бие биедээ түшиг тулгуур болж явах ёстой гэдэг. Манай хуучин эхнэрийн дүү нар надтай цагаан сараа ирж золгодог. Хүн хүнээ хүндэлж байгаа сэтгэлийн сайхан илэрхийлэл ш дээ. Эхнэр маань сая охины ээжтэй хоёулаа очиж золгоё гэхэд эр хүн дээр өөрөө ирж золговол тэр л биз. Очихгүй гэсэн. Миний хань үнэхээр сайхан сэтгэлтэй хүн дээ. Охинд маань төрснөөс өөрцгүй ханддаг. Хүргэн маань лам хүн байлаа. Өнгөрсөн онд цэл залуугаараа хүнд өвчнөөр өөд болж муу охин минь залуугаараа бэлэвсрээд хоцороход их өрөвдсөн. Амьдрал заримдаа дэндүү хатуурхах юм даа. Одоо ээжтэйгээ хамт амьдарч байна. Тэр хүний амьдрал нэг л тэгшрэхгүй явсаар өдийг хүрлээ. Яахав дээ охиндоо хань түшиг болоод явбал болоо. Хэд хэдэн хүнээс салаад амьдрал нь нэг л сайн тогтохгүй охиноороо тэжээлгээд сууж байна. Би чадалтай бол тэдэндээ туслах л байсан. Ямар арилжаа наймаа хийх биш. Өөрөө хүнээр тэжээлгэж байна ш дээ.
-Танд гавъяат цол их дуншиж ирсэн. Ер нь алдар цолын талаар ямар бодолтой явдаг вэ? Жинхэнэ эзэддээ очиж чадаж байна уу?
-Төр засаг өгөөд хүмүүс аваад сурчихсан болохоор заавал авах гэж зүтгэдэг болж. Ард түмэн маань ч сайн уран бүтээлчдээ энэ цолыг аваасай гэж хүсдэг. Гэвч заримдаа авах ёстой эзэндээ очихгүй төөрчихдөг нь харамсалтай санагддаг. Уг нь хүмүүс хүндлээд сайхан л даа. Даанч амьдралын баталгаа болж чаддаггүй. Зарим гавъяатууд үнэхээр хэцүү амьдарч байна ш дээ. Миний хувьд 5 удаа тодорхойлогдож байж энэ сайхан цолыг хүртсэн. Сувдаа маань Багабанди ерөнхийлөгч дээр орж байж авч өгсөн ш дээ. Миний амьдралд Сувдаа шиг тус нэмэр болсон хүн байхгүй дээ. Театрын намын үүрийн дарга байхдаа Алтангэрэл дарга дээр ороод надад 3 өрөө байр авч өгсөн. Сэтгэл нь гэж сүү. Хүний төлөө ингэж гүйдэг хар элгийн хүн ховор доо. Миний тодорхойлолт дээр очихоор эхнэрээсээ салсан, архи уудаг гэсэн матаас зэрэгцээд л очдог байсан гэдэг. Нэг удаа улс тунхагласны баяраар хүмүүс та одоо авна гээд байхаар аминдаа гутал хувцсаа бэлдээд, том эгч маань нэг сайхан хослол авч өгтөл байдаггүй. Дараа нь Сувдаа л хөөцөлдөж байж өгүүлсэн. Сониноос манай Жарантав надаас өмнө гавъяат авсан мөртлөө үнэмлэхний дугаар нь 81 байдаг гэсэн. Би дараа нь 80 номерын үнэмлэх гардаж авсан. Бодвол өмнө нь гарын үсэг зурчихсан байсан юм шиг байна лээ. Нэг ёсны хойшлогдсон юмуу даа гэж боддог. Нүдээ олсон шагнал хүнд урам зориг ажиллах хүч энерги өгдөг.
-Нэг үе хүнд залилуулж шүүх цагдаагаар явсан сурагтай байсан. Яаж шийдэгдсэн бэ.
-Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа бол гал голомтоо зарсан явдал гэж боддог. 7 буудалд хашаа байшинд нүүж очоод 10 гаруй жил болж байна. Одоо бодоход 2 хүүгийнхээ өмнө том хэрэг хийсэн дээ. Байр үнэд орчихлоо. Өдийд байсан бол энэ хоёрынхоо өмнө нүүр бардам гэр бүл болоход нь хуваагаад өгчих байж гээд өөртөө харамсдаг юм. Байраа зараад машин авсан юм. Сургуульд хамт сурч байсан нэг танил маань хоёр гурван хоног машиныг чинь хэрэглээд өгье гэхээр хүнд итгэмтгий хүн чинь өгөөд явуулчихсан юм. Нөгөөх маань таг болчихсон . Эрэл сурал болсон чинь задлаад зарчихсан байсан. Тэр нөхөр өмнө бас хоёр хүний машиныг тэгэж залилж аваад зарчихсан юм билээ. Би тэр нөхрөөс ганц эрэг боолт ч олж авч чадаагүй. Кузовыг нь Төв аймаг руу 400 мянган төгрөгөөр өгөөд бусдыг нь техникийн зах дээр аваачаад үгүй хийчихсэн гэж мэдүүлсэн байна лээ. Шоронд 2,3 сар суугаад гарсан. Манай эхнэр л хөөцөлдөж нилээд гүйсэн. Дараа нь тэр хүн нас бараад хэрэг нь хэрэгсэхгүй болсон доо.
-Кинонд тоглоод хамгийн өндөр нь хэдэн төгрөгний цалин авч байв. Зах зээлээс хойш үнэлэмж нь сайжирсан байхаа?
-За даа бид чинь мөнгөнөөс илүү дүрээ сонгож кинонд тоглодог. “Сая километр” кинонд тоглоод 800 мянган төгрөг авсан. 2008 онд 3 кинонд тоглосон. Өмнө нь Х. Дамдин найруулагчийн “Эргэж бодох бодол” кинонд тоглоод 4 мянган төгрөг аваад гэртээ зурагт, хөргөгч, диван аваад үлдсэн мөнгөөрөө ажлынхнаа хоёр өдөр дайлсан юм даг. Тэр үеийн мөнгө ч чанга байлаа шүү дээ. Би Гармаагийн дүрдээ 30 настай тоглосон. Одоо 30 жил өнгөрлөө. Энэ дүрээрээ Соёлын яамны шилдэг дүрийн шагнал авч байлаа. Манай Цэрмаад тоглодог УГЖ Ц.Чулуунцэцэг тааралдахаараа “Өө миний муу өвгөн яагаад царай алдчихсан юм бэ” гээд мөнгө өгдөг юм.
-Ярилцсанд баярлалаа WWW.TAIZ.MN
Discussion about this post