Өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж, багш, эмч нарын цалин нэмэх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчөөс эхлээд төсвийн ерөнхийлөн захирагч хүртэл урсгал зардлын 10 хувийг танаж, ирэх 2026 оны төсөвт цалин, тэтгэвэр нэмэхээр төлөвлөж буй.
Сангийн яамны мэдээлснээр, 2026 оны төсөвт эмч нарын цалинг 15 хувиар нэмэхэд 181 тэрбум төгрөг шаардлагатай аж.
Хуралдаанаар эрүүл мэндийн салбарынхны гүйцэтгэлийн санхүүжилтийг зогсоож үндсэн цалинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас ажилчдын цалинг тавихгүй байх зохицуулалт хийх саналуудыг байнгын хорооны гишүүд дэвшүүлж байв.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан хэлэхдээ, бид зардлын зүйл ангиар санхүүждэг байсан тогтолцооноос гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн. Энэ тогтолцоо олон давуу талыг бий болгосон. Асуудлын гол нь эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа санхүүжилт хаанаа ч хүрэхгүй байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн доголдол 2022 оноос эхлэлтэй. Тухайн онд Засгийн газраас эмч, эмнэлгийн ажилтны цалинг 30 хувиар нэмэх шийдвэр гаргасан ч даатгалын санд төвлөрөх 30 хувийг нэмээгүй. Үүний улмаас эмнэлгүүд эм ханган нийлүүлэх байгууллагууддаа өртэй болж, ажилчдын цалинг нэмсэн ч сангийн санхүүжилт дутагдаж өнөөдрийн нөхцөлд хүрсэн.
2026 онд эмч, эмнэлгийн ажилтны цалинг 15 хувь нэмэгдүүлнэ гэж байна. Энэ бол асуудлын бодит шийдэл биш. Тийм учраас 2027 оны төсөвт хэр хэмжээгээр нэмэх вэ гэдэг тооцоо, судалгааг сайн хийх хэрэгтэй. Ирэх оны төсөвт нэмэх 15 хувийн нэмэгдлээ даатгалын сандаа бодит тоогоор нь нэмэгдүүлээрэй. Тэгэхгүй бол энэ салбарын ажилчдын цалин өнөөдрийн байгаагаасаа бүр дордоно гэв.
Discussion about this post