Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл 11 жилийн өмнө манай сурвалжлагчид ярилцлага өгчээ. Тэр үед АН-ынхан орон нутгийн сонгуульд Хан-Уулд дүүрэгт ялсан ч Э.Бат-Үүл гишүүн энэ амжилтыг ойшоож үзээгүй. Харин өөрөө орон нутгийн сонгуульд Нийслэлийг хариуцаж ороод үнэмлэхүй олонхи болсон. Тэрчлэн 2012 онд Ардчилсан нам олонхи болно гэдгийг хэлж байсан. Улстөрч хүн алсын хараатай, хаана хүрэхээ мэддэг гэдэг нь л энэ байх. Бат-Үүл баатар одоогоор манай улсын хамгийн отгон Баатар цолтон. Харин өөрийнх нь хэлсэнчлэн хэзээ АН-ын дарга болох, Ерөнхийлөгч болохыг бүгдээрээ харж л байя даа.
-АН-ынхан Их хурлаа зарлаж АН-ын даргаа сонгоно Н.Алтанхуяг хууль бусаар болсон гэлцэж байна. Хэрэв ИХ хурал хуралдвал та нэрээ дэвшүүлэх үү?
-АН-ын ҮЗХ-ны хэсэг нөхөд гэсэн захидал сонинд гарсан байна. Тэр захидалд АН-ын дарга Алтанхуяг хууль бусаар намын дарга болсон гэж бичсэн байна билээ. Яг үнэндээ ҮЗХ-ны хэсэг гишүүдийн ярьж байгаа зүйл бол худлаа юм аа. Алтанхуяг хууль ёсоор дарга болсон. ҮЗХ-ны гишүүд хоороороо ярьж байгаад намынхаа дүрмэнд өөрчлөлт хийгээд ҮЗХ-гоор хэлэлцэж даргаа тавьдаг болгосон. Уг нь Их хурлаар даргаа сонгодог байсныг ҮЗХ-ны гишүүд өөрсдөө ярьж байгаад ҮЗХ-гоор даргаа сонгодог болъё гэсэн санал гаргаад 100 хувийн саналаар дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Тэр үед ингэж болохгүй гэж эсэргүүцсэн хүн нь би. “Та нар болиоч. Ингэж нөхцөл байдалд тохируулж дүрмээ өөрчилж болохгүй ээ.Намын даргын асуудлыг Их хурлаар шийдэх ёстой” гэж Бадамдамдин бид хоёр л эсэргүүцсэн. Би хэд хэд босож үг хэлээд дийлээгүй. Тийм болохоор “Та нар албан горилогчдын бүлэглэлүүд болж хуваагдчихаад асуудлыг шийдэж байна” гээд ҮЗХ-ны хурлыг орхиж явсан. Энэ бол баримттай тов тодорхой зүйл. Тэгж хоорондоо ярьж тохирч дүрмээ өөрчилж Алтанхуягийг дарга болгочихоод, одоо гэнэтхэн ухаан орсон юм шиг “Өө буруу байна, Алтанхуягийг дарга болгосон нь хууль бус” гэж ярьж байвал үнэндээ инээдэмтэй хэрэг.
-Алтанхуяг дарга би 4 удаа АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан ч анх удаагаа намын даргаар ажиллаж байна гэсэн. Таны хувьд сайд болох нь битгий хэл Байнгын хорооны даргаар ч ажиллаж үзээгүй хүн.
-Би Хүний эрхийн дэд хорооны дарга. Энэ хичнээн чухал ажил вэ гэдгийг хүмүүс ойлгосон байх. Би улс төрд орсон хүний хувьд ер нь цаашдаа өөрийгөө Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч болох зорилт тавиад л явж байгаа хүн. Түүнээс биш албан тушаалд очихоосоо цааргалаад байдаг хүн биш. Албан тушаал гэдэг бол тухайн улс төрийн бодлоготны хөдөлмөрийн багаж хэрэгсэл. Өөр юу ч биш. Манайд харамсалтай нь албан тушаалаа бурханчилж үздэг байдал тогтож байна. Яг үнэнийг хэлэхэд ийм үед албан тушаалын төлөө зүтгэж явна гэдэг өөрийгөө дорд хийсэн хэрэг шиг санагдаад байна. Албан тушаал гэдэг хөдөлмөрийн багаж хэрэгсэл. Тариачинд газар хагалахын тулд анжис байдаг шиг улс төрийн бодлоготон газраа хагалахын тулд албан тушаалд очдог. Жишээ нь намын их хурал хуралдах юм бол би намын даргын төлөө өрсөлдөнө, бүх хүчээ хаяна. Манай намын дарга заавал их хурлаасаа сонгогддог байх ёстой гэж үздэг. Тийм учраас ҮЗХ-ны хурлаар нэрээ дэвшүүлээгүй. Ер нь энэ ҮЗХ-г өөрчлөх хэрэгтэй ш дээ. Энэ ҮЗХ чинь намын удирдлага. УИХ-ын сонгуульд ялагдсан, орон нутгийн сонгуульд ялагдлаа. Одоо болоо юм биш үү. ҮЗХ-г шинээр бүрдүүлэх ёстой.
-Орон нутгийн сонгуульд өмнөхөө бодвол муугүй үзүүлэлттэй. Дөрвөн аймагт олонх болсон, нийслэлд Хан-Уул дүүрэгт олонх боллоо шүү дээ?
Ер нь аливаа улс төрийн хариуцлагыг муу байснаа хөөрхий дунд авсан юм гэж тооцдоггүй. Ялсан бол боллоо, ялагдсан бол муу байснаа дунд болсон юм, одоо гайгүй гэж цаашаа явж болдоггүй юм. Ердөө онц авах ёстой. Онц авч чадаагүй бол уучлаарай больцгоо.
-УИХ-ын сонгуулийн дараахан таныг хамтарсан Засгийн газар байгуулахаар идэвхтэй явж байгаа. Нэг сайдын суудал бат гээд байсан.Юу болсон бэ?
-Би МАН-тай тэврэлдэж яваагүй цаашдаа ч тэврэлдэх ч үгүй. МАН жудаггүй юм их хийдэг. Хувьсгалт нам АН-тай тэврэлдэхээрээ цаанаа нэг улс төрийн зорилготой байдаг. С.Баяр бол тооцоо бодчихсон байгаа. Баяр АН-ыг жийгээд МАХН-аа авч гарах тов тодорхой улс төрийн тооцоо хийчихсэн байгаа. Ер нь Хувьсгалт намынхны зүгээс намайг сайд болооч ээ гэдэг санал ирж байсан. Би “Тодорхой ажил хэрэг ярихаасаа илүү та нар эрх мэдэл албан тушаалаа хуваалцаад эхэлж байна. Энэ бол МАН-ын цаад тооцоонд үйлчилсэн үйл ажиллагаа болчихдог юм. Тийм учраас үгүй ээ” гэдгээ хэлсэн. Заавал Хувьсгалт намын бөөрөнд наалдаж биш, манай нам дангаараа сонгуульд ялна, тэр үед би том албан тушаал дээр очно гэсэн итгэл найдвар хэвээрээ байгаа. Ер нь 2012 онд манайх олонх болно. 2008 оны УИХ-ын сонгуульд олонх болно гээд байсан. Ялах бололцоо байсан. Ялахын тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой гэсэн саналыг УИХ-д оруулсан. Пропорцианаль сонгуулийг системээр явъя, орон нутгийн бүх шатны сонгуулийг зэрэг явуулъя гэсэн. Хэрвээ тэр маань хэрэгжсэн бол ялах байсан гэж би боддог. Орон нутгийн сонгуулийн саналын ирц хүрсэнгүй гэдэг асуудал ч гарахгүй байсан.
-Сүүлийн үед АН залуу халаагаа бэлдсэнгүй. Нөгөө л 1990 онд байсан хэдэн хүн. Энэ хооронд МАХН-ын залуусаар хүрээгээ тэлж цус сэлбэсэн. Гэтэл МАХН-д хэд хэдэн шинэ үе гарч У.Хүрэлсүх нь мандан бадарч шатаад дууслаа гэсэн шүүмжлэл гарсан.
-Улс төрд албан тушаалын төлөө өрсөлдөх тийм залуу халаа бидэнд хэрэггүй. Өөрөөр хэлбэл эрх мэдэл албан тушаалыг бурханчилж үздэг, бодлого гэх дорвитой юм юу ч байхгүй тийм залуу халаа бидэнд хэрэггүй. МАН тийм залуу халаагаасаа болж маш их хүнд байдалд орсныг бүгд л мэдэж байгаа. Тэр залуу халаа нь орж ирээд ямар аймшигтай гэмт хэргүүд үйлдэв, албан тушаал урвуулан ашиглах гэдгийг үзүүлж өгөө биз дээ. Тэр залуу халаа бидэнд хэрэггүй. Манай залуус бодлоготой байх ёстой. Улс орноо ингэж хөгжүүлмээр байна, ийм ажил хийж хэрэгжүүлмээр байна гэж бодох ёстой. Тийм залуу халаа гарч ирэхгүй бол хэцүү. Би дарга болноо гээд явдаг залуучууд нийтийн ярьдгаар хогоороо байна. WWW.TAIZ.MN 2010 ОН
Discussion about this post