Нэг үе борооны дараах мөөг шиг олширч байсан ХЗХ-нууд ар араасаа дампуурлаа зарлаж, Монголын нийгмийг доргиож олон айл өрхийг амьдралыг бусниулсан гэхэд хилсдэхгүй. Банкнаас өндөр хүү төлнө гэж олон түмний тархийг угааж гарч ирсэн ХЗХ-нуудын эздээс одоо ч цөөнгүй хүн шоронд хоригдож байгаа. Бид “С ЭМ С” ХЗХ-ноос их хэмжээний зээл авч дампууруулсан гэх хэл аманд орооцолдож байсан Л.Дамдинсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр Монголын Шинэ Социал Демократ намыг үүсгэн байгуулж даргаар нь ажиллаж байсан нэгэн юм.
-Таныг “С ЭМ С” ХЗХ-ноос их хэмжээний мөнгө зээлж дампуурлахад хүргэсэн гэсэн шуугиан гарч байсан. Тэр үед хэдэн төгрөг зээлсэн бэ? Зээлээ төлж барагдуулсан уу?
-Миний өдийг хүртэл гишгэсэн мөр цагаан яваа гэж боддог. Ээж аав маань намайг тэгэж явахыг захиж хүмүүжүүлсэн. Намайг “С ЭМ С” ХЗХ-наас маш олон сая төгрөг зээлж дампууруулсан гэх яриа тухайн үед гарч бүр гадаадад зугтаж гарсан гэсэн мэдээлэл хүртэл гарч байсан. Тэр үед улс төржүүлээд надад ямар ч банкнаас зээл олгохгүй болохоор нь энэ хоршоотой холбогдсон гэж болно. Би энэ хоршооны гишүүний хувьд 2 тэрбум гаруй хөрөнгөтэй байгууллагаас бизнесээ өргөжүүлэхийн тулд анх 300 сая төгрөг зээлсэн юм. Тэр үед би өөрийн гэсэн бизнестэй Орос, Солонгосын хооронд томоохон наймаа хийдэг байсан. Тэгээд мөнгөө аваад Москвад явж байхдаа гэнэт хүндээр өвдөж тэнд олон сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хооронд тийм янз бүрийн яриа гарсан байсан. Намайг яаж хүндээр өвдсөнийг Москвад сууж байсан ЭСЯ-ны ажилтнууд сайн мэднэ. Хүний газар гэнэт өвдөөд яаж шаналж байсныг тэр болгон хүмүүс ойлгохгүй байх л даа. Би өөрийгээ үхээд боссон гэж боддог. Хүний газар ойр дотныхноосоо хол хэвтэрт орчихоод нүднээс бусад нь хөдөлж чадахгүй хэвтэж байхдаа байхдаа хүн юу эсийг бодохов дээ. Тэр үед би заавал хөл дээрээ босоод авсан мөнгөө эргүүлж төлж нэр төрөө цэвэрлэнэ дээ гэж шүд зууж байсан. Энэ хүсэл маань ч биелж бүх өрөө төлж барагдуулсан. Зарим үед өөрийгөө ардын баатар болсон мэт санагддаг. Яагаад гэвэл авсан мөнгөө би 2 нугалж төлсөн. Над шиг зээлсэн мөнгөө ингэж төлсөн хүн одоогоор бараг байхгүй байх. Хамгийн гол нь би хүмүүсийг хохиролгүй болгосондоо сэтгэл их өндөр байгаа. Юм хийж байгаа хүн хэл аманд заавал өртдөг жамтай. Зүгээр гараа хумхиад сууж байгаа хүнийг хэн юу гэж муулахав дээ. Ер нь тэр олон ХЗХ-дыг дээрээс нь зохион байгуулалттай дампууруулсан гэж боддог. Одоо шоронд байгаа ХЗХ-ны эздийг бүгдийг суллах хэрэгтэй.Тэд хүмүүсийн мөнгийг зүгээр залилж аваагүй ш дээ. Би өөрөө сайн мэдэж байна. Дээрээс нь албан ёсоор зөвшөөрөл өгч байгуулчихаад дараа нь өөрсдөө дампууруулчихсан. Энийг юм мэддэг хүмүүс мэдэж л байгаа. Шүүхийнхэн хүртэл энэ бол шууд хэлмэгдүүлэлт болж байна гэдгийг ярьж л байсан. Үнэнийг хэлэхэд бүх ХЗХ-нд тухайн үед төрийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс л мөнгөө угааж байсан шүү дээ. Нэг томоохон эмнэлгийн гавьяат эмч хүний эхнэр энэ хоршоонд 238 мянган доллар өгч байлаа. Төрийн албан хаагч байсан хүн тэр их мөнгийг яаж олсон нь сонин байгаа биз. Энэ мэтчилэн их “но” бий. Цаг нь болохоор энийг би гаргаж тавина гэж боддог.
-Мөнгө зээлэхдээ барьцаа тавьсан биз дээ? Хоршооны гишүүд давуу эрх эдэлдэг байсан гэдэг үнэн үү?
-Тавилгүй яахав. Би 300 сая төгрөгөө 4 хувийн хүүтэй зээлэхдээ Өлзийт хороололд байсан объект гээд нийт 8 томоохон объектоо барьцаанд тавьсан. Тэрнээс гишүүн нь гээд зүгээр барьцаагүй авчихсан юм биш. Зарим хүн буруугаар ойлгож байсан байж магад. Хүмүүс ямар журмаар зээл авдаг байсан тэр жишгээр л бүх юмаа бүрдүүлж зээл авсан. Тэгээд биеэ муудахаар Оюунцэцэг захиралд “миний тавьсан хөрөнгөнүүдийг зараад хүмүүсийн мөнгийг өгч хохиролгүй болгоорой” гэж хэлсэн ч харамсалтай нь хэрэгжээгүй л дээ. Тэрнээсээ болж Оюунцэцэгтэй хүртэл тар түр хийж байсан. Дараа нь Оюунцэцэг миний зарим байрыг “Мон корд”-од дахиж тавиад 60 сая төгрөг авсныг би 160 сая төгрөг болгож төлсөн. Өөрөө ганц ч төгрөг аваагүй байж хохирлыг нь би бүрэн барагдуулсан. Энэ бол шударга биш байгаа биз дээ. Гэвч мөнгөндөө чухал биш л дээ. Энэ мөнгийг би яагаад төлсөн бэ гэхээр сайхан аав ээжийнхээ нэр төрийг бодсон. Төр түмэндээ нэртэй төртэй ажил хийж явсан сайн эцгийнхээ нэрийг сэвтээж болохгүй. Надаас болж аав ээж, хань үр хүүхдүүд маань сэтгэлээ их чилээсэн. Үр хүүхэд маань хүмүүсийн өмнө нүүр бардам амьдрах ёстой биз дээ. Хүмүүс миний хүүхдүүдийг “танай аав өр зээлтэй, зээлсэн мөнгөө төлөөгүй олон хүнийг хохироосон” гэж хэлвэл хэцүү биз дээ. Энэ бол бидэнд ээж ааваас минь олгосон хүмүүжил. Нуулгүй хэлэхэд би Лантуу даргын хүү байсан болоод элдэв хэл аманд илүү өртсөн гэж боддог. Хэн ч таньдаггүй нэг хүний хүүхэд байсан бол намайг тэгэж янз бүрээр бичиж ярихгүй л байсан. Тухайн үед хүмүүс банкнаас мөнгөө татаж өндөр хүүтэй болохоор ХЗХ-нд өсгөхөөр өгсөн нь банкуудыг цочроож ХЗХ-дыг олноор нь хаалгыг нь барихад хүргэсэн гэж боддог. Хүүтэй мөнгө чинь байнга эргэлдэж байх ёстой. Өнөөдөр монголд 500.000 хүн ямар нэгэн хэмжээгээр банк санхүүгийн байгууллагуудад өр зээлтэй гэсэн тооцоо гарсан байна лээ. Энэ нь цаанаа нэг юм хэлээд байгаа биз дээ. Ард түмэн амьдралаа дээшлүүлэхийн тулд л өр зээл тавьж хоол ундаа хасч амьдарч байна. -Оюунцэцэг Чимэдийн Энхээгийн эхнэр байсан. Та хоёр анх яаж танилцаж байсан вэ? Шоронд орсоноос нь хойш уулзсан уу?
-Энэ хугацаанд би өвчтэй байсан ч Оюунцэцэгийг таньдаг хүмүүсээс байнга асууж сураглаж явдаг. Үр хүүхэдтэй эх хүн тийм газар ямар л олигтой байв гэж бодоод их өрөвддөг. Зарим хүмүүс Оюунцэцэгийн талаар буруу ойлголттой явдаг байх. Бид хоёр анх ажил хэргийн шугамаар танилцаж байсан. Их дажгүй, юмыг болгож бүтээх гэж явдаг эмэгтэй ш дээ. Одоо шоронд сууж байгаад их харамсдаг. Саяхан би дүүтэй нь тааралдсан. Удахгүй хамт эргэж очихоор ярилцаж байгаа. Ажил төрөл хийж явсан хүн алдаж эндэж л байдаг шүү дээ. Хүнийг ядарч зовоод ирэхээр хүмүүсийн жудаг мөс танигддаг гэдэг үнэн шүү. Намайг өвдсөний дараа зарим хүн нүүрээ буруулж байсан болохоор би сайн мэднэ дээ.
-Өвдөж зовоход нөхрийн чанар танигддаг гэдэг. Өртэй зээлтэй явахад чинь олон найз нөхдийн чинь тар танигдсан байх. Бас тусалж дэмжиж байсан хүмүүс ч цөөнгүй байсан байх?
-Би олон сайхан найз нөхөд, бизнесийн хамтрагчтай байсан. Тэднээс цөөнгүй хүн ёстой тараа таниулсаныг нуугаад яахав. Бас нам байгуулж улс төрд тодорхой хүрээлэлтэй явсан болохоор хамтран зүтгэж явсан олон сайн нөхөд бий. Тэр дундаас одоогийн Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М. Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гээд олон сайхан найз нөхөд, бизнесийн түншүүд, ах дүүс маань надад маш их тусалсанд талархаж явдаг. Ерөнхий сайд С.Батболд бид хоёр Монголд анх удаа “Азийн бирж” байгуулж 1991 онд 5000 залуучуудад зах зээлийн “А” үсэг зааж өгч байсан. Дунд сургуульд байхаасаа сайхан нөхөрлөж явсан улс байгаа юм. Ганди сайдын нөхөр Нямжаргал бид хоёр нэг намд зүтгэж явсан болохоор нэг удаа би утсаар ярьсан чинь “Чамтай яриад байх зүйл байхгүй, дахиж битгий залгаарай” гэхэд би үнэхээр өрөвдсөн. Сайн эхнэрийн буянаар л өдий зэрэгтэй яваа хүн шүү дээ. Энэ мэтчилэн мөс чанараа таниулсан хүн хэд хэд бий. Өмнөхөө мартдаг хүнд би их дургүй. Амьдралын нугачаанд хүн дардан замаар байнга явна гэж байхгүй. Өгсөж уруудаж байж энэ амьдралыг туулна гэж дуунд хүртэл гардаг биз дээ. Сүүлд “Цагаан Шонхор”-ын Энхтайван тааралдаад “Ядарч зовсон үед хүний чанар танигдаж байгаа биз” гэж надаас асууж байсан. Тэр хүн өөрөө мэдэрсэн болоод тэгэж асуусан байх.
-Өөрөө нам байгуулж сонгуульд нэр дэвшиж байсан. Тэр үед яагаад заавал нам байгуулах болсон бэ? Танай намын хамтран зүтгэгчдээс чинь өндөр ажил алба хашиж яваа хүмүүс бий юу?
-Би 1999 оны сүүлчээр МШСДН-ыг байгуулсан. Тэгээд 2000, 2004 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэрээ дэвшүүлж сонгуульд өрсөлдөж ард түмнийхээ үгийг сонсож явлаа. Дараа нь намайг өвчтэй байхад шүүх намыг маань шууд татан буулгачихсан байсан. Одоо энэ УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн дүү Батсамбуу, Ганди сайдын нөхөр Нямжаргал бид нар анх үзэл бодол нийлж намаа байгуулж байлаа. Тухайн үед 2000 гаруй гишүүнчлэлтэй болоод Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлж байлаа. Ер нь нийгмийн захиалга байсан гэж болно. Тэр үед би аль нэг намд ороод сайд ч юмуу ямар нэг суудал дээр очих боломж бол надад байсан. Улс төр хэдхэн хүний өмч болчихсон байсан болохоор нам байгуулах бодол төрсөн юм. Тухайн үед би тэгэж ч хэлж байсан. Улс орны амьдрал гундуухан болохоор ард түмнийхээ амьдралыг өөд татаж, дээшлүүлэх зорилготой гар бие оролцохоор улс төрд орсон. Тэр үед улс төр нэг л биш байна шүү гэдгийг олон хүн хэлж байсан. Монголд хөрш зэргэлдээ орнуудын нөлөө их байсан. Тэр битгий хэл далайн чанад дахь орнуудын нөлөө ч Монголд байсан. Монгол тоглолтонд орчихлоо, занганд орчихлоо гэдгийг нэртэй улстөрч, Ерөнхий сайд асан П.Жасрай гуай хүртэл хэлж ярьж байсан юм. Дэлхийн томоохон гүрнүүд Монголыг хөгжүүлэх сонирхолгүй байсан. Одоо ч гэсэн тэд баялгийг аваад байх л сонирхолтой болохоос монгол хүмүүсийг бодохгүй л байна шүү дээ. 1990-оос хойш төр барьж байсан хүмүүст ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс цөөхөн байсан гэхэд хатуудахгүй байхаа. П.Очирбат ерөнхийлөгчийн үеэс л Монгол улс өрөнд орж гадаадын зээл тусламжийг ямар ч тооцоогүй, гарынхаа салаагаар урсгаж үр дүн муутай зарцуулсан. Монголд одоо дор хаяж 100 мянган хүн саятан байж энэ улс орон хөгжинө. Солонгос, Япон, Америк, Англи улсыг хэдхэн хөрөнгөтэй гэр бүл л авч явж байна. Манай томчууд өөрсдийгөө л бодоод байна. Н.Энхбаярыг ерөнхийлөгч болоход би “Одоо л улс орноо бодох алтан боломж олдлоо шүү” гэж хэлж байсан. Ядуу ард түмнээ ер бодохгүй байна. Тэдний төлөө юм хийхээсээ илүү тэгнэ ингэнэ гээд яриад л байдаг. Тэр нь ч биелэхгүй байна шүү дээ. Тэгэхээр яаж ард түмний амьдрал дээшлэх юм бэ. Байн байн Засгийн газрыг огцруулна гэж ярьдаг. Өмнө нь ЗГ-ыг огцруулж л байсан. Засгийн газар огцорсноор гэнэт ард түмний амьдрал дээшлэхгүй. Юм хийж байгаа нэгнээ байнга доош нь татдаг нь манайхны нэг муухай зан. Би одоо ч өөрийгөө улс төрөөс хол байгаа гэж боддоггүй. Бусдын адил улс орныхоо төлөө, үр хойчийнхоо ирээдүйд санаа зовж явдаг. Гадуур улс оронд болж байгаа бүгдийг анхаарч харж байна. Хэзээ нэгэн цагт өөрийнхээ үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлнэ гэж боддог.
-Өөрийг чинь Христийн шашин шүтдэг гэж сонссон. Яаж яваад энэ шашин руу орчихсон бэ? Монголчууд маань сүүлийн үед Христийн шашин руу их орж байгаа санагддаг?
-Би Есүс Христийн шашинд итгэгч, бурханд хайртай болоод хэдэн жил болж байна. Монголд 250.000 хүн Христийн итгэгч болсон гэсэн тооцоо байдаг. Монголын залуучууд хоёр газар л байдаг болсон байна. Нэг хэсэг нь бааранд, нөгөө хэсэг нь Христийн сүмд байна. Ямар ч хүн өөрийнхээ сонголтонд итгэл үнэмшилтэй сэтгэл хангалуун байдаг. Монголчууд олноороо Христийн сүмд очиж байгаад би их талархдаг. Энэ хүмүүст баяр хүргэмээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үндсэн хуулийн номоо бариад тангараг өргөөгүй. Библийн судар дээр гараа тавьж тангаргаа өргөсөн. Манайхан зарим нь Христэд итгэгчид тийм ч таатай ханддаггүйг мэднэ. Монголын олон алдартай тэр дундаас урлагийн алдартай хүмүүс итгэгч болоод явж байна. Ямар ч хүнд ач буянаа хайрласан болохоор л энэ олон хүн бурханд хайртай болсон. Монголчууд маань эрт дээр үеэс буддын шашинаа шүтэж амьдарч ирсэн ард түмэн. Бидний аав ээж шашингүй үзлээр хүмүүжсэн. Ардчиллын буянаар бүх зүйл нээлттэй болж ард түмний шашин шүтлэг ил гарч ирсэн сайн талтай. Одоо Далай ламыг харахад хэцүү байгаа биз. Төрсөн нутгаасаа дүрвэж, хавчигдаж гадуурхагдаж байна шүү дээ. Хүссэн газраа дураараа очиж болохгүй байна. Насны эцэст хүний газар эрх чөлөөгөө хязгаарлуулж амьдарч байна. Үнэхээр чадвартай увидастай юм бол тэр хүн яагаад ингэж амьдарч байгаа юм. Бүхнийг ялан дийлж амьдрах ёстой биз дээ. Энэ нь юуг хэлээд байнаа гэхээр буддын шашны тэр том зүтгэлтэн хүн хүртэл ямар нэг юмны өмнө хүчин мөхөсдөж байна гэдгийг л хэлэх гээд байна.
-Таны аав Лантуу гуайг хүмүүс андахгүй. Нэг үе улс төрийн томоохон алба хашиж явсан хүн шүү дээ?
-Миний аав ээж хоёр Говь-Алтай нутгийн уугуул. Хэн хэн нь улс нийгэмдээ тодорхой алба хашиж явсан хүмүүс бий. Аав минь Улаанбаатар хотын Намын хорооны 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улс төрийн товчооны орлогч гишүүн болж явсан гэдгийг мэдэх нэг нь сайн мэднэ дээ. Би хаана ч явсан ааваараа бахархдаг. Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан хүн дээ. Миний ээж Мягмар насаараа УБИС-д ҮЭХ-ны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан хүн байгаа.
-Ингэхэд өөрөө хаана ямар сургууль төгссөн бэ? Ажлын гараагаа хаанаас эхэлж байв даа.
-Би нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн 10-р ангийг төгсөөд Москвад тагнуулийн дээд сургууль төгссөн. 1987 онд сургуулиа төгсөж ирээд Нийгмийг Аюулаас хамгаалах яамны сөрөх тагнуулын газар 1990 он хүртэл ажиллаад Ардчиллын буянаар ажлаасаа халагдсан. Нэг өдөр гэнэт дуудаад таныг ажлаас халсан гэж хэлсэн. Тэр үед НАХЯ-нд ажиллаж байсан Батмөнх даргын хүү Нямаа, Дамдин даргын хүү бид гурвыг тойрон хүрээлэгчдийн үр сад гээд хэлмэгдүүлж ажилгүй болгосон. Уг нь би чинь улсынхаа хөрөнгөөр Москвад 5 жил сурсан боловсон хүчин шүү дээ. Хүмүүсийн ярьдагаар гудамжинд лааз өшиглөх хувь таарсан ч би бизнес хийхээр шийдсэн юм.
-Таныг Дорж генералын хүргэн гэж сонссон. Гэр бүлийнхнээ талаар ярихгүй юу?
-Манай эхнэр Баярмаа Армийн генерал Доржийн гуайн ач охин байгаа юм. Хадам аав маань эхнэрийг минь 2 дугаар ангид байхад нь Отгонтэнгэрт онгоцны ослоор нас барсан юм билээ. Дорж генералын хоёр хүү нисэгч мэргэжилтэй байсан гэсэн. Одоо нэг хүү нь энх тунх аж төрж байгаа. Манайх хоёр сайхан хүүтэй. Хүүхдүүд маань тусдаа гарсан болохоор эхнэр бид хоёр 3 настай ач хүүтэйгээ хамт амьдарч байна. Бараг л аав ээжээс нь харамлах шахдаг нэг дэггүй хөөрхөн хүү бий. Хүүдээ би ч нураж унана шүү дээ. Саяхан 1 сая гаруй төгрөгөөр айпад авч өгч эрхлүүлсэн. Одооны хүүхдүүд огт өөр болж дээ. Надаас дутахгүй л ажиллуулж байна лээ.
-Одоо өөрөө ямар ажил эрхэлж байна вэ?
-Би одоо Уул уурхайн хэд хэдэн компанид хуулийн зөвлөгөө өгч байна. Учиргүй том наймаа хийхгүй ч амьдралдаа нэмэр болохоор ажил амжуулж л явна. Хажуугаар нь бас биеэ эмчлүүлж байна. Нэг үеэ бодвол бие маань сайжирсан. Намайг хүнд өвчтэй байхад танай сониныхон аавтай минь уулзаж миний аргагүй байдлыг хүмүүст ойлгуулж өгсөнд их баярлаж явдаг. Гадагшаа явж эмчлүүлээд хөл дээрээ босчихоод эх орондоо ирэхэд үгээр хэлэхийн аргагүй сайхан байснаа байнга санадаг. Бурхан хүнд хоёр дахь амьдралыг тэр болгон бэлэглэдэггүй болохоор би өөрийгөө алдаж оносон ч азтай хүн гэж боддог. Ээж аавын минь буян хишиг намайг дааж өдий зэрэгтэй болгосон доо.
Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ.
Discussion about this post