-Олон кинонд тоглолоо, их ажилласан байх, хэр их ядрав?
-Үгүй юу гэж ядрахав, хүн чинь зүгээр суух тусам ядардаг. Гүйгээд байх тусам л илүү ихийг хийж эрч хүчтэй байдаг.
-Байнга анхаарлын төвд байдаг шүү дээ. Ойрд бараг ярилцлага өгсөнгүй нэлээд хөөцөлдөж байж яриа авлаа.
-Би ер нь зөвхөн “Сэрүүлэг” биш сонинуудад яриа өгөөгүй, уншигчидтайгаа уулзалгүй маш их удлаа. Уншигчдадаа мэнд хүргээд энэ он та бүхэнд ээлтэй байх болтугай, хүн гол нь эрүүл байх ёстой. Эрүүл энх байж, жаргалтай амар амгалан байж, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй гэж хүсье.
-2009 онд олон кинонд тоглолоо. Ямар шалгуураар киногоо сонгож тоглодог вэ? “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин” киноны найруулагч нь Батболд, тэгээд жүжигчин Хүрлээ байх жишээтэй байх юм. Та нар нэг баг болчихоод байгаа юм уу?
-Хамт уран бүтээл хийж байгаа хүмүүсээ дурдахгүй байхын аргагүй. “Гоёлын даашинз”-ийг продюсер Хүрлээ ах маань байна. “Цасан охин” бол “Боловсрол” суваг телевиз, “Бид лайн”-ы хамтарсан бүтээл. Манай ерөнхий найруулагч, оператер, туслах найруулагч, оператор, зургийн дарга, зураач, жүжигчид бүх хүмүүс маань гар нийлж ажилладаг, бие биенээ ойлголцдог хүмүүс байгаа. Нэг гар нийлэхээр дараагийнхаа уран бүтээл дээр хамтраад байдаг ш дээ. Жүжигчний сонголтыг найруулагч хийдэг. Энэ сонголтонд багтсандаа баяртай байгаа. Мэдээж уран бүтээлч хүнд сайхан санал ирвэл дуртайяа тоглоно. Багийг чиглүүлж байгаа хүн бол найруулагч.
-Энэ гурван кинонд тоглоход аль нь хүнд байв?
-Анхны дэлгэцийн уран бүтээл гэдэг утгаараа “Боолын гэрээ”-д тоглоход хүнд байсан. Анх дандаа л тайзны уран бүтээлд тоглож байсан болохоор кинонд тоглоход хүнд мэдэхгүй юм их гарч ирсэн. Тайз дэлгэц хоёрын ялгаа их. Тайзан дээр далайцтай “том” тоглодог бол, дэлгэцэн дээр жижигхэн гэдэг юм уу, бид хоёр яриад сууж байгаа юм шиг тоглох, гол нь үнэн тоглохыг шаарддаг байсан. Тайзнаас дэлгэц рүү урвахад жаахан хүндрэлтэй байсан. Дараа нь “Гоёлын даашинз” дээр анх удаа гол дүр авч үзсэн. Маш их айж байсан, зөндөө загнуулсан. Ер нь суралцаад явж байна.
-Татгалзахаар киноны санал ирж байсан уу?
-Санал ер нь ирдэг л дээ. Зарим тохиолдолд татгалзана. Сая бол кинотой давхцаж санал орж ирсэн болохоор татгалзсан.
-Ер нь өөрт чинь ямар дүр тохирохгүй юм шиг санагддаг вэ?
-Дүр дээрээ ажиллаж чадвал хүн ямар ч дүрд тоглож чадвал тухайн жүжигчний ур чадвар гарах байх гэж боддог.
-Харж байхад дандаа л эерэг талын дүрд тоглодог. Эсрэг талын дүрд тоглох бол хэр сайн дүрээ гаргаж чадах бол?
-Мэдээж хичээнэ. Нэг удаа эсрэг дүрд тоглосон. “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Уран чинь эсрэг роль.
-“Цасан охин”-д богино хугацаанд тоглосон уу?
-“Ододтой бүжиглэе” шоуны сүүлийн хэсэг 11 сарын 25-нд дуусаад, тэгээд “Цасан охин” кинонд ажилласан. Урьд нь маш сайн бэлтгэсэн кино байсан болохоор гайгүй ээ.
-Ер нь хайр дурлалын сэдэвтэй кинонд тоглосон, хамгийн гар нийлж тоглож чаддаг эрэгтэй жүжигчин гэвэл?
-Одкотой 1 дүгээр курсээсээ хойш хамтарч тоглосон болохоор сайн партнёр. Амраатай бол урьд нь уншлага хийгээд, хамт бэлтгэл хийж байсан. Амраа чинь их туршлагатай жүжигчин болохоор аваад явчихаж байгаа юм чинь.
-Тайзны уран бүтээлийг орхиод байна уу?
-2005 онд СУИС-ийг төгсөөд ангиараа “Хувьсал” продакшнд ажилласан. 2007 онд би Сингапур явж сурах гээд уран бүтээлийн чөлөө авсан. Манай жүжигчид албан ёсоор гарсан, би болохоор гараагүй үлдсэн. Буцаж хүрч ирээд дэлгэцийн уран бүтээлд ороод бие даасан уран бүтээлч болсон л доо. ”Хувьсал”-д байхдаа найруулагч Оюунсүрэн эгчээр жүжигчний этик, соёл гээд маш их юм сурсан. Одоо “Хувьсал” продакшн драмын уран бүтээлчидтэй хамтарч жүжиг тавих гэж байгаа.
-Танай ангийнхан хаагуур явна?
-Отгоо маань УДЭТ-т байгаа, “Акапела” хамтлагийнхан уран бүтээлээ хийж, манай ангийн хэдэн хүүхэд “Найзууд” театр байгуулж “Амьдралын амт” жүжиг тавьсан.
-“Хувьсал”-аас танай ангийнхан гарсан шалтгааныг Цогоо дарамталсан, найруулагч Оюунсүрэнгээс болсон гэж янз бүрээр ярьдаг. Бодит тайлбар хийж чадах уу?
-Би мэдэхгүй ээ. Намайг явсны дараа увж цуваад гарсан. Би Цогоо ах, Урнаа эгч хоёртой байнга холбоотой байдаг. Цаашдаа ч олон уран бүтээл дээр хамтрах байх.
-Нэг компанийн нүүр царай болоход багагүй мөнгө авдаг гэдэг. “Монгол” шар айраг, “Дархан нэхий” гээд ажиллаж байсан. Энэ жил “Говь”-той ажиллаж байгаа. Ямар гэрээтэй хамтарч ажилладаг вэ?
-Нэг удаагийн эсвэл урт хугацааны гэрээ байгуулдаг. “Говь”-ийн хувьд тогтмол цалинждаг. Гэрээтэй хугацаандаа тэдний л модель байх ёстой. Түүнд шоу, зураг авалт бүгд ордог. Гурван сард манай “Говь”-ийн хавар зуны коллегци гарна. Тэгэхээр каталогийн ажилд орно.
-Нууц биш бол хэдээр цалинждаг вэ?
-Би хүүхдээ өсгөж яваа, өрх толгойлсон эмэгтэй. Амьдрал авч яваа юм чинь надад мөнгө төгрөг хэрэгтэй. Хүмүүс бүх юманд Пүүжээ гарлаа гэж ярьдаг. Нэгдүгээрт би өнөөдөр ажиллах хэрэгтэй, мөнгө олж амьдрах хэрэгтэй. Мэдээж уран бүтээлч хүнийхээ хувьд өсөн дэвжиж олон зүйлд суралцах хэрэгтэй. Тийм болохоор зогсоо зайгүй хөдөлмөрлөхийг чухалчилдаг. Хоёрдугаарт би өдөр тутмынхаа ажлыг хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ дандаа л ингэх юм гэдэг. Өөр би яах юм бэ. Би сурвалжлагч хийж явахгүй, хаа нэг газар тогооч хийж явахгүй ш дээ. Миний мэргэжил л юм чинь, мэргэжлийнхээ ажлыг л хийж яваа.
-“Мобиком”-д 30 сая төгрөгөөр нүцгэлж зургаа авахууллаа гэж шуугисан. Ер нүцгэлж зураг авахуулах хэцүү байсан уу? Зарим хүн төрийн далбаатай зургийг нь хараад шүүмжилж байсан.
-Мэдээж надаас асар их зориг шаардана. Гэхдээ би зориглож байгаа юм чинь хийх ёстой. Зургаа авахуулахдаа би өөртөө итгэлтэй байсан. Ямар нэг юманд санаа зовоогүй. Зургийн ерөнхий санаа, хувцас, жижиг хэрэглэлийг “Монгол контент”-ийнхон гаргасан. Тэд захиалагч, би зөвхөн гүйцэтгэгч. Тийм болохоор Пүрэвсүрэн тийм юм өмсчихөж, төрийн далбааг тэгж ингэж гэхээсээ “Монгол контент” үүрэг болгосон болохоор би гүйцэтгэхээс өөр аргагүй байсан. Үүнийг Пүрэвсүрэн гэдэг хувь хүнтэй холбож маш их шүүмжлэл ирсэн. Би шүүмжлэлийг хүлээж аваад бүр сурсан хүн.
-“Говь”-ийн рекламыг Кристина Агулераг дууриаж гэсэн яриа гарсан.
-Түүний санааг реклам хийж байгаа байгууллага гаргана. Бид ийм юм хиймээр байна, ийм цагаан даашинз өмсөнө гэсэн. Би бас л гүйцэтгэгч. Тэрэн дунд миний нэр намираастай л явна ш дээ. (инээв)
-Сингапурт сурч ирээд, Удирдлагын академид орлоо гэсэн, төгссөн үү?
-Удирдлагын академийг өнгөрсөн жилийн 4 сард төгссөн. 4 сарын 17-нд “Гоёлын даашинз” киноны нээлт болсон. Өдөр нь дипломоо хамгаалчихаад орой нь киногоо нээж байсан гоё дурсамж байгаа. Бизнесийн менежерээр төгссөн.
-Энэ мэргэжлээрээ юм хийв үү?
-Яг одоогоор бизнес хийгээгүй байна. Гэхдээ хүнд мэдлэг илүүдэхгүй. Би Удирдлагын академиас маш их юм сурсан, их сайн үнэнч найз охин олж авсан. Бид урлаг уран сайхан гэж явж байгаад шал өөр чиглэлээр сурах сайхан юм билээ. Ном тэврээд явдаг оффис чиглэлийн хүмүүс сонин санагддаг юм билээ. Сингапурт нэг сургуулийн дэргэдэх хэлний сургуульд жил сурсан. Энэ нь надад маш их хэрэг болж байгаа. Манай охин Олон улсын дунд сургуульд сурдаг. Охиныхоо хичээлийг хийлгэхэд маш их хэрэг болж байгаа.
-Охин хэр сурч байна?
-Маш идэвхтэй сайн сурч байгаа.
-Киноныхоо нээлтэнд охинтойгоо ирсэн. Ер нь охин шүүмжлэх үү?
-Хүүхэд томроод миний ээж хэн бэ гэдгийг ойлгодог болсон юм шиг байгаа юм. Та ийм, тийм байна гэж хэлдэг. Ялангуяа “Ододтой бүжиглэе” дээр үс хувцас хунар дээр анхаараад ээмэг сонгож өгөх ч юм уу их идэвхтэй зөвлөдөг. Кино үзнэ, ойлгоно. Үнсэлцэж байгаа хэсэг дээр “Пээ та яаж байнаа” гээд ичээд, эгдүүтэй байдаг.
-Загвар өмсөгч, бүжигчин, жүжигчин ээжтэй юм чинь урлагийг их сонирхдог байлгүй?
-Тэр тал дээр бол ээж шигээ жүжигчин болохгүй гэж ярьдаг. Их хөөрхөн бүжиглэдэг, урлагт авъяастай. Аавтай нь ярьсан л даа, эмч ч юм уу, эрдэм номын мөр хөөсөн хүн болгоно гэж ярьдаг. Хүүхэд өсвөр насандаа юунд сонирхолтой байна гээд чиг хандлага нь тодорхойлогддог. Хүүхэд өөрөө л сонгоно. Би одоо хэлэхэд эрт байна.
-Танай охиныг өвөө эмээ нь асардаг гэж ярьсан байсан. Аав ээжийнхээ талаар яривал?
-Би их азтай эмэгтэй. Дөнгөж 19 насандаа ээж болсон. Оюутан байсан, хичээл шалгалт гээд яваад өгнө, миний арыг аав ээж хоёр л авч явдаг байсан. Охиныг минь өвөө эмээ хоёр нь өсгөж өгсөн. Том охинтой боллоо. Өвөө эмээгийн хүмүүжил гэдэг маш чухал хөрөнгө оруулалт л даа. Заримдаа ажил ихтэй үед олон юм сонирхож асуугаад байхаар залуу хүн болохоор зандрах маягаар ингэдэжг тэгдэг гээд хэлчихдэг. Өвөө эмээ хоёр нь хэзээ ч тэгэхгүй, заавал учирлаж ойлгуулдаг. Одоо бид хамт амьдардаг, тэгэхгүй бол би цаг наргүй ажилтай хүн.
-Аав ээжээсээ тусдаа амьдаръя гэж боддог уу?
-Би хэзээ ч тэгж боддоггүй. Хүнтэй суучихаад л тусдаа амьдарч байсан. Тэгээд л буцаад аав ээжтэйгээ ирээд амьдарч байгаа. Хүнтэй суугаагүй, нөхөрт гараагүй тохиолдолд аав ээжээсээ тусдаа гарч болохгүй байхаа. Аав ээж минь миний ар талыг авч яваа, охин маань өвөө эмээтэйгээ их дассан. Тийм болохоор тусдаа амьдаръя гэж огт бодож байгаагүй.
-Орой үдэш хааяа гарна, найз нөхөдтэйгөө уулзана. Аав ээж чинь хорих уу?
-Мэдээж залуу хүн найз нөхөдтэйгээ уулзана. Яг л 10 жилийн хүүхэд шиг зөвшөөрөл авч гарна. Байнга мессежээр харьцаж, би энд тэнд явна гэдэг. Намайг шөнийн 3 цагт ирсэн ч унтаагүй хүлээгээд сууж байдаг. Намайг 25 хүрсэн эмэгтэй гэж боддоггүй, 15 настай юм шиг санадаг, тийм болохоор өөрийгөө хүмүүжилтэй гэж боддог. Өнөөдөр би тэнд очиж жаахан бүжиглэж байгаад ирье гэж үнэнээ хэлээд зөвшөөрөл авч гардаг.
-Уух уу?
-Машинтайгаа гардаг болохоор нэг их уудаггүй, хөгжим сонсоод зад бүжиглэж байгаад ирдэг.
-Цагдаад хэр их торгууль төлж байна. Хэр их давхидаг вэ?
-Ихэвчлэн жолооны ард утсаар ярьж байгаад торгуулна. Шрекийн муурын нүд надад үйлчлэхгүй, шууд л торгодог. Өглөө 6 цагт босоод охиныхоо цайг нь уулгачихаад сургуульд нь хүргэж өгдөг. Мостонд нь хийчихээд мөлхөөд л явдаг, тэр нь аюулгүй.
-Нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-Өглөө болгон 6 цагт босдог болохоор орой 10 цаг гээд унтдаг. Бидний ажил өглөө 9-д цуглаад орой 18 цагт тардаг оффисын ажил биш болохоор хаа сайгүй л зураг авалт гээд гүйж явдаг, суурин сууна гэж байхгүй. Энд тэнд явна, их сонирхолтой. Би өнөөдөр амьдарч байгаа амьдралдаа их хайртай.
-Аав ээж хоёрынхоо хэнийг нь дууриасан бол? Аав ээжийнхээ тухай ярих уу?
-Манай аав ээж хоёр хоёлаа дээд боловсролтой, сэхээтэн айлд хүмүүжсэн. Манайх 2 дугаар 40 мянгатад байсан, тэнд өссөн. Манай аав Барилгын зургийн институтэд ажилладаг байсан. Ээж Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан, эдийн засагч хүн. Би 2 ах, 2 эгчтэй, айлын отгон нь. 24 дүгээр сургууль төгссөн. Яг хотын төвдөө байдаг болохоор “Голомт” хотхондоо дуртай. Юм болгонд ойрхон санагддаг. Хотынхоо бүх юмандаа ойрхон хөдөлгөөнтэй газарт дуртай, тийм болохоор Зайсанд амьдардаггүй.(инээв)
-Танай ах эгч нар юу хийдэг вэ, лав л нэг ах чинь Монгол газарт ажилладаг? Шумахер гэдэг байхаа?
-Тийм шумахердаад явж байгаа. Ах эгч нар маань өөр өөрийн гэсэн амьдралтай, эхнэр нөхөр хүүхэдтэй болоод тусдаа гарсан. Бүгд Улаанбаатарт байгаа. Айлын бага аав ээж дээрээ үлддэг ш дээ.
-Аав ээж хоёрынхоо хэнийг дууриаж ийм хөөрхөн болсон бэ?
-Манай аав их сайхан залуу, ээж ч гэсэн сайхан. Одоо маш сайхан өвөө эмээ хоёр байгаа. Ер нь манай эмэгтэйчүүд их овор багатай. Ээж овор багатай, манай эгч надтай адилхан 40 хүрсэн гэхэд наснаасаа хамаагүй залуу харагддаг. Манайхан хоорондоо насны зөрүүтэй. Би ээжийнхээ 37 насны жил дээр гарсан. Үлдэгдлүүдийг нь хамаад гарсан юм шиг байгаа юм.
-Гоо сайхандаа яаж анхаардаг вэ, ямар бүтээгдхүүн хэрэглэдэг вэ?
-Ээж аав нар өсвөр насныхаа охиныг будаг хэрэглэлээ гээд уурлаад байдаг. Ер нь арьс арчилгааны тос пудрийг хэрэглэх ёстой. Ийм шороо тоостой нөхцөлд амьдардаг юм чинь арчилгаа их хэрэгтэй. Өнөөдрийн манай нийгэмд арьс 20 наснаас эхэлж хөгширч эхэлж, үрчлээ үүсч байна. Ер нь эрүүл арьсаараа гоёх хэрэгтэй гэж боддог. Ямар ч будаггүй цэвэрхэн арьстай бол царай муутай ч гэсэн гоё харагддаг. Миний хувьд make up талаасаа “Мак” гээд Канадын косметик хэрэглэдэг. Арьс арчилгаандаа Херба лайфыг хэрэглэдэг.
-Хувцсаа яаж сонгодог вэ, “Говь”-той гэрээ байгуулаад битүү ноолуур өмссөн эмэгтэй байдаг байх гэлцдэг?
-Ихэвчлэн гадагшаа явахдаа сонгож авдаг. Одоо манайд гайгүй бутикууд нээгдсэн, тэндээс сонгоно. Заримдаа үнэхээр улаа эргэтэл яваад олдоггүй, заримдаа ч хөөрхөн хөөрхөн юм байж байдаг. Ерөнхийдөө чөлөөт стилээр хувцасладаг. Мэдээж ажил төрлийн уулзалттай үед пүүз углаад яваад байхгүй.
-Охиныхоо аавын талаар сонин юу байна. Сүүлийн үед баригдах нь хоригдох нь гэж яригдаж байгаа. Анхны бүх юмаа зориулсан хамт амьдарч байсан, танай охины эцэг, тодорхой хугацаанд эхнэр нөхөр болж явсан хүний хувьд их сайхан гэгээн дурсамжууд байдаг байх. Тийм болохоор санаа зовж байгаа байх?
-Холбоотой байгаа, гоё гоё баярууд байгаа. Энэ болгонд ярьж уулздаг. Гадуур элдэв яриа гарах болгонд нь санаа зовдог. Бие, ажил төрөл нь гайгүй байгаасай гэж боддог. Хүн амьдраад ирэх тусам илүү ухаан суудаг, тэр хүнийг үзэн ядах биш ойлгох тал руугаа ордог юм шиг санагддаг. Тэр муулаад байгаа хүмүүс нь 10 хуруу тэгш юм уу. Хүнд заавал нэг сайхан чанар байгаа. Тэр талыг нь олж харахгүйгээр тэр чигт нь газар дор ортол муулдаг. Тэр хүнд зөндөө олон сайхан чанар байгаа. Өчнөөн олон хүнийг цалинжуулаад ар гэрийг нь сайхан авч яваа. Тийм болохоор сайхан болно байхаа гэж боддог.
-Олон тэрбумын өртэй гэгдээд байгаа…
-Үнэн ч юм уу худлаа ч юм уу, би бас мэдэхгүй.
-Асууя гэж боддоггүй юу?
-Үгүй, би анхнаас нь оролцдоггүй байсан. Үнэхээр ажилтай толгой нь өвдөөд явж байхад би оролцоод яах юм. Тэгэхийн оронд “Хоолоо идсэн үү, бие нь яаж байна, хувцас хунар нь дажгүй юу” гэж асууж байсан нь дээр.
-Ер нь охинтойгоо хэр холбоотой байдаг вэ?
-Ер нь бид хоёр хоёулаа ажил ихтэй хүн. Гэхдээ аль охинтойгоо уулздаг, цаг зав гаргадаг. Заримдаа би ажил ихтэй үед охинтойгоо уулзсан байдаг.
-Мянганбаяр захирал охинтойгоо уулзахаараа юу хийдэг бол?
-Дэлгүүр хэснэ, хоолонд ордог юм шиг байна лээ.
-Олон хүүхэдтэй алдарт эцэг болсон гэдэг. Та хоёрыг миний хоёр охин гэж дууддаг байсан гэж сонсож байсан? Ер нь охиндоо хангалттай анхаарал тавьж чаддаг уу?
-Ер хамгийн хайртай хүүхэд нь манай охин. Яагаад гэвэл гэр бүлийн амьдрал хүүхэд яаж бий болдог вэ, гэдэс яаж томордог, яаж төрдөг, нярай үедээ ямар байдаг, хүүхэд яаж өлгийддөг, яаж шүд ургадаг, хөлд ордог, энэ бүх процессыг зөвхөн надтай амьдарсан он жилүүддээ л үзсэн. Тийм болохоор бид хоёр тэр хүний хувьд үнэтэй байр эзэлдэг гэж би боддог.
-Нэг кинонд тоглоод хэдэн төгрөг авдаг вэ. Бас компанийн нүүр царай болно. Хангалттай мөнгө олоод байгаа юм шиг байгаа юм? Охины тань аав ер нь тусалж дэмждэг үү? Гадуур бол хүүхэнд баруун солгойгүй мөнгө цацаад явж байдаг гээд ярьдаг ш дээ?
-Охиноо Монголдоо нэр хүндтэй сайхан сургуульд сургаж байна. Мэдээж үүрэг байгаа. Өнөөдөр бид хоёрын албан ёсны нөхөр, аав хэвээрээ байгаа хүн шүү дээ. Ер нь үүргээ биелүүлж байгаа.
-Эмэгтэй хүнийг дасдаг гэдэг. Чи Мянганбаяр захирлыг анх эргүүлж байх үед 17,18-тай жаахан хүүхэд байсан. Анх яаж танилцаж, хайр сэтгэлээ илчилж байсан бэ?
-Хүнд нандин юм гэж байх ёстой. Үүнийг ярихгүй нууц хэвээр нь үлдээе.
-Цөөнгүй жил хамт амьдарч үр хүүхэдтэй болсон. Зарим нь мөнгө харж сонголт хийсэн гэж чамайг буруутгадаг?
-Өөр юм эд хөрөнгө харж, гэрлэж амьдарч, үр хүүхэд гаргана гэдэг миний ой ухаанд лав багтахгүй. Тэр хүмүүсийн ухаанд багтаад тэгж яриад байдаг юм уу. Ойлгохгүй байгаа юм. Албан ёсны эхнэр нөхөр, сайхан гэр бүлийн дундаас л хүүхэд гарна ш дээ. Эд юмнаас болж бүхэл бүтэн хүүхэд гаргаж байна гэж яриад байгаа хүмүүсийг би ойлгодоггүй.
-Хамт амьдрахгүй байгаа, сахйан гэр бүл бусниулсан Ариунцэцэг гэдэг эмэгтэйн тухай яриа бас гардаг. Чамд ч таагүй ханддаг юм шиг байгаа юм. Тэр хүн хүүхдйиг нь гаргасан гэж ярьдаг, магалгүй чи сонссон л байх. Тэр эмэгтэйн талаар юу гэж боддогоо хэлж болох уу.
-Би Ариунцэцэгтэй нүүр тулж уулзаж ярьж үзээгүй л дээ. Хэзээ ч ярьж үзээгүй. Тухайн асуудал гарч байхад ярилцлага өгсөн байсан. Тэр хоёр албан ёсоор салсан учраас салсных нь дараа суусан гэсэн. Бид хоёр өнөөдрийг хүртэл баталгаагаа салгуулаагүй байхад тэгж ярьж байгаа хүн надтай ярилцах хэмжээний ухамсартай хүн биш байнаа гэж бодоод уулзаагүй. Үнэхээр ээж болсон бол баяр хүргэе. Бодоход миний амсаж эдэлж байсан бүхнийг үзэх байлгүй.
-Одоо байнга л Пүрэвсүрэн, Ариунцэцэг гэж харьцуулагдах хэцүү байдаг уу, бараг л холбоо үг шиг болчихсон? Төгсгөл болоосой гэж боддог уу?
-Хэн нь хэн бэ гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Энэ нэрийг салгаад өгөөч гэхгүй. Энэ нэр миний урд биш хойно бичигдэх юм чинь. Энэ дээр санаа зовдоггүй .
-Нэг хэсэг “Хархорин” захын боссын хүүтэй үерхэж байгаа гээд байсан. Үнэн үү? Яг юу болсон юм бол…
-Би энэ дээр үнэхээр юм яримааргүй байна. Ямар ч гэсэн найз залуутай байсан. Асуудал шийдэгдээд дууссан.
-Өмнө нь 17 настай байсан үеийн үнэлэмж, одоо 25 хүрсэн бүсгүй хоёрын хооронд эр хүнийг үнэлэх үнэлэмж яаж өөрчлөгдсөн бэ?
-Хүн чинь өнөөдрөөс маргааш, амьдрал үзээд ухаан суугаад явдаг. Хүн болгон өөр байгаа. Гол нь хүнлэг сайхан сэтгэлтэй, хүнийг ойлгодог хүн л хэрэгтэй дээ.Түүнээс биш царай зүс, мөнгө сонин биш. Мөнгийг дагаад худал яваад, мөнгө нь ихсэх тусам үнэн багасаад урвуугаараа яваад байгаа. Чи мөнгөтэй бол бүх хүн чамайг дагаж гүйгээд, өнөөдөр чи алдлаа гэхэд үнэнийг нь хэлэхгүй, зүгээр зүгээр, ийм юм байх гээд худлаа бялдуучлах хүн олон. Тийм болохоор хүн их баян, их мөнгөтэй байх дэмий юм шиг санагддаг.
-Эрчүүд нь хүүхнүүддээ гологддог, одоо сүүлдээ эмэгтэйчүүд гадны иргэнтэй их гэрлэх боллоо.
-Би өөрөө их үндсэрхэг үзэлтэй хүн. Утаатай ч гэсэн Улаанбаатартаа амьдрах дуртай. Манай залуус, охид их сайхан. Цаашдаа манай орон хөгжинө гэж боддог. Гадаад хүнтэй сууж байгаа хүүхнүүдийг би буруутгадаггүй. Үнэхээр сэтгэл байвал яагаад сууж болохгүй гэж.
-100 төгрөгийг мөнгө гэж боддоггүй хүн байна. Гэтэл ТҮК-д ажилладаг хүн 1 төгрөг 30 мөнгөний төлөө хүйтэнд цас цэвэрлэдэг хүн байна. Чиний хувьд 100 төгрөгөөр юм хийдэг үү? Мөнгөний үнэ цэнийг юу гэж боддог вэ?
-100 төгрөгөөр юм хийж болно. Зун хүүхдээ Яргайтын Богинын аманд зусланд гаргадаг. Би канистр бариад охинтойгоо цуг усанд явдаг. Литр ус 5 төгрөг. Тэгж явахаар 100 төгрөгөөр хоёр гурван канистр ус авчихдаг. Цуглуулаад байвал 100 төгрөг мөнгө болно.
–Гоо сайхны жор гэвэл?
-Би натурал юманд их дуртай. Өглөө болгон чихэргүй тараг иддэг. Ааруул аарц их иддэг. Зарим үед хурц юм идмээр санагдвал Солонгос хоол иддэг. Ээжийнхээ гарын хоолонд дуртай. Илүүдэл жин стрессээс болж үүсдэг. Үнэхээр идмээр байвал идэх хэрэгтэй. Өдрийн 3 хоол иддэг хүний ходоод яаж хоол боловсруулж чадаж байна гэж боддог. Боловсруулах цаг гаргах ёстой.
-Өөрөө өдөрт хэдэн удаа хоол иддэг вэ?
-Миний хувьд өглөөний цайн дээрээ таргаа ууна, коктейль уурагтай иддэг. Өдөр дахиад таргаа уучихна, орой нь мандарин ааруул, аарц иддэг. Махан хоолыг 7 хоногт 3-4 удаа иддэг. Эмэгтэй хүн идэвхтэй амьдрах хэрэгтэй, хүүхэд төрүүлээд хэзээ ч гэртээ сууж болохгүй. Би хэзээ ч гэртээ сууж чадахгүй юм билээ.
“Гоёл” наадмын талаар яръя. “Гоёл”-ын талаарх сонин хачин юу байна. Сүүлийн хоёр Топ модель хүмүүсийн сэтгэлд сайн хүрэхгүй байгаа. Уянга гэж байна. Энэ жилийн Топ модель болсон Уранбилэгийн талаар хэр мэдэх вэ? Ер нь “Гоёл”-ын наадмын чанар жил ирэх тусам муудсаар байна гэж байгаа?
-Бид хөндлөнгөөс харахгүй дотор нь буцалж, нэг гараанаас нөгөө гарааны хооронд яваа болохоор анхаарахгүй байж магадгүй. Гэхдээ миний хувьд “Гоёл” наадам үргэлж нэр хүндтэй наадам байдаг. “Гоёл” наадам басны үндсэн дээр бид өнөөдөр Топ модель нэрийг зүүгээд өдий зэрэгтэй явж байгаа. Би хэзээ ч “Гоёл” наадам, Дизайнеруудын холбоог муулахгүй. Энэ жилийн “Гоёл”-д орохгүй гэж бодоод Найрамдал руу кино зурганд гарсан. Тэгээд 12 сарын 18,19 болсон чинь догдлоод л өөрийгөө сойдог морь шиг л, хоолоо соймоор, тайзан дээр алхмаар санагдаад, нэг л гэгэлзээд болдоггүй. Би найруулагчаасаа “Би “Гоёл” наадамд үнэхээр ормоор байнаа. Орохгүй гэж бодож байсан ч чадахгүй нь ээ” гэж гуйсан. Найруулагч ч зөвшөөрсөн. Би 17 хагас бараг 18 цаг болж байхад “Найрамдал”-аас давхиад 19 цагтай уралдаж орээд хэдэн загвараа өмсчихөөд буцаад “Найрамдал” руу явж кино зургандаа ороод. Сүүлийнх нь өдөр бас дахиж давхиж ирж оролцсон. Үнэхээр дуртай тулдаа наашаа цаашаа хэд хэд явсан. Урнаа маш удаан тайзан дээр алхаж яваа сайн модель. Фото талдаа ч сайн.
-Урлагийн загварын тайз маш хатуу. Хүнийг түлхэж буулгаж чаддаг. Цаашдын төлөвлөгөө байдаг уу? Загвар өмсөхөө боливол юу хийх вэ?
-Бодсон юм их байгаа. Бизнес хийхэд хөрөнгө мөнгө их чухал. Санаж явахад болох байлгүй дээ. Өнөөдөр авсан цалингаараа өөрийгөө болгоод явж байна.
-Хэр өндөр ханштай жүжигчин бэ? олон ч кинонд тоглолоо.
-Моделийнхоо хувьд өөрийгөө өндөр ханштай, тэд гээд хэлж чадна. Жүжигчний хувьд би өнөөдөр жүжигчин болчихоогүй, суралцаад явж байгаа хүн. Найруулагчдаа загнуулаад энийг чадах юмсан гэж явж байгаа учраас өөрийгөө тэд эд гэж үнэлж чадахгүй.
-Нэгэнт таны охины аав, эр нөхөр тань явсан нь үнэн л юм чинь Мянганбаяр захирал энэ зурганд хэрхэн хандсан бол? Ер нь эрэгтэй хүмүүс салсан ч гэсэн өмчирхөг, эзэрхэг ч гэмээр байдал нь хэвээрээ үлдэж ямар нэг асуудал гарвал эргэж утасдаад ч юм уу, давуу эрхтэйгээр санал бодлоо илэрхийлдэг шүү дээ?
-Бид хоёр хэзээ ч чамайг тэгж бичсэн байна лээ, паах чамайг тийм хүүхэнтэй холбосон байна лээ гэж нэг ч удаа ярьж үзээгүй. Энэ бол илүү. Хүн ухаантай юу хийж байгаагаа мэдээд ямар нэг алхам хийдэг.
-Таныг хайр сэтгэл гэж юу ч мэдэхгүй жаахан охин байхад Мянганбаяр захирал үнэтэй бэлэг зөөгөөд дасгаад авсан гэж ярьдаг, одоо эргээд харахад юу гэж боддог вэ?
-10 жилийн хүүхэд компани гэсэн ойлголтгүй л явсан. “Монгол газар” юу хийдэг, компаний захирал гэж юу хийдгийг би мэддэггүй, хичээлдээ явж байдаг тийм хүүхэд байсан. Энэ хүн ямар хөрөнгөтэй, нийгэмд ямар байр эзэлж байгааг нь ч мэдэхгүй хүүхэд анх танилцаж байсан. Анх танилцахад манай хүн 35 настай байсан. Энэ чинь залуу нас ш дээ. Ер нь би хүнийг 50 хүртлээ залуу нас л гэж боддог. Эрэгтэй хүмүүсийг 30 хүрлээ хөгширлөө, эмэгтэй хүн 25 хүрлээ хөгширлөө гээд байдгийг ойлгодоггүй. Энэ бол их буруу сэтгэлгээ. Хүн сэтгэлээрээ залуу байх ёстой. Өнөөдөр би 25, 26 хүрч байгаа ч гэсэн дотроо 20-той юм шиг л сэтгэхүйгээр амьдардаг. Би мянгааг хөгшин гэж боддогүй, болдог юм болдгоороо болоод өнгөрсөн гэж боддог.
-Тэр үед аав ээж тань хориглож байсан уу?
-Өөрийнхөө амьдралыг өөрөө шийд дээ. Дараа нь зоддог нүддэг нөхөртэй таарчихвал миний амьдралыг аав, ээж хоёр баллаад хаясан гэж харамсахвий гэж амьдралаа сонгох эрхийг надад үлдээсэн гэж надад хэлсэн.
-Охин том боллоо, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүйлдэг үү? Дараагийнхаа амьдралыг өөр эрэгтэй хүнтэй байгаагаар төсөөлдөг үү?
-Нэг өдөр хүнтэй суух байх л даа. Ямар хүнтэй суухыг мэдэхгүй, насаараа ганцаараа явахгүй л байлгүй. Нэг таарсан хүнтэйгээ суух л байлгүй. Гэхдээ би хувь заяа, зурсан зурагтаа их итгэдэг. Тэгнэ ингэнэ гэж төлөвлөж ярих дургүй.
2010 оны босгон дээр Топ модель, жүжигчин Пүүжээтэй ярилцсан юм. Тэр үед жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн гол дүрд нь тоглосон “Цасан охин” киноны нээлтэнд ирсэн. Тус киноны найруулагч З.Батболд, сайхан залуу гэгддэг жүжигчин Амраа, Навчаа зэрэг одод тус киноны нээлтэнд оролцсон ч тус киноны нээлтийг сонирхохоор ирсэн олон хүмүүсийн нүд зөвхөн Топ модель Д.Пүрэвсүрэн дээр тусаж байсан. Хурсан олон хүн эр, эмгүй нүдээ Пүүжээ дээр тусгаж, энэ олон хүний нүдний өмнө Пүүжээ инээмсэглэн зогсож байсан. Энгийн хүнийг тэр олон нүд тэгж ширтэхэд газар доогуур орчихмоор санагдах байх. Ямартаа ч тэр сонжсон олны нүд, чихэнд байнга өртөж, хувийн амьдрал нь нийтийн юм шиг л сонирхогдож байдаг Топ модель Д.Пүрэвсүрэнгийн хэлсэн ёсоор зурсан зургаараа сайн ханьтай болж, бүл нэмж дахиад нэг хөөрхөн охинтой болсон. Сайхан хүүхэн жаргадаггүй гэлцдэг ч харин тэгж ярьдаг хүмүүс л сайхан хүүхнийг алхах гишгэхийг сонжиж, эргээд бөөн хэл аманд оруулж, хүмүүс л сайн хүүхнийг хэл амаар “идэж”, зовоодог юм шиг санагддаг. Топ модель Д.Пүрэвсүрэн одоо гэртээ хоёр охиноо өсгөж, бага охиноо хөхөөрөө хооллож, нөхөртөө гарынхаа хоол цайг бэлдэж, гэртээ үйлчлэгчгүй, бусад эзэгтэй нарын адил л амьдардаг гэдэг. Тиймээс хэзээд сонин сайхан санагддаг Топ модель Д.Пүрэвсүрэнгийн яриаг уншаарай.\
Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР
Discussion about this post