Тэрбумтан Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гэйтс нар 27 жил хамт амьдарсны эцэст салах болсноо зарлажээ. Билл Гейтс Мелиндаг 1987 онд “Майкрософт” компанид ажиллаж эхлэхэд тэд танилцсан байна. Залуухан захиралд Мелиндагийн үнэнч, ажил хэрэгч, даруу зан чанарт татагдан дурласан гэдэг. Хайр сэтгэлийн харилцаа гүнзгийрч, тэд 1994 онд Хавайн Ланай аралд хуримласан. Залуухан тэрбумтан хуримандаа гадны хүн нэвтрүүлэхгүйн тулд орон нутгийн бүх нисдэг тэргийг түрээслэн авч байсан гэдэг.
Ажил хэргийн сайн хамтрагч хос гурван хүүхэд төрүүлэн өсгөж, Bill & Melinda Gates Foundation санг хамтран байгуулсан юм. Үүсгэн байгуулсан сан нь хүн төрөлхтнийг халдварт өвчнөөс салгах, хүүхдүүдийг вакцинжуулах үйлсэд олон тэрбумыг зарцуулсан байна.
Өнөөдрийн байдлаар Билл Гэйтс нь 124 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн дөрөв дэх баянд тооцогдож байгаа.
“Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид гурван хүүхэд төрүүлж, өсгөж, дэлхийн бүх хүмүүсийг эрүүл саруул, үр бүтээлтэй амьдруулахын төлөө ажилладаг санг байгууллаа. Бид нэг итгэл үнэмшилтэй байж, цаашид сандаа үргэлжлүүлэн ажиллах болно. Гэхдээ амьдралынхаа дараагийн үе шатанд бид нэг гэр бүлийн хос шиг амьдрах боломжгүй болсон гэж үзэж байна” гэж Билл, Мелинда нарын хамтарсан мэдэгдэлдээ өгүүлжээ.
Билл Гэйтс өнгөрсөн онд Майкрософтын төлөөлөн удирдах зөвлөлийн албан тушаалаа хүлээлгэн өгч, хүмүүнлэгийн ажилд бүрэн төвлөрч ажиллах болсон юм. Билл Гейтс одоо 65 настай бол Мелинда Гейтс 56 настай аж.
Discussion about this post