Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Хэрэв тэр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 59 насны ойн баяраа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж суух байв.
Гэвч түүнийг бусдын гарт хэрцгийгээр алагдсанаас хойш 23 жил өнгөрч. Мөн аллагын гэм буруутнуудыг шүүхээр яллаад таван жил улирчээ.
Гэвч өчигдөр буюу 19-ны орой түүний ах С.Баяраа, дүү С.Оюун нар нэгэн цочир мэдэгдлийг хийв. Тэд “Хэргийг одоо болтол шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй. Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд харамсаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хуулийн байгууллагаас явуулсан ажиллагаа болон гурван шатны шүүхийн шийдвэрийг зүгээр л “цагаан цаас” хэмээн зарлалаа. Ингээд зогсохгүй хэргийн холбогдогчдыг “хилсээр шийтгэсэн” хэмээн нь санаанд багтамгүй зүйл болов. Тэгвэл жинхэнэ хэрэгтнүүд хаана байсан бэ?
Мөн тэд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг хаалттай явуулсныг анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулсан, өөрсдөө оролцоогүй гэдгээ ч бас дурьдсан байна.
Харин хэрэгт хяналт тавьж байсан прокурорын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагад дурьдсанаар уг гэмт хэргийг зүйлчлэлийг өөрчилж, төр нийгмийн зүтгэлтний амь насанд халдсан бус, хүнийг санаатай алсан гэмт хэргээр зүйлчилснээс хойш хохирогчийн ар гэрийнхэн ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахаа больсон байдаг. Шүүх хуралд оролцоогүй нь ч бас үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл уг аллагын хэргийг “төр нийгмийн зүтгэлтний амь насанд халсан” буюу түүний улс төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулж амь насанд нь халдсан гэж зүйлчлэх нь хохирогчийн ар гэрийнхэнд ашигтай байсан гэсэн үг. Харин “хүний амийг санаатай бүрэлгэсэн” буюу жирийн хүн амины хэрэг болоод хувирчихаар тэдэнд ач холбогдолгүй болсон бололтой.
Гэвч харамсалтай нь гэмт хэргийг зүйлчлэхдээ хохирогчийн албан тушаал, зэрэг дэвийн байдлаас шалтгаалж биш, гэмт хэргийн сэдэл шалтгаантай нь холбоотойгоор зүйлчилдэг хуультай. Тиймээс хэргийг мөрдөн шалгах явцад С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг улс төрийн сэдэл шалтгаантай бус, ахуйн сэдэлтэй хүн амины хэрэг гэж үзсэн. Мэдээж баримт нотолгоо байгаад ингэсэн байх. /хэргийн материалыг нууцаас гаргаж, нээлттэй сонсгол хийсний дараа тодорхой болно/ Үүнд л хохирогчийн ар гэрийн гомдолтой үлдсэн бололтой. Ямартай ч захиалагчийн хэрэг дээр сэжигтнээр татагдаад байсан Д.Булгантай адил хэргийн холбогдогч нартай уулзсан, холбоо тогтоосон тухай мэдээлэл бол гараагүй.
Хэдийгээр С.Зориг алагдаад 23 жил өнгөрсөн ч түүний хэлсэн нэг үг монголчуудын зүрх сэтгэлд хадаатай үлдсэн. Тэр бол “Эрх ашгийн эрэмбэ дараагаа зөв тогтооё оо. Эхлээд улс орны эрх ашиг, дараа нь нам, эвслийн эрх ашиг, хамгийн сүүлд таны, миний хувийн эрх ашиг байх юм шүү” гэдэг үг. Харин түүний гэр бүлийнхэн аль эрх ашгийн үүднээс хуулийн байгууллагуудын хорь шахам жилийн ажиллагаа, гурван шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд байна вэ? гэдэг эргэлзээтэй.
Бас С.Зоригийн аллагын хэргийг илрүүлсэн, гэмт этгээдүүдийг шүүхээр шийтгэсэн нь тэдний гэр бүлийнхэнд ямар хохирол авчирсан бэ? гэдэг асуулт.
Б.ЗАЯА
Discussion about this post