УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг УИХ-ын дарга болон “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захиралд Бага тэнгэрийн аманд хаус бэлэглэсэн гэх баримтууд хэвлэлд дэлгэгдээд байгаа билээ. Энэ талаарх зарим баримтыг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Нью тур” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн амны тусгай хамгаалалттай газарт 62 га газрыг “аялал, жуулчлалын бааз байгуулах чиглэлээр ашиглахаар БОАЖЯ-тай 2006 оны нэгдүгээр сарын 2-нд гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсныг цахим мэдээллийн сангаас харж болно. Гэхдээ энэ нь үүнээс ч өмнө авсан байж болзошгүй бөгөөд гэрээний сунгагдсан үеэс эхэлсэн бүртгэл байж болох юм.
Өөрөөр хэлбэл “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн энэхүү газрын суурь үнэ нэгж га нь 960 сая төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн итгэлцүүр 0.75, дуудлага худалдааны анхны үнэ 43 тэрбум 374 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд аялал жуулчлалын бааз байгуулах нэрийдлээр авсан. Өнөөдрийн байдлаар нэр бүхий хүмүүст хаус бэлэглэсэн хэмээн зарлагдаад, цахим хуудсуудаар амины орон сууц барих зар тавьчихаад анх газар авсан аялал жуулчлалын зориулалттай газартаа амины орон сууц барьж зараад байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд Засгийн газрыг залилан мэхэлж ашиг олж байгаа явдал юм.
Гэтэл тус компанийг анх авснаасаа өөр зориулалтаар ашиг олохын тулд үе үеийн Засгийн газрын хууран мэхэлж гэрээгээ сунган 43 тэрбумын үнэ бүхий газрыг гоё сайхан зориулалтаар авчихаад хэмжээг нь 10 гаруй га-гаар хэтрүүлэн хаус барьж байхад тэдгээрийг бариулах зөвшөөрөл болон Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас зураг төсөл, архитектурын төлөвлөлтийн даалгавар өгсөн албан тушаалтнууд юу хийж байв? Тэдгээр хаус барилгуудыг хүлээж авсан Улсын комисс нь хүртэл хамт гэмт хэрэг үйлдсэн хэрэг биш гэж үү. Бүр үе үеийн Засгийн газар, Байгаль орчны сайд нар, Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нар Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар онцгой анхааралдаа авч, хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж Бага тэнгэрийн амаа газрын наймааны ид өрнөл үед нь таслан зогсоох шаардлагатай байна.
Энэ талаар АТГ Богдхан уулын дархан цаазат газарт газар авсан өгсөн бүгдийг нь шалгаж эхлээд байгаа нь сайн хэрэг. Олон жил дураараа дургисан энэ нөхцөл байдалтай тэмцэнэ гэдгээ зарласан Нийслэлийн шинэ удирдлагууд, Нийслэлийн газрын албанд олон нийт итгэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Нью тур” компанийн тухайд л гэхэд зөвхөн 2020 онд газар ашигласны төлбөр 867 сая 492 мянган төгрөгийн татварыг Нийслэлийн газрын албанд төлөх өртэй. Түүнээс өмнөх жилүүдэд Засгийн газраас ямар үнээр тогтоосон хэдэн төгрөгийн өртэй байсныг олж тогтоож ёстой. Учир нь Засгийн газраас тогтоодог суурь үнэ өөрчлөгдсөн нь үүнд нөлөөлдөг. Тэгэхээр зөвхөн сүүлийн гурван жилийн байдлаар гэрээний төлбөрийн зөрүүний хэмжээ 2.5 тэрбум орчим төгрөгт хүрсэн байдаг тул эргэлзээтэй байгаа юм.
БОАЖЯ 2020 оны 12 дугаар сарын 31-ээр гэрээний хүчинтэй хугацаа нь дууссан зэргээс харахад Бага тэнгэрийн аман дахь “Нью тур” компанийн гэрээгээр ашиглаж буй энэхүү газрыг Засгийн газар хэрэв “хүсвэл” хурааж авах бүрэн эрхтэй. “Найрамдал зуслангийн газрыг хурааж авах” жагсаалт уншиж шоудсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар үүнийг хийж чадах уу? Тэгэхгүй бол аялал жуулчлалын зориулалтаар авчихаад авлигын зорилгоор бэлэглээд, эсвэл ашгаа нэмэгдүүлэх гээд зар тавьж суугаа компанийн эзэн нь УИХ дотор сууж байна гэдэг бол завхралын дээд хэмжээ яах аргагүй мөн шүү. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.
У.Оргилмаа /baabar.mn/
Discussion about this post