Бичлэгт 2021 оны 04 дүгээр сарын 03-ны 00.05 цагийн орчимд УБТЗ-ын эсрэг талд байрлах “Централ” пабын гадна хэд хэдэн албаны машин асаалттай байх бөгөөд зочид буудал орж, 03 цагт гарч иржээ. УНҮ 02-40 дугаартай байшин ДБҮАГ-ын машин бөгөөд ГХ-ны дэд сайд Б.Мөнхжингийнх гэнэ.
Монгол төрийн босго өндөр байх ёстой. Гэтэл шагнал мөнгөний, бүр цаашлаад нам дагасан цүнх баригч залуусыг эрхлүүлдэг газар болоод байгаа нь нууц биш. Үүний тод жишээ бол ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин. Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын туслахаас эхлээд МАН-ын гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан энэ залуу нэг л өдөр сайдын суудалд сууж эрх мэдлийн оргилд хүрсэн юм. Төрийн албаны туршлага муутай, дээр нь үзсэн туулсан багатай залуухан дэд сайд дипломат албыг хувийн компани шигээ удирдах гэж санаархаж байгаа аж. Тэрээр саяхан болсон шинэ засгийн газарт сайд болно гэж зүтгээд унасан бөгөөд тэр уураа яамныхаа төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртаа гаргаж цахим сүлжээнд завсаргүй муулж суугаа гэнэ. Дэд сайд Б.Мөнхжин нь “Би eрөнхий сайдын хүн байна” хэмээн даналзаж тааралдсан болгоныг зандчиж, Улаанбаатарт суугаа гадны дипломатуудыг ч загнаж, мэргэжлийн дипломатуудын нүдийг орой дээр нь гаргах болжээ. Өөрийгөө “Монголын гадаад бодлогыг тодорхойлж байна, би дараагийн Гадаад харилцааны сайд” хэмээн найзууддаа сайрхан ярих болсон сурагтай. Тэрээр гадаад харилцааны туршлага байтугай гадаад хэлний мэдлэг ч маруухан багын найз Ж.Энхсайханыгаа Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын албан тушаалд хууль бусаар шууд томилсон байна. Хил хамгаалах eрөнхий газар, Барилгын хөгжлийн төвд ажиллаж байсан гэх ядруухан намтартай Ж.Энхсайхан гэх энэ залуу гадаад яамны хамгийн өндөр дипломат албан тушаалд томилогдсоноосоо хойш хийх ажилгүй Дэд сайд найзынхаа нэр дээр ирсэн урилгуудыг барин, хүлээн авалт хэссэн шиг “зүгээрийг хийж” суугаа аж. Түүнийг чухам ямар ажил хийдгийг тус яаманд ажилладаг хэн ч мэддэггүй байна.
Уг нь тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэх энэхүү албан тушаал нь дипломат албаны дээд албан тушаал цэргийн цолоор бол гeнeрал цолтой дүйцэх албан тушаал бөгөөд уг албан тушаалд тус албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, гадаад улсад олон Элчин сайдаар томилогдсон мэргэжлийн дипломатуудыг тодорхой асуудал хариуцуулан тодорхой хугацаанд л томилдог албан тушаал юм байна.
Энэ мэтээр дураараа авирлаж байгаа түүнийг дипломат албанд орохдоо Гадаад харилцааны сайд С.Оюуны туслахаар шалгалтгүй орж, гадаад улсад авсан томилолтынхоо үeд Элчин сайдтайгаа муудалцаж, ажил хийдэггүй байсан томилолтын хугацаагаа дуусгалгүй зугтан ирж, туслахаар нь ажиллаж байсан Д.Цогтбаатарынхаа татаасаар эргэн Гадаад яаманд ажиллах болсон зэргийг учир мэдэх хүмүүс нь толгой сэгсрэн ярьж байгаа гэнэ.
Хариуцлагатай албанд томилогдсон Б.Мөнхжин дипломат албыг найз нөхөд, төрлийн алба болгохын оронд Засгийн газрын гадаад харилцаанд онцгой анхаарч Ковид-19 вирусын эсрэг вакцины асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг дурын нэгнийг томилж хувийн эрх ашгаа дээгүүрт тавих хэм хэмжээний л сэтгэлтэй хүн аж. Энэ мэт төрд тэнцэхгүй “хүүхэд”-үүдийг цагаас нь эрт төрийн жороо атгуулмааргүй байна гэдгийг ахмад дипломатчид хэлж байна.
Discussion about this post