ҮАБЗ гурван гишүүнтэй. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарлахаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирэхгүй байгаа аж. Тиймээс Г.Баасан тэргүүтэй иргэд өнөөдөр жагсаал зохион байгуулав. ҮАБЗ-ийн гишүүд болох Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурав төө зайгүй төрсөн ах дүүс шиг үй зайгүй байсан үе бий. Харин У.Хүрэлсүх танхимаараа огцрохдоо УИХ-ын чуулганы индэр дээрээс ерөнхийлөгчид хаягласан үг хэлж, тэдний хооронд ан цав гарсныг илтгэсэн. Дараа нь Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр маргалдаж, гар зөрүүлсэн тухай бичиж байлаа.
Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхийлөгчийн сонгуулиас болж улс төрийн зам салжээ. Монголчууд У.Хүрэлсүхийг их дэмжсэн. МАН дотроосоо М.Энхболдыг зайлуулж, МАНАН-г цэвэрлэе гэхэд дэмжиж, Шадар сайдаас шууд Ерөнхий сайд болгож байлаа. Ерөнхий сайд болчихоод “Би шүдгүй арслан шиг байна, тэрнээс ажиллаад өгмөөр байна” гэхэд парламентийн засагтай улсад байхгүй их эрх мэдэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд олголоо. 2017 оноос хойш 65 суудалтай эрх баригч намын дарга, 2020 оноос 62 суудалтай эрх баригч намын дарга, Ерөнхий сайд болголоо. Харин төрөх газраас ХӨСҮТ рүү эх хүү хоёрыг зөөвөрлөснөөс үүдэн, У.Хүрэлсүх саналаараа огцорсон. У.Хүрэлсүхийн дараачийн нүүдэл Ерөнхийлөгч болох. Тиймдээ ч огцорсон нэртэй ч өөрийн гарын хүүхэлдэй, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгож, “тоглоомын” засгийн газар байгууллаа гэж шүүмжилж байна.
Засгийн газрын ажил “100 задгай, 60 хагархай” гэмээр муу, иргэдийн шүүмжлэлд өртөж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “зулбасан” засгийн газар гэж нэрлэсэн. Харин “зулбуулсан” хүн нь танхимын тэргүүн байсан У.Хүрэлсүх өөрөө…АТГ, хуулийн байгууллагаа гартаа атгасан, араа шүдтэй, парламентад 62 гишүүнтэй хүчирхэг намын дарга, танхимын тэргүүн өөрөө 6 сарын дараа засгийн газраа огцруулахаар өөр юу гэж тайлбарлах вэ.
Одоо төр засгийн ахуй ажилтай зууралдахгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэн суугаа. Харин Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулгын хуурай дүү найруулагч Б.Баатартай эцэг нэгтэй ах дүүс. Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь гарыг нь тамганд, хөлийг нь Ерөнхий сайдын зэрэгт хүргэсэн У.Хүрэлсүхэд насны өртэй, хаанаас нь ч харсан У.Хүрэлсүхийн хүн. Гэхдээ энэ засгийн газарт Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө бий гэж харуулахаар ойрын хүнийг нь зөвлөх туслахаараа ажиллуулж эхэлсэн байж магадгүй. Тухайлбал олимпийн аварга Н.Түвшинбаярыг спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх болголоо. Тэр тусмаа засгийн урагшгүй ажил, эдийн засгийн уналт, иргэдийн амжиргааны доройтол У.Хүрэлсүхээс холдож, төрийн тэргүүнд “наалдаж” харагдана биз ээ.
Гашуун сухайт-Зүүнбаянгийн төмөр замыг ҮАБЗ-ийн маш нууц шийдвэрээр “Бодь интэрнэшнл” компани гүйцэтгэж байгаа. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра МАН-д элссэн. ҮАБЗ-ийн нууцалсан төмөр заслын асуудал, санхүүг хамгийн сайн мэдэх хүн А.Амундра. А.Амундра МАН-д элсэж, Ерөнхий сайдын зөвлөх боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийн төлөө ажиллана гэдэг одоогийн ерөнхийлөгчид халгаатай. У.Хүрэлсүх дараагийн ерөнхийлөгч болохоор улайрч эхэлсэн нь МАН-ын 100 жил, Монгол цэргийн өдрөөр цацсан “клип”-ээс нь тодорхой… Мэхт мэхэндээ гэдэг дээ, У.Хүрэлсүхэд нэмэр болох болов уу.
А.Амундра олон сайт, телевиз хөл дээр нь босгосон туршлагатай, сайн менежер ч улс төрд зөвлөхөөр бурууддаг талтай. Н.Алтанхуягийн ерөнхий сайд байхад “унатал” зөвлөсөн гэж шоолдог. Дараа нь Э.Бат-Үүл, М.Энхболдын пиар зөвлөхөөр ажилласан. УИХ-ын дарга асан М.Энхболд А.Амундраг пиар зөвлөхөөр ажилласан үед унасан. Дараа нь Хотын дарга байхад нь Сундуйн Батболдод зөвлөөд тэр хүн юу болов. Одоо Л.Оюун-Эрдэнэ дээр очлоо.
Discussion about this post