Саяхан УИХ дээр Буддын шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл өргөн баригдсан ба энэ тухай хэдэн үг хэлье. Уг хуулийн төсөлд улс төрийн хэлмэгдүүлэлтэд Монголын соёл, оюуны өв болсон бурхны шашин, соёл хамгийн ихээр хохирч, устгагдсанаар соёлын биет болон биет бус өвийг үгүй хийж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан гээд 1930-1940 онд Монголд устаж үгүй болсон бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг сэргээн хөгжүүлэх зорилгоор Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсруулсан гэж дурджээ. Нөхөн олговрыг улсын төсвөөс олгох бөгөөд УИХ жил бүр улсын төсвийн 0.1 хувьтай тэнцүү нөхөн олговрыг баталж Засгийн газар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд мөнгийг олгох юм байна. Харин уг хөрөнгийг бурхны шашны сүм, хийдийн үйл ажиллагаа дэмжих, хүүхэд залуучуудад бурхны шашны сургаалын гүн ухааныг ойлгуулах сургалт зохион байгуулах, ядуурлыг бууруулах, зовлонд нэрвэгдсэн хүн ардад туслах, байгаль орчныг хамгаалах зэрэг үйлсэд зарцуулахаар хуулийн төсөлд тусгасан нь МАШ ХАЧИН ЗААЛТ байгаа юм. Өөрөөр хэлбэл ТӨР-ийн үүргийг шашинд аваачиж наасан нь хамгийн инээдтэй ба нөгөө ҮНДСЭН ХУУЛИЙН үзэл баримтлал төр шашны зааг ялгаатай байх зарчмыг алдагдуулжээ. Нэг жилд улсын төсвийн 0.1% буюу доод тал нь ард түмний татварын 10 тэрбум төгрөгийг зүгээр байж байгаад Гандан аваад суух нь шударга ёсонд нийцэх үү.
Тэгвэл үүнийг нарийвчилж ярихын тулд шашны тухай ярих хэрэгтэй. Мэдээж дэлхийн бүх улс өөрийн гэсэн үндсэн шашинтай ба дэлгэрсэн түүх бол болон уг шашин тухайн улсдаа гүйцэтгэсэн түүхэн үүрэгтэй байдаг. Шашин бол соёл иргэншил тухайн улсын үндэстэний ялгарал итгэл үнэмшил байсаар ирсэн. Гэхдээ шашин хэтэрвэл ямар аймшигт сүйрэлд хүргэдэг бас шашныг хавчин хяхвал ямар том цус урсгасан тэмцэлд хүргэдэг үй түмэн жишээ байгаа. Исламууд шийт суннит мөн христүүд ортодокс католик Протестант гэж хоорондоо алалцаж байсан бол христ исламууд 100, 100 жилээр үзэлцсээр ирсэн. Ялангуяа европчууд ази америк африкт колонийн бодлогоо шашнаар дамжуулан хэрэгжүүлж харгислал явуулсан байдаг бол исламууд ч шашнаар дамжуулан үндэстэнг танигдахын аргагүй өөрчилж өөрийн соёл иргэншилд уусгасаар ирсэн. Мэдээж шашин номондоо үнэнч байх нь бусад соёл иргэншилд уусахгүй байж, үндэстний тэмцэл бүүр тусгаар тогтнолын тэмцэл ч бас болж байсан түүхүүд байдаг. Тэгэхээр шашин огт хэрэггүй биш бас шашинд хэт автаж болохгүй байх нь түүхээс тодорхой харагддаг. Харин XVI зууны эцсээр Монголд буддын шашин дэлгэрсэн явдал бол тухайн цаг үеийн, нийгмийн хэрэгцээ шаардлага байсан ба сүүлдээ улс төрийн зорилгоор улам хүчтэй дэлгэрсэн түүхтэй. Буддын шашнаас болж Манжид эзлэгдсэн гэдэг бол худлаа харин Манжид эзлэгдсэний дараа Монголыг захирахад Манжийн бодлогод ашиглагдсан гэдэг бол илүү үнэн. Ер нь буддын шашнаас болж Монголчууд байлдаж чадахаа байсан гэдэг бүүр үнэнд нийцэхгүй, тухайлбал буддын шашин дэлгэрсэн Зүүнгарын улс цэрэг зэвсгийн хувьд ямар хүчтэй байсныг санах хэрэгтэй ба зүүнгар улс буддын шашнаас биш харин дотоод тэмцлээс болж мөхсөн байдаг. Мөн Өвөрмонгол манжид эзлэгдэж Лигдэн хаан нас барсаны дараа тохиолдлоор Халхад Богд гэгээнийг тодруулаагүй, энэ бол цэвэр улс төрийн зорилго байсан ба монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэх байжээ. Энэ зорилго хожим боловч 1911 онд биелсэн түүхтэй шүү дээ. Харин Манжийн хаад Монголыг эзэлсэний дараа Буддын шашнаар дамжуулан Монголыг захирч болохыг маш сайн ойлгож, хүн амын дунд лам олноор буй болох бүхий л боломжыг хангаж өгсөн, өөрөөр хэлбэл том толгой лам нарт эрх ямба эдлүүлж шавьтай болгох зэрэг төрийн бодлого нь лам болох нь татвар төлөхгүй цэрэгт татагдахгүй хөнгөлөлт эдлэн хийдэд шавилан сууж амар хялбар амьдрах арга зам болж үүнээс улбаалан эрчүүдийн 30-40 хувь нь лам болж үйлдвэрлэл хөгжил үгүй болж, хүн амын нөхөн үржихүйд хохирол учирч хүн амын тоо хорогдож эхэлжээ. Манж нар 1 хошуунд 40-өөс илүү лам байж болохгүй гэсэн журам гаргаж байсан ч ламын тоо хэт ихээр өссөн шалтгаан бол Манжын төр Буддын шашны том толгой лам нарыг дэмжих бодлого барьсанаас их шавийн харьяат, тамгатай хутагтуудын харьяат нарын тоо замбараагүй өсөж үүнийгээ даган маш олон хүрээ хийд буй болсноос эхтэй ба ядуу доорд лам нарын давхарга ч бас бий болсон. Ингээд аливаа зүйлийн тун хэтэрвэл ямар аюултай байдалд ордог жишээ Монголд тохиолдож 20 дугаар зууны эх гэхэд Монгол хэтэрхий харанхуй, хэт мухар сүсэгтэй тийм орон болсон байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй. Мэдээж эрдэмтэй чадалтай бүүр эх оронч мундаг лам нар байсан, гэхдээ энэ бол маш цөөнх нь байсан юм. Монгол улс дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэхийн тулд зайлшгүй шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй байсан ба үүнд хамгийн хамаатай нь шашны хэт хамааралыг халах явдал байсан юм. Үүний тулд хамгийн эхлээд лам нарын феодал нийгмийн үеийн эрх дархыг халсан, өөрөөр хэлбэл лам гэж татвар төлөхгүй, цэрэгт явахгүй зүгээр бусдаар тэжээлгэдэг гажиг тогтолцоог халсан ба үүний үрээр маш олон бага дорд лам нар хар болж хөдөө гаран мал маллаж эхнэр авч айл өрх авч явсан. Үүнийг батлах үг яриа бол би лам хүний хүүхэд гэж манайхан дотроос их олон хүн хэлдэг нь ийм учиртай. Гэвч лам давхарга бас зүв зүгээр засагт бууж өгөөд нийгмийн харилцаанаас гарахыг хүсээгүй ба үүний хамгийн том үйл явдал нь 1932 оны бослого байсан. Хэрэв 1932 оны бослого ялсан бол Монгол хоёр дахь Түвд болох байлаа, хэдий зүүнтний харгис алдаатай бодлого энэ бослого гарахад нөлөөлсөн ч нөгөө талаар, шинэ хуучин тогтолцооны зөрчил бас гол суурь хөрс нь болсон. Өөрөөр хэлбэл захын лангууны авгай нар барааны монополь байдалтай байх санаархал гарган шинээр ирсэн илүү чанартай илүү хямд барааг шавар хаалаа гэж хөөж бөөн зодоон болдог шиг юм болсон. Нэг ёсондоо лам нарын шавь нарыг сургуульд өвчтөнг эмнэлэгт авч амжиргааг нь тасалсан явдал том толгой лам нарын асар дургүйцлийг төрүүлж, зүүнтний алдаатай бодлого дээр дөрөөлөн сүсэгтэн олныг турхирч бослого гарган хамгийн түрүүнд сургууль, эмнэлгийг галдан шатааж олон ч эмч багшийг алсан бүүр Монголд ажиллаж өвчтөн эмчилж байсан орос эмчийг ч алсан нь ямар эрх ашиг цаана нь байсны баталгаа юм. Тэр амиа алдсан орос эмчийн хөшөө нь Архангайд байдаг л юм билээ. Тэгээд алахдаа бас л харгисаар тамлаж алдаг эсвэл тангараг өргүүлж хүчээр талдаа авдаг байсан нь ШАШИНД хэт автвал хүн ямар муухай манкурт боол болдог жишээ ба орчин үед дэхь исламын амиа золиослогч нар бол бас л нэг хувилбар нь шүү дээ. Ингээд бослогыг дарах үед сөрөг хүчирхийлэл гарсан байдаг, гэхдээ түүхэнд шинэчлэл хувьсгал хэзээ ч хүчирхийлэл тэмцэлгүй болж байсан удаа байхгүй. Тухайлбал: Францын их хувьсгал асар их хүчирхийлэл буй болгож олон мянган хүний аминд хүрсэн ч энэ хувьсгалыг дэлхийн ТҮҮХЭН дэвшил гэж үздэг. Тэгэхээр хэдий коммунист дэглэмийг барьж байсан ч тухайн үеийн Монгол улс тусгаар тогтнолын тэмцлийн цорын ганц зөв зам дээрээ л байсан гэдгийг бид бас мэддэг байх хэрэгтэй юм. Сүүлийн үед 1932 оны бослогыг эрх чөлөөний тэмцэл гэж байгаа нь үнэндээ бол Хятадын улс төрийн бодлогын нэг том сэвэлт л болох аюултай. Учир нь хятадууд Монголын коммунистууд оросуудтай нийлж байгаад ар Монголыг эх орон Хятадаас нь хүчээр салгасан, харин үүний эсрэг боссон бослого бол 1932 оны бослого, үүний эсрэг нааш Хятад эх орон луугаа дүрвэсэн гэж тайлбар хийх тохиолдол бас байгаа юм. Тэгэхээр бид 1911-1945 оны тусгаар тогтнолын тэмцлийн түүхийг харлуулах гуйвуулах боломжийг огт олгож болохгүй.
Иймээс орчин цаг 21-р зуунд хүний шашин шүтэх эс шүтэхийг хүний эрх байдлаар орхиж харин илүү шинжлэх ухаан боловсролыг залуу үедээ олгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр 10 тэрбум төгрөг илүү боловсролд зарцуулагдаж явах нь зөв. Буддын шашин бол Монголчуудын хувьд үндэсний зан үйл уламжлал хэлбэрээр явахад хангалттай ба харин харийн олон шашныг аль болох Монгол улсад дэлгэрүүлэхгүй хязгаарлах төрийн бодлого хэрэгтэй. Тиймээс нөхөн олговор гэж шашинд жил бүр багадаа 10 тэрбум төгрөг зүгээр цацах бол хэтэрхий бодлогогүй зүйл болсон байна. Мэдээж Буддын шашин Монголд сайн муу хоёр янзаар нөлөөлсөн жишээ одоо ч бидэнд харагддаг юм. Буддын шашин хамгийн муугаар нөлөөлсөн жишээ бол дээд монголчууд ба тэд өөрсдийн уусан хайлж, төвджиж буйгаа буддын шашинд хэт автсанд гэж үздэг, буддын шашныг харийн шашин гэж залуу үе нь үзэн ядаж харин Монгол улсаар Монголын туг далбааг шүтэх Монголоор халуурах шинэ үнэт зүйлтэй болсон бол буддын шашин монголчуудад сайнаар нөлөөлсөн нөлөө нь хаа хол европод халимагууд Монголоороо үлдсэн гол түлхүүр нь уусан алга болоогүй гол учиг нь буддын шашин байсан. Тэгэхээр юм бүхэн хоёр талтай, бас таарсан тун хэмжээтэй байдаг байх нь, ийм учир төр шашин хоёр тусдаа байх нь хамгийн зөв гарц юм.
Ө.Өлзийсайхан
Discussion about this post