“Хүүхдийн төлөө фонд” НҮТББ байгуулагдахад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр аав ээж хоёр шиг нь хайрлаж ивээв. Засгийн газар Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулахаар шийдэж, 10 тэрбумын санхүүжилт шийдэж өгчээ. Гэтэл тэр орой нь буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд болсон “Бүхнийг хүүхдийн төлөө” хандивын тоглолтын дэлгэц дээр “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын данс тавигдаж байгаад 2.2 тэрбум орчим төгрөгийн хандив цуглуулав. 13 телевиз шууд дамжуулна гэхээр аргагүй том ТББ юм.
“Хүүхдийн төлөө фонд” НҮТББ 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд үүсгэн байгуулжээ. Хамгийн хачирхалтай нь “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын хувьцаа эзэмшигч гурван хүний нэг нь Соёлын дэд сайд Мөнхөөгийн Батбаяр байгаа юм. Өнгөрсөн 30 жилийг улстөрчид ч алдаа гаргадаг, иргэд ч зүхэж л байдаг. Тэгсгээд мартагддаг. Тэгвэл Соёлын дэд сайд М.Батбаяр шиг сан байгуулж, задарсан үйл ажиллагаа хийж байсан дэд сайд байтугай жинхэнэ сайд үгүй.
Шинэхэн яамны нэр нь тодроогүй Дэд сайдтан сан байгуулаад бүр мэргэшчихжээ. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр “Зүүн бүс нутаг хөгжлийн сан”, “Их эзэн Чингис хаан сан” гэдэг хоёр сан зэрэг байгуулж, өөрөө Удирдах зөвлөлийн дарга нь болж байжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Соёлын сайд Чулуун тушаал гаргаж 28,5 сая төгрөгийг дэд сайдынхаа санд зориулжээ. Учир нь “Чингис хаан” музейг хариуцаж буй “Чингис хааны өв соёлын хүрээлэн”-гээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Дани улсын Үндэсний музей, Оросын Эрмитажид хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үед хамаарах үзмэр, эд өлгийн зүйлийг гэрэл зургийг авах зэрэгт уг хөрөнгийг зарцуулах юм байна. Музей барих тухай яриа гарахаас эхлээд л үзмэрийн тухай, тэр тусмаа Чингис хааных гэх үзмэр байхгүй тухай шуугисан. Тэгвэл дэлхийгээр нэг тарсан хамаарал бүхий зүйлсийх нь хуулбараар музейг үзмэржүүлэх, үүнийг нь дэд сайдын хамаарал бүхий байгууллага гардан хэрэгжүүлэх бололтой.
Тэрчлэн Чингис хааны музейг нээх нь бүү хэл баригдаж эхлээгүй байхад ерөнхий хариуцагч гэж болох “Чингис хааны өв соёлын хүрээлэн” өөрсдийгөө “мөнхлөөд, магтан дуулаад” эхэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр “Чингис хааны өв соёлын хүрээлэн-365 хоног” баримтат кино, ном хийлгэхээр 8,7 сая зарлагаджээ. “Тэнүүн хөгжил” компани тэднийг алдаршуулах юм байна. 2019 онд энэ хүрээлэн Засгийн газрын тогтоол, БСШУС-ын сайдын тушаалаар “Чингис хаан” хаадын музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг хариуцахаар байгуулагдсан. Анх Соёлын дэд М.Батбаяр удирдаж байсан бол одоо Н.Саруул орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хэрвээ хүрээлэн энэ эрчээрээ “ажиллавал” их хааны музейгээс илүү алдарших төлөвтэй.
Discussion about this post