-Урлагт хэдэн жил ажиллаж байна вэ?
-2003 онд КУДС-ийг төгссөн. Тэр цагаас эхлээд жүжигчнээрээ ажиллаад явж байна.
-Хэдэн дүр бүтээсэн байхав?
-Дэлгэцэнд бол цөөхөн. Тайзан дээр нэлээд хэдэн дүрд тоглосон. Нэг шоунд нэг номерт нэг өөр дүр гэхэд нэг шоу таван номертой. Ямартай ч 20 гаруй шоу хийсэн байна.
-Ямар дүр ихэвчлэн оногддог вэ?
-Би Партизаны сангийн аж ахуйд өссөн. Тийм учраас хөдөөний өнгө аястай дүрд тоглоход илүү надад ойрхон байдаг. Хөдөөний хүмүүсийн дүрийг их бүтээсэн дээ. Мөн архичин хүмүүс. /инээв/ Бас л дүрийн судалгаа асуух гэж байх шиг харагдчихлаа. /инээв/ Нийгэм маань ийм шүү дээ. Хаа сайгүй архичин хүмүүс байгаа. Жүжигчин хүний ажил гэдэг ерөөсөө л хүн судлал. Гудамжинд явж байхдаа, хүнтэй уулзахдаа бүгдийг ажиглаж судлаж явдаг.
-Өөрийн чинь талаар жаахан ярилцъя гэж бодож байна. Өөрөө одоо хэдэн настай вэ?
-Би одоо 41 настай. Миний амьдрал хожуу эхэлсэн. 25 настайдаа оюутан болж байсан.
-Өмнө нь юу хийж байсан бэ?
-10-р ангиа төгсөөд Партизаны сангийн аж ахуйд долоон жил янз янзын зүйл хийсэн. Сургуулийн слесарь, захиргааны жижүүр хийж байлаа. Жүжигчин болно гэдэг төгс мөрөөдөл байсан. Үеийнхэн бүгдээрээ амьдрал ахуй, ажил мэргэжилтэй хотод сайхан газар ажиллаж байгаа, байртай гээд яриад байхаар би ер нь хаана юу хийгээд яваад байна гэж бодсон. Өөрийнхөө дур сонирхолтой ажлаа хийгээд үзье, авьяасаа шалгуулъя. Ер нь авьяас байна уу байхгүй бол өөр зүйл хийе гэж бодож эхэлсэн дээ. Тэгээд нэг л мэдэхэд жүжигчин болсон доо.
-Урлагийн карьераа хэзээ эхэлсэн гэсэн үг вэ?
-28-тайдаа ТВ5 телевизид анх орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 360 градус хошин теле хөтөлбөрт ажилласан даа.
-Аливаа зүйл хүсэж мөрөөдөж хичээвэл бас оройтдоггүй л юм байна?
-Оройтохгүй. Ер нь өөрөө дур сонирхолтой байх хэрэгтэй. Нэг зүйлд дурлаад тэгээд зүтгээд эхэлвэл хүнд чадахгүй зүйл гэж байхгүй. Одоо ингээд чадаад хийгээд л явж байна.
-Албан карьер хожуу эхэлсэн юм байна. Тэгвэл амин хувийн амьдрал хэзээ эхэлсэн бэ?
-Амин хувийн амьдрал бас хожуу эхэлсэн. Би яг гучтайдаа хүнтэй суусан. 33-тайдаа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Одоо хоёр охинтой.
-Дөч гарсан эр хүн амьдралын сайн муу, сайхан муухай, хар бараан элдэв бусыг үзэж туулсан. Ёстой дарсаар бол ууж ханасан нас. Тэгэхээр амьдралын чинь хамгийн дурсамжтай үе хэзээ вэ? Хүний амьдрал олон даваа нугачаатай байдаг. Хүнд хэцүү үе нь хэзээ юм болоо?
-Ээжтэйгээ байсан үе хамгийн аз жаргалтай. Бүр багадаа ааваасаа өнчирсөн. Ээж надад аавтай айлын хүүхдүүд ямар ажил хийгээд сурчихсан байдаг тэр болгоныг зааж сургасан. Мал яаж маллах уу, ажил хөдөлмөр яаж хийх үү гэдгийг бүгдийг нь надад аав хүн шиг зааж, ээж хүн шиг хайрлаж байсан. Тийм болохоор ээжтэйгээ байсан үе хамгийн аз жаргалтай, хамгийн сайн сайхан үе. Анхны хүүхэд, аав болох тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Нэгдүгээр төрөхийн гадаа анхны хүүхдээ хүлээгээд догдлоод байж байхад манай хамтлагийнхан ирчихсэн эмнэлгийн гадаа бүгд баяр хүргээд орилоод. Тэр үед хамт олон, найз нөхөдтэй байна гэдэг ямар сайхан юм бэ гэж бодсон. Ер нь би өөрийгөө азтай гэж боддог.
-Хамгийн давж гарахад хэцүү үе хэзээ байсан бэ?
-Тийм зүйл байгаа. Ер нь хүний амьдралд сайн, муу хосолж байдаг. Алдахдаа айхгүй зоригтой, алдсаны дараа аймхай болчихдог. Архи дарс уугаад хүмүүсийн итгэлтийг алдаад ажилгүй, амьдралгүй, түрийвч хоосон болж байсан үе бий. Тэрийгээ хүн даван туулаад болих хэрэгтэй.
-Олонд танигдаад бор дарсанд орсон уу?
-Магадгүй тийм байх. Оддын өвчин гэдэг нь болж байсан байх /инээв/. Тааралдсан болгон чи мундаг гээд тэгэхээр нь би мундаг гэх жишээний. Гэхдээ яахав тэр болгоныг болиод ухаараад буцаад сайхан болно. Архигүй бол ажил бүтэхгүй, найз нөхөдгүй болно гэдэг ёстой худлаа. Архи уух, муу зүйл хийхгүй байвал хүн болгон инээж угтдаг, ажил ярьсан ч гэсэн эрүүл саруул ухаанаар зөв сайхан цэгцтэй ярина, хүмүүс гоё хүлээж авдаг шүү дээ.
-Хоёр хүүхдийн аав их хариуцлагатай байдаг байх?
-Эхнэр, хоёр охиндоо бүгдэнд нь эрхэлсэн хүн л байна. Ажлынхандаа сайхан эрхэлнэ. Нэг л их хайр халамж дунд нь байж байдаг даа. Намайг буруу яваад байвал шууд цаашаа түлхэж болно. Гэтэл тэгэхгүй буцаагаад хүлээгээд авсан. Тийм сайхан сэтгэлтэй найз нөхдийн хайрыг дагаад явах нэг бодлын их амархан хэрнээ их хэцүү.
-Эргээд харахад амьдралын тэр олон даваа нугачаанд хаана нь бүдэрч уначихсан юм болоо?
-Муугаар яривал муухай санаатай, сайнаар яривал ухаантай л байх хэрэгтэй. Ажлаа мэддэг, ямар хүнтэй яаж харьцах, юу хийхээ мэддэг байх ёстой. Тэгэхгүй бол тааралдсан болгонтойгоо уугаад … Буруу зоригловол хаашаа ч юм ухаандаа бүгдийг нь хийдэг тэнэг зоригтой болчихдог юм байна лээ.
-Хүн бор дарсанд дурлаад явбал явчихна. Яг юу таныг сэрээж тэр эргүүлгээс гаргасан юм бол?
-Тэр үед гэртээ яваад очиход манай бага охин согтуу архи үнэртүүлчихсэн болохоор ойртдоггүй. Хүүхдээ хүртэл ийм болгож байна даа гэж бодож эхэлсэн. Хүмүүс надаас холдоод байгааг хүүхдээсээ мэдэрсэн. Тэгэхгүй бол гэртээ би мангас шиг гадны хүн ороод ирж байгаа юм шиг санагдсан. Тэгээд л болихоор шийдсэн. Эрүүл ирэхээр хүүхдүүд нүүр рүү харж байгаад эрүүл байна гэсэн харцаар хараад ойртоод ирдэг. Хүүхэд том болох тусам их хариуцлага тээнэ шүү дээ.
-Тэр бүхнийг давж гарахад хажууд байсан хань их чухал?
-Өөр хүн байсан бол алийн болгон ингэж арчилж тойголж явах уу гээд хаяад л явна. Миний хань тэгээгүй.
-Хэдэн жил ингэж явав аа?
-Хоёр гурван жил явсан.
-Одоо тэгээд харамсдаг уу?
-Одоо харамсаад яахав дээ. Нэгэнт өнгөрсөн /инээв/. Одоо үлдсэн амьдралаа идэвхитэй сайхан болгоно доо.
-Олны танил болоод өөрт чинь төрсөн хамгийн анхны мэдрэмж юу байсан вэ?
-Их ичдэг юм байна лээ. 360-д байхад нөгөө нөхөр явж байна гэхлээр ичээд сонин болоод нүүр улайгаад ер нь их ичдэг юм байна лээ. Сүлдээ яг дунд үедээ болохоор жаахан хүмүүжиж эхэлдэг юм байна. Сүүлдээ тааралдсан газар болгоноо нөгөө залуу байна гээд хүндлээд ирэхээр бүр илүү ихийг хийж өгөх хэрэгтэй гэж бодох болсон.
-Одоо дөчин насны босгон дээр юу бодогдох юм бэ дээ?
-Хүүхэддээ ихийг зориулах гээд цалин буухаар дэлгүүр ороод хүүхдэдээ юм авна. Хэдэн төгрөг хүүхдийнхээ хадгаламжинд хийх гээд үр хүүхдээ их бодох юм даа.
-“Маск” продакшн гэхээр гол гурван хүнийг ярьдаг шүү дээ. Яг дотроо танай хамтлагийн аав нь, ээж нь хэн юм. Хамгийн их юмыг чиглүүлж, манлайлж байдаг бүгдэнд нь санаа тавьж байдаг нь хэн юм?
-Ер манай продакшны гурав олон хүмүүсийг ажилтай болгож, сайн сайхантай нь уулзуулж учруулж, мууг нь холдуулж яг л аав ээж шиг байдаг. Манай хамтлагийн онцлог нь залуучууд нь цөм. Бүгдээрээ бие биедээ санаа тавьдаг. Хэн нэгнийх нь хүүхэд өвдсөн байхад надад нэг таньдаг эмч байдаг гэх жишээний. Энэ бүх нэгдмэл байдлыг гурван ах маань бий болгосон.
Discussion about this post